Ц.БАЯР

 

"Зууны мэдээ" сонины "Бизнес, хөгжил" буландаа “Манал говь” компанийн захирал С.Бундхоролыг урьж ярилцлаа.

 

-Өмнөговь аймагт хувийн эрүүл мэндийн байгууллага бусад аймгуудаас нэлээдгүй сайн хөгжсөн гэдэг. Танай аймагт ямар төрлийн өвчлөл илүү зонхилдог бол?

- Өмнөговь аймгийн хувьд хувийн эрүүл мэндийн байгууллагууд бусад аймгуудаасаа илүү хөгжсөн гэж хэлж болно. Мөн бүсийн оношилгоо эмчилгээний төв, сэргээн засах төвүүд олонтой. Манайх эмнэлэг гэхэд  нуруу нугасны нугалам заслаар дагнадаг. Мөн дэргэдээ шүдний кабинеттай. Энэ нь иргэд нэг дор эмчилгээ, үйлчилгээг зэрэг авах боломжтой. Өөрөөр хэлбэл, нуруугаа эмчлүүлэхийн зэрэгцээ эрүү нүүр ам, шүдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг давхар авдаг. Нуруу болон шүдний өвчлөлийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Шүдний өвчлөлийн талаар сэтгэл өвтгөм маш олон тоо баримт бий. Тухайлбал, 2-6 насны хүүхдийн өвчлөлийг аваад үзэхэд  таван хүүхдийн гурав нь өвчлөлтэй байдаг. Шүдний өвчлөл ирээдүйд олон өвчний суурь болдог аюултай. Тиймээс орон нутагт цаг алдалгүй эмчлэх боломжийг манай компани олгож байна.

Түүнчлэн Өмнөговь аймгийн хувьд уул уурхайтай холбоотойгоор нурууны өвчлөл ихтэй. Хүнд машин механизм барьдаг, уурхайчид ихтэй болохоор энэ төрлийн өвчлөл бусад аймгуудаас өндөр байдаг. Хүмүүс дур мэдэн сайн гэсэн эм, наалт зэргийг хэрэглэх, эмчилгээний чулуун ор, дэрэн дээр хэвтэх зэрэг арга хэмжээг авдаг. Мөн нурууны өвчний нарийн шалтгааныг олж тогтоолгүй  бариа засалч дээр очиж өөрт тохирохгүй эмчилгээг хийлгэж өвчнөө хүндрүүлэх тохиолдол их гардаг. Тиймээс мэргэжлийн эмч нараас бүрдсэн сүүлийн үеийн  тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, дагнасан эмнэлэг байгуулах хэрэгцээ шаардлага байсан учраас энэ чиглэлд ажиллаж байна. 

-Шүдний өвчлөл нутгийн онцлогтой холбоотой юу?

-Шүдний цоорол Монгол Улсын хэмжээнд өндөр хувьтай.Тэр дундаа говийн ус хатуулаг ихтэйн зэрэгцээ хужиртай учраас үүнээс шалтгаалсан өвчлөл их. Мөн сүүлийн үеийн хүнсний бүтээгдэхүүн сахар ихтэй, чихэрлэг амттай байдгаас их шалтгаалдаг. 2-7 насны хүүхдийн 12 шүдний долоо нь өвчтэй, цөөрлийн явц эрчимтэй байдаг.4-6 насны хүүхдийн гуравны хоёр нь өвчтэй шүдтэй байна.

Хөдөө орон нутгаар шүдний үзлэг, эмчилгээг тодорхой хөтөлбөрүүдийн хүрээнд газар дээр нь явж хийдэг. Жишээлбэл, нэг ангийн 40 хүүхдээс хоёр хүүхэд л эрүүл шүдтэй бусад нь хүүхдүүд бүгд өвчилсөн шүдтэй байх жишээтэй. Мөн IV ангийн нэг хүүхдийн аманд арван ширхэг ёзоор байсан. Шүднүүд нь бүгд хорхой идээд эмтэрч унаад ёзоор нь үлдсэн. Нэг ширхэг ч бүтэн шүд байгаагүй. Энэ бол үнэхээр эмгэнэлтэй. Тэгэхээр хөдөө орон нутагт шүдний өвчлөл хамгийн сэтгэл эмзэглүүлж байна.

-Танай компани эрүүл мэндийн чиглэлээр хэдэн оноос эхэлж үйл ажиллагаа явуулж байна вэ?

-“Манал говь” ХХК нь 2019 онд байгуулагдсан. Уламжлалтын нөхөн сэргээх эмчилгээ, шүдний кабинетын чиглэлээр долоо дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Анх манай эмнэлэг гурван өрөө байр түрээслэн үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоо эмнэлгийн стандартад нийцсэн байртай болж ард иргэддээ илүү тухтай, аюулгүй орчинд үйлчилгээгээ хүргэж байна. Даланзадгад сумаас “Өсөлттэй Өмнөговь”, “Өсөлттэй Даланзадгад” мөрийн хөтөлбөрийн хүрээнд олон төрлийн төсөл арга хэмжээ зохион байгуулж санхүүгийн томоохон эх үүсвэрийг бий болгодог. 

Жишээлбэл, Говийн Оюу хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр ”Эрүүл шүд”, “Шүдний дагина”, “Эрэгтэйчүүдээ хайрлая” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн Даланзадгад суманд хэрэгжсэн Эрүүл ирээдүй хөтөлбөрийн хүрээнд эрт илрүүлэлтийн аян зэргийг дурдаж болно.

Ер нь орон нутгаас аймгийнхаа эрүүл мэндийн салбарт нэлээдгүй хөрөнгө оруулалт хийдэг. Харин хувийн байгууллагад тулгардаг нэг том асуудал нь санхүүжилт, хөрөнгө оруулалт. Манай аймгийн тухайд  жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх  зээл, говийн оюу хөгжлийг дэмжих сангийн зээл гэх мэт томоохон зээлүүдээс гадна гарааны бизнесийн дэмжих зээл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох зээл, +40 насныхны бизнесийг дэмжих зээл гэх мэт зээлүүдийн боломж нээлттэй байдаг. Гэхдээ өрсөлдөөн их болохоор зээлийн хүртээмж бага.

Манай эмнэлэг 2022 онд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон  Говийн Оюу хөгжлийг дэмжих сангийн зээлээр эмнэлгийн байртай болсон.

-Танайх хэрхэн ЖДҮХС-ийн зээлд хамрагдсан вэ?

-Анх бид ЖДҮХС-ийн зээлийг том компаниуд авдаг гэсэн ойлголттой, зориг хүрдэггүй байсан. Тэгээд “BEST”хөтөлбөрийн сургалтад хамрагдсанаар бичиг, баримтаа бүрдүүлж өгснөөр зээлд хамрагдсан. Манай аймагт 30 гишүүнтэй “Эмэгтэй захирлуудын клуб” гэж бий. Одоогоор есөн гишүүн нэг тэрбум 370 сая төгрөгийн зээл авсан. Клубээр нэгдэж ямар нэгэн хөтөлбөрт хамрагдсанаар  бизнесээ өргөжүүлэх, зээлд хамрагдах боломж нь илүү санагддаг.

-Хэчнээн иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Байгуулагдсанаас хойш бид давхардсан тоогоор 25 мянга гаруй үйлчлүүлэгч хүлээн авч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Эдгээрийн дийлэнх нь байнгын үйлчлүүлэгчид байдаг. Эмнэлгийн цар хүрээгээ жил ирэх тусам өргөтгөсөөр ирсэн. 2019 онд уламжлалтын нөхөн сэргээх эмчилгээгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бол 2021 онд шүдний кабинет, 2024 онд хэвтэн эмчлүүлэх эмнэлэг болгож өргөжүүлсэн. Мөн 2025 онд магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг болсон. Эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн хэвтэн эмчлүүлэх тасгаа хаасан байгаа.

-Танай байгууллага алсын хараагаа хэрхэн тодорхойлдог вэ?

-Бүх л эрүүл мэндийн байгууллагын эрхэм зорилго, алсын хараа нэг л байдаг. Энэ нь тухайн хүнийг эрүүлжүүлэх, эдгээх юм. Манай эмнэлгийн хувьд үйлчлүүлэгчээ эмийн бус аргаар эрүүлжүүлэхийг зорин ажилладаг. Манай компани аймгийнхаа шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарч байсан амжилттай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 90 (7832)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn