Л.Пүрэвжаргал

 

“Зууны мэдээ” сонин нийтийн эрх ашгийн төлөө усны осол, гэмтэл, болзошгүй эрсдэлийн талаар иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс удаа дараа сурвалжилсаар ирсэн. Тэгвэл энэ удаад баяр наадмын амралтын өдрүүдийг угтан Онцгой байдлын байгууллагаас гол, усны ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийн талаар хүргэж байна. 

2026  оны долоодугаар сарын 6-ны өдрийн байдлаар усны ослын 54 удаагийн тохиолдол Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна. Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 48 хүний амь насыг авран хамгаалжээ. Харамсалтай нь 30 хүн амь насаа алдсан байна. Үүний 18 нь том хүн, 12 нь хүүхэд байжээ. Мөн тэдгээр хүмүүсийн дийлэнх нь Туул гол, Хөвсгөл нуур, Буйр нуур, Орхон голд амиа алдсан байна. Түүнчлэн усны осол Улаанбаатар, Хөвсгөл, Сэлэнгэ, Завхан аймгуудад зонхилон бүртгэгджээ. 

 

46 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЧ, ШАВАРТ СУУСАН 125 АВТОМАШИНЫГ ТАТАН ГАРГАЖЭЭ 

Онцгой байдлын байгууллагаас 2021-2025 онд тохиолдсон усны ослын хар цэгийн 399 байршлыг тодорхойлж, хяналтын самбарыг байршуулж, сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд хүргэн ажиллаж байгаа аж. Мөн үер усны ослын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Бүү бас” аяныг 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 15-ныг хүртэл улс орон даяар өрнүүлжээ. Ингэхдээ  иргэд, олон нийт, хүүхэд багачуудын усны ослын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, аюулгүй дадал хэвшүүлэх зорилгоор 31 удаагийн сургалт, дадлагыг зохион байгуулж 323.834 иргэнийг хамруулжээ. Улсын хэмжээнд 46 чиглэлд 42 байгууллагын 2102 алба хаагч, 21 мотоцикель, 63 завь, 96 чанга яригч автомашин, дрон ашиглан үүрэг гүйцэтгэж, 46 иргэний амь насыг аварч, шаварт суусан 125 автомашиныг татан гаргаж, 20.147 иргэнд сэрэмжлүүлэг зөвлөмж хүргэж, хар цэгийн 29 байршилд анхааруулга тэмдэг байршуулсан гэдгийг НОБГ-аас мэдээллээ. 
Энэ талаар нийслэлийн онцгой байдлын газрын Аврах анги бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, дэслэгч Г.Гансүх “Аялж зугаалж буй иргэд бага насны хүүхдээ гол дагуу хараа хяналтгүй орхидог. Эцэг эхчүүд майхандаа амарч байх үед хүүхдүүд нь голын эрэг дээр хяналтгүйгээр тоглодог. Мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу ордог. Согтууруулах ундаа хэрэглэсэн хүний биеийн дулаан нэмэгдэж, голын хүйтэн ус руу ороход шөрмөс нь татдаг. Усны урсгал болон гүнийг  тооцоогүйгээс болж хүмүүс голын усанд энддэг. Аврагч нарын хантааз, хувцас хэрэглэл, усны багаж хэрэгслүүд хангалттай байгаа” гэв. 

 

“ХАР ЦЭГҮҮДЭД АНХААРУУЛАХ САМБАР БАЙХАД Л ИРГЭД МАШИНТАЙГАА ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ ОРДОГ”

 

 Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн ЦЕГ, ОБЕГ, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Улаан загалмайн нийгэмлэг хамтран завьтай эргүүл болон хөдөлгөөнт эргүүлийг энэ оны зургаадугаар сарын 15-наас есдүгээр сарын 10 хүртэл хоёр бүсэд зохион байгуулж байгаа юм.
 Нийслэлийн онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хэлтсийн дарга, хурандаа Д.Хадбаатар “Нийслэлийн хэмжээнд нийт 33 удаагийн усны ослын дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Баяр наадмын амралтын өдрүүд эхэлж, иргэд гол ус барааддаг. Үүнтэй холбоотой эрсдэлүүд нэмэгддэг. Нийслэлийн онцгой байдлын газраас гаргасан усны ослын эрсдэлийн зураг дээр Туул гол дагуу нийт 20 хар цэг тэмдэглээд байгаа юм. Хар цэг нь нэг газар хоёроос дээш хүний амь нас эрсэдсэн газар. БЗД-ийн хар усан тохой хүртэл 20 цэгт анхааруулах самбарыг байршуулсан. Энэ жилийн баяр наадмыг хүн амын нягтаршил ихтэй, өргөн дэлгэр тэмдэглэнэ. Долоодугаар сарын 13-нд “Дэлхийн адууны өдөр” зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан хөдөө орон нутгаас олон иргэн морьтой зочилж ирдэг. Туул голын эргээр амарч зугаалах нь ихсэж болзошгүй учраас урьдчилан сэргийлэх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж, ажиллаж байна. Нийслэлийн ЦЕГ, ОБЕГ, нийслэлийн аврах ангийн бүрэлдэхүүн, нэмэлтээр аврагч оюутан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. 100 аврагч оюутан, улаан загалмайн нийгэмлэгийн сайн дурын 40 хүн нийт 140 хүнийг нэмэлтээр  хар цэгүүд дээр хөдөлгөөнт эргүүл зохион байгуулж ажиллахаар төлөвлөж байна. Хар цэгүүд дээр анхааруулах самбар байхад л иргэд машинтайгаа голын эрэг дагуу ордог” гэлээ. 
Түүнчлэн стандартын бус хийлдэг тоглоом, хийлдэг гудас нь хөвөх хэрэгсэл биш бөгөөд эрсдэлтэй тул ашиглахгүй байхыг онцгой байдлын газрын аврагч, ажилчид зөвлөж байна. Энэ он гарсаар 33 дуудлага мэдээллийн дагуу  82 иргэнийг аварч, таван иргэнийг усанд живэх мөчид нь аварчээ. Аврах ангийн ажилчид өглөөний 08:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл  хадан хясаанаас БЗД-ийн хар усан тохой хүртэл эргүүл хийдэг байна. Хэвлэл мэдээллээр дамжуулан сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд маш их өгдөг ч иргэд туйлын хайхрамжгүй ханддаг гэдгийг онцгой байдлын аврах ангийн ажилчид хэлсэн юм. 

 

“БАССЕЙНЫ ТОГТМОЛ УС БАЙГАЛИЙН УРСГАЛ УСТАЙ АДИЛ БИШ"

 

Судалгаагаар усны ослын 40-50 хувийг усанд сэлж чаддаг хүмүүс эзэлдэг байна. Учир нь бассейн тогтмол усанд бэлтгэл хийх, байгалийн урсгал усны давлагаа нь харилцан адилгүй байдаг тул иргэд үүнийг андуурч дийлэнх тохиолдолд голын ус руу сэлэх гэж орон эрсэддэг байна. Харин аврах ажиллагааг зохион байгуулахдаа аврах гэж буй хүний ард шумбан очиж, ардаас нь барьж авардаг байна. Урдаас нь барих эрсдэлтэй бөгөөд аврагчийг доош дарж живүүлж болзошгүй тул дөрвөн аврагч нэг завин дээр  бүлгийн даргатай хамт аюулгүй байдлыг сахиж ажиллах хэрэгтэй гэдгийг аврагч нар онцоллоо. 
Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын аврах ангийн аврагч Б.Ууганбат “Зарим иргэд урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийн үл тоомсорлодог. Хүн усанд осолдоод олдохгүй, олон өдрийн эрлийн ажиллагаа маш хүнд байдаг. 10 өдрийн эрэл хамгийн урт эрлийн ажиллагаа байсан. Нэг өдрийн ээлжид 48 цаг үүрэг гүйцэтгэж ажилладаг. Өдөр бүр бэлтгэл сургуулилт хийж, хамгийн гүндээ найман метрт бэлтгэл хийдэг. Хүүхдүүд усанд тоглох явцдаа хөл алдаж нэг мэдэхэд л живдэг” гэв.   

“Усанд осолдсон  хүнийг хажуу тийш харуулан нэг гарыг дэрлүүлж, нэг хөлийг нугалсан байдалтай хэвтүүлнэ” 

Монгол Улсын хэмжээнд судалгаагаар жилд дунджаар 100 орчим хүн усны ослоос болж нас бардаг байна. Үерийн эрсдэлийн үнэлгээгээр Хэнтий аймаг хамгийн өндөр байгаа аж. 
Хууль эрх зүйн хэрэгжилт хангалтгүй, хууль зөрчсөн барилгажилт, төлөвлөлтгүй газар олголт, хангалтгүй хөрөнгө оруулалт, үерийн эрсдэлтэй бүсийн суурьшлаас үер тохиолдох шалтгаан нөхцөл үүсдэг байна. 2021-2025 онд тохиолдсон усны ослоор Улаанбаатар хотод хамгийн их буюу 144 тохиолдол бүртгэгджээ. Урсгал уснаас эрэн хайх, усны гүнээс эрэн хайх, мөс цөмөрсөн үеийн эрэн хайх, үзэгдэх орчин хязгаарлагдмал үеийн аврах ажиллагаа хэмээн уснаас эрэн хайх аврах ажиллагаа нь дотроо дөрвөн төрөлд хуваагддаг аж.
Энэ үеэр Усанд осолдсон хүнд хэрхэн анхны тусламж үзүүлэх үйл явцын талаар эмнэлгийн бүрэлдэхүүн зөвлөгөө хүргэсэн юм. 
Эмнэлгийн бүрэлдэхүүний эмч “Усанд осолдсон хүнийг уснаас гаргаж ирсэн тохиолдолд амьсгал зүрх судасны эрхтэн тогтолцоо ажиллаж байгаа эсэхийг шалгана. Дээш харуулж амьсгалын замыг нь чөлөөлж, цээж болон хэвлийд амьсгал явагдаж байгааг шалгана. Гүрээний судас дээр дарж судасны лугшилт явагдаж байгаа эсэхийг шалгана. Хэрэв амьсгал сонсогдож, зүрхний цохилт, судасны лугшилт мэдрэгдэж байвал тухайн хүнийг хажуу тийш харуулан нэг гарыг дэрлүүлж, нэг хөлийг нугалсан байдалтай хэвтүүлнэ. Энэ нь уушгинд ус орохоос сэргийлдэг. Хэрэв амьсгал байхгүй, цээж тэлэгдэхгүй бол цээж шахаж эхэлнэ. Минутад 100-120 байхаар хурдтай шахна. Олон хүн байвал нэг хүн дээд талдаа хоёр минут шахна” гэлээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 130, 131 (7872, 7873)