Х.МОНГОЛХАТАН
Жигүүртэн хүрээгүй уулсын оргил тэргүүн дээгүүр
Жилдээ хүрэмгүй газарт өдөртөө очоод ирэхээр
Мөнгөн цагаан хөлөг минь дүүлж явна аа хө
Мөнгөн цагаан хөлгөө бариад дуулж явна аа би... хэмээх нисэхийнхний сүлд дуу болсон “Нисгэгчийн дуу” жил бүрийн тавдугаар сарын 25-ны өдөр олонтой эгшиглэдэг нь учиртай.
1925 оны тавдугаар сарын 25-ны өдөр Монголын хөх тэнгэрт Ю-13 онгоц анх дүүлэн ниссэнээр Нисэх хүчний түүх эхэлсэн билээ. Харин өнөөдөр Монгол Улсад Нисэх хүчин үүсэн хөгжсөний 101 жил, МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ой тохиож байна. Энэ тэмдэглэлт өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Гавьяат нисгэгч цол хүртсэн агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Ц.Ганбаатар хэмээх эрхмийг “Амьдралын тойрог”-ынхоо хойморт урьлаа.
“Миний хүү онгоцны жолооч болохын оронд вагоны жолооч болж болдоггүй юм уу”
Амьдрал бэлэглэж алаг хорвоод хүн болгон төрүүлсэн хайртай аав, ээжээ энэ сайхан мөчид дурсахгүй байхын аргагүй. Ганбаатарын төрсөн аав С.Цэнд-Аюуш цагдаагийн хошууч цолтой, насаараа төрийнхөө төлөө зүтгэж, шударга ёс, хариуцлагын үнэ цэнийг үлгэрлэн харуулсан хүн байжээ.
Харин ээж Н.Цогбадрах нь худалдааны мэргэжилтэй, худалдагч, няравын ажлыг олон жил хийсэн хөдөлмөрч эмэгтэй байж. Ц.Ганбаатар эхээсээ хоёулаа. Түүнийг долоо настай байхад эцэг эх нь салж, хэдэн жилийн дараа ээж нь дахин гэрлэжээ. Түүний өсгөсөн аав Б.Сандуйжав нь малын эмч, ОХУ-д 1970 оны сүүлээр Сарлагийн шимэгч хорхойны сэдвээр дэд эрдэмтний цол хамгаалсан, Намын хянан шалгах хороонд байцаагч ажилтай.
Өсгөсөн аавынхаа тухай ярихдаа “Аав маань их буйртай, барагтай уурлаад байдаггүй, аливааг ойлгуулахдаа эвээр, хүний сэтгэлд үлдэхээр жинтэй хэлдэг хүн байсан. 30 жил өсгөсөн хайртай аавынхаа энэ зан чанарыг би дуурайсан юм шиг байдаг. Ээжийг бурхан болсны дараа аавыгаа хажуудаа авч, 80 наслаад миний гар дээр өнгөрсөн дөө” гэснээр бидний яриа үргэлжилсэн юм.
Гавьяат нисгэгч маань багаасаа тэнгэрт дүүлэх, нисгэгч болох мөрөөдөл тээсэн хүү байжээ. Тэр мөрөөдлийг нь хамгийн их дэмжиж, зориг өгч, итгэл хайрласан хүн бол ээж нь. Нисэхийн сургуульд орох гэж бэлдсэн тэр олон өдөр, шантрах мөч бүрт ээжийнх “Миний хүү чадна” гэж хэлдэг үг далавч ургуулдаг байж. Гэвч нисэхийн сургуульд явахын өмнөх орой ээж нь “Миний хүү онгоцны жолооч болохын оронд вагоны жолооч болж болдоггүй юм уу” гэж хэлсэн нь одоо ч тод санагддаг гэж байв.
Гэхдээ ээжийнхээ энэ үгийг тайлбарлахдаа “Ээжийн хэлсэн үгэнд хориглох санаа байгаагүй. Харин эх хүний зүрхний айдас, нууцхан түгшүүр л байсан. Өдөр бүр тэнгэрт нисэх хүүгээ бодохоор ээжийн сэтгэл эмзэглэж, айдас нь хайртайгаа хамт гадагшилсан нь тэр. Тэр мөчид би ээжийнхээ их хайрыг, бас мөрөөдлийг минь дэмжихийн тулд айдсаа нууж явсныг ойлгосон. Ээжийн минь хэлсэн тэр ганц өгүүлбэр үргэлж миний сэтгэлд хамгийн дулаан, хамгийн үнэ цэнтэй дурсамж болон үлджээ” гэсэн юм.
Түүний амьдралд хамгийн эрхэм, дотно хүн бол ганц ах Ц.Ган-Өлзий нь. Ах гэдэг хүн зөвхөн гэр бүлийн гишүүн биш, харин амьдралын замд түшиж тулах уул байдаг гэдгийг амьдралаараа ойлгуулсан байна.
“Ахынхаа түшиг тулгуур, хайр халамжийг мэдэрч өссөндөө өөрийгөө азтай хүн гэж боддог. Цаашдаа ч ахынхаа итгэлийг алдахгүй, түшиг тулгуур болсон дүү нь байхыг хүсдэг” хэмээн ярих гавьяат нисгэгч маань эцэг нэгтэй хоёр эрэгтэй дүүтэй. Дэд хурандаа Ц.Давгадорж, ахмад Ц.Равдан нар цагдаагийн байгууллагад ажилладаг аж. Аавынхаа мэргэжлийг өвлөсөн дүү нартаа ахаасаа үлгэрлэсэн хайр халамж, түшиг тулгуураа тэрээр харамгүй өгдөг нь дамжиггүй.
“Би чадлаа, Эврика”
Тавхан настай жаахан хүү орон дээрээ хоёр гараа дэлгэн онгоц болгож, тэнгэрт нисэж өдөржин тоглодог байжээ. Тэр жижигхэн өрөөний ор нь түүний хувьд нисэх буудал, хоёр гар нь аварга онгоцны далавч, харин төсөөлөл нь хязгааргүй уудам тэнгэр байлаа. Эмээ нь түүнийг “Энэ хүүхэд том болоод нисгэгч болно” гэж орсон гарсан бүхэнд бахархалтайгаар ярьдаг байж. Хүүгийн зүрхэнд “нисгэгч болно” гэсэн мөрөөдөл бат суусан учраас жил ирэх тусам улам бодит болж байв.
Сурагч Ц.Ганбаатар ангийнхаа “Эд аж ахуйн салаан дарга”-ын үүргийг хариуцлагатайгаар гүйцэтгэдэг байлаа. Модоор элдэв зүйл урлах сонирхолтой учраас “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн Онгоц загварын ангид суралцаж, нисэх онгоцны макет хийдэг болсон нь өнөөх л нисгэгч болох мөрөөдлийнх нь илрэл байв. Түүний бүтээсэн модон онгоцнууд том өрөөнийх нь таазнаас утсаар дүүжлээтэй байдгийг тэрээр дурсав.
Долоодугаар ангиа төгсөх жил ээж нь “Хэрэв чи үнэхээр нисгэгч болно гэвэл тоондоо маш сайн байх хэрэгтэй” гэж хэлжээ. Энэ үг түүний амьдралын дараагийн алхмыг тодорхойлсон юм.
Тэр нэгдүгээр сургуулийн математикийн гүнзгий ангид шалгалт өгч, тэнцээд зөвхөн тоо бодлогод өөрийгөө зориулж, мөрөөдлийнхөө төлөө хичээсэн завгүй гурван жилийг үджээ.
Элсэлтийн шалгалтын өдөр сургуульдаа хамгийн өндөр оноог авч, тухайн үед ганцхан ирсэн хуваарийг авсан нь түүний хичээл зүтгэлийн үр дүн байлаа.
Ц.Ганбаатарыг аравдугаар ангиа төгсөх хавар MИАТ-д нисгэгч болох хүүхдүүдийг эмчийн үзлэгт хамруулж байна гэсэн сургаар ээж нь түүнийг дагуулан Нэгдсэн гуравдугаар эмнэлэг рүү явжээ. Нисгэгч болох мөрөөдөлтэй олон арван хүүхэд цугласан байсан ч эрүүл мэндийн нарийн үзлэг шинжилгээ хийлгэсээр дөрөв дэх өдөр арваадхан хүүхэд үлдсэн байв. Нисгэгч болно гэдэг зөвхөн хүсэл мөрөөдөл биш, бие сэтгэл бүхэлдээ тэнцэх ёстой асар өндөр шалгууртай ажил мэргэжил юм гэдгийг тэр өдрүүдэд ойлгосон байна.
Эрүүл мэндийн шалгалтаа давж, элсэлтийн шалгалтандаа ч тэнцээд, нисгэгч инженер мэргэжлээр суралцах сургуулийнхаа хуваарийг гартаа атгасан зургаадугаар сарын тэр нэг өдөр “Би чадлаа, Эврика” гэж орилж байжээ.
Онгоцны нисгэгч гэдэг зүгээр нэг сонгочихдог мэргэжил биш. Энэ бол олон жилийн хүсэл мөрөөөдөл, хичээл зүтгэл, тэвчээр хатуужил, өөртөө итгэсэн итгэлийн үр дүн байсан юм.
Ленинградын Нисэхийн академи уу, Кировоградын Нисэхийн дээд үү?
1-р эгнээнд зүүн гарталаас Ц.Ганбаатар, Г.Мөнх-Очир, 2-р эгнээнд зүүн гарталаас Д.Амарболд, З.Амарсанаа, Ж.Доржнамжил, Б.Асет 1988 он
1987 онд Эрхүү хотын орос хэлний бэлтгэл ангид нэг жил суралцаад орос хэл болон мэргэжлийн сууриа базаасны дараа сургуулиасаа дахин хуваарь авах мөч иржээ.
Ленинградын Нисэхийн академи гэсэн нэрийг харсан түүнд баярын хязгаар гэж байсангүй. Бүр ч илүү баярлуулсан зүйл нь Ленинградын “Дорно дахины дотоод явдлын яам”-ны сургуульд ганц ах нь суралцаж байсан явдал юм. “Ах дээрээ очно, нэг хотод хамт суралцана” гэх бодол түүнд маш их урам өгч байв.
Гэвч Ленинградын Нисэхийн академид суралцвал онгоцны нисгэгч биш, газрын удирдлагын төвөөс нислэгийг хянаж, чиглүүлэх мэргэжилтэй болно гэдгээ мэдэв.
Тэр мөчид саяхан догдлуулан баярлуулж байсан нэр хүндтэй Ленинград хот, хайртай ахтайгаа ойр байх боломжоос илүү нисэх онгоцны бүхээгт сууж, үүлэн дээгүүр нисэх нисгэгч болох хүсэл мөрөөдөл нь чухал байлаа. Ийнхүү Кировоградын Нисэхийн Дээд Сургуулийг зорьжээ.
Кировоград бол тухайн үедээ Зөвлөлтийн иргэний нисэхийн салбарт нисгэгч-инженер бэлтгэдгээрээ алдартай төдийгүй өндөр шалгууртай сургуулиудын нэг байв. Энд л онгоцны жолоог атгах мөрөөдөл нь бодит амьдрал болох зам эхэлсэн юм.
Тэнд суралцана гэдэг нэр төрийн хэрэг, харин төгсөнө гэдэг жинхэнэ ур чадвар, хариуцлагын баталгаа гэж үнэлэгддэг байж.
Тэрээр оюутан насны дурсамжаа хуваалцахдаа “Дөрөвдүгээр курст байхдаа жинхэнэ үндсэн онгоц болох Antonov An-24, Antonov An-26 онгоцууд дээр дадлагын нислэг хийдэг болсон үе миний амьдралын хамгийн хариуцлагатай, дурсамжтай цаг хугацааны нэг байлаа.
Нэг өдөр ээлжит дадлагын нислэг эхэллээ. Бид ачааны зориулалтын Ан-26 онгоцондоо суучихсан, хөдөлгүүрүүд нижигнэн асаж, бүхээг дотор керосины үнэр сэнгэнээд л, нисэхийн тэр танил уур амьсгал дүүрэн. Багш нисгэгчтэйгээ нислэгийн зурвас руу чиглэж явтал холбоогоор “Монгол Улсын иргэн Цэнд-Аюуш бие даалтын нислэгт гарна” гэсэн үг сонсогдов. Гэтэл надтай олон удаа хамт ниссэн туршлагатай багш маань огт тайлбар хэлэхгүй хаалга онгойлгуулаад, бүсээ тайлаад буугаад явчихав. Тэр үед надтай хамт сурч байсан нэг украин курсант миний хажуугийн суудалд ирж суугаад “За, нисэцгээе” гэв. Тэр мөчид л би үнэхээр ганцаараа, өөрийн хариуцлагаар энэ том онгоцыг удирдах гэж байгаагаа ойлгож, айдас догдлолыг зэрэг мэдэрч байлаа.
Тэр өдөр би анх удаа нисгэгч гэдэг зөвхөн онгоц жолооддог хүн биш, харин хэдэн арван хүний амь, асар үнэтэй техник, тэнгэр дэх бүх шийдвэрийн хариуцлагыг үүрдэг юм байна гэдгийг жинхэнээсээ мэдэрсэн” гэсэн юм.
“Тэнгэр алдаа уучилдаггүй мэргэжил шүү”
Ц.Ганбаатар 1992 онд сургуулиа нисгэгч-инженерийн хос мэргэжилтэй төгсөж ирээд МИАТ компанидаа Ан-24, Ан-26 онгоцны хамтран нисгэгчээр ажлын гараагаа эхэлсэн түүхтэй. Улмаар В727-200, В737-800, В757-200, В767-300 агаарын хөлгийн дарга, багш, шалгагчаар өнөөдрийг хүртэл 34 жил ажиллахдаа 23.000 цагийн нислэг гүйцэтгэж, 64 шавьтай болжээ.
“Тэнгэр алдаа уучилдаггүй мэргэжил шүү” гэж багш нар маань байнга захьдаг байсан гэх тэрээр “Би хэдийгээр өнөөдөр өөрөө шавь сургаж, мэдлэг туршлагаа бусдад өвлүүлэн яваа багш болсон ч намайг хүн болгож, мэргэжлийн замд хөтөлж, нисэхийн их амьдралын жигүүрийг минь дэлгэсэн үе үеийн эрхэм багш нараа үргэлж дурсан талархаж явдаг.
Миний багш нар болох Г.Даш, Б.Зориг, Л.Батнасан, МУГНТ Бэхбат, МУХБ Р.Батэрдэнэ, МУГНТ Т.Батбаяр та бүхэн минь надад зөвхөн хичээл заагаад өнгөрсөн хүмүүс биш, харин намайг мэргэжилдээ үнэнч, хариуцлагатай, хүнлэг нэгэн болоход үнэтэй хувь нэмэр оруулсан амьдралын минь луужин байсан.
Нисэхийн салбарт алдаа гаргах эрхгүй тэр их хариуцлагыг та бүхэн л бидэнд ойлгуулж, тэнгэрт хөөрөхийн өмнө хүн чанараараа өндөр байх ёстойг сургаж өгсөн билээ.
Өнөөдөр би өөрөө багш болж, шавь нартаа мэддэг чаддагаа өвлүүлэн суухдаа багш нарынхаа арга барил, хүнлэг чанар, шавьдаа ханддаг халуун сэтгэлийг өөрийн эрхгүй санаж, үлгэрлэн дамжуулахыг хичээж явна” гэж багш нараа бахархалтайгаар дурссан юм.
“Амжилттай эр хүний ард ухаалаг, тэвчээртэй эхнэр байдаг”
Шинэхэн гавьяат нисгэгчийн маань алдар гавьяа, амжилт бүтээлийн ард хайр халамж, түшиг тулгуур болсон сайхан хань нь бий. Ц.Ганбаатар гэргий Д.Нарантуяатайгаа 1989 онд танилцаж ханилан суугаад хоёр хүүхдийн аав ээж болон 37 жилийг хамт туулжээ.
Тэдний том нь Канад улсын Ванковер хотын Цагдаагийн газарт “Гэмт хэргийн шинжээч”-ээр ажилладаг бол бага нь Австрали улсад сэтгэл зүйч эмч мэргэжлээр ажилладаг байна. Харин эхнэр Д.Нарантуяа Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй хуульч хүн бий. Ц.Ганбаатар амьдралынхаа хамгийн үнэтэй, эрхэм нандин гэргийнхээ тухай ингэж ярьсан юм.
“Би нисэхийн салбарт ажиллаж, амьдралынхаа ихэнх хугацааг агаарт, гэрээсээ хол өнгөрөөсөн. Нислэгийн ажил цаг наргүй, хариуцлага өндөртэй, ар гэрээсээ байнга хол байдаг онцлогтой. Тиймээс гэр бүлдээ санаа зовохгүй ажиллах боломж олгодог хань ижил нисгэгч хүнд хамгийн чухал гэдгийг би амьдралаараа ойлгосон. “Амжилттай эр хүний ард ухаалаг, тэвчээртэй эхнэр байдаг” гэдэг үгтэй санал нийлдэг. Миний эхнэр хэзээ ч гомдоллож, тунирхаж, намайг ажил мэргэжлээсээ татгалз гэж байгаагүй. Харин ч ажлаа сайн хийж мэргэжлийнхээ оргилд хүрээрэй гэж итгэж урамшуулж ирсэн миний түшиг тулгуур билээ.
Өнөөдөр эргээд харахад миний амьдралын үнэ цэнэ зөвхөн ниссэн онгоц, туулсан замаар хэмжигдэхгүй. Харин тэр бүхний ард чимээгүйхэн зүтгэж, намайг хүн шиг хүн, аав шиг аав, нисгэгч шиг нисгэгч байхад түшиж тулж ирсэн хайртай ханийн минь тэвчээр ухаан, хайр халамжаар хэмжигдэнэ.”
Газар хөдлөлттэй, зэвсэгт мөргөлдөөнтэй байсан ч ниснэ
Нисгэгч хүний амьдралд сайн муу, сайхан муухай олон нислэг тохиолдоно. Ц.Ганбаатар МИАТ-ын хамгийн чадварлаг, хариуцлагатай, итгэлтэй нисгэгч учраас түүнд хүнд хэцүү онцгой нөхцөлд нислэг үйлдэх үүрэг их хүлээлгэдэг байна. Тухайлбал, “COVID-19” цар тахлын үед гадаадад байгаа иргэдээ эх оронд нь авчрах 23 удаагийн тусгай үүргийн нислэг, олон улсын 115 удаагийн карго ачаа тээврийн нислэгийг амжилттай үйлджээ.
Гэхдээ түүний хувьд хамгийн хүнд, хэзээ ч мартагдахгүй нислэг 2011 оны гуравдугаар сарын 11-ний өдөр болсныг тэр ийн дурссан юм.
“Тэр өдөр бид Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгээ амжилттай гүйцэтгэж, газардаад удаагүй байлаа. Дөнгөж хоолой ороод байтал онгоц гэнэт үл мэдэг дайвалзаж эхэлсэн. Хүчтэй салхи салхилаад байна уу гэж бодож байтал онгоц улам хүчтэй савласан. Юу болоод байгааг нь мэдэхээр бүхээгээс гараад л гал тогоо хэсэгт унасан. Би босож чадахгүй байснаа одоо ч тод санадаг. Тэр мөчид Японы түүхэн дэх хамгийн хүчтэй Фүкүшима, Токиогийн аймшигт газар хөдлөлт байсан юм билээ.
Нисэх буудлын бүх зорчигчдыг яаралтай гарган, аюулгүй бүс рүү шилжүүлсэн боловч манай экипаж онгоцондоо үлдсэн. Бид 13 цагийн турш онгоц дотроо гар утас, холбоо мэдээлэл тасалдаж, байнга үргэлжилсэн чичиргээ, дахин дахин давтагдах хүчтэй доргилтууд онгоцыг тасралтгүй савлуулж байлаа.
Онгоцны цонхоор харахад нисэх буудлын зогсоолын талбай далайн давалгаа шиг хөвөлзөн хөдөлж байсан нь үнэхээр итгэмээргүй дүр зураг байв. Асфальтан талбай хатуу биш, яг амьд юм шиг овойж хотойж байгааг хараад байгалийн өмнө хүн ямар өчүүхэн болохыг тэр үед л жинхэнэ утгаар нь мэдэрсэн. Гэхдээ ямар ч нөхцөлд тайван байж, үүргээ биелүүлэх ёстойг ч илүү гүн ойлгуулсан” гэв.
Хамгийн сүүлд өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн Ойрхи Дорнодын бүс нутагт үүссэн зэвсэгт мөргөлдөөн болон тогтворгүй байдлын улмаас тус бүсэд байгаа Монгол Улсын иргэдийг нүүлгэн шилжүүлэх тусгай үүргийн нислэгийг МИАТ-ын нисэх багийнхан амжилттай гүйцэтгээд ирсэн. Тэрхүү багийг удирдан ниссэн хүн бол манай зочин, шинэхэн гавьяат нисгэгч Ц.Ганбаатар билээ.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, Зам тээврийн яам болон МИАТ ТӨХК-иас өгсөн үүрэг даалгаврын дагуу Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлд хийсэн тусгай үүргийн нислэгт 18 хүний бүрэлдэхүүнтэй нисэх баг нийт 21 цагийн нислэгийг амжилттай гүйцэтгээд 91 иргэнийг эх орондоо эсэн мэнд авчирсан билээ.
Энэ тухайгаа “Миний хувьд энэхүү нислэгт явах болсноо мэдсэн өдрөөс эхлэн сэтгэлзүйгээ тайван байлгасан.Учир нь дайны болон тогтворгүй бүс рүү нислэг үйлдэнэ гэдэг нисгэгч хүнээс асар өндөр хариуцлага, төвлөрөл, мэргэжлийн ур чадвар шаарддаг. Нэг талаар эх орныхоо иргэдийг аюултай бүсээс авчрах үүрэг хүлээсэн бахархал байсан ч нөгөө талаар аливаа эрсдэл гарч болзошгүй нөхцөлд ажиллаж байгаагаа байнга ухамсарлаж байсан.
Иорданы агаарын орон зайд нэвтэрсний дараа Арабын Нэгдсэн Эмират Улсын хил рүү орох үед байлдааны онгоцны хамгаалалт дор нислэгээ үргэлжлүүлсэн. Тухайн үед маш өндөр хурдтайгаар өндрөө алдан Дубай хотод газардсан. Буцах нислэгийн үед мөн адил хамгаалалттайгаар хөөрч, маш богино хугацаанд өндрөө авч, Иорданы хилийг аюулгүй гарсан. Энэ бүх хугацаанд нисэх багийн бүх гишүүд маш өндөр төвлөрөлтэй, хариуцлагатай ажиллаж, нислэгийн нэг ч мөчид анхаарлаа сулруулаагүй” гэсэн юм.
34 жил ниссэн түүний амжилтын буухиа тасралтгүй үргэлжилсээр л байна. Нислэгийн аюулгүй ажиллагааны дүрэм журам шинэчлэн боловсруулж, шинэ чиглэлд нислэг нээх зэрэг олон ажлыг хийхийн зэрэгцээ агаарт нийт 23000 гаруй цагийн нислэгийн туршлага хуримтлуулсан бөгөөд үүнээс 20000 гаруй цагийг агаарын хөлгийн дарга, багш нисгэгчээр ниссэн байна.
* * *
Нисгэгч хүний амьдрал тэнгэртэй холбоотой байдаг. Үүлэн дээгүүр хэдэн мянган километр нисэж, олон хүний хувь заяа, хүсэл мөрөөдөл, уулзалт учралыг залж явна гэдэг асар их хариуцлага. Гэхдээ энэ бүхний эцэст нисгэгч хүн онгоцоо амжилттай газардуулж, бүх зорчигчдоо хүссэн газарт нь эсэн мэнд, аюулгүй хүргэж өгсний дараах мөч хамгийн үнэ цэнэтэй, сайхан мөч юм.
Тэр мөчид зорчигчдын кабин даяар цуурайтах алга ташилтын чимээ нисгэгч хүнд юутай ч зүйрлэшгүй бахархал, урам зориг өгдөг гэж агаарын хөлгийн дарга, багш нисгэгч, Монгол Улсын гавьяат нисгэгч Ц.Ганбаатар ярьж байлаа.
Тэр алга ташилт бол олон цагийн туршид өндөр хариуцлага үүрч, цаг агаарын өөрчлөлт, техникийн тооцоолол, олон шийдвэрийг хором бүрд гаргаж явсан нисгэгчийн хөдөлмөрийг үнэлж буй хамгийн үнэн сэтгэлийн илэрхийлэл юм.
Тавхан настайгаасаа тэнгэрт нисэхийг хүссэн бяцхан хүүгийн мөрөөдөл ямар үнэ цэнтэйг мэдрүүлдэг хамгийн нандин агшин онгоц газардсаны дараах зорчигчдын алга ташилт билээ.
Холыг ойртуулж, хоёрыг учруулдаг гайхамшигт ажил болох Монголын иргэний агаарын тээврийн онгоц бүхэн саадгүй зорчиж, нисгэгч бүр осолгүй газардаж, тэнгэр нь цэлмэг, буулт нь зөөлөн байх болтугай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 99 (7841)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn