Орчин үеийн хүмүүсийн амьдралын хэмнэл өөрчлөгдөж, шөнө орой унтаж, өглөө орой босох нь хэвийн үзэгдэл мэт болсон. Гэвч эрт унтаж, эрт босох дадал нь хүний сэтгэл зүй, бие махбод, оюун санаанд олон эерэг нөлөө үзүүлдэг болохыг судлаачид болон энэ чиглэлийн  мэргэжилтнүүд онцолдог талаар brahmaumaris-ийн нийтлэлд тэмдэглэжээ. Хүний өөрийн биеэр хийж, туршиж үзсэн туршлага эцэстээ үр дүнгээ өгдөг. Хэрвээ та өглөөний хүн болох гэж хичээж байгаа бол энэ зөвлөгөөг уншаарай.

1. Оюун санаа сэргэг, дотоод хүч нэмэгдэнэ

Эрт унтаж, эрт босох нь хүнийг зөвхөн хангалттай нойр авахад төдийгүй оюун санааны хувьд илүү хөнгөн, эрч хүчтэй байхад тусалдаг. Хүний бие байгалийн хэмнэлтэй зохицон ажиллах үед сэтгэл санаа тогтвортой, төвлөрөл сайтай байдаг.

Харин шөнө оройтож  унтах  хэвшил нь маргааш өдөржингөө ядрах, уур уцаартай болох, сэтгэл санаа тогтворгүй болох нөхцөлийг нэмэгдүүлдэг.

2. Бясалгал, төвлөрөл илүү үр дүнтэй болдог

Өдрийн турш болсон үйл явдлуудаа тайван эргэцүүлж, бодлоо эмхэлсний дараа унтах нь сэтгэлийг амрааж, дотоод тогтвортой байдлыг бий болгодог.

Ийм хүн өглөө эрт сэрэхдээ илүү төвлөрсөн, шийдэмгий байж, бясалгал хийх, залбирах, өөрийгөө хөгжүүлэхэд тохиромжтой сэтгэлзүйн төлөвт ордог. Өдрийн эхлэлийг тайван, эерэг байдлаар эхлүүлэх нь өдөржин үргэлжлэх эрч хүчний эх үүсвэр болдог.

3. Өглөөний тунгалаг уур амьсгалыг мэдэрнэ

Нар мандахаас өмнөх цаг хугацаа байгалийн хамгийн нам гүм, цэвэр тунгалаг мөчүүдийн нэг. Энэ үед агаар цэнгэг, орчин тайван, хүний оюун санаа ч илүү амгалан байдаг. Эрт босдог хүмүүс өглөөний нам гүм орчныг мэдэрч, байгалийн цэвэр энергийг хүлээн авах боломжтой байдаг. Энэ нь сэтгэл санааг өөдрөг болгож, өдөртөө аливаад илүү эерэг хандахад нөлөөлдөг.

4. Биеийн эрүүл мэнд, тархины үйл ажиллагаа сайжирна

Эрт унтаж, хангалттай хугацаанд амардаг хүмүүсийн биеийн эрүүл мэнд ерөнхийдөө илүү сайн байдаг. Нойр нь дархлааны тогтолцоо, зүрх судас, бодисын солилцоо зэрэг олон эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй. Мөн тархины үйл ажиллагаа идэвхтэй байж, анхаарал төвлөрөл, ой санамж, шийдвэр гаргах чадвар сайжирдаг. Ингэснээр ажил амьдралдаа илүү амжилт гаргах боломжтой.

5. Илүү тайван, чанартай нойрсдог

Нойрны чанар нь зөвхөн унтсан цагийн их багаар биш, хэрхэн унтаж амарснаар тодорхойлогддог. Эрт унтах нь хүний биеийн биологийн цагийг хэвийн байлгаж, гүн тайван нойр авахад тусалдаг. Харин оройтож унтах нь нойрны хэмнэлийг алдагдуулж, зүүд их зүүдлэх, өглөө  амраагүй мэт сэрэх, өдрийн турш сөрөг, хэрэггүй бодолд автах нөхцөл бүрдүүлдэг.

"Эрт унтаж, эрт босдог хүн эрүүл, аз жаргалтай, амжилттай байдаг" гэсэн эртний хэлц үг өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй байна. Байгалийн жамтай зохицсон амьдралын хэмнэл нь зөвхөн биеийн төдийгүй сэтгэл зүй, оюун санааны эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг байна.

 www.brahmakumaris.com