Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг  34 дүгээр зуны олимпын наадам  2028 онд Лос-Анжелес хотноо болох билээ. Энэ наадамд оролцох жүдо бөхийн тамирчдын оноо олгох анхны тэмцээн “Улаанбаатар гранд слам”-ээр эхэлж, энэ сарын 19-21-ний өдөр зохион байгуулагдах гэж байна. Олимп, дэлхийн аваргууд олимпын онооныхоо салхийг хагалах гэж буй энэ үед Монголын баг тамирчид мөн нэгдсэн бэлтгэлээ хангаж байна. Зууны мэдээ сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор дэлхийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Э.Ариунболдыг урьж, ярилцлаа.

 

-Жүдо бөхийн тамирчин, ОУХМ Э.Ариунболд гэх нэр монгол түмэн төдийгүй тив, дэлхийд танигдаад олон жил болжээ?

-Бидний хэлдгээр “жүдо амьдрал” гэх энэ спортын философи байдаг. Багш дасгалжуулагч, ах эгч нараа хүндлэх, аливаад хүнлэг, бусдад тустай явах зөв замыг үлгэрлэдэг. Хэдийгээр тулааны хүнд төрлөөс үүссэн спорт боловч өрсөлдөгчөө гэмтээж бэртээхгүй ялахад гол утга учир бий. Түүнчлэн өрсөлдөгчөө хүндэлж ёсолгоогоор эхэлж, ёсолгоогоор дуусгаж, эв найрамдалтайгаар хүч сорьдог спорт. Энэ бүх философи нь таалагдаж, жүдо бөхийн спортыг сонгосон. Өдгөө 18 жил болжээ.

Ийнхүү У.Эрдэнэбаатар, Д.Батсайхан багш нарынхаа шавь болж, мартагдашгүй дурсамжуудыг бүтээж, хүмүүжил, тэсвэр хатуужил, урам зориг авч миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Олон сайхан найз нөхөд, ах дүү, ард түмний хайр хүндлэл гээд дурдаад баршгүй их зүйлийг надад өгчээ.

-Анхны бүхэн сэтгэлд тод үлдэх нь бий. Хамгийн их урам зориг авсан үе хэзээ байв?

-Тамирчин бүрийн амжилтын замнал дардан байдаггүй. Эхэндээ азгүйдэл, ялагдал олон тохиолдсон. Бэлтгэл сургуулилалт тогтмол сайн боловч медалиас мултрах эсвэл хүрэл дээр тогтох жишээтэй. Ингэж явсаар 2019 онд залуучуудын ангиллаас насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа орж, “Энэ жил түрүүлж, шигшээ багт багтаж чадахгүй бол хайртай спортоо орхиё” гэх шийдвэрт хүрсэн. Олон ч жил хичээллэсэн. Гялайж гарч ирэх хэмжээний амжилт гаргахгүй байгаа юм чинь гэж их шантарсан. Энэ ч утгаараа бэлтгэлээ шүд зуун хамгийн сайнаараа хийсэн. Ийнхүү зургаан тойрог барилдаан хийхэд миний барилдааны нийт цаг таван минут ч хүрээгүй байсан. Бүгдийг нь цэвэр ялж, Монгол Улсын шигшээ багийн тамирчин болж байлаа.

Олон улсын тэмцээнд явах эрх маань нээгдэж, Парисын их дуулгат зодоглосон. Нөгөөтэйгөөр, анхны олон улсын хөшиг хүнд байсан. Парисын хамтарсан бэлтгэл дээр зурагтаар үзэж байсан олимп, дэлхийн аваргуудыг гуйж барилдаж үзсэн. Гэтэл дутаж байгаа юм алга шүү. Төсөөлөлдөө хэт өндөр уул, хана хэрэм босгосон байсан боловч өгөө, аваатай барилдах тэр мөчид миний гарч болох оргил шиг санагдсан. Тэр мөчөөс бэлтгэл сургуулилалтаа илүү чамбайруулж, энэ хүмүүстэй яаж барилдах вэ гэдэг тактик боловсруулж, алсыг харж, итгэл урам зориг мэдэрсэн дээ.

-Шантралын тэр цэг шинэ эхлэлийн түлхэх хүч болжээ?

-Тийм ээ. Х.Болдоо багш маань “Эцсийн цэгээ давчихад дараагийн алхам амархан байдаг. Үхэх гэж байгаа юм шиг тэр хэдхэн секундийг даваад ард нь гарахад энэ чинь ийм амархан байсан юм уу гэх бодол хүний тархинд үүсдэг” хэмээн тэвчээртэй байхыг зааж, сургадаг байлаа.

Тамирчин хүн сайн өрсөлдөгч болох хэрэгтэй. Үүний тулд “Би юу хийх үү” гэж өөрийнхөө дараагийн алхмыг тооцоолж сурна. Хөдөлмөрлөнө.

Сүмогийн Харүмафүжи  аварга “Маш их хөдөлмөр. Хичээнгүй сэтгэл. Хүлээлт” гурав нийлж амжилт ирдэг юм байна гэж ярихыг нь сонсож байлаа. Энэ үгний утга учир миний амьдралын жишээн дээр мөн биеллээ олжээ гэж боддог юм.

-Энэ хүртэлх тууштай хөдөлмөрийнхөө үрээр дэлхийн аваргын мөнгөн медаль тэргүүтэй олон сайхан амжилтаар Монгол Улсынхаа далбааг мандуулжээ?

-Дэлхийн аваргын мөнгөн медаль миний тууштай хөдөлмөрөөс гадна багш дасгалжуулагч, гэр бүл, Алдар спорт хороо тэргүүтэй олон байгууллагын сэтгэл, хүч хөдөлмөр шингэсэн гэж боддог.

2022 онд анх удаа дэлхийн аваргад зодоглосон минь тэр юм. Миний барилддаг жинд Монгол Улсдаа тун өрсөлдөөнтэй, үргэлж залуу үеийнхэн хүч сэлбэн орж ирж байдаг. Тиймээс жин дотроо сорилын барилдаан хийгээд бэлтгэл сайтай орсон. Улс улсын шилдэг тамирчид нэг зорилгын төлөө өрсөлдөж байгаа тул барилдаан бүр хүнд байсан. Тэр дундаас хагас шигшээд зохион байгуулагч улсын тамирчинтай цаг сунгаж, найман минут орчим барилдаж эцэст нь ялсан. Тэр мөчийг үгээр хэлэхийн аргагүй сайхан санагддаг.

-Ялалт байгуулаад ирэхэд ард түмний хайр агуу. Гэвч ялалт, ялагдлыг тань  хамтад нь хуваалцах хүн ховор байдаг болов уу?

-Ялалт байгуулаад амжилт хүртээд ирсний дараа хүн бүхэн баяр хүргэж, магтаалын үгийг харамгүй хайрладаг. Таньдаг ч бай, таньдаггүй ч бай. Тамирчин хүний хувьд өөрөөрөө бахархах энэ мөч сайхан боловч ялагдах тэр мөчид гэр бүл, найз нөхөд минь л миний дэргэд байдаг.

Тамирчин хүн ялахын төлөө зорьж, эх орныхоо нэрийг өндөрт өргөхийг хүн бүхнээс илүү эрхэмлэдэг. Хэзээ ч ялагдах гэж явдаггүй гэдгийг спорт үзэгч, сонирхогчид маань ойлгоосой гэж хүсдэг. Зарим хүмүүс “Улсын мөнгө үрлээ. Татвар төлөгчдийн мөнгийг ...” гэх зэргээр бичсэн байгаа харагддаг. Гэтэл тэр тамирчин нь өөрөө ч татвар төлөгч байдаг. Тэдний сонгосон зам нь л өөр гэдгийг ойлгож, бүхий л тамирчдаа ялалт, ялагдалтай нь хайрлаж байгаасай гэж хүсдэг.

-Тэгвэл энэ бүх тэмцээн, барилдааны ард ялалтын амт, ялагдлын гашууныг хамгийн ихээр мэдэрсэн мөч хэзээ байв?

-2024 оны Парисын олимпын харамсал тээсэн тэр мөч байна. Спортын амтанд орж, амьдралынхаа нэг хэсэг болгосон хэн бүхний зорилго олимп, дэлхийн аварга байдаг. Тэр зорилгынхоо нэгээхэн хэсгийг биелүүлэх эрхээ авч, тэр дэвжээнд гарах мөч тун сайхан. Энэ ч утгаараа баг хамт олноороо сайн бэлдсэн. Гэвч тэр өдрийн тэнгэр мэднэ гэдэг шиг эзэн орны тамирчинтай барилдаад ялагдсан. Хувцас солих өрөөний хүйтэн шалан дээр ганцаараа уйлаад хэвтэж байх тийм ч сайхан биш. Дэлхий хөмрөх шиг л санагддаг юм билээ.

Би өөрийнхөө амжилтын үед уйлж баярласан нь ховор. Харин шигшээ багийнхан минь амжилт гаргаад медалийн тавцанд зогсох мөчийг хараад өөрийн эрхгүй баярлаж, нулимс цийлгэнээд ирдэг. Сонин хүн шүү. 

Сайхныг нь ч мэдэрч, саарыг нь амсаж явах нь тамирчин хүний жам юм даа.

-Туршлагатай тамирчны хувьд хүнд цохилт болсон байх. Дараагийн олимп болоход хоёрхон жил үлджээ?

-Би 2024 оны олимпын дараа нэлээн сэтгэл гутралд орж, замналаа өндөрлүүлэх талаар бодсон. Бэлтгэлээ хэсэг хугацаанд завсарласан. Ер нь сүүлийн олимп байх магадлалтай шүү дээ. Би одоо залуу тамирчны эгнээнээс гарсан байна.

У.Эрдэнэбаатар багш, эхнэр хоёр маань “Чи арай л эрт бууж өгөөд байгаа юм биш үү. Бэртэл гэмтэл байхгүй, бие хаа чинь тогтвортой байна. Дахиад боломж байна” гэсний үндсэн дээр дахиж бэлтгэлээ хийж эхэлсэн.

Спорт бол шударга өрсөлдөөн. Манай жин шижигнэсэн залуу тамирчдаар цус сэлбэж байна. Энэ болон дараагийн тэмцээнүүддээ шударга сайхан өрсөлдөж үзнэ. Нэг нь л олимпод зодоглох тул хамгийн шилдэгт нь баяр хүргээд захыг нь мушгиад зайгаа тавьж өгнө. Энэ бол спортын бичигдээгүй хууль.

Авч чадаагүй ганц медалийнхаа төлөө зүтгэхэд болохгүй юм юу байх вэ.

-Ярилцлагын төгсгөлийг танд нээлттэй үлдээе?

-Хайртай гэр бүлийн минь бүх гишүүд, багш дасгалжуулагч, Алдар спорт хороо, үндэсний шигшээ баг, Монголын жүдо бөхийн холбоо, Талын хишиг компанийн Бат-Амгалан ах, Мөнхийн үсэг компанийн Ганбат ах гээд дурдаад баршгүй олон хүнд талархдаг. Бэлтгэл хангаж байсан дүү нар гээд олон хүнд өртэй юм шиг санаж, баярлаж явдаг даа.

Мөн бөхийн спортыг шимтэн сонирхогч, үзэгч дэмжигч, танай сонины уншигчдад хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 113 (7855)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn