П.ЛХАГВАЖАРГАЛ
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадмын тэргүүн шүлэгч, Г.Сэр-Одын шагналт Т.Пүрэвжаргалыг урьж ярилцлаа.
-Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит яруу найргийн наадамд уран бүтээлийнхээ дээжийг өргөн барьж, тэргүүллээ. Баяр хүргэе?
-Наадмын зохион байгуулалт, шалгаруулалт дэгтэй, журамтай, цараатай сайхан боллоо. “Үлэмжийн сайхан” тоглолтынхоо бэлтгэл ажлаар нутагтаа явж байхдаа энэхүү наадмын мэдээг сонсож, сүүлийн үед бичиж байгаа хайрын шүлгээсээ илгээсэн. Зарим яруу найргийн уралдаан тодорхой сэдэв заах нь бий. Харин “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадам чөлөөт сэдэвтэй байсан нь таалагдсан. Аливаа шүлэг бүтээлийг тодорхой сэдэвт баригдаж бичих нь утгын хувьд хязгаарлагдмал болох талтай.
Олон сайхан найрагчид шүлэг бүтээлээ илгээсэн байна лээ. Уралдаан наадам нэг өдөр болоод өнгөрөх л зүйл. Харин 10, 20, 100 жилийн дараа Т.Пүрэвжаргалын шүлэг гээд сөхөөд унших бүтээлтэй байхыг зорьдог. Тиймээс уран бүтээлч хүний хувьд том зүйлд өөрийгөө сорьж, ямар чансаатай яваагаа мэдэх нь түлхэх хүч, урам зориг болдог.
-Найрагч бүрийн сэрэл, мэдрэмж өөр. Тиймдээ ч “онгод” байдаг, байдаггүйн тухай ярих нь бий. Харин таны хайрын шүлгүүд хэрхэн төрдөг вэ?
-Яруу найраг гэлтгүй аливаа урлаг зүрх сэтгэлийн мэдрэмж шаналангаас төрдөг болов уу. Тэр мэдрэмж нь аз жаргал байсан ч болно. Харин түүнийг ямар бүтээл болгож илэрхийлэх вэ гэдэгт жинхэнэ авьяас оршино.
Би өнгөрсөн “Болор цом” наадамд хотын тухай, хайрын тухай шүлгүүдээ уншсан. Энэ удаа ч мөн адил. Ихэнх яруу найрагчид тал дүүрэн адуу мал, тансаг сайхан хөдөө нутгийнхаа тухай хангалттай бичсэн.
Ялангуяа эмэгтэй яруу найрагчдад эмэгтэй хүнийхээ хувьд үүрэх ачаа тун их. Завгүй өрнөх Улаанбаатарын амьдралд өөрийгөө хэдэн хувь хувилмаар цаг хугацааны хурдан эргүүлэгт орчихсон. Энэ нь уран бүтээлч эмэгтэй хүний хувьд дотоод шаналанг бий болгодог. Тиймээс цаг хугацаагаар аялж, Пагмадулам, Агай гүнжийн тухай бүтээлүүдээ туурвисан. Аль эрдэм авьяас, гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүд тухайн цаг үедээ хайр дурлал, амьдралаараа хэлмэгдэж ирсэн тэр түүхийг өнөөдөр яагаад сануулж болохгүй гэж. Хүмүүс мартамхай шүү дээ. Цаг хугацааны эргүүлэгт автсан үнэнийг дархалж үлдээх нь уран бүтээлч хүний хөнгөн бийр хөшсөний хэрэг тэнд л гарах болов уу.
-Энэ цаг үед шүлэг бүтээлээ томоохон наадмуудад идэвхтэй сойдог цөөн эмэгтэй найрагчдын нэг нь та. Тэрлэсэн шүлгээ тэнхээ мэдэн уншиж, үзэгч түмний сонорыг мялаана гэдэг бас урлаг юм даа?
-Аливаа зүйлийг хийнэ гэдэг харагдаж байгаа шигээ амар биш. Ар гэрийн ажлаа зохицуулахаас эхлээд адаглаад зардал шүү дээ. Яруу найргийн тэр сайхан тайзыг хүндлээд гаднаасаа ч тэр гоо зүйтэй байх хэрэгтэй. Нөгөө талаараа маш том зориг. Жижиг жижгээр тасралтгүй хөдөлмөрлөхийг шаарддаг. Мянга сайхан шүлэгтэй хэр нь өөртөө хадгалаад суудаг нэгэн бий. Тэр сайхан бүтээлээ бусдад хүргэх сэтгэлийн гүн дэх битүүхэн хүсэл байж л таарна. Ер нь өөрийгөө ажиглаж, чагнаж, юу үлдээхийг зориод байгаагаа мэдэж, өөрийнхөө асуултад хариулж явбал эвтэйхэн санагддаг.
Би хүний хийж байгаа зүйлд үнэхээр хүндэтгэлтэй ханддаг. “Мөнгөн хазаарын чимээ” наадмын тайз, гэрэл чимэглэл яруу найргийн наадам ийм л байх ёстой болов уу гэмээр мэдрэмжийг өгсөн. Хүмүүст үргэлж гоё сайхан бүхийг үзүүлж, мэдрүүлж байх юм сан гэж зорьдог хүний хувьд энэ тайз үнэхээр тансаг байсан.
-Уран бүтээлчид өөрийгөө ажиглахаас гадна нийгмээ ажигладаг соён гэгээрүүлэгчид. Таны яруу найргийн мөн чанар юунд оршдог вэ?
-Хүнд хүссэн хэр нь авч чадахгүй байгаа мэдрэмжийг нь өгөхийг хүсдэг. Миний шүлэг бүтээлийг уншаад хараагүй хүн харсан мэт, сонсголгүй хүн сонссон мэт мэдрэмж, дүрслэлийг аваасай гэж боддог.
Түүх хүртэл хэлмэгддэг. Хүчгүй нь хүчтэйгийнхээ өмнө хэлмэгддэг. Санаатай ч бай. Санаандгүй ч бай түүнийг бид шүүгээд хэрэггүй. Гэхдээ бид тэрийг мэддэг. Сэрэх гэж боддог байх хэрэгтэй. Тиймдээ ч тэртээд алсрах тэр сайхан нуруудыг манайх байжээ гэх харууслаас “Миний Саяан” шүлгээ бичиж байлаа.
...Хүлэг морьсон бол хөтлөөд ирмээр миний Саяан
Хүйтэн төмрөөр торлогдоогүй бол дөтлөөд очмоор миний Саян...
Ер нь эх хүн эх орноо өөрийн үр шиг бодож, мэдэрснээр сайхан бүтээл төрдөг. Мэдээж тэр шаналан үнэн байна.
-Таныг шинэ номын завгүй ажилтай байгаа гэж сонссон. 2010 онд хэвлэгдсэн “Ганц улаан навч” ном таны анхны түүвэр санагдана?
-Өөрөө өөртөө л шүлэг бичдэг охин байлаа. Их сургуульд ороод сэтгүүл зүйн магнаг болсон Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид багшдаа зориг гарган үзүүлэхэд “Миний охинд авьяас байна. Багш нь яруу найрагч хүн биш. Гэхдээ энэ бол ном гаргах хэмжээний шүлгүүд байна” гэж халуун дотно үгээр урам хайрласан. Хөдөө нутгаасаа эрдэм өвөртлөхөөр их хотыг зорьсон оюутанд ном хэвлүүлэх мөнгө юу байх вэ.
Би тэр намрыг ер мартдаггүй юм. Багш минь хүний төлөө хүн. Тэр тусмаа авьяастай хүнийг хайрлах хэрэгтэй гэж сэтгэлээ чилээнэ. Одоо хүртэл багшийгаа ярихаар нулимс гарах юм. Ингээд багш минь хэвлэлийн зардлыг минь олж, “Миний хүү жинхэнэ сонгодог, мундаг яруу найрагчаар номынхоо өмнөтгөлийг бичүүлж, редакторлуулаарай ” гэсэн. Тиймээс сэтгүүлч, яруу найрагч Б.Эрдэнэсолонго ахаараа уншуулахад “Ах нь чиний шүлэгт гар хүрэх гээд байх шаардлага алга. Эмэгтэй хүний шаналангаас үүссэн торгон мэдрэмжүүдэд ах нь их олзуурхаж байна. Энэ мэдрэмжээ хэзээ ч битгий алдаарай. Үргэлж шүлгээ бичээрэй” гэсэн захиасыг нь биелүүлэхээр одоо ч бичсээр байна.
Би хүний дээд, багшийн дээдтэй учирдаг ховор хувь тавилантай хүн юм гэж баярладаг. С.Баясгалан, Б.Галаарид, С.Лочин гээд салбар салбарынхаа манлай болсон эрхмүүд учран золгож, багш шавь болсон байна.
Энэ сайхан хүмүүсийн итгэл сэтгэлийн дэмээр шүлгээ найргаа бичсээр дөрөв дэх түүврээ өлгийдөх гэж байна. Шинэ гарах номд маань хайрын тухай, хотын тухай шүлгүүдээр баялаг. Тоглолтоосоо өмнө амжиж хэвлэнэ дээ.
-Уран бүтээлийг нь шимтэн хүлээж, бахдан уншдаг үзэгчидтэй байна гэдэг сайхан. “Үлэмжийн сайхан” тоглолтынхоо тухай хуваалцвал?
-“Үлэмжийн сайхан” хоёр дахь номын маань өмнөтгөлийг Б.Галаарид багш маань өөрөө бичиж өгч байсан. Энэ номоороо нэрлэсэн тоглолтоо өөрийн төрсөн нутаг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд үзэгчдийн хүсэлтээр зургаадугаар сарын 1-нд хийх гэж байна. Үнэн сэтгэлээсээ хичээж, сэтгэл зүрхээ зориулсан ямар ч зүйл бүтдэг гэж боддог.
Миний шүлгийг нь бичсэн дуунууд бас дуулагдана. Аялгуут тарни, Дээдийн номыг сүүлийн долоон жил үзэж, дээдэс багш нараасаа лүн, бан ном унших зөвшөөрөл аваад хичээл даалгавраа хийгээд явж байна. Багш маань Монголын буддист эмэгтэйчүүдийн “Буман ханд” холбоог байгуулсан умзад хүн. Багадаа Энэтхэг орныг зорьж, Далай багшийн дэргэд ном сурч ирсэн. Багш маань ноотлох боломжгүй амаас ам, сонороос сонорт, багшаас шавьд уламжлагдаж үлддэг аялгуут тарни, Лүйжингийн номоо надад итгэж сурах, уншиж дуулах эрхийг өгсөнд үнэхээр их баярладаг. Багштайгаа “Дагинасын дуулал” эртний Төвөдийн аялгуут уншлагыг хөгжөөнө. Мөн Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг эгч маань “Монгол Дарь эх” гээд миний үгийг нь бичсэн бүтээлийг дуулна. Энэ дуугаа би “Дарь эхийн хийд”-дээ, багшдаа, хүн бүр ижийдээ, үрдээ, үр нь эх орондоо хайрлагдаж явах түмэн олны тусыг бодож бичиж байлаа.
ӨВЛИЙН ХОТЫН ТЭМДЭГЛЭЛ
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн наадмын тэргүүн шүлэг.
Шилэн байшингуудын дээгүүр шинэдэн дүүрэх сар
Ширтэх мэт ч ямар хөшүүн бэ
Жавар цанг жавар цан гэж мэддэггүй байхдаа би
Гэгээн сар гэгээн сар гэж дуулдаг байлаа
Гэрлэн дохионууд мөсний тохуурхлаар асч унтрахад
Гэртээ харих ёстой би чамайг эрэн хүйтэн рүү өнгийнө
Гэнэтхэн зун болчхоосой гэж огт бодохгүй байна
Гэтүүр муужгайн нүд ч надад хань болж байна
Ийм хүйтэн өвлийг хэзээ үзсэн билээ?
Итгэл найдвар минь надаас тасран оджээ
Хайрт минь ээ, бид гар гараасаа атгалцаад
Хайруу мөсөн агаарыг инээдээрээ зүсэхэд
Цантсан сормуустай миний уншсан шүлэг
Алганд чинь хайлдаг байлаа
Цаг хугацааг бид шүлэг шигээ халуунаар
Хадгалахыг хүсдэг байлаа
Хүмүүс нь явгалж зөрдөг хотын хаа сайгүй
Хүслэнт хосууд хав халуунаар амьсгалж байна
Ганцаардаж даараад би арга тасран цөхрөвч
Гараас чинь атгах хүслээ тэвчинхэн хориод
Олон хүнтэй их хотынхоо тэс мөстсөн өвөлд
Одооноос өөрийгөө дасгаж эхэллээ
Хэн нэгний асаасан тамхины цог
Уруул дээр минь гал болно
Хэн нэгний уруулд улалзан байгаа
Тэр гал л битгий унтраасай даа...
Тэр гал өвлийн хотыг дулаацуулна
Чиний тухай бодол л үл царцах энэ хотод
Чигээрээ яваад би хаана очиж зогсох вэ?
Таагүй ийм чичрүүдэс мөд арилахгүйг мэдсэнээс хойш
Тамхины улалзах цогийг эртхэн бараадъя даа хайрт минь
Угаас юм бүхэн нь дуу алдуулдаг миний хотод
Урагдсан сэтгэл минь өглөө бүр нөхөгддөг
Бусад маань ч бас миний л адил гээд
Бурхдаа тоослох цагтаа би амар амгаланг олдог.
T.Пүрэвжаргал
БАДАМЛАГЧ ИХ УУЛСЫН ДУНД
Их уулсын дунд дахиад л ганцаардаж байна
Илэрхий дүрсээ хоромхон агшинд хураах
Хөнгөн үүлс царай алдан санаашрах намайг
Сэтгэл юугаа хааш нь юүлж байгааг
Сэмээрхэн дулаахнаар ширтэнэ
Хэн ч үл мэднэ … чи бас
Мөн л их уулсын дунд бясалгаж сууна
Мөрөн дээр минь ертөнц ачаалагджээ
Зүс алдан халшрах намайг
Зүрх сэтгэлээ хааш нь урвуулж байгааг
Хэн одоо тааж мэдэх вэ?
Чи ч бас...
Хүрэл төмрийн хайлмал мэт чиний зүрхэнд
Хүрч ядсан сэрсгэрхэн эрвээхэй миний
Чи гишгэлтгүй дагшин шороон дээр нь би
Чинийхээ хүнд мөрийг бэхжүүлж авлаа хайрт минь
Гайхалтай ийм хайрыг бүтээсэн минь зол билээ
Цас бороо холилдох нь зөнгөөр шүү амраг минь
Цангинах их хүйтэн ч мөдхөн биз ээ хонгор минь
Асурын мөнгөн одод руу өнгийсөн бил үү чи
Амжиж учрахын гэрэл хаахна хүрч эцсэн бэ?
Бас л их уулсын дунд туниж сууна
Бадаг шүлэг агшнаа дэлгэрэх энэ орон
Байсхийгээд чанар нь хувьсах ертөнцийн торлогт
Оюун сэрэхүйгээ юугаар ерөндөглөснийг мэдвэл
Бадамлагч их уулсын дундаас олж ирээрэй намайгаа.
ГОВИЙН ЗӨРЛӨГ
Эхний одод тэнгэрт өлгөгдөх үдшээр
Элс чулуу төөнөх нь ер бусын
Үгүйлнэ гэдэг хэнхдэг цээж өвдөхийн нэмэр
Үргэлж түүнийг санах тэнхээ тамираа барахын л нэр
Хунгийн цуваа шиг гал тэрэгний өртөөнд
Хувь тавилан төөрч хайрын мод жимсэлсэнгүй ээ
Дахин ирэх бүр омголтсон сэтгэл зөөлөрлөө ч
Далд гунигийн нулимсаа шороон дээр нь унагадаггүй
Тэрлэг нимгэн намар өег дулаан байтал
Тэмээ цагаан үүлс гомдож царцаад тавгүй
Талын намрыг мэддэг хүн тогтож яахин тэсэх вэ?
Танхил үрсээ дагуулаад шувууд хэрхэн хүрнэ дээ
Зүтгүүлсээр энд ирдэг галт тэрэг шиг хүмүүс
Хэн ч миний сэтгэлийн хөндүүрийг эдгээж чадаагүй
Эргээд л дурсамжийн гашууныг
Орхигдож үлдсэн санаанд онголзуулж орхиод явдаг
Умрын хөх салхины эрч дэрсний үзүүрийг сэмлэж одно
Уйт саран ханьсан хөөрөвч урсах нулимсыг арчиж дөнгөөгүй
Дахиад л даашинз минь өлгүүртээ үлдэв
Бодол хүртэл сэтгэл нухаад тохь алдуулна
Говийн өртөөний барагшин тавцангийн цав руу
Намрын хүйтэн бороо эгшиж амжилгүй шургана
Ойр алсын толгод үзэх нүднээ бүрэлзэхүй
Орь насны дуртгал зүсрээд ч угааж дийлэхгүй ээ...
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 92 (7834)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn