Ч.Бямбаа

"Аварга Хадбаатар Туургатан" сангаас ''Аваргын гараа" монгол туургатны өсвөр үеийн үндэсний их наадам зохион байгуулахаар болжээ. Энэ талаар Д.Хадбаатар аваргын хүү "Аварга Хадбаатар Туургатан" сангийн тэргүүн Х.Даваажав мэдээлэл өгсөн юм.

''Аваргын гараа" монгол туургатны өсвөр үеийн наадам анх удаа зохион байгуулагдахад цөөн тооны хүүхэд оролцож байсан бол одоо 17.000 орчим хүүхэд оролцдог өргөн хүрээтэй наадам болжээ. Энэ жил наадмын хүрээнд олон шинэ ажил хийхээр төлөвлөсний нэг нь хүүхдүүдэд цол олгох юм.

Энэ талаар "Аварга Хадбаатар Туургатан" сангийн тэргүүн Х.Даваажав “Монгол туургатны өсвөрийн наадмыг жил бүрийн долдугаар сарын 4-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Буриад, Өвөрмонгол, Тува, Халимаг үндэстнүүдийг ч оролцуулахаар ярилцсан. Одоогоор Буриадаас хүүхдүүд ирж оролцохоор болсноо албан ёсоор мэдэгдээд байна.

Арнольд Швайрценеггер “Би дэлхийн од болно” гээд маргаашаас нь одын амьдралаар амьдарсан шиг би хүүхдүүдэд цол олгохоор шийдсэн. Үндэсний бөхийн өсвөрийн аварга, начин, шонхор болон сур, шагай дээрээ ч гэсэн адил цол олгоно. 

Ингэснээр үндэсний өв соёлоо бага наснаас нь шингээж байгаа гэдгээрээ онцлог болж байна. Энэ жил 4-17 насны өсвөрийн хүүхдүүдийг оролцуулна. Тус наадамд оролцох хүүхдүүдийн бүртгэл зургаадугаар сарын 1-нээс албан ёсоор эхэлнэ. Бүртгэлийг тодорхой байршлуудаар явуулахаас гадна naadam.xxk.info сайтаар явагдах юм.

Дараа жилээс энэ наадмаа илүү өргөжүүлж, Play Time маягийн фестиваль тоглолт хийнэ.  

Мөн бид жил бүр цэвэр монгол цусны даага уралдуулдаг. Манай уралдааны гол онцлог нь уяачид нь бүгд өсвөрийнх. Дараа жилээс зургаан насны морь уралдуулна. Одоогоор Баян-Өлгийгөөс бусад аймгаас даага ирж уралдахаар мэдүүлгээ өгсөн байна" гэв.