Г.Хүслэн, Гэрэл зургийг Р.Оюун
Монгол Улсын эдийн засгийн гол эх үүсвэр болох нүүрс экспортын салбарт ажиллаж буй жолооч нарын хөдөлмөрийн аюулгүй байдал хангалтгүй байгаа талаар “Баянзам тээвэрчдийн холбоо”-ноос “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийлээ. Тус холбооноос уурхай болон боомтуудад үүсээд буй хөдөлмөрийн аюулгүй байдал, нүүрс тээврийн салбар дахь үнийн бодлого, зохицуулалттай холбоотой хүндрэлүүдийг хөндөж Засгийн газарт шаардлага хүргүүлсэн.
“Баянзам тээвэрчдийн холбоо”-ны тэргүүн Б.Баярхүү “Нүүрс тээврийн салбарт ажиллаж буй жолооч нар эрсдэл өндөртэй нөхцөлд хөдөлмөрлөж байна. Монгол Улс жил бүр 70-80 сая тонн нүүрс экспортолж байгаа ч үүний цаана жолооч нарын хөдөлмөрийн аюулгүй байдал хангалттай биш байна. Хилээр нэвтрэх үед жолооч нар дөрвөн метр орчим өндөрт гарч, ямар нэгэн хамгаалалтын хэрэгсэлгүйгээр нүүрсний хучлага хуулж, дахин бүтээдэг. Энэ нь осол, гэмтэл гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Уурхай болон тээврийн компаниудын хоорондын үүрэг хариуцлагын зохицуулалт тодорхойгүй байгаагаас жолооч нар үндсэн ажлаасаа гадна нэмэлт эрсдэлтэй ажил гүйцэтгэж байна. Нүүрс тээврийн тендерийг хамгийн бага үнийн зарчмаар шалгаруулж байгаа нь тээврийн компаниудын орлогыг бууруулж, зах зээлийн өрсөлдөөнийг гажуудуулж байна. Энэ асуудлаар Ерөнхий сайд Н.Учрал, Эрдэнэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дашпүрэв нарт албан шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл тодорхой хариу ирээгүй байгаа. Мөн нүүрс тээврийн үнэ сүүлийн жилүүдэд буурч, дотоодын тээврийн компаниудын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа” гэсэн юм.
Харин “Баянзам тээвэрчдийн холбоо”-ны гишүүн Н.Нямжав “Холбогдох төрийн байгууллагууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, жолооч нарыг эрсдэлтэй нөхцөлд ажиллуулж буй үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцох шаардлагатай” гэв.
Тус холбооноос УИХ-ын 124 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг биржийн арилжаанаас салгах эрх зүйн орчныг бүрдүүлэх, нүүрс тээврийн үйлчилгээний өртөг тарифын судалгааг хараат бус хийж олон нийтэд мэдээлэх, зах зээлийн шударга бус өрсөлдөөнийг арилгах бодит арга хэмжээ авч, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл”-д тээвэрчдийн аюулгүй байдал, шударга өрсөлдөөнийг хангах зохицуулалтыг тусгахыг Засгийн газраас шаардлаа. Хэрэв энэ сарын 23-ны дотор хариу ирүүлэхгүй бол бүх боомтын нүүрс тээвэр эрхлэгчид ажил хаялт зарлана хэмээн мэдэгдлээ.
Эх сурвалж www.zms.mn