П.ЛХАГВАЖАРГАЛ
64 дэх удаагийн "Miss International" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох “Miss Mongolia” наадмын тэргүүн титмийн эзэн “Үндэсний ялагч” Ш.Хүслэнг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өөр зочин” буландаа урьж, ярилцлаа. Тэрээр хувцас дизайнер мэргэжилтэй бөгөөд өдгөө контент бүтээгч, модель болон бизнес хөгжлийн чиглэлээр ажиллаж байна.
-Гоо бүсгүй шалгаруулах дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээний нэг "Miss International"-д эх орноо төлөөлөн оролцох, “Үндэсний ялагч”-аар тодорсонд баяр хүргэе?
-Баярлалаа. Энэ хүртэл тусалж, дэмжиж, надад итгэл хүлээлгэсэн бүх хүнд баярлаж, талархсанаа илэрхийлье.
Титмээ тэргүүндээ залах тэр мөчийг үгээр илэрхийлэмгүй сайхан байлаа. Олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцоно гэдэг нь их үүрэг хариуцлага бөгөөд надаас олон ур чадварыг шаардах тул өөрийгөө бүрэн дайчилна.
-Энэ удаагийн "Miss International" тэмцээнд авьяас чадвараа сорих дэлхийн олон орны гоо бүсгүйчүүдээс манай улсын мисс юугаараа онцлог, давуу талтай байгаа вэ?
-Би хувцас дизайнер мэргэжилтэй. Тиймээс энэ тэмцээнд оролцохдоо монгол үндэсний дээл хувцсаа онцгойлон анхаарч байгаа. Зөвхөн хувцас гэдэг үүднээс бус монголчуудын соёлын дархлаа болсон өв соёл, ёс уламжлалаа шингээн шигтгэнэ.
Бид бахархам сайхан түүхтэй ард түмэн. Түүнчлэн сэцэн ухаант хатдын өмсгөл зүүлт нь үзэсгэлэнтэйгээс гадна сүр хүчтэй. Иймд энэ шинжийг мөн тусган харуулна. Үндэсний өв соёл уламжлалаа шинэлэг зохиомж, санаатай хослуулахаар тунгааж байна.
-Тэгвэл загварын ертөнцөд анх хөл тавьсан тэр үеийг нь асуухгүй өнгөрч болохгүй болов уу?
-Аав, ээж хоёр маань намайг загварын салбарт орохыг анх дэмжээгүй. “Чи загвар өмсөөд хоолоо олж идэхгүй” гэдэг байсан. Тийм болохоор хүүхэд байхдаа дугуйланд явж байгаагүй. Харин ахлах ангиа төгсөх жил найз маань “Чи “Манжуурын мисс” тэмцээнд бүртгүүлээд шалгаруулалтад ороод үз. Хэрэв тэнцэх юм бол аав, ээж чинь чамд авьяас байгааг харах байх” гэсэн. Тэгээд өөрийгөө сорьж үзээд, тэмцээндээ оролцож шилдгээр шалгарсан. Догдолж, айж, сандарч байсан ч тайзан дээр алхаж эхлэх тэр мөчид бүх зүйлийг мартаж, миний байх ёстой газар юм байна гэж мэдэрсэн. Мөн хамт оролцсон гадаад улсын бүсгүйчүүдээс их зүйл сурсан. Мөн эх орныхоо хилийн дээсийг алхаад өөрийгөө илэрхийлэхэд гадаад хэлний мэдлэг чухал гэдгийг ойлгосон. Тиймдээ ч их сургуулиа сонгохдоо бүх хичээл нь англи хэлээр ордог “MIU” их сургуулийг сонгосон.
-Олон улсын мисс тэмцээний тэргүүн титмийн эзэд юугаараа онцгой байдаг юм бол?
-Энэ удаа “Miss Global 2025” тэргүүн титмийн эзэн “Miss Mongolia 2026” тэмцээний ялагчдад шагнал гардуулж өглөө. Тэмцээний дараа танилцахад сурах зүйл ихтэй, ямар сайхан бүсгүй вэ гэж бодож байлаа. Бусадтай харьцах харилцаа, ертөнцийг үзэх үзэл гээд эмэгтэй хүн гадаад төрхөөсөө гадна дотоод сэтгэлээ ингэж гэрэлтэх ёстой гэдгийг илэрхийлж байсан.
Багадаа миссийн тэмцээнд хамгийн хөөрхөн нь түрүүлдэг юм байна гэж боддог байлаа. Харин өөрөө тэрхүү тэмцээнд оролцох үеэр, гадаад үзэмжээс гадна тухайн гоо бүсгүйн хандлага, үзэл бодол, мэдлэг боловсрол, харилцаа гээд олон шалгуурын үндэс гэдгийг хамгийн ихээр ойлгосон. Тиймээс өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээж, сурч, хөдөлмөрлөснөөр олон улсын бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэн нөхөрсгөөр өрсөлдөхийн сацуу, эх орон, өв соёлоо илүү сайнаар таниулан сурталчилж чадна.
Мисс гэх алдар тухайн хүнийг насан туршид нь дагаж явах цол учир насан туршдаа бусдад зөвөөр үлгэрлэсэн нэгэн байхыг хичээж, суралцаж явна.
-Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гадна төрх тодорно гэлцдэг. Миссийн тэмцээний утга учир, бүсгүй хүний гоо сайхны талаар та юу гэж боддог вэ?
-Олон жилийн тасралтгүй зохион байгуулагдсаар ирсэн эдгээр миссийн тэмцээн нь эх дэлхийн амар амгалан, олон улсын эв найрамдалд бүсгүй хүний гоо сайхнаар дамжуулан хүрч байдаг. Түрхэн зуур ч болов гэрэл гэгээтэй сайхан зүйлд дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулаасай гэж хүсдэг.
Хүнийг анх хараад дүгнэх нь ээдрээтэй. Харин харилцан яриа өрнүүлээд нэг орчинд хэсэг хугацааг хамт өнгөрүүлсний дараа сэтгэлд үлдэх мэдрэмж нь чухал гэж боддог.
Аав, ээж минь зөвийг түүчээлж, эргэцүүлж тунгаах зүйл ихийг захидаг. Бусдыг хайрлаж, хүндлэх зөв сургаалаар хүмүүжсэн хүний урагшлах зам маань үргэлж зөв байдаг гэж боддог.
-Миссийн тэмцээний нэг зорилго нь нийгэмд үзүүлэх эерэг нөлөө, хүмүүнлэгийн ажил байдаг. Үүнд мэргэжлийнхээ онцлогийг хэрхэн тусгаж байваа вэ. Жишээ нь хувцасны хог хаягдал?
-Дэлхийн хог хаягдалын гуравны нэгийг хувцас эзэлдэг гэдэг. Одоогийн трендийг дагаад улирал бүр хэдэн сая тон хувцас үйлдвэрлэнэ гэдэг бол тэр хэрээрээ хог хаягдлаа нэмж байгаа хэрэг.
Тиймээс трендийг дагаж, шинэ гарсан загварыг хуулбарлаж суухыг хүсээгүй. Миний загвар монгол өв уламжлалтайгаа холбогдохоос гадна яаж байгаль дэлхийд ээлтэй байж болох вэ гэж сэтгэлээ чилээх болсон. Нэг удаа өмсөөд уйдах биш хэзээ ч өмссөн шинэлэг байх загвар зохионо гэж боддог. Үүнийг хийж чаддаг болох хүртэлээ өөрийгөө хөгжүүлээд явж байна.
Нэг жинсэн өмд үйлдвэрлэхэд хэдэн тонн ус зарцуулж байна. Гэтэл өнөөдөр дэлхий нийт цөлжилт, цэвэр усны хомсдолтойгоо яаж тэмцэж байгаа билээ. Тиймээс залуучууд маань олон жил өмсөгдөх чанартай хувцасыг сонгож, худалдан авалтаа хийгээсэй гэж хүсдэг. Оюутан байхдаа өөрөө бусдад үлгэрлэхийн тулд хуучин жинсэн хувцасны материалаа шинээр загварчилж, загварын шоунд оролцож байсан.
-Энэ удаагийн миссийн тэмцээнд мөн тус санаагаа тусгах уу?
-Ноолууран хувцасыг бүхий л улиралд үргэлж өмсөх боломжтой гэдгээс гадна халуунд халууцуулахгүй, хүйтэнд дааруулахгүй агаарын солилцоо явагдаж байдаг. Түүнчлэн малын түүхий эдээс гарч буй материал учир байгальдаа эргэн шингэхдээ бусад материалаас хурдан байдаг. Тиймээс залуучууд ноолууран хувцсыг илүү загварлаг байгаасай гэж хүсдэг юм билээ. Үүнд мөн өөрийн хувь нэмрийг оруулна гэж боддог.
Дэлхий нийт ч Монголыг ноолууран эдлэлээр баялаг орон гэдгийг мэднэ. Байгальд дэлхийд ээлтэй, монгол малын түүхий эд ноолууран эдлэлийг олон улсын миссийн тэмцээний тайзан дээр сурталчлан таниулахад анхаарна.
-Та ямар үед өөртөө хамгийн итгэлтэй байдаг вэ?
-Өөрийнхөө дотоод сэтгэлийг илэрхийлсэн гоё хувцас өмссөн үедээ хамгийн итгэлтэй байдаг.
Хийж байгаа ажилтайгаа холбоотойгоор оффис загварын хувцас их өмсөж байна. Оюунтан байхдаа юм оёж, хөдөлөхөд эвтэйхэн чөлөөтэй хувцас их өмсдөг байжээ.
-Хүсэл мөрөөдлийнхөө төлөө алхамж хийж чадахгүй байгаа өсвөр насныханд маань зөвлөгөө өгөөч?
-Өөрийн хүсэл мөрөөдлөө дагах зориггүй, эсвэл юунд дуртайгаа мэдэхгүй үе өсвөр насны хүүхдүүдэд тохиолдох нь бий. Би ч мөн туулаад гарсан хүмүүсийн нэг. Тэр үед эгч маань “Чамд боломж олдсон заавал оролдоод үз” гэж байлаа. Аливаа зүйлийг оролдож үзэхгүй бол чадах эсэхээ мэдэхгүй шүү дээ. Ядаж л туршлага болоод үлдэх тул зөв гэж бодож байвал битгий хойш суугаарай. Одоо надад шинэ боломж гарч ирэх бүрд эгчийнхээ энэ үгийг бодож, амжилт гаргах урам зориг болсоор ирсэн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 102 (7844)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn