Ч.БЯМБАХАЖИД

 

ХЭҮК-ийн гишүүн Х.Мөнхзултай эрэгтэйчүүдэд тулгамдаж буй жендэрийн асуудлын талаар ярилцлаа.

 

-ХЭҮК-оос 25 дахь удаагийн илтгэлийг танилцуулсан шүү дээ. Тус илтгэлээс онцлох сэдэв, асуудлын талаар яривал?

-ХЭҮК бол хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төр нь хүний эрхийг хангах, хамгаалах, хүний эрхийг зөрчихгүй байх үүргийг олон улсын гэрээ конвенцоор хүлээдэг.

Энэ үүргээ хэрхэн биелүүлж байна гэдэгт хараат бус хөндлөнгийн хяналтыг тавьдаг.  Энэ хүрээндээ бид жил бүр  Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний талаарх илтгэлийг УИХ д өргөн барьж  хүний эрхийн нөхцөл байдлыг  эмчээр бол оношилж, юуг анхаарч сайжруулах талаар жорыг нь бичиж өгдөг гэсэн үг. Комиссын илтгэлийг чуулганаар хэлэлцэж, бидний өгсөн зөвлөмжид үндэслэн УИХ-ын тогтоол гарч, үүнийг нь ЗГ хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Ийм чухал бодлогын арга хэмжээ юм.   Энэ удаагийн 25 дахь илтгэлдээ хүний эрхийн анхаарал татсан олон асуудлыг илтгэж байгаагийн нэг нь   анх удаа тусгайлан “Жендерийн эрх тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал” юм. Жендерийн асуудал ярихаар ихэвчлэн эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хөндөгддөг.  Угтаа жендэрийн тэгш байдлыг хангах асуудал нь  эрэгтэй, эмэгтэй хүмүүс нийгмийн аливаа харилцаанд тэгш оролцох, тэгш боломж олгох,ингэснээр нийгмийн баялгаас тэгш хүртэх тухай асуудал юм.  Эрэгтэйчүүдийн хувьд нэн анхаарах асуудал бол бие болон сэтгэцийн эрүүл мэнд. Эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс 9.2 жилээр бага байна.  Сүүлийн 10 жилийн дунджаар 17.3 мянган нас баралт бүртгэгдсэнээс 61.3 нь эрэгтэйчүүд байна. Тэгвэл нас баралтын шалтгааныг нь аваад үзэхээр 86 хувь нь өвчлөлийн улмаас, 9.3 хувь нь осол гэмтлийн шалтгаанаар нас барсан байна. Үүний дийлэнх нь буюу 3.6 хувь нь зам тээврийн осолд өртжээ. Дараагийн нэг шалтгаан нь амиа хорлолт буюу эрэгтэйчүүдийн 4.3 хувь нь амиа хорлолтод өртсөн байна. 25-59 насны бүлэгт эрэгтэйчүүдийн нас баралтын тоо огцом нэмэгдсэн нь судалгаагаар гарсан.

-Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсрол хэр байна вэ. Эрэгтэйчүүд эмнэлэгт очихгүй байх шалтгаан нь юунаас үүдэлтэй байна вэ? 

-Монголын дөрвөн бүсийг хамарсан судалгаагаар эрэгтэйчүүдийн 59 хувь нь зөвхөн өвдсөн үедээ л эмнэлэгт ханддаг, 20 хувь нь огт эмчид үзүүлж байгаагүй гэж судалгаанд хамрагдсан хүмүүс хариулжээ. Эрчүүд бүх шатны үзлэг шинжилгээнд хамрагдалт маш бага байдаг. Өвчнөө бүр хүндэрч, амь насанд аюултай болсон тохиолдолд л гуравдугаар шатлалын эмнэлэгт ханддаг байна. Үүнд, юу нөлөөлж байна гэхээр зан үйлийн болон нийгмийн хүчин зүйлүүд нөлөөтэй гэж үзсэн. Зан үйлийн талаасаа “Эр хүн өвдөх ёсгүй, сул дорой байж болохгүй” гэх нийгмийн хандлагаас улбаатай гэр бүлээ тэжээх, өвдөх эрхгүй мэт хөдөлмөрлөдөг. Цаг зав гаргаад нэг эмнэлэгт очоод үзүүлье гэхээр дараалал ихтэйгээс болоод болих, зарим нь хаана ямар эмнэлэгт хандахаа мэдэхгүй байх, мөн эрүүл мэндийн боловсрол маш хангалтгүй байна. ХЭҮК энэ удаагийн тайлангаа бэлтгэх хугацаандаа 400 эрэгтэйг хамруулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авахад ямар хүндрэлүүд учирч байгаа талаар судлахад судалгаанд хамрагдагсдын 26 хувь нь эмнэлгүүд дараалал ихтэй, цаг олддоггүй гэх шалтгаануудыг их хэлж байсан. Мөн хөдөлмөр эрхэлдэг тул эмнэлэгт хандах цаг зав хомс, тогтмол үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага байхгүй гэж хариулсан. Харин гаднын улсуудын туршлагаас харахад эрт илрүүлэг, ажлын байран дээр нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг зэрэг жишээ байна. манайд эрт илрүүлэг хэрэгжиж байгаа ч хамрагдаж байгаа хүмүүсийнх нь 43 хувь нь л эрэгтэйчүүд байна.

-Монгол эрчүүдэд тулгарч буй асуудлуудаас хамгийн анхаарал татаж байгаа нь юу байна вэ?

-Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал өнөөдөр анхаарах асуудлын нэг болоод байна. Монгол Улсад нас баралтын шалтгааны гуравт бичигдэж байгаа ноцтой асуудал бол амиа хорлолт байна. Тэр дундаа эрэгтэйчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдээс тав дахин өндөр үзүүлэлттэй байна. Манай улс энэ асуудал дээр Номхон далайн бүсийн орнуудын дунд хоёр дахь өндөр тархалттай орон болоод байгаа. Тиймээс амиа хорлолтын асуудал дээр онцгой анхаарал хандуулах, урьдчилан сэргийлэх бодлого, арга хэмжээг авах хэрэгтэй байна.

Уг нь “Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх төлөвлөгөө” 2026-2029 онд батлан хэрэгжүүлэх төлөвлөгөө  боловсруулагдсан юм байна лээ. Үүнийгээ яаралтай баталж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Амиа хорлолт өндөр байгаа насны бүлэг нь 25-44 насныхан байна. Бас эрэгтэйчүүдийн дунд архидалт, бүх төрлийн донтолт их байна. Гэвч муусайн архичин гэж  хэлэхээс биш, тэр хүний сэтгэл зүй рүү өнгийдөггүй. Гэтэл  эр хүн уйлж болохгүй гэдэг хүмүүжилтэй дийлэнх манай эрчүүд  нийгмийн стресс бухимдлаа, архи ууж тайлах жишээтэй.

Түүнчлэн хүүхдүүдийн дунд 2024 онд “Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлд нөлөөлөх” судалгааг хийсэн байна. Тус судалгаанд хамрагдсан гурван хүүхэд тутмын нэг нь амиа хорлох талаар бодсон. Таван хүүхэд тутмын нэг нь амиа хорлохоор төлөвлөсөн бол долоон хүүхэд тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийсэн гэх дүн гарсан байна.

Гэтэл Монгол Улсын сэтгэцийн эмч нийт эмч нарын нэг хувьд ч хүрэхгүй  байна. Иймээс сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хүртээмжгүй байгаа асуудал мөн гарч ирж байна.

-Эрэгтэйчүүдийн боловсролын асуудал ямар түвшинд байна вэ?

-Эрэгтэй хүүхдүүдийн сургуульд хамрагдалтын байдлыг авч үзвэл, Бүрэн пунд боловсролын шатанд 14.8 хувийн хүйсийн зөрүү гарч байгаа юм. Дээд боловсролын түвшинд 38.6 хувийн зөрүүтэй буюу эмэгтэйчүүд илүү боловсрол эзэмших нь өндөр байна. Мөн энэ хичээлийн жилд сургуульд хамрагдаагүй 304 хүүхэд байгаагийн 200 нь эрэгтэй хүүхэд байна. Тэгэхээр сургууль завсардалтад нөлөөлж байгаа зүйл бол нөгөө л  жендерийн асуудал. Хөвгүүдийн сургууль завсардалтын магадлал 36.4 хувь байхад охидынх 9.1 хувь байх жишээний байна.   

Эцэг эхчүүдийн дунд “Боловсролоос хөндийрч буй хөвгүүд” судалгааг хийсэн байна. Тус судалгаанд хамрагдагсдын 44.8 хувь нь хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсролын тал дээр анхаарал хандуулахдаа хүйс дээр нь бус хэн амжилттай суралцаж байгаагаас нь хамаарч үргэлжлүүлэн сургах сонголтыг хийдэг гэжээ. Гэсэн ч эцэг эхчүүдийн охиноо үргэлжлүүлэн сургахыг дэмжсэн нь гурав дахин их байсан байна. Ялангуяа аавуудын охиноо сургахыг дэмжсэн нь илүү байжээ. Мөн суралцагчдын сурлагын чанарыг үнэлдэг олон улсын үнэлгээгээр хөвгүүд охидоос математик, шинжлэх ухааны, унших чадварын хичээлээр хоцрогдолтой гэж гарчээ. Тэр дундаа унших чадвараараа охидоос нэг жилээр хоцрогдолтой гэж байгаа юм.

-Зорилтот бүлгийн эрэгтэйчүүдийн нөхцөл байдлын талаар судалгааны үр дүнгээсээ хуваалцана уу?

-Зорилтот бүлгийн нэг хэсэг нь гэр оронгүй хүмүүс байна. Тэдгээр хүмүүсийн асуудал нийгэмд “үл үзэгдэгч” байна. 2022 онд Улаанбаатар хотын гэр оронгүй иргэдийн нөхцөл байдлыг үнэлэх түргэвчилсэн үнэлгээг хийсэн байдаг. Тус үнэлгээнд оролцогчдын найман хүн тутмын долоо нь эрэгтэй байсан. Эндээс харвал эрэгтэй хүмүүсийн дунд гэр оронгүй болох асуудал нийтлэг байна гэж үзэж болно. Мөн 2010 оны хүн амын тооллогоор л гэхэд 1016 гэр оронгүй, тэнэмэл хүмүүс байна гэх судалгаа байна. Түүнээс өөр гэр оронгүй хүмүүсийн талаарх нарийвчилсан судалгаа, статистик мэдээлэл Монголд өнөөдөр байхгүй. Дээрх үнэлгээнээс харахад, 54.3 хувь нь хөдөлмөрийн насны буюу 25-49 насны хүмүүс орон гэргүй амьдарч байна гэх судалгаа байна. Тэгэхээр дөрвөн хүн тутмын нэг нь ямар ч харьяалалгүй, бүртгэлгүй гарсан байна. Манай улсад энэ хүмүүст үзүүлж байгаа дэмжлэг тусламжийг харахад бол зөвхөн түр хоноглох байраар л хязгаарлагдаж байна. Харин гаднын улс орнуудад эдгээр хүмүүсийг нийгэмшүүлэх, орон гэртэй болгох, сэтгэл зүйн тусламж үйлчилгээг цогцоор нь авч хэрэгжүүлдэг байгаа юм. Манай улсад гэр оронгүй хүмүүсийн асуудал бодлогын гадна үлдсэн байна гэж харж байна.

-Малчин эрэгтэйчүүдийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар яривал?

Сүүлийн үед малчдын дунд хүйсийн харьцаа алдагдаж, залуу эмэгтэйчүүд хотод суурьшиж, хөдөө амьдрах явдал нь буурч байна. 2025 оны байдлаар Монгол Улсад нийт 313.195 малчин байгаагийн 58.3 хувь нь эрэгтэй хүмүүс байна. Эндээс 66.5 хувь нь 18-35 насны эрэгтэй малчид байна. 2020 оны байдлаар огт гэрлээгүй малчид дунд эрэгтэй малчид 79.6 хувийг эзэлсэн бол 2025 оны эхэнд 81.6 хувь болж өссөн үзүүлэлттэй байна. Эдгээрийг насны бүлгээр нь авч үзвэл, 34-54 насны огт гэрлээгүй малчид 2020-2025 оны байдлаар 19.4- 24 хувь болж нэмэгдсэн үзүүлэлт байна. Тэгэхээр тухайн орон нутаг нь өөрийн онцлогтоо нийцүүлээд тодорхой арга хэмжээг төлөвлөөд шийдэх нь зүйтэй юм. Мөн залуу малчдаа дэмжих, хот хөдөөгийн ялгааг арилгах, хөдөө амьдрах таатай орчныг бүрдүүлэх юуны өмнө хэрэгтэй байна. 

-Тэгвэл монгол эрчүүдэд тулгамдаад буй дээрх олон асуудлыг шийдвэрлэхийн тулд яах ёстой вэ. Ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Жендерийн эрх тэгш байдлын салбар дундын стратеги гэж байгаа. Эрэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүүг багасгах талаар арга хэмжээний 2024-2027 оны төлөвлөгөө байгаа. Мөн ЭМЯ-наас Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн  арга хэмжээний 2025-2028 оны төлөвлөгөөг баталж гаргасан. Хэдий төлөвлөгөө гарсан хэдий ч ямар ч санхүүжилт байхгүй, харин ЭМЯ-наас гаргасан төлөвлөгөөнд тодорхой санхүүжилтийг тусгаж өгсөн байна лээ. Ингээд эрүүл мэндийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ байгаа ч салбар дундын төлөвлөгөө дээрээ амиа хорлолт, зорилтот бүлгийн асуудал зэрэг бусад асуудал руу чиглэсэн тусгай арга хэмжээг бодлогод тусгах хэрэгтэй. Мөн бодлогын хэрэгжилтүүд сул байгаа нь судалгааны үр дүнгээс харагдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 91 (7833)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn