Б.НЯМСҮРЭН
Монгол Улсын Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөө, төрийн үүргийн талаарх суурь зарчмууд тодорхой туссан байдаг. Гэвч эдгээр заалт бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байна вэ. Үндсэн хуульд заасан эрхүүдийг системийн инженерчлэлийн аргаар задлан шинжилж, хууль тогтоомжийн уялдаа холбоог судалсан эдийн засагч Монголын нийгэмд тулгамдаж буй асуудал нь хэн нэгнийг буруутгахдаа бус, харин асуудлаа шинжлэх ухаанч аргаар ойлгож шийдвэрлэхэд оршиж байгааг онцоллоо. Системийн инженерчлэлийн институтийн үүсгэн байгуулагч Д.Жаргалсайхантай ярилцсанаа хүргэе.
Үндсэн хуулийг унших биш, судлах ёстой
-Эдийн засгийн эрх чөлөөний тогтолцооны талаар хийсэн судалгааныхаа талаар яриагаа эхэлье. Энэ ажил хэрхэн эхэлсэн бэ?
-УИХ-д Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдсан.
Тухайн үед би эдийн засгийн асуудлыг шийдэхийн тулд эхлээд ямар тогтолцоо байх ёстой вэ гэдэг загвараа тодорхойлох хэрэгтэй гэсэн санал дэвшүүлсэн. Үүнээс хойш энэ чиглэлийн судалгааны ажил эхэлсэн.
Би эдийн засагч мэргэжилтэй. Гэхдээ сүүлийн жилүүдэд Үндсэн хууль болон системийн инженерчлэлийн аргачлалыг түлхүү судалж байна. Инженер хүн аливаа механизмыг ойлгохын тулд эд анги бүрийг нь задлан хардагтай адил би Үндсэн хуулийн үг, заалт бүр ямар утга агуулж байгааг сонирхон судалсан.
-Ер нь системийн инженерчлэл гэж яг юуг хэлээд байна вэ?
-Системийн инженерчлэл гэдэг нь аливаа асуудлыг хэсэгчлэн бус, бүхэлд нь, харилцан шүтэлцээтэй нь авч үздэг аргачлал юм. Манай нийгэм олон асуудлыг салангид хардаг. Харин бодит байдал дээр хууль, эдийн засаг, хүний эрх, төрийн үүрэг бүгд хоорондоо холбоотой.
2018 онд Үндсэн хуулийн үзэл баримтлалд системийн шинжилгээ хийхэд миний ойлголт үндсэндээ их өөрчлөгдсөн. Товчхондоо бол бид Үндсэн хуулиа уншиж үзсэнээс биш танин мэдэж, ойлгох тал дээр ихээхэн хойрго ханддаг юм билээ. Ингээд Үндсэн хуулийг унших, судлах хоёр өөр зүйл юм байна гэдгийг ойлгосон. Өмнө нь олон удаа уншсан учраас мэддэг гэж боддог байлаа. Харин судална гэдэг нь үг, заалт бүрийг тусад нь харахаас гадна тэдгээрийн хоорондын уялдаа холбоог бүхэлд нь ойлгохыг хэлдэг.
-Энэ судалгааны дараа таны ойлголт өөрчлөгдсөн гэж байна. Тэгвэл хамгийн чухал дүгнэлт юу байв?
-Сайн тал нь гэвэл, Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, зарчмууд системийн хувьд нэлээд сайн шийдэлтэй гэж дүгнэсэн. Харин дараа нь салбар хуулиудад шинжилгээ хийхэд олон хууль Үндсэн хуулийнхаа суурь үзэл санаанаас тодорхой хэмжээнд хазайсан дүр зураг ажиглагдсан. Би 2024 онд Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт системийн шинжилгээ хийсэн юм. Энэ нь өмнөх судалгаанаас илүү нарийвчилсан ажил болсон. Бид хоёрдугаар бүлгийн үг, ойлголт бүрийн утгыг тодорхойлж, 16 дугаар зүйлд заасан хүний эрхүүдийг задлан шинжилсэн.
Энэ судалгааны явцад нэг чухал зүйл тодорхой болсон. Бидний ярьдаг иргэний, хүмүүнлэг, ардчилсан нийгмийн агуулга Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хамгийн тодорхой туссан байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс ямар нийгэм байгуулахыг зорьж байгааг харуулсан гол хэсэг нь энэ.
Хоёр дахь чухал үр дүн нь хүний эрхийн заалтуудыг нэг бүрчлэн задлах боломжтой байсан явдал. Жишээлбэл, “эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэсэн нэг өгүүлбэр дотор эрүүл орчинд амьдрах, аюулгүй орчинд амьдрах гэсэн хоёр тусдаа эрх агуулагдаж байна.
Ийм байдлаар задлан шинжлэхэд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд нийт 97 эрх багтаж байгааг тогтоосон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиар баталгаажсан 97 эрхтэй гэсэн үг.
Гэхдээ эрхийн тухай яриад зогсохгүй. Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд төр эдгээр эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эдийн засаг, нийгэм, эрх зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Нөгөө талаас иргэн хүн өөрийн эрхээ эдлэхдээ бусдын эрхийг хүндэтгэх үүрэгтэй. Тиймээс эрх, үүрэг хоёр салшгүй холбоотой.
-Эдгээр эрх бодит амьдрал дээр хэр хэрэгжиж байна вэ?
-Энэ асуултад хариу олохын тулд бид хиймэл оюуны тусламжтайгаар Монгол Улсын нийгмийн харилцааг зохицуулж байгаа 400 гаруй хуульд хүний эрхийн шинжилгээ хийсэн. Үр дүн нь анхаарал татсан. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан эрхүүдийг зөрчдөггүй, эсвэл зөрчих эрсдэл үүсгэдэггүй гэж үзэж болох хууль ердөө 51 байсан.
Энэ бол хууль тогтоомжийн түвшинд хүний эрхийн асуудлыг илүү нухацтай авч үзэх шаардлагатайг харуулж байгаа юм. Гэхдээ би хууль тогтоогчид санаатайгаар хүний эрх зөрчсөн хууль баталсан гэж боддоггүй. Асуудал нь бид Үндсэн хуулиа системтэйгээр шинжилж, хууль тогтоомжоо түүнтэй уялдуулан үнэлэх аргачлалаа хангалттай хөгжүүлж чадаагүйд байна.
Бид хэн буруутайг биш, юу дутуу хийснээ асуух ёстой
-Таны ярианаас харахад асуудлын гол нь хэн нэгний алдаа гэхээсээ илүү тогтолцооны асуудал юм шиг санагдаж байна…?
-Тийм. Бид аливаа асуудал гарахаар хамгийн түрүүнд буруутан хайдаг. Харин юу хийгээгүй вэ, юугаа сайжруулах хэрэгтэй вэ гэдэг дээр бага төвлөрдөг. Миний хувьд хэн нэгнийг буруутгах нь асуудлыг шийдэхгүй. Бидэнд хэрэгтэй зүйл бол Үндсэн хуулиа илүү сайн ойлгох, чанартай хууль боловсруулах аргачлалаа сайжруулах, тогтолцоогоо зөв загварчлах явдал.
Тиймээс би “хэн буруутай вэ” гэсэн асуултаас илүү “юу хийх вэ” гэсэн асуултыг чухал гэж үздэг. Буруутан хайгаад асуудал шийдэгдэхгүй. Харин учир шалтгааныг нь ойлгож, шийдлийг нь олох үед өөрчлөлт гарна.
-Энэ өөрчлөлтийг хэн хийх ёстой вэ?
-Зөвхөн төр хийх ёстой гэж хүлээхээ болих хэрэгтэй. Иргэн бүр оролцох ёстой. Нийгэмд асуудал байвал түүнийг шүүмжлэхээс гадна шийдлийн санал дэвшүүлдэг соёл бидэнд хэрэгтэй байна.
Өнөөдөр бид олон асуудлыг улс төржүүлж, хувь хүмүүсийн хоорондын маргаан болгон хувиргадаг. Ингээд эцэст нь асуудал нь шийдэгдэхгүй үлддэг. Харин асуудлыг шинжлэх ухаанч байдлаар харж, шийдвэрлэх арга замыг нь эрэлхийлэх нь илүү үр дүнтэй.
-Энэ нь шүүмжлэлт сэтгэлгээтэй холбоотой юу?
-Тийм. Гэхдээ бид шүүмжлэлт сэтгэлгээг заримдаа буруу ойлгоод байх шиг санагддаг. Шүүмжлэлт сэтгэлгээ гэдэг нь зүгээр л шүүмжлэхийг хэлдэггүй. Асуудлын учир шалтгааныг олж харах, зөв бурууг ялгах, хамгийн сайн шийдлийг эрэлхийлэхийг хэлдэг.
Өнөөдөр бид заримдаа асуудлаа улс төржүүлээд, хувь хүмүүсийн хоорондын маргаан болгочихдог. Ингээд эцэст нь асуудал нь хэвээр үлдэж, хэрүүл нь л үлддэг. Харин асуудлыг шийдэхийн тулд хүн бүр өөрийн хэмжээнд шийдэл санал болгож, бүтээлч оролцоо үзүүлэх шаардлагатай. Шүүмжлэлт сэтгэлгээг ч бид зөв ойлгох хэрэгтэй. Шүүмжлэл гэдэг өөрөө зорилго биш. Асуудлыг зөв ойлгож, илүү сайн шийдэл олохын тулд ашиглаж байгаа арга хэрэгсэл юм.
Эдийн засгийн эрх чөлөө бол зөвхөн мөнгөний асуудал биш
-Та үг, ойлголтын нэгдмэл байдлыг их чухалчилдаг санагдлаа?
-Тийм. Энэ бол суурь асуудал. Бидний амнаас гарч байгаа үг бүр тодорхой утгатай байх ёстой. Хууль, дүрэм журам, бодлого бүгд үгээр бичигддэг. Хэрэв бид нэг үгийг өөр өөрөөр ойлгоод байвал нэг асуудлыг хүн бүр өөр өөрөөр тайлбарлана.
Эдийн засгийн тогтолцооны судалгааг эхлэхдээ би “эдийн засаг” гэсэн ойлголтын тодорхойлолтыг хайж үзсэн. Бидний сайн мэддэг монгол хэлний их тайлбар тольд урд нь баахан урт тодотгол хэлж байснаа хамгийн сүүлд нь “цогцос” гэдэг үг байдаг юм. “Цогцос” гэдгийг нь мөн толиос “үхсэн хүний биеийг хэлнэ” гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр эдийн засаг гэдгийгээ үхсэн хүний бие гээд биччихээд сууж байна шүү дээ бид. Шүүхийн тухай хуулийг аваад үзлээ. “Шүүх гэж юу вэ” гэхэд шүүх бүрэлдэхүүнийг хэлнэ гэж. Зөвхөн эдийн засаг ч биш, хууль, шүүх, гэр бүл зэрэг олон ойлголтын хувьд ч ижил асуудал байна.Энэ нь бидний сэтгэлгээ, харилцаа, хууль тогтоомжийн чанарт хүртэл нөлөөлж байна. Нэг үгийг хүн бүр өөр өөрөөр ойлгож байвал маргаан гарах нь зайлшгүй.
Тиймээс нийгмийн харилцаанд хэрэглэгдэж байгаа үндсэн ойлголтуудын утгыг аль болох нэгдмэл болгох шаардлагатай гэж боддог.
-Тэгвэл эдийн засгийн эрх чөлөөг хамгийн энгийнээр хэрхэн ойлгох вэ?
-Эдийн засгийн эрх чөлөөг зөвхөн мөнгө, хөрөнгө оруулалт, бизнесийн асуудал гэж ойлгож болохгүй. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан эрхүүдийг задлаад үзэхээр хүний өдөр тутмын амьдралтай холбоотой олон эрх гарч ирдэг. Эрүүл орчинд амьдрах эрх байна. Хөдөлмөр эрхлэх эрх байна. Өмчтэй байх эрх байна. Бизнес эрхлэх эрх байна.
Эдгээр нь бүгд хүний амьдралын чанар, амьжиргаатай холбоотой. Тиймээс эдийн засгийн эрх чөлөө гэдэг бол хүн өөрийн хөдөлмөрөөр амьдралаа авч явах, өмч хөрөнгөтэй болох, бүтээлч үйл ажиллагаа явуулах боломжийн тухай ойлголт юм.
Бид эдийн засгийг ихэвчлэн ДНБ, инфляц, валютын ханш зэрэг үзүүлэлтээр хэмждэг. Гэхдээ эдгээр нь эдийн засгийн төлөв байдлыг илэрхийлдэг хэмжүүр болохоос эдийн засаг өөрөө биш. Эдийн засаг гэдэг бол хүмүүсийн ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдал, амьжиргаагаа дээшлүүлж байгаа үйл явц, үнэ цэн бүтээж байгаа харилцааны цогц юм.
-Танай судалгаанд “иргэн төвтэй тогтолцоо” гэсэн ойлголт гол байр суурь эзэлсэн байсан.
-Бидний боловсруулсан загварын хамгийн чухал санаа нь иргэн төвтэй тогтолцоо. Өөрөөр хэлбэл иргэн хүн өөрийн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, хөдөлмөрлөж, гэр бүлээ авч явж, цаашлаад нийгэмдээ үнэ цэн бүтээдэг байх ёстой. Тэр үнэ цэн нь бүтээгдэхүүн байж болно, үйлчилгээ байж болно, шинэ санаа байж болно. Гол нь хүн бүтээлч хөдөлмөр эрхэлж, бүтээснийхээ үр шимийг хүртдэг байх хэрэгтэй. Эрүүл эдийн засгийн үндэс нь төрийн төвлөрөл биш, хүний бүтээлч хөдөлмөр байдаг гэж би үздэг.
-Монголд ийм боломж бий юу?
-Боломж бий. Харин бид хөгжлийн тухай ойлголтоо жаахан өөрчлөх хэрэгтэй. Хэн нэгэн амжилт гаргахаар хамгийн түрүүнд сэрдэх биш, илүү олон хүн амжилт гаргах орчныг яаж бүрдүүлэх вэ гэдэг талаар бодох ёстой. Баялаг бүтээгчдээ дэмждэг, хөдөлмөрийг үнэлдэг, бүтээлч байдлыг урамшуулдаг тогтолцоо урт хугацааны хөгжил авчирна.
Нөгөө талаас, амжилтад хүрсэн хүн ч нийгмийнхээ өмнө хариуцлагатай байх хэрэгтэй. Учир нь хувь хүний амжилтын цаана нийгмийн бүтээсэн боломж, орчин байдаг. Тиймээс төр, иргэн, бизнес гурав харилцан итгэлцэлтэй, хамтын хариуцлагатай байх нь чухал.
Эцэст нь хэлэхэд, бидний өмнө байгаа хамгийн том сорилт бол хэн нэгнийг буруутгах биш, асуудлаа зөв ойлгож, хамтдаа шийдэх соёлыг төлөвшүүлэх явдал юм. Хэрэв бид энэ хандлагыг бий болгож чадвал Үндсэн хуульд тунхагласан иргэний, хүмүүнлэг, ардчилсан нийгмийн зорилгодоо илүү ойртох боломжтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 12. БААСАН ГАРАГ. № 111 (7853)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn