Ч.БЯМБАА
Говь-Алтай аймагт 10.000 ном хандивлах аяны талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө.
Говь-Алтай аймгийн номын сангийн захирал Я.Одгэрэл “Алтайгаа номтой болгоё” 10 мянган ном цуглуулах аян маань энэ сарын 4-22-ныг хүртэл үргэлжилнэ. Сүхбаатарын талбайд маргаашаас эхлэх Үндэсний номын баярын үеэр номын хандив хүлээн авах тул аймаг, сумын номын сангуудад ном хандивлах иргэдийг "Говь-Алтай" асартаа урьсан байгаа. Одоогоор иргэд, аж ахуйн нэгжүүд 3000 гаруй ном хандивлаад байна.
Аймгийн нийтийн номын санд жилд улсын төсвөөс гурван сая төгрөг өгдөг. Хагас жилээр хуваан олгодог энэхүү мөнгөөр шинэ тутам гарч буй, уншигчдын хүсэл сонирхолд нийцсэн номыг цаг тухайд нь авах боломж хязгаарлагдмал, уншигчдынхаа эрэлт хэрэгцээг үндсэн фондоор хангаж чаддаггүй. Сумдын номын сангийн жилийн төсөв 250 мянган төгрөг байдаг ч энэ жил номын төсөв суугдаагүй тул сумын номын сангууд шинээр ном авах боломжгүй болсон” гэлээ.
Говь-Алтай аймаг нь 18 сум, хоёр тосгонтой. Сумдын номын сангийн фонд дунджаар 3000-4000 номтой байна. Хамгийн цөөн нь Цээл сум 1200 номтой бол хамгийн олон номын фондтой Бугат суманд 17.000 ном байдаг байна.
Харин аймгийн нийтийн номын сангийн фонд 44.000 номтой бөгөөд хандиваар цугласан номуудыг сум, тосгоны номын сангуудад тэгш хуваарилах юм.
Эх сурвалж: zms.mn