УСУГ-ын Инженерийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Одхүүтэй  УСУГ-ын үйл ажиллагаа, төлөвлөгөөт засвар, шинэчлэлийн талаар ярилцлаа.

 

-Нийслэл хотын иргэдийн усны хэрэглээ ямар байна вэ. Сүүлийн жилүүдэд усны хэрэглээ нэмэгдсэн үү?  

-Улаанбаатар хотын цэвэр усны хоногийн хэрэглээ 185-190 мянган м.куб байна. Мөн энэ хэмжээний бохир усыг бид татан авч цэвэрлэх байгууламжаар дамжуулдаг. Сүүлийн жилүүдэд усны хэрэглээ нэлээд ихэссэн. Оргил ачааллын үед 200 мянган м.куб ус хэрэглэж байна. Хэдхэн жилийн өмнө 160-170 мянган м.куб байсан. Усны хэрэглээ ингэж нэмэгдсэн нь дахин төлөвлөлт, орон сууцжуулалтай холбоотой.

Жишээлбэл, гэр хорооллын нэг талбайд дунджаар 50 хүн амьдарч байсан гэж тооцоход тус талбайд 12 юм уу, 24 давхар гурван блок орон сууц барьчихаар тэнд 50 хүн бус 5000 хүн амьдрах болж байгаа юм. Ингэхээр 50 хүний уух усны хэмжээ 5000 болж нэмэгдэж байна гэсэн үг.

-Шугам сүлжээний засварууд хэзээ хийгддэг вэ?

-Манай улс эрс тэс уур амьсгалтай бөгөөд хүйтний улирал удаан үргэлжилдэг. Мөн Улаанбаатар хотын байрлаж байгаа хөрс цэвдгийн бүсэд байдаг.  Хөрс нь 2-3 метр хүртэл хөлддөг. Хэдий цаг агаар дулаарч байгаа ч газар ухахад 50 см орчим гэссэн түүнээс доош хөлдүү байдаг. Үүнтэй холбоотой усны шугам сүлжээ дунджаар 2-4 метрийн гүнд бий. Улаанбаатар хотыг усаар тасралтгүй хангахын тулд жил бүр дулааны улиралд засваруудаа хийддэг. 

-Шугам сүлжээнд ямар төрлийн засварууд хийгддэг вэ?

-Болзошгүй гэмтэл, саатлын үед хурдан шуурхай арга хэмжээ авахын тулд шугам сүлжээний хаалтуудыг шинэчлэх ажлыг жил бүр хийдэг. Хаалт нь усны урсгалыг хязгаарлаж байдаг. Мөн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний шинэчлэлтийг хийнэ. Юу гэхээр 30-40 метрийн гүнээс усыг өндөр даралттай насосоор шахдаг. Тиймээс энэ мэтээр тоног төхөөрөмжүүдийн найдвартай, аюулгүй байдлыг хангана. Засвар, шинэчлэлийн ажлууд дөрөвдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилдэг. Энэ хугацаанд зарим  төхөөрөмжийг худалдан авах, заримыг нь нөөцөөс бүрдүүлэх, мөн засварын ажлуудаас алийг нь түрүүлж хийх вэ гэх зэргээс хамаараад удаашрах тохиолдол байдаг. Бид аль болох хэрэглээний усыг таслахгүйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Хэрэв ус таслах шаардлага гарвал шөнийн цагаар, амралтын өдрүүдээр засвараа хийдэг.

-Гэр хорооллын айл өрхийн усны хэрэглээг хэрхэн хянаж, ямар засвар үйлчилгээг хийдэг вэ? 

-Гэр хороололд 700 гаруй ус түгээх байр бий. Тэдгээр ус түгээх байруудад шаардлагатай засвар шинэчлэлтийг хийж, өвөлд бэлддэг. Үүнээс гадна хувийн байшин, хаустай төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон айлуудын өвөл хөлдөх, бохир ус бөглөрөх зэрэг эрсдэлүүдэд хяналт тавьж, албан шаардлагуудыг хүргэдэг.  

-Танай байгууллагад үүсээд байгаа хүндрэлтэй асуудлууд юу байна вэ?

-Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан зах зээлдэх бараа материалын үнэ өсөөд байна. Үүнтэй холбоотой сэлбэг, бараа материалын татан авалт удааширч байна. Ингэхээр бид төлөвлөсөн ажлуудаа график хугацаанаасаа түрүүлж, богино хугацаанд хийх гэдэг ч юм уу иймэрхүү асуудал тулгарч байна. Дараагийн нэг асуудал бол бохир усан дахь бохирдлын хэмжээ асар өндөр болсон. Дээр нь хатуу хог хаягдал ихэссэн. Үүнээс шалтгаалан тоног төхөөрөмжүүд эвдэрч, үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй байна. Энэ бол хүмүүсийн дадалтай холбоотой асуудал учраас хүн болгонтой тулж харьцах боломжгүй. Хүмүүс төрөл бүрийн хоолны үлдэгдэл, химийн бодистой угаалгын нунтгаа усны хоолой руу хийж байна. Жишээлбэл, хоолны үлдэгдэл нь органик бохирдлыг бий болгож ялзрал үүсгэдэг.  Мөн хатуу хог хаягдал нь шугамын хоолойг бөглөх зэрэг асуудал байна.

-Хамгийн олон жилийн насжилттай шугам хэзээ тавигдаж байсан бэ. Насжилт өндөртэй шугам сүлжээнд ямар завсар шинэчлэлүүдийг хийдэг вэ?  

-УСУГ-ын хамгийн олон жилийн насжилттай шугам 1959 онд тавигдсан 67 жил болсон шугам байна. Тухайн үед хийгдсэн ган шугамуудад зэврэх асуудал үүсдэг. Тиймээс шуудуу ухахгүйгээр газар доор байгаагаар нь хуванцраар доторлодог. Одоогоор энэ ажлыг хийгээд явж байна. Мөн бохир усны шугамын доторлох ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Бохир ус нь химийн нэгдэл ихтэй учраас гадна шугамууд элэгдэх, цоорох эрсдэлийг бий болгодог. Харин тоног төхөөрөмжүүдийн хувьд хамгийн сүүлийн үеийн технологи бүхий төхөөрөмжүүдийг суурилуулж үйл ажиллагаагаа явуулж байна.  

-Хуучирсан шугам сүлжээний нөлөөлөл хэрхэн илрэх вэ?

-Хуучирсан шугам сүлжээний нөлөөлөл нь гэнэтийн бага зэргийн усны алдагдал гарах байдлаар илэрдэг. Тэгэхдээ бид хүндрэл учруулахгүйгээр тэр дор нь засварлаад явдаг. Хуучин шугам сүлжээг доторлосноор гэмтлийн тоо нэлээн буурсан. 

-Цаашид ус хангамжийн системд ямар шинэчлэлийг хийхээр зорьж байна вэ. Мөн усны өртөг хямд тул замбараагүй хэрэглээ үүсээд байна гэх болсон. Энэ дээр ямар байр суурьтай байна вэ?

-Усны өртөг маш хямд байгаа учраас хэрэглээ их замбараагүй байна. Жишээлбэл, авто угаалгын газар гэхэд ундны усаар автомашин угааж байгаа шүү дээ. Мөн зүлэг ногоо, зам талбайг ундны усаар усалж байна. Энэ бол өртөг бага байгаатай л холбоотой. Ахуйн хэрэглээний усны бөөний үнэ литр нь нэг төгрөг 34 мөнгө. Энэ бол дэлхийд байхгүй үнэ. Ийм бага өртөгтэй учраас хүмүүс тоолгүй, замбараагүй хэрэглэдэг. Цаашлаад усны өртөг бага учраас бид шугам сүлжээний ажлыг хурдан хийж чадахгүй байна. Манай байгууллага орлогоороо өөр өөрийгөө санхүүжүүлдэг. Тэгэхээр манайд орж ирж байгаа мөнгө нь бага учраас шугам сүлжээний ажлыг хийхэд санхүүгийн хувьд хүндрэлтэй байдаг. Тиймээс цаашид цэвэр, бохир усны өртгийг нэмэх шаардлагатай. 

-Иргэд усыг зүй зохистой хэрэглэхийн тулд яах ёстой вэ?

-Иргэд ухаалаг хэрэглээг нэвтрүүлж, усны хэрэглээ багатай аяга таваг угаагч, угаалгын машин, суултуур гэх мэт хувийн хэрэгцээний зүйлсийг ашиглавал зохистой. Энэ нь усыг алдагдалгүй, ухаалгаар зарцуулж буй нэг хэлбэр юм. Түүнээс биш бага ус хэрэглэ, усаа хэмнэ гээд байгаа зүйл биш.

Мөн усны төлбөр бол үйлчилгээний өртөг. Түүнээс биш ус үнэгүй шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 101 (7843)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn