Ч.БЯМБАА
Экологич Д.Туяа “Дөрөвдүгээр сарын 4-нөөс эхлэн Хан-Уул, Баянгол дүүргийн “Туулын хурдны зам” төслийн нөлөөллийн бүсэд эрх нь зөрчигдөж байгаа иргэдийн хүсэлтийн дагуу хамтарч ажилласан. Дөрөвдүгээр сарын 4-нөөс өнөөдрийг хүртэл бид 13 удаагийн хэвлэлийн хурлыг хийж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон ТЕГ, Экологийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн алба, АТГ-д хандаж мэдээлэл өгсөн. Тэр дундаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хандаж долоон удаа хэвлэлийн бага хурал хийсэн. Туулын хурдны замын ажилд хөрс усны судалгаа хийгээгүй, археологи, палентлоги, угсаатны зүйн судалгаа хийгээгүй, менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, усны барилга байгууламжийн зөвлөлийг хуралдуулаагүй гэх мэт олон асуудлыг хэвлэлийн хурал бүр дээр хэлж, тухайн замын ажлыг хийж буй компанийн үйл ажиллагааг зогсоох үндэслэл бүхий шаардлагуудыг тавьсан.
Харин өнөөдрийн хурлаар Ерөнхий сайд Н.Учралд хандаж, туулын хурдны замын төсөлтэй холбоотой нотлох баримтуудыг өгнө. Туулын хурдны замын төсөл хэрэгжүүлэгчид ТЭЗҮ-ийн тодотгол хийх зайлшгүй шаардлагатай байна. Зам тээврийн яам, Барилга хөгжлийн газар, Замын хөгжлийн төвийн магадлалыг улсын архиваас авсны үндсэн дээр Туулын хурдны замын төслийн ТЭЗҮ-д тодотгол хийх зайлшгүй шаардлагатай байна гэх дүгнэлтэд хүрсэн. Тиймээс Ерөнхий сайдад нотлох баримтын дагуу хууль хяналтын байгууллагаар шалгуулж, төслийг бүрэн зогсоох боломжтой боллоо гэдгийг хэлье. ТЭЗҮ дээр хоёр төрлийн магадлалыг гаргадаг. “Туулын хурдны замын авто төслийн ТЭЗҮ боловсруулсан ажилд гаргасан магадлалын дүгнэлтэд “Туул голын хойд тал буюу хотын төв талын эрэг болох ус зайлуулах далангийн дагууд байхаар гүүрийг голын голидролын дагууд байршуулахыг хориглох гэснийг удиртал болгох, тооцох” гэж байгаа юм. Мөн “голын голидролын дагууд хамаарах хэсэгт бүрмэл гулдмай ашиглан түшиц хана хийхийг хориглох, цутгамал хана бүхий түшиц хана байна” гэсэн байна. Тиймээс Ерөнхий сайд үүнийг үндэслэж тодотгол хийх асуудлыг шийдүүлэх ёстой” гэв.
Эх сурвалж: zms.mn