П.ЛХАГВАЖАРГАЛ, Б.ЗОЛБОО

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Улаанбаатараас орон нутаг руу явах замын хөдөлгөөн ихсэж, зам тээврийн осол гарах суурь шалтгаануудын нэг болдог. Тэгвэл нийт зам тээврийн ослын 30-40 орчим хувь нь үзэгдэх орчин хязгаарлагдмал харуй бүрий цагаар гардаг аж. Ихэнх жолооч нар оройн цагаар хол замд явахдаа гэрлээ шилжүүлдэггүйн улмаас осол, аваар гарч, цаашлаад хүний амь нас хохирох эрсдэлд хүрч байна. Тухайлбал, Тээврийн Цагдаагийн Албаны 2025 оны статистик мэдээлэлд дурдсанаар замын гэрэлтүүлэг хангалтгүй байснаас үүдэн хүний амь нас хохирсон тохиолдол 66.7 хувийг эзэлж байна. Иймд “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Нийгэм-Aсуудал” буландаа гэрэл шилжүүлээгүй, стандарт бус гэрэл суурилуулснаас үүдсэн ослын талаарх асуудлыг хөндөж байна.

 

Гэрлийн гялбалтад өртсөн жолооч 5-6 секунд зам, орчны баримжаа алддаг

Сүүлийн жилүүдэд жолооч нар авто машиндаа үйлдвэрийн бус, хэт тод тусгалтай лед, ксенон, өөр өнгийн гэрэл дур мэдэн суулгах нь ихэссэн байна. Үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд стандарт бус гэрэлтэй машины өөдөөс ирж буй жолоочийн нүд гялбаж, баримжаа алдах цаашлаад зам тээврийн осол гарах нөхцөл байдалд хүргэж байгаа юм. Тухайлбал, иргэн Э.Ганбат Архангай аймгийн нутаг дэвсгэрт зорчиж явахад зам эвдрэлтэй байснаас гадна урдаас ирж яваа суудлын автомашины жолооч гэрлээ шилжүүлээгүйн улмаас ачааны машин замын хажуу руу огцом дарах шаардлага гарч, осолдох дөхсөн байна.  Энэ тухай тэрээр “Ихэнх жолооч нар гэрлээ шилжүүлдэггүй. Мөн орон нутгийн замын гэрэлтүүлгийг сайжруулах шаардлагатай байна. Том тэрэгний жолооч нар оврын гэрэл, цацруулагч туузаа нааж хэвшсэнээр аюул осол гарахаас сэргийлж чадна” хэмээв.
Тэгвэл уг асуудлын хүрээнд Тээврийн цагдаагийн алба тогтмол хяналт шалгалт хийж байгаа бөгөөд өнгөрсөн оны байдлаар стандарт бус гэрэл суурилуулж замын хөдөлгөөнд оролцсон 15495 зөрчил илрүүлж, хариуцлага тооцжээ. Энэ тухай Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, хошууч Г.Отгонтамираас тодруулахад, “2026 он гарснаас хойш 579 зөрчлийг илрүүлж, зохих ёстой торгуулийг ногдуулсан. Хурц гэрэлд жолоочийн нүд гялбаж 5-6 секунд зам, орчны баримжаа алддаг” гэсэн юм. 
Тодруулбал, жолооч хурц гэрлийн гялбаанд 5-6 секунд өртөхөд 100 гаруй метрийг ямар ч баримжаагүйгээр туулдаг аж. Иймээс жолооч нар өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, 150 метрээс багагүй зайд гэрлээ шилжүүлэх ёстойг анхааруулсан юм.
Аялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан Тээврийн Цагдаагийн Албанаас “Амраад аюулгүй аялъя” уриа дор орон нутгийн замд 24 цагийн хяналт шалгалтыг хийж байна. Мөн Авто тээврийн Үндэсний Төвийн техникийн хяналт, үзлэгт жил бүр тээврийн хэрэгслийн оношилгоо хийдэг бөгөөд гэрлийн урсгал хэмжигч тусгай багаж ашигладаг. Хэрэв гэрлийн тусгалын хүч, өнцөг, хол ойрын шилжилт стандарт хангаагүй тохиолдолд тээврийн хэрэгслийн оношилгоог тооцдоггүй аж. Түүнчлэн стандарт бус гэрлийн борлуулалттай холбоотойгоор хилээр нэвтэрч буй асуудлыг гаалийн байгууллага хянаж ажиллах ёстой байгааг мэргэжилтнүүд дурдлаа.

 

Замын дэд бүтцийг сайжруулах шаардлагатай байна

Жолооч нар орон нутгийн зам гэрэлтүүлэг хангалтгүй, эвдрэл ихтэй байдгаас шалтгаалан стандарт бус гэрэл суурилуулдаг аж. Энэ талаар  “Тоёота топ моторс”-ын авто засварын ажилтан Э.Дашдорж “Стандарт гэрэл нь стандарт бус гэрлээс муу тусгалтай буюу дунджаар 1.0-1.5 налуутай байдаг. Жолооч нар орон нутгийн зам гэрэлтүүлэг муутай байдаг учраас стандарт бус гэрэл тавих нь түгээмэл байна. Сүүлийн үед стандарт гэрэлтэй тээврийн хэрэгсэлд нэмэлт гэрэл суурилуулах нь ихэссэн” гэв. Тодруулбал, тээврийн хэрэгслийн манантай, бүрэнхий үед ашиглах зориулалттай доод гэрлийг нэмэлт гэрлээр сольдог байна. Түүнчлэн тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоог хийдэг газрууд стандарт бус гэрэлтэй машины зөрчлийг илрүүлж, шууд машины гэрлийг стандарт гэрлээр солиулах арга хэмжээг авч ажиллахгүй байна. Өөрөөр хэлбэл, сануулах төдий өнгөрч байгаа нь энэ төрлийн зөрчил, зам тээврийн осол гарах шалтгааныг бүрдүүлсээр байгаа юм.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.2-д “Өөдөөс ирж буй тээврийн хэрэгсэл 150 метрээс багагүй зайд хол, ойрын гэрлийг шилжүүлэх үүрэгтэй” хэмээсэн байдаг. Гэвч жолооч нар төдийлөн уг дүрмийг мөрддөггүйн улмаас зам тээврийн осол гарах суурь нөхцөл болж байна. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь стандарт шаардлага хангаагүй, хийцэд тохироогүй бол ашиглахыг хориглоно” гэж заасан байдаг. 
Мөн шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг жолоочийг 20 нэгжээр торгодог аж. Гэвч ингэж торгох нь төдийлөн хариуцлага тооцох хангалттай хэлбэр болохгүй байгаа юм. Тухайлбал, тээврийн хэрэгслийн жолооч торгуулийг барагдуулаад өнгөрөх бус хуульд заасан заалтын дагуу стандарт гэрэл суурилуулах шууд арга хэмжээг авах хэрэгтэй юм. Иймээс Зөрчлийн тухай хуулийн заалтыг шинэчлэн боловсруулж, торгуулийг чангатгах, мөн стандарт бус гэрэлтэй машины зөрчил илрүүлсэн тохиолдолд шууд арга хэмжээ авч зөрчлийг арилгах шаардлагатай гэж зарим иргэд үзэж байна. 

 

Стандарт бус гэрэл суурилуулахаас татгалзъя 

Орон нутгийн замд тогтмол явдаг хот хоорондын жолооч Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, “Замд өөдөөс нэмэлт лед гэрэлтэй ачааны том тэрэг ирэхэд юу ч харагддаггүй. Нүд гялбаад хэдхэн секунд болоход л машин хэдийнэ замын хажуу руу орчихсон байдаг” гэсэн юм. Мөн гурав болон түүнээс дээш эгнээтэй замаар явахад өөдөөс олон машины гэрэл нүд гялбуулж, хүндрэлтэй байдаг талаар дурдлаа. Иймд жолооч нар холын гэрлээ ойрын гэрэлд шилжүүлж осол аваар, хүний амь нас эрсдэх аюултай нөхцөл байдлаас сэргийлэх нь чухал юм.
Тэгвэл энэхүү асуудлыг шийдэхэд тал бүрийн оролцоо чухал аж. Тухайлбал, замын дэд бүтцийг сайжруулахын тулд гэрэл ойлгогч суурилуулах шаардлагатай байна. Ингэснээр жолооч ойрын гэрэлтэй явж байхдаа замын огцом эргэлт, урсгал чиглэлийг анзаарах боломжтой. Мөн олон улсад энэхүү асуудлыг шийдэхдээ өөдөөс ирж буй машины гэрлийг хаадаг тусгай хуванцар хаалтыг байршуулж, жолоочийн нүд гялбахаас сэргийлдэг аж. 
Түүнчлэн автомашины техникийн үзлэг, оношилгоог хийж буй газрын мэргэжилтнүүд сайтар хяналт тавин, шууд арга хэмжээ авах хэрэгтэй юм. Жолооч нар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, стандарт бус гэрэл суурилуулахаас аль болох зайлсхийх, үзэгдэх орчин муу, гэрэлтүүлэггүй нөхцөлд холын гэрлээ ойрын гэрэлд шилжүүлж өөрийгөө болон өрөөл бусдыг эрсдэлд оруулахаас сэргийлэх нь чухал билээ. Эцэст нь жолооч, хяналт тавьж буй мэргэжилтэн, албан хаагчид асуудалд нухацтай хандаж, оролцоотой байснаар аюулт осол гарахаас урьдчилан сэргийлж чадах юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 130, 131 (7872, 7873)