Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Одоогоос 14 жилийн өмнө буюу 2012 онд Баянхонгор аймгийн иргэн Мөнхдаваагийнх голомт залгах хүүтэй болж, ээж аавынхаа эрдэнэ, эрхэм хүмүүн хэмээн бэлгэшээн Эрхэмбаяр гэж нэрлэж байжээ. Тэд хүүгээ эрүүл, саруул өсгөж бойжуулан долоон настайд сургуульд элсүүлжээ. Гэвч эрдэм сурахаар сургуульдаа явсан хүү нь гэдэс, толгой өвдөөд байна гэсээр гэртээ ирсэн тэр өдрөөс хойш тэдний амьдралын хар бараан өдрүүд эхэлсэн байна.
Энэ талаар хүүгийн аав Мөнхдаваа “Хүү минь үсэглэлийн баярынхаа маргааш сургуулиасаа толгой, гэдэс өвдөөд байна гэсээр ирсэн. Сумын эмчид үзүүлэхэд хоолой нь өвдөж, ханиад хүрсэн юм шиг байна гэсэн. Гэвч өвдөлт нь улам нэмэгдсэн. Тиймээс маргааш нь дахин эмчид үзүүлэхэд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхийг зөвлөсөн. Эмчийн зөвлөмжийн дагуу Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт үзүүлэхэд Бат-Очир гэдэг эмч “Олгой биш байна. Хүүхдийн эмчээс зөвлөгөө ав” гэсэн. Хүүхдийн эмч Ганболд “Хэвлийн үрэвсэл байна. Манайд хамааралгүй. Мэс заслын тасагт үзүүл” гэж хэлсэн. Буцаад бид мэс заслын тасагт очиход ээлж солигдож Энхчулуун гэдэг эмч гарч байсан. Цусны шинжилгээ, эход ч харалгүйгээр олгой байх магадлалтай байна гээд мэс засалд оруулахаар болсон. Хагалгааны эхэнд мэдээгүйжүүлэлтийн эмч нугасаар мэдээгүйжүүлэлт хийсэн боловч хүүхэд мэс заслыг мэдрээд байна гэж судсаар дахин мэдээгүйжүүлэлт хийсэн. Энэ үед хүү маань ухаан алдаж, зүрх нь зогсож, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт 11 хоног ухаангүй байсан. Тиймээс бид Говь-Алтай аймагт буусан онгоцыг хувиараа түрээслэн Эх нялхаст яаралтайгаар ирсэн. Ингээд 14 хоногийн дараа хүү маань ухаан орж, сэргэсэн. Сэргээд бүх бие нь чангаралтай, ам нь ангайсан, гар хөл татсан буюу саажилттай юм шиг болсон” гэсэн юм.
Хоёр хөлөөр нь алхуулаад мэс заслын өрөө рүү оруулсан хүүгээ хөгжлийн бэрхшээлтэй болчих нь гэж тэд зүүдлээ ч үгүй байсан байх. Гэтэл хүүгийн тархи үхжиж хөгжлийн бэрхшээлтэй болсон байжээ. Тиймээс хуулийн байгууллагад хандаж үнэн мөнийг тогтоолгоход мэдээгүйжүүлэлтийн улмаас тархины эд үхэжсэн гэсэн шийдвэр гарчээ.
Энэ тухай “Сар гаруйн дараа буюу долоодугаар сард цагдаа, прокурор, мэргэжлийн хяналт зэрэг харьяалагдах бүх байгууллагад шалгуулахаар хандсан. Шинжээч эмчийн дүгнэлтэд үрэвсээгүй олгойг авсан байна. Мэдээгүйжүүлэлтийн эмч хоёр өөр мэдээгүйжүүлэлт хийсний улмаас тархи үхэжсэн байна гэсэн дүгнэлт гарсан. Эрүүл мэндийн яамны эмгэг судлалын эмч нар эд эсийг шинжлэхэд мухар олгойн бүтэц хэвийн, эмгэг өөрчлөлт илэрсэнгүй хэмээн үзсэн. Аймгийн мэргэжлийн хяналтаас цусны шинжилгээ авч, эход харалгүйгээр олгойг авсан. Мэдээгүйжүүлэлтийн эмч хүүхдэд нугасаар болон судсаар давхар мэдээгүйжүүлэлт хийсэн байна. Энэхүү тархины үхжил нь эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болсон байна гэж үзсэн. Хоёр жил гаран цагдаагийн байгууллагаар шалгуулахад Мөрдөн байцаагч, Хошууч Гансүх шүүхийн үндэсний хүрээлэнгийн долоон эмчийн дүгнэлт гаргуулна гэж материалаа хот руу явуулсан гэсэн. Ингэхдээ хүүхдийг маань материалыг авч эмч нар хүргэж өг гэсэн. Өөрөөр хэлбэл, хотод сурдаг хүүхдээр маань хоёр жил материалаа зөөлгөж, эмч нарт хүргүүлчхээд 2021 оны гуравдугаар сард дахин нөгөө долоон эмчийн материал дутуу гэх болсон.
Ингээд Шүүхийн үндэсний хүрээлэнгийн долоон эмчийн дүгнэлтийг дахин гаргуулах ёстой болж байгаа юм. Дээрх долоон эмч буюу Шүүх шинжилгээний Цагдаагийн хошууч Ганболд, Амартүвшин, Отгонбаяр, Ганбат, Энхжаргал, Бямбасүрэн гэх долоон эмчийн анхны дүгнэлтэд Мөнхдаваагийн Эрхэмбаярын нас барсан шалтгаан нь үрэвсэлттэй, улайлттай олгой авснаас болсон гэж үзсэн. Амьд хүүхдийг минь үхсэн болгож дүгнэлт гаргуулж ирсэн. Дараагийн дүгнэлт буюу дээрх нэр бүхий долоон эмч нь “Асуудлыг тогтоохоор шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ хийв” гэсэн дүгнэлт хийсэн байсан. Ингэхдээ найман настай Эрхэмбаярын үрэвсэлтэй, улайлттай олгойг авсан нь зөв байна. Талийгаач Мөнхдаваагийн Эрхэмбаяр найман настай, эрэгтэй, нас барсан шалгааныг болон бусад асуудлыг тогтоохоор шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээг хийв гэсэн хариу ирсэн.
Баянхонгор аймгийн цагдаа, прокурор гурван жил гаруй энэ хэргийг шалгаж, материалаа унаанд дайж, хүүхдээр минь дамжуулчхаад эцэст нь хүүг минь үхсэн болгож дүгнэсэн. Эцэст нь 6-7 удаа шүүх хурал болсон ч энэ зөрүүтэй дүгнэлтийнхээ алийг нь зөв эсэхийг ч мэдэхгүй, шийдэж чадахгүй байсаар 2023 онд сүүлийн шүүх хурал болсон. Шүүхийн тогтоол унтуулгын эмч буюу мэдээгүйжүүлэлтийн эмчийг буруутайд тооцов гэсэн боловч өршөөлд хамрагдаж байгаа гэсэн утга бүхий мэдэгдэл ирүүлсэн. Үүнд нь “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр заалтыг баримтлан шүүгдэгч Алтанзаяад холбогдох эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгов" гэсэн. Хариуцах эзэнгүй ийм шийдвэрийг гаргасан. Шүүхийн тогтоол нь эмчилгээний явцад гарсан зардлыг гаргуулж болно гэсэн байсан. Өмнөх зардлуудыг 2023 онд гарсан шүүхийн тогтоолд гаргуулахаар гарсныг төлсөн. 2023 оноос хойш эмчилгээ хийлгэсэн зардлыг Нэгдсэн эмнэлгээс иргэний шүүхээр нэхэмжлэл гаргаж 2023-2024 онд 3.5 сая төгрөгийг олгуулахаар болсон байдаг. Гэвч Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгээс 200-500 мянган төгрөгөөр цувуулсаар өнгөрсөн жил дуусгасан. Өнгөрсөн жил 2.6 сая төгрөгийн эмчилгээг бид хувийн эмнэлэгт хийлгэсэн. Бас иргэний шүүхээр нэхэмжилж, олгуулахаар болсон боловч Нэгдсэн эмнэлгээс нэг ч төгрөг олгогдоогүй байна. Шүүх, хууль бидэнд үйлчилж байгаа байдал ийм л байна.
Эцэст нь бид 100 хувийн асаргаанд байдаг хүүхэдтэй үлдэж, шүүх эмнэлэг нь үхсэн гэж тодорхойлж, буруутай этгээд нь өршөөгдөөд л үлдэж байна.
Өнөөдөр миний хүү залгиж, зажилж, ч чадахгүй байдалтай байна. Төрийн эмнэлэг, шүүх нь иргэдэд ингэж үйлчилж байна гэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, холбогдох яамдын сайд нарт хандахад хэн ч тоохгүй байна. Тухайлбал, бид 2022 оноос хойш Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд, Гэр бүл хөгжлийн яам зэрэгт хандсан ч хэн ч бидэнд хариу өгөөгүй. Ерөнхий сайд Н.Учрал Баянхонгор аймагт ирэхэд Хуульзүйн сайд, Эрүүл мэндийн сайд, холбогдох Засгийн газрын гишүүдэд учир байдлаа танилцуулсан. Гэвч хэн ч тоохгүй байна лээ. Тиймээс бид хүүхдийг минь хөл дээр минь босгож өгөхийг шаардаж байна. Шинжээч эмч нарын зөрүүтэй дүгнэлт, хохироосон эмч, цагдаа нарт гомдолтой байна” гэсэн юм.
Эрүүл саруул, гүйж явсан хүүгээ эмчлүүлэх гэж ороод хөгжлийн бэрхшээлтэй болгож, дээрээс нь хууль шүүх нь үхсэн хэмээн дүгнэлт үйлдсэн энэ хариуцлагагүй үйлдэлд хэн хариуцлага хүлээх вэ. Ардад ээлгүй, танил талдаа үйлчилдэг тогтолцоог өөрчлөх шаардлага үүссэнийг дээрх иргэдийн ярианаас харж болохоор байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 92 (7834)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn