"Алдар хүнд алга урвуулахын хооронд ирж, түүнийхээ шанд хамаг гэгээтэйг нь хамж аваад оддог юм билээ "
Буяндалайн Жавхлантөгс
Урлаг гэдэг ганц мөн чанар, үнэнч сэтгэлээр бүтээж болдоггүй нь хоржоонтой. Уран бүтээлчийн амьдрал дардан замд дурдатгаж үл болох хувь заяа ажээ. Хориодхон насыг дөнгөж давсан дуучин залууд мөрөөдлийнхөө үзүүрээс атгахын өмнө алдаж онохын дэнчинг амьдрал оноосон. Харин алдаанд хөтлөгдсөн он жилүүд, сэхээрч боссон өдрүүдийнх нь тоо яг л тэнцэх юм билээ. Энэ эгэл мөртлөө эмзэг, эмзэг атлаа хүчтэй нэгний бахдам агаад дардан түүхийг хуваалцах завшаан тохиов. Б.Жавхлантөгс бусдын галыг асаахын тулд өөрөөсөө оч тасалж чадах долгилсон зүрхтэй нэгэн юм байна.
* * *
Мянган суудалтай танхимд нэмээд нэг хүн ч багтахгүй болтлоо дүүрчээ. Энэ олон үзэгчид цөм дуурийн үнэнч зритель биш ч байж мэднэ. Зарим нь арваад жилийн өмнө үзэн цэнгэж байсан түүний тоглолтыг үгүйлсэндээ, зарим нь нь анх удаа мэргэжлийн дуучин гэдгээр нь харах гэж, эсвэл сонжих гэсэн үзэгчид ч бий. Энэ цаг мөч толгой гудайх зүйлгүй тэмцэж, тэсэж, туучиж гарсан эгэл уран бүтээлчийн үзэгчдийн шалгалтад бэлэн гэх “дохио” аж.
Тайзны хөшиг нээгдэж, “Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би” хэмээн түүнийг дуулсаар гарч ирэхэд нээрэн л хүн бүр юутай онцгой хувь заяанд, ямархан оронд эзэн болж төрснийг тунгааж, тийм гэхийн аргагүй их баяраа багтааж ядан байх шиг. Тэр эх орноо хайрлан аялгууллаа, ижий, аав хүний заяанд залбирч дууллаа, холоос ч нөмөрлөх нөхөрлөлийг хүрэн зүрхээ хөндүүрлэтэл санаж эгшиглүүллээ. Үзвэр дуусахад үзэгчид суудлаасаа өндийн босож, нэгэн хэмнэлээр зогсолтгүй алга нижигнүүлнэ. Хөшиг хаагдах даруйд хаалга тийш чиглэх үзэгч байсангүй. Танхимаас гарч яваа үзэгчид биеэ танихгүй мөртлөө энэ тоглолтын эзэнд урлагийн онцгой өгөгдөл, өнгө төрх аргагүй заяасныг гайхан ярьцгааж байв. Бас тэд хорвоогийн нэгэн арван өнгөрөхөд энэ эгэл биш уран бүтээлч ийм тоглолтоо ахиад хэдийг үзүүлчихсэн бол гэх харамслаа далд үлдээсэнгүй. Арваад жил алсарсан дуучин Жавхлантөгсийн дүр одоо л буцаж ирж байгаа цаад учрыг гайхаж ядсан сонгодог зрителийн бахархал, харамслаар тоглолт хаагдаж буй нь энэ.
* * *
Залуу хүнд эхэндээ амь, амьжиргаанд ашиг багатай тул олон уран бүтээлчид сонгодог урлагийг орхидог. Ахиу хөлс олж чадах тийм хөдөлмөрийг хайна. Харин Б.Жавхлантөгс шиг буцаад ирэхийг ховор харж байлаа. Ирье гэсэн ч эв дан нь амар олдохгүй. Түүний сэтгэл нь үнэхээр л дуу, урлагаасаа холдоогүй байж. Харь холын нутагт “хар” ажил хийж явахад нь хоолой нь элэгдээд дуусах вий гэж дэмий л эмтэрч, харамсан суусан. Гэтэл сая Б.Жавхлантөгстэй“ Аргалд явсан ижий” дууг дуулахдаа хоосон энэлж шаналж байсан хөндүүр сэтгэлээ эдгээж орхисон. “Дотроо дэндүү зөөлөн атлаа гаднаа их зоримог хүү… Уран бүтээлч хүний амьдралын хэцүүг Б.Жавхлантөгсийн алхаж ирсэн замаас харж болно. Тэр бол зах зээлийн нийгэмд тэмтчиж яваа өчнөөн уран бүтээлчийн нэг юм. Мөнгө багахан бол ганц мөн чанар, үнэнч сэтгэлээр туурвиж болдоггүй уран бүтээл. Гэвч уналт, сорилт бүхэнд урсаад явчхаагүй, урам зоригоо атган ирсэн энэ их тэнхээг нь би үнэн биширч, баярлаж байна гэж Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин А.Долгор гуай сэтгэл нь хөдлөн хэлж байлаа.
* * *
Завхан аймагт математикийн багш, сургуулийн захирал, нам, төрийн газрын дарга гэх хариуцлагатай алба хашиж ирсэн сэхээтэн Буяндалайн таван хүүхдийн гурав дахь нь. Буяндалай гуайг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолонд хоёр удаа тодорхойлсон ч улс төрийн намын нөлөөгөөр буцаагдаж байсан түүхтэй. Б.Жавхлантөгс цэцэрлэгт байхаасаа Завхан аймгийн Тосонцэнгэл сумын соёлын ордонд дуулж, хуурын чавхдас татаж өсжээ.
Тэр этгээд адтай. Хэрсүү нь дэндсэн, хэл ам нь булталзсан хүүхэд байлаа. Б.Жавхлантөгсийн ангийн багш Б.Батдорж гэж залуухан багш байж. Зургаан настай хүү сургуулийн цонхоор ангийн багш нь харагдахад “Манай ангийн Б.Батдорж явж байна” гэж хээв нэг хэлчхээд л гүйчихдэг байсан гэж түүний аав Буяндалай өгүүлнэ. Тэр тун буурьтай, тогтуун яриатай хүн атлаа энэ дурсамжийг санан ярихдаа ихэд баясаж хүчтэй инээвхийлэв. Гэхдээ тийм томоогүй атлаа үүрч яваа хуурынх нь толгой хугарахад уулын оройгоос буухгүй болтлоо гэмшиж бодлогошрон, ааваасаа сүнсээ зайлтал айна.
Б.Жавхлантөгс зургаадугаар ангид орох жилээ Завхан аймаг дахь хөгжим бүжгийн Коллежийн хуурын ангийн сурагч болжээ. Шинэ хөгжим ховор тул аав нь сумын соёлын төвийн акталсан хуурыг гуйн авч иржээ. Тэр тавдугаар ангиа онц дүнтэй дүүргэж, дунд ангийн сурагч болох гэж байсан үе. Харин тэр үеийн сурагчид зургаадугаар ангид орчихвол хөгжмийн сургалтаар хичээллэх боломжгүй байж л дээ. Ийн морин хуур тоглохын тулд тэр бага ангидаа улиран суралцсан түүхтэй.

Энэ хүү өдгөө дуурийн хамгийн үзэмжтэй дүрд нэрлэгдэх хэмжээний өндөр байсангүй. Харин дунд ангид орох жилээ өдөр бүү хэл цаг алгасалгүй хоёр километрийн цаанаас ус зөөсөн аж. Гэтэл тэр зуны орой бүр түүний гар шууны яс нь больё гэтэл янгинан өвджээ. Ингэж жагсаалын эрэмбээр хоёрдугаарт зогсож, сагсан бөмбөгийн багт тоглож эхэлжээ.
Завханчууд бол хэдэн уулынхаа аманд аж төрдөг ард түмэн. Жавхаа маань ч өглөө хуурын бэлтгэлд явахдаа Жавхлантолгой гэх уулын амнаас л гараад явна. Морин хуураа үүрэн уул уулыг давж явахдаа ойчиж бүдрээд хуурынхаа толгойг хугалчихна. “Түүндээ гэмшээд бэлтгэлдээ ч очихгүй, гэртээ ч харихгүй уулын орой дээр үдэш болтол суучихсан байдаг сан. Ингэх тоолонд аав, ээж маань замаасаа хазайчхав уу гэж сураг тавина. Мөнөөх маань ч ажиг сэжиг өгөхгүй гэсэндээ хуурынхаа толгойг хугалсан газартаа л өдөржин бүгчихдэг байж. Гэхдээ хуур, эзэн хоёр эв нийлэн дуугарч байвал аавын маань магнай тэнийнэ” гэж түүний эгч Б.Уянга арлын Японоос ийн дурслаа.
Уулын оройд өдөржин бүгж гэрийнхнээ сандаргах энэ хүү гойд сайн зурна, этгээд урнаар оёно. Өөрөөсөө хэчнээн ах хөвгүүдтэй “ноцолдож” өссөн тул гар шууны бяр ихтэй. Дээр нь этгээд сийрэг толгойтой тул бяр нь дутвал ам мэхээр ч унагаана. Ангийнхаа урлаг, спортын аварга сурагч байв.
Хүүхэд насны хүсэл мөрөөдөл зүйрлэшгүй. Тэр Завхан аймагтаа аравдугаар ангиа төгсөөд СУИС-ийн аль нэг ангид л элсэх энгүүн зорилго тээн замын фургонд дайгдан Улаанбаатар хотыг зорьжээ.
Тэр цаг 2004 он. Нийслэлд очоод драмын ангид шалгалт өгөх гэтэл жүжигчний мэргэжил амаргүй, тэгээд ч төрөхөөс сайхан хоолой заяасан тул дуулаачийн ангид шалгалт өгөхийг эгч Б.Уянга нь зөвлөсөн аж. Ингэж дуучин болохоор эрс шулуудан бэлтгэлээ хийж, удалгүй дуурийн дуулаачийн ангид тэнцэн элссэн аж.
СУИС-ийн дуулаачийн ангийн оюутнууд мэргэжлийн хичээлээ ганцаарчилсан багш дээр суралцдаг. Багш нарт ч гурваас дээш оюутан хуваарилан өгөх нь ховор байжээ. Ингэж Б.Жавхлантөгс тэргүүтэй зургаан оюутан багш болоод удаагүй байсан залуу багш Г.Гэрэлбаатарын шавь болж, концертмейстэр багшаар нь түүний гэргий Б.Оюунтуяа ажиллах болж, хүслээ биелүүлэх замд дөрөө нийлсэн түүхтэй. Энэ цагаас Г.Гэрэлбаатар багшид хоёр оюутан л гарцаагүй сонгодог уран бүтээлч болно гэсэн итгэл төрүүлж эхэлжээ. Тэр хоёр оюутны нэг нь Б.Жавхлантөгс. Нөгөө нь одоогийн “Нюанс” хамтлагийн дуучин Д.Дүйнхэржав.
Г.Гэрэлбаатар багш “Жавхаатай СУИС-ийн коридорт зөрөхөд л тайзан дээр байгаа дүр нь шууд төсөөлөгдөнө гээч. Өдөр болгон шинэ ари сурна гэсэн хүсэл зориг нь тувт цухалздаг байлаа. Өглөө уулзах тоолон л цүнх дүүрэн ноттой намайг угтана. Миний дааж авсан хүүхдүүд дунд тийм чанартай нь эгнэх оюутан байгаагүй тул сэтгэлд тэгж хүрсэн. Дээр нь этгээд хээнцэр. Шавиа дориун дуучин болно гэсэн миний итгэлд дотоод хандлага, гадаад шинжээрээ ганцхан тэр л дүйнэ. Жавхаа жинсэн өмд өмсөж, нурууны үүргэвч үүрч явах нь үгүй. Үргэлж л толийтол индүүдсэн брюкэн хар өмд, цэмцгэр срочкон цамц, эсвэл костюм, намирсан тансаг пальто өмсчихсөн бидний барьдгаас ч нүд булаам дөрвөлжин арьсан цүнхэнд дүүрэн нот хэвлэн нямбайлж хийчхээд л намс намс алхаж явдаг сан” гэж оюутан ахуйн он цагуудыг эргэн дурсав.
Тэр үед интернэт, компьютер ховор, хөдөөнөөс ирсэн оюутан байтугай хотод төрсөн суурин хүмүүс ч youtube гэж юу байдгийг ч мэдэх нь бага байж. Харин Б.Жавхлантөгсөд Японд амьдарч байсан эгч нь олон төрлийн DVD тоглуулагч, Монголд байхгүй ориг дуурь зэргийг олсон цалингийнхаа талаас илүүгээр нь авч илгээнэ. Ингэж соёл хөгжлийг улс дамнан мэдэрч байсан тэр эгчийнхээ илгээсэн дуурийг оюутны байрандаа шөнөжин сонсож, бас болоогүй СУИС-ийн оюутнууддаа хувилж зараад боломжийн орлого олчихдог байжээ. Ирсэн дуурийг нь компьютер дээр хувилж ганган гарчиг хэвлээд наачихна. Ингэж бэлдсэний дараа харахад хүний шунал, шохоорхлыг эрхгүй гижигдэх аж. Нэг дуурийн үнэ таван мянган төгрөг. Ийм өртгийг Б.Жавхлантөгс сонгодог урлагийн үнэ цэнэ болгож тогтоож байсан гэнэ. Үнэ ханшаас нь үл хамаарч яаж ийгээд л Жавхаагаас дуурь худалдаж авах хүлээлт, дугаар тасрахгүй. Анх удаа дуурь үзэж, нүдээ нээсэн ангийнхнаас нь өдгөө дэлхийн уран бүтээлчид ч төржээ.
Б.Жавхлантөгс хичээлийн жилийн эхний улиралд тенор хоолойгоор дуулсан аж. Ингэхдээ тэр 83, 84 хувийн дундаж дүн л авна. Харин хавраас нь баритон хоолой руу шилжиж ангийнхаа нэг, хоёрдугаарт эрэмбэлэгдэх хүлээн зөвшөөрөгдсөн оюутан болжээ.
* * *
Нэг л мэдэхэд, тэрбээр дуурь үзэхгүй л бол давчдах мэт санагдаж, ер тайван сууж чадахгүй болчхож. Үдэш амрах үедээ бүр байж ядна. Дэлхийн баритон дуучдын дуулсан ари, романс түүний оюун санаа, бодол, тархи бүгд рүү нь хүрхрээ мэт цутгана. Дуурийн гол болон туслах дүрийн хамгийн том бүтээлийг ари гэж нэрийддэг аж. Ариг жүжгийн монологитой зүйрлэж болно. Өдөр болгон шинэ ари сонсоно. Урд өдөр нь бие дааж сурсан аригаа өглөө нь ахин дахин давтана.
Удалгүй багадаа морин хуур үүрч уул уулыг гэтлэн явсан жаахан шар хүү дуурийн театр танхим дүүрэн үзэгчтэй тоглолт толилуулж олны хараанд өртжээ. Энэ түүх тун сонин. Шөнөжин дуурь тоглуулан сонсох сонирхолдоо хэтэрхий хөтлөгдсөн дуурийн хэнээт нэг оройн зүүдэндээ дуурийн театрт оркестртой тоглолт хийж байх юм гэнэ. Тэр зүүдэндээ дуучин Ч.Энхтайван агсан, Ардын жүжигчин Э.Амартүвшин нартай хамтарсан тоглолтоо толилуулж буйгаа харжээ. Тэртээ холд нисгэсэн мөрөөдлөө ангийнхаа хоёр хөвгүүнтэй тийм эрт биелүүлж байхыг зүүдэлсэн болохоор яг л тэдэнтэйгээ хамт дуулахыг сэтгэсэн аж. Жавхаа урд нь дуурь хувилан түгээж байсан тул түүнийг сонссон мөнөөх хоёрынх нь нүд, чих ч дажгүй нээгдсэн байв. Тиймээс хамт дуулах хоёр нөхөрт бэрхшээл бага тохиосон байх хэмээн тэр үеийн багш нар ярьдаг аж. Нэг л шөнийн зүүдээ дуурийн театрын тайзнаа биелүүлсэн тэдний тоглолт тухайн цагийн СУИС-ийн дуу ангийн оюутнуудын дотор гал “асааж” бид ч гэсэн чадах юм байна гэсэн итгэлийг нь өрдөж өгчээ. Тийм тоглолт хийх санаа Жавхаагаас л гарна. Үргэлж л ямар нэг шинэ зүйл санаж, сэдээд л гүйж явдаг тачигнасан хөдөлгөөнтэй залуу байсан сан. Тэр тоглолт бол бидний амьдрал, уран бүтээлийн гараа. Ёстой л бүдүүн зүрхтэй явсан залуу насны минь сайхан түүх болсон сон. Яг сонгодогтоо л хараа чиглэж, шулуухан зүтгэх урам атгуулсан. Үгээр бол, онож зүйрлэмгүй том итгэл халаасалчихаад л “Биенээ тас тэврээд” баярлацгааж билээ. Ёстой л зүрх жаргаам мөчийг анх Жавхаа минь бидэнд бэлэглэж байсан юм шүү гэж Ардын жүжигчин Э.Амартүвшин дурсав. Тэд СУИС-аа дүүргээд 17 жил болжээ.
Энхтайван агсны мэргэжлийн багш Банди агсан тэгэхэд ихэд огшиж, тэдний гурван багш тайзнаа гарч зритель дүүрэн үзэгчийн өмнө баяраа хуваалцах тэр амттай хором одоо ч тэдний зүрхний угт уяатай байх.
Энэ тоглолтын дараа Б.Жавхлантөгс болоод хамтран дуулагч хоёр найзыг нь сургуулиа дүүргээд гоцлол дуулаачаар ажиллах ирээдүй буйг тухайн үеийн Дуурийн театрын дарга Баатар хэлжээ. Ингэж оюутны ширээний араас идэрхэн залуус улсынхаа сонгодгийн хамгийн өндөр тайзнаа гоцлон дуулна гэсэн мөрөөдөл өвөрлөн, оюутны байр луу гаа хөл нь газар хүрэхгүй шахам баярлан оржээ.
* * *
Харин их сургуулиа дүүргэмэгцээ дуурьтаа л дүр бүтээнэ гэж байсан Б.Жавхлантөгс өнөө хэр нь Дуурийн театрт дуулаагүй л явах аж.
Оюутан ахуйдаа соёл хандлага, жир бишийн төрөлх авьяас, дуурьт л гойд зохих төрх байдлаараа олны харааг татаж, “Цахиур хагална” гэх урам хүртэж явсан түүний зурагдсан зураг эгэл дардан биш юм. Сургуулиа ч дүүргэхээс урьтаад Дуурь бүжгийн театр битүү үзэгчтэй тоглолт хийчихсэн догь оюутан дөрөвдүгээр дамжаанд элсэх цаг ирлээ. Сургуулийн босго алхтал урд нь ер төсөөлөөгүй, төсөөлье гэтэл бодолд нь үл багтах нөхцөл байдал угтсан аж. Түүний мэргэжлийн багш Г.Гэрэлбаатар, концертмэйстер багш Б.Оюунтуяа нар нь бүтэн жил Хөххотод ажиллахаар явах болохоо дуулгасан нь энэ байлаа. Үүнийг сонссон Б.Жавхлантөгсийн сэтгэл ихэд тавгүйцэж сургуулийн хаалгаар анх удаа гундуу царайлан гарсан нь тэр өдөр. Тэр ийн багш нарыгаа буцаж ирэх үед сургуулиа дүүргэнэ хэмээн нэг жилийн чөлөө авч Завханыг зорих болов. Тэндхийн театрын гоцлол дуучнаар нэг жил ажиллаад, СУИС-аас авсан чөлөөг дахин нэг он улираан байгууллагадаа үлджээ.
Хариугүй төгсөх гэж байсан онц сурлагатан ингэж л дөчин найман сарыг төрсөн нутгийнхаа театр дуулж өнгөрүүлсэн хэрэг.
* * *
Удалгүй Завханы театрынхан Тува улсад хүндэтгэлийн тоглолт хүргэхээр тус орныг зорьсон аж. Тэр цаг 2008 он. Түүнийг дуулах үед танхимд ирсэн үзэгчид “Браво, Браво, Браво” хэмээн суудлаасаа өндөсхийж зогсолтгүй алга нижигнүүлсээр дахиулан сонсохыг хүсжээ. Дууг эргэн эхлүүлэхэд тайзны бүх хөгжим хэрэгслийг огцом унтрааж, түүнийг жинхэнэ хоолойгоороо дуулж байгаа эсэхийг нь сонжжээ.
“Нийлж байсан хөгжмийг нь зогсооход Монгол Улсын дуучин Б.Жавхлантөгсийн хоолой улам гүнээ хүнгэнэн дуугарч, зүрхний гүн, сэтгэлийн чанд гэж байдаг бол яг л түүнийг сэтлэн давах шиг болсон” гэж тухайн үеийн Тува улсын ерөнхийлөгч Шолбан Кора-оол ярьж байж. Тийнхүү Тува улс бүх ард түмнийхээ талархлыг түүнд өргөн барьж, СУИС-ийн оюутан, Завхан аймгийн театрын гоцлол дуучин Б.Жавхлантөгсийг Тува улсын соёлын яамны жуух бичгээр шагнажээ. Үнэхээр л тэнд сонсгосон түүний хоёр удаагийн дуулалт тэр улсыг эгэл ард, эх орон даяар нь цэнгүүлжээ. Тува улсын энэ хүндэтгэл бол тухайн орныхоо Соёлын тэргүүний ажилтан цолны эрэмбэтэй ажээ. Эндээс түүний уран бүтээлийн оргил амжилтууд хөвөрч эхлэв.
* * *
Хоёр мянга арваад онд үзэгчдийг зурагтаас уяж байсан уралдаан бол UBS телевизийн “Universe Best Songs” шоу билээ.. Их сургуулийн төгсөх курсээс чөлөө авч, аймгийн төвдөө л тогтуухан аж төрөх Б.Жавхлантөгс энэ наадамд уралдахаар Улаанбаатарыг зорив. Тэнд харагдах нийтлэг өнгө бол рок поп, эстрадын дуугаар оролцох хүн олон байх. Харин түүний дотор сонгодгоо л дуулна гэх үнэнч зан, хариуцлагын дундуурх тод зураас эртнээс татагдсан байв. Ингэж тэр рок попын тансаг аялгуу, эстрадын цоглог хэмнэлт үзүүлбэрүүдийг бут цохин Гранпри шагналтан болжээ. Яг энэ тайзан дээр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Гаваасүрэн цагдаагийн “Сүлд” чуулгад ажиллах урилга гардуулсан аж. Ийн “Сүлд” чуулгын гоцлол дуучнаар ирж, удалгүй сургуулиа ч дүүргэжээ. Тэрбээр ярихдаа, “Universe best songs” бол урлагт хөл тавих гэж унаж бүдчих замыг маань таван жилээр лавтай дөтөлсөн гэнэ .
Их тэнгэрийн аманд доллароор цалинжин дуулж, шинэ жилээр 70-80 газрын дуулах санал авна. Монголчууд даяараа үзэж байсан шоунаас сонгодог урлагийг сонсох урлагийг үзэх үзэгчдийн хүрээ нэмэгдэж иржээ. Гадуур явахад танихгүй хүн үгүй. Завханаас ирсэн залуу уран бүтээлчид өөрийн гэх унаа машин байсангүй. Ихэнхдээ автобусанд сууна, мөнгө хангалуун үедээ таксигаар явна. Тухайн үеийн такси 250 төгрөг. Автобусанд ахмадууд таарвал тэврээд л үнсэнэ. Заримдаа буух газар нь буулгахгүй бөөнөөрөө бүчээд авна. Улаанбаатарын аль ч үзүүр, буланд танихгүй хүн үгүй болж, тэр жинхэнэ СУИС-аас төрсөн шинэ од боллоо. Баяр ёслол болоход төрийн түшээдийн гэрт доллароор цалинжин дуулж, залуу уран бүтээлчийн амьдралын хэсэгхэн хугацаа тийм ч бартаатай биш болж ирэв.
Тэр онд сонгодог дуучныг олноороо урих нь ховор байжээ. Тийн атал Б.Жавхлантөгсөд дал, наян газраас дуулах урилга ирнэ, бүгдэд нь дуулж дөнгөхгүй. Олсон бүхнээ хамгийн түрүүнд бусадтай хуваалцахыг сэднэ. Бүх орлогоороо танил нөхдөө дориун дайлна. Ингэж хөвж явсаар бор дарсанд амтшиж, өр өглөгөд ч багагүй автжээ. Таарсан болгон хүндэтгэж, хамт архи ууж, эсвэл зүгээр л хайр дэвсэхийн цагт хүн ямар ч залуур, жолоогүй хөвчихдөг аж. Ийн гэр бүлийнхэн нь архины гашуун мөрийг хуваан гэтлэхээс халширч, цэг хатган явсан нь нэг биш аж. Хань, үрсийнх нь үгүйд хоосон гэрт нь хүйт дааж, түүний дотор өдрийн гэгээ ч бүүдийх мэт харанхуйлж байсанж. Ийм дутуу өдрүүд үргэлжилсээр.
* * *
2013 оны тавдугаар сарын есөн. Ялалтын баяр. Соёлын төв өргөөнд анхны тоглолтоо хийв. Оросын алдарт удирдаач Чипорнай түүний тоглолтыг дохиж, танхимд бөмбөр цохисон цэргүүд орж ирэн ямар үнэ цэнээр бидэнд ирсэн эх орон болохыг дуулж, зритель өндөлзүүлсэн өдөр ийн өндөрлөжээ. Үзэгчдээс авсан мэдрэмж зүйрлэмгүй ч санхүүгийн хувьд “шаталт”-тай тоглолт болсон аж.
Удалгүй цагдаагийн “Сүлд” чуулга татан буугдаж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Гаваасүрэн агсан Б.Жавхлантөгс тэргүүтэй дуучин, уран бүтээлчдийн орон тоог хадгалж байхын тулд аймаг аймгийнх нь цагдаагийн газарт хуваарилжээ. Ёстой л төсөөлж байгаагүй зам мөр, гэнэтийн хэрэг байсан нь нь мэдээж. Б.Жавхлантөгс хамгийн хол Завхан аймагт, Г.Ариунбаатар Төв аймагтаа очив.
Завхан аймагт очоод гурван сар гаруй эргүүлийн цагдаа хийжээ. Тэгтэл тэнд нэг л бөглүү мэдрэмж төрж, бороохой барьж эргүүл хийх нь эрс сонирхолгүй байх бөгөөд өдөр бүр л дуулахыг хүсэж байлаа. Удалгүй Гаваасүрэн гуай руу утас цохиж Завхан дахь албанаасаа чөлөөлөгдөж нийслэлийг зорин уран бүтээлийн ажил хийх талаараа хэл дуулгасан байна. Түүний энэ дуудлагыг хэлсэн ёсоор нь болгохоо зөвшөөрч, цагдаагийн байгууллагын харьяанд орон тоогоо хадгалж үлдэхээс л биш цалин авах боломжгүй болж байгааг нь сануулжээ. Гэвч тэр итгэлээ гээсэнгүй. Тэр цагаас хойш хоёр жилийн дараах хавар төрсөн нутаг Завхан аймгийн сумдаа тойрохоор шулуудаж, хэсэг нөхдийн хамт замд гарав.
* * *
Цагдаагийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн тэр нийслэлийн гудамжаар уран бүтээлийн санаа эргэлдүүлэн алхаж явтал “Сити” их сургуулийн драмын ангид дуулаачийн багшаар ажиллахыг урьсан аж. Ингэж хэсэг хугацаанд багшилж, Бирваа агсны нэрэмжит уралдааныг зорих болж, чөлөө хүсэхэд тэнхимийн удирдлага цааргалахгүй зөвшөөрчээ. Тэргүүн байр эзлээд эргээд ирэхэд нь ажлаас халагдах тушаал угтах нь тэр. Тэнхимээс чөлөө олгосон атлаа ажил таслан зөнгөрлөсөн гэх хэрэг тохон хатуу донгоджээ. Удалгүй Б.Жавхлантөгсийг ажилд нь үлдээнэ гэх оюутнууд гарын үсэг цуглуулж хэрэг мандаажээ. Гэтэл буруугүй атлаа багшийн албанаас буцаагдсан түүний дотроос гомдол гогодон ахин очоогүй нь залуу насны ааг, зөрүүд зангийн алдаа ч байж мэднэ.
Гэтэл Дотоодын цэргийн байгууллагын дарга Ганбат асан түүн рүү утас цохисон нь ажил олгох дуудлага байв. Ийн 805 дугаар ангид харуулын албанд ажиллаж эхлэв. Агаар орохгүй шахам манааны шовгорт цахилгаан халаагуураар дулаацах ч халуун уур хоолойд нь халтай. Гэвч хоолойн бэлтгэлжилтээ алдалгүй дасгал уншиж, дотоод, гадаадын мэргэжлийн тэмцээнд тувт уралдсаар л. Үүний нэг нь дэлхийн “хөгжмийн олимп” гэх Чайковскийн нэрэмжит олон улсын хэмжээний уралдаан байлаа. Харуул хийж байсан Б.Жавхлантөгс дэлхийн олон орны дуурийн театрын дуучидтай өрсөлдөхөөр эхний шатны үзүүлбэрүүдээ илгээв. Москва хотод дуулах 50 дуучны дунд багтаж, Т.Энхтуул багшийн хамт хүлгийн жолоо залах болсон юм. Удалгүй шигшээ шувтаргын шатанд шалгарч шилдэг аравт багтсан баярт мэдээ сонстжээ. Манай хэвлэлүүдээр ч “Монгол Улс “хөгжмийн олимп”-д дахин түрүүлэх үү” гэх мэдээллүүд шил даран хөврөх аж. Гэтэл санаснаар болсонгүй. Тайз руу гарах өдрийн өглөө нэг л тогтворгүй болж, хоолойн дуугаралт хүртэл “унаж” эхэлжээ. Ингээд тайзнаа хагас цагийн турш зургаан ари дуулахад түүний зүрх тасралтгүй чичирч, хариугүй салгалсаар үзүүлбэрээ дуусгажээ. Урдны дуулалтууд нь шүүгчдэд гойд сайшаагдаж, шилдэгт шалгарах эрэмбэтэй, ховор төрхтэй уран бүтээлчдийн нэгээр түүнийг урьдчилан нэрийдэж байж. Мэргэжлийн уралдааны хаалга 33 настай дуучинд хаалттай. Атал түүний хувьд 32 насандаа Чайковскийд дуулсан нь энэ байлаа. Ийм хойно “айраг, түрүү” хүртэх сүүлийн уралдаан байсан аж. Сонгодог урлагт сэтгэлээ өгч, итгэл өргөсөн хэрийн авьяастны дотор дэлхийн дуучин болох зангирсан их эрчим, эрмэгхэн зориг цахилж байдаг. Түүнийг биелэл болгох гүүр нь олон улсын тайз. Тэр яг л энэ хувь заяаны үзүүрээс атгаад алджээ.
* * *
Дэлхийд ч гарч мэдэх амжилтын жолоог атгаад алдсан тэр буцаж ирээд харуулын албаа үргэлжлүүлсээр л байв. Хэзээ нэг өдөр уран бүтээлдээ шалавлан орох нь дамжиггүй гэх гавшгай зан нь үргэлж л СУИС-ийн хаалган дээр авч очно. Ийн Монгол Улсын гавьяат багш Д.Дашиймаа дээр хоолойн дасгал уншсаар л байв. Энэ төдий л байсаар он жилийг элээхийг хэрхэвч хүссэнгүй. Атал ганц үнэнч сэтгэл, мөн чанараар туурвиж болдоггүй уран бүтээл. Ерөөс зөвхөн дуулмаар, дуугаараа бүгдийг цэнгүүлмээр л болно. Гэвч дүүрэн үзэгч цуглуулаад тоглоход, эсвэл дориун уран бүтээл хийж түгээхэд хөрөнгө бололцоо хүчир бол санаж, сэдэхэд ч урамгүй. Ингэж давчдаж суухдаа хөлс өндөртэй хүнд ажилд өөрийгөө томилон Япон орныг зорив. Тэнд очоод тэгш газар дээр зураг гаргаж, нарны энерги цуглуулах хавтан угсрах шонг суурилуулна. Ингэхийн тулд кран машины шанагаар шонг дэгээдэж газарт өрөмддөг. Дараа нь үүн дээрээ нарны хавтан суулгах төмөр замыг хөрөөдөж бэлдэнэ. Ингэж бэлдсэн суурь замыг газарт суулгасан шон дээр хөдөлгөөнгүй болтол боож, дээр нь шугам мэт нарийн утас татаж нарны зай хураагуурын хавтангаа угсрах ажлыг хийнэ. Энэ бол түүний хувьд уран бүтээлээ хийх зорилго өвөрлөн зүтгэсэн анхны ажил нь байв. Удалгүй барилга дээр ажиллаж эхэлжээ.
Хуучин замыг зүсэж, доор нь овоорсон шороог тэгшилж засна. Хонхорхойг нь дүүргэж, өндрийг нь намсгана. Дараа нь зам тэгшлэгч төхөөрөмжөөр дахин индүүднэ. Ингэхэд бие эрхтэн доргиж, хүсэмгүй адармаатай ажил эхлэх аж. Нарийн гудмын замыг ганц удаа л дэвсдэг бол төв замын уулзварыг хэд дахин зузаатгах хэрэг гарна. Шинээр тавьж буй зам хэрэглэгдэхүүнийг асфальт гэх аж. Асфальтыг дэвсэж дуусаад нэмэлтээр индүүдэх тусгай машиныг замын голоор аажуухан явуулна. Ийм машин зөвхөн замын голыг л торойх зүйлгүй болтол тэгшилж, зах хэсэг нь түүний ажил болон үлдэнэ. Асфальт үйлдвэрээсээ 256 хэмийн халуунтай гарч, ажилчны гар дээр 156 хэм болж ирнэ. Ингэхэд толгойны оройноос халуун нар шарж, хөлийн улнаас халуун асфальт төөнөх нь амаргүй. Энэ ажлыг хийхэд хүний биеийн эрдэс нэг дор гадагшилдаг учир эндхийн бүх ажилчид эрдэс нөхөх ус уухыг зааварчилдаг. Шингэн нөхөх эрдэс нэг дор дөрвөн литрийг ууж энэ үеийг давна. Тэр ажил дуусаад хувцсаа мушгихад шар хийтэл хөлс нь ус мэт асгарч, хувцас угааж буй мэт санагддаг байжээ. Хөлс, хөдөлмөр хоёр хамт яригддаг учрыг тэр үед тултал мэдэрчээ. Уран бүтээлийн өртөг хөлс цуглуулаад л дуулна гэх бодол нь түүнийг асааж байж. Тэр үнэхээр л харийн оронд бүтэн жилийг өнгөрүүлж ажиллаад, Монголдоо ирж дөрвөн уран бүтээл хийж, танхим дүүрэн үзэгчийг цуглуулан сонгодог тоглолтоо хүргэсэн юм.
Жир бишийн содон авьяас аваад төрчихсөн, сонгодог дуучны соёл суртахуунаар гангарсан Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Буяндалайн Жавхлантөгс. Сонгодог урлаг нь тайз, дүр, уран бүтээлтэйгээ цээжин дотор нь цохилж, цахилсаар явдаг ийм нэг уран бүтээлч. Эгэл гэтэл эгэл биш авьяас түүнд л бийг өнөө цагийн дуурийн шилээврүүдээс хэдэнтээ сонссон юм, би.
Тэр ерөөс бүхнийг бор зүрхээрээ гэтэлж, бурхан гэж хэрэв байдаг бол түүнээс авсан авьяасаа л эрхэмлэж, бүгдээс урд тавина. Харин түүн дотроо амьдралын ээдрээ, баяртай хуудас, бараан өдрүүд, уй гуниг, үүх түүхтэйгээ хамт амьдарсан хүнсэнж.
СУИС-ийн Кино телевиз медиа урлагийн сургуулийн сэтгүүлчийн IV ангийн оюутан Т.Чулуунцэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 90 (7832)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn