Б.НАНДИН
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-д хийх төрийн айлчлалаа эхлүүлж, Хятадын дарга Ши Жиньпинтэй өчигдөр уулзлаа.
Москва, Бээжин хоёр харилцаагаа “хязгааргүй түншлэл” хэмээн тодорхойлсоор ирсэн бөгөөд энэ удаагийн уулзалт нь 2001 онд байгуулсан “Найрсаг хөршийн харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-ний 25 жилийн ойтой давхцаж буйгаараа бэлгэдлийн ач холбогдолтой гэж ажиглагчид үзэж байна. Мөн энэ удаагийн айлчлал нь Путины Хятадад хийж буй 25 дахь айлчлал бөгөөд хоёр удирдагчийн хувьд 2012 оноос хойш 40 гаруй удаа уулзаж байжээ. Харин энэ удаагийн уулзалт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадад айлчилсан уур амьсгалаас агуулгын хувьд эрс ялгаатай байгааг шинжээчи онцолж байна. Трампын айлчлал худалдааны маргаан, тариф, Тайвань болон АНУ-Хятадын эдийн засгийн өрсөлдөөнд төвлөрсөн бол Путин илүү геополитик, аюулгүй байдал, эрчим хүчний урт хугацааны хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, Трамп Бээжинтэй өрсөлдөгчийн байр сууринаас уулзсан бол Путин стратегийн түншийн байр сууринаас очиж байгаа нь хамгийн том ялгаа гэж шинжээчид тайлбарлаж байна.
Ши Жиньпин, Путин нар энэ удаад стратегийн түншлэл, эрчим хүч, худалдаа, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж байна. Ялангуяа Оросын Арктикийн бүсээс байгалийн хий нийлүүлэх “Сибирийн хүч-2” төсөл олны анхаарлыг татаж байгаа юм. Энэхүү хоолой ашиглалтад орвол Монголын нутгаар дамжин жилд 50 тэрбум шоо метр хий Хятад руу нийлүүлэх боломж бүрдэх юм. Украины дайнаас хойш Европ Оросын эрчим хүчнээс татгалзаж эхэлсэн тул Москва Азийн зах зээл, тэр дундаа Бээжинд улам илүү түшиглэх болсон. Кремлийн хувьд энэ төсөл нь эдийн засгийн төдийгүй стратегийн чухал гарц гэж үзэж байна.
Путин айлчлалын өмнө нийтэлсэн өгүүлэлдээ “Орос, Хятад хоёр тусгаар тогтнол, үндэсний ашиг сонирхлоо хамгаалах асуудалд бие биеэ дэмжихэд бэлэн” гэж мэдэгдсэн байна. Тэрээр хоёр улсын харилцаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрсэн гэж онцолжээ. Мөн Оросын газрын тосны хамгийн том худалдан авагч Хятад болсон учир рубль-юанийн төлбөр тооцоо ч эрчимтэй нэмэгджээ.
Оросын хувьд Украины дайн тав дахь жилдээ үргэлжилж, Европын зах зээл хумигдаж байгаа энэ үед Хятадтай харилцаагаа улам гүнзгийрүүлэхээс өөр сонголт бага үлдсэн гэж ажиглагчид үзэж байна. Тиймээс Кремль энэ айлчлалаар эрчим хүчний томоохон гэрээнүүдийг урагшлуулах, худалдааны эргэлтийг нэмэх, барууны хоригийг тойрсон санхүүгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын тавцанд Хятадтай нэгдмэл байр сууриа батлахыг зорьж байгаа бололтой.
Харин Бээжингийн хувьд Москваг бүрэн алдах сонирхолгүй ч Оросоос хэт хамааралтай болохоос болгоомжилсон байр суурь ажиглагдаж байна. Гэсэн ч АНУ-тай өрсөлдөөн ширүүсэж буй энэ үед Хятад Оростой стратегийн харилцаагаа хадгалах нь дэлхийн хүчний тэнцвэрт чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Барууны орнууд Хятадыг Украины дайны асуудлаар Орост нөлөөлөхийг шаардаж байгаа ч Бээжин Москвагийн эсрэг хоригт нэгдээгүй, худалдаа болон эрчим хүчний хамтын ажиллагаагаа улам өргөжүүлсээр байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 96 (7838)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn