Ч.БЯМБАА
“Сээр цохих буруу, тэр тусмаа эмэгтэй хүн сээр цохидоггүй” гэх үгийг бид хаа нэгтээ сонсож байсан байх. Энэ бол үнэн бодитой мэтээр бидний тархинд суусан хэвшмэл ойлголтын нэг хэлбэр гэж болно. Харин бодит байдал дээр Сээр шалгахад хүйс хамаагүй бөгөөд энэ спортоор тууштай хичээллэж яваа цөөхөн эмэгтэйн нэг М.Анужинг “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа онцоллоо. Тэрээр Төв аймгийн Баян суманд төрж өссөн бөгөөд 18 наснаасаа эхлэн сээр шалгах тэмцээнүүдэд оролцож, энэ спортод дурласан нэгэн юм.
М.Анужингийн хувьд сээр цохих бол зүгээр нэг сонирхол биш, гэр бүлээс нь эхлэлтэй, хамтын үнэт зүйл нь юм. Тэрээр нөхрийнхөө хамт Сээр шалгах спортоор хичээллэж, хамтдаа олон тэмцээнд амжилт гаргаад байгаа юм.
Энэ тухайгаа тэрээр “Нэг өдөр ажлынхаа залуустай бужигналдаад л чөлөөт цагаараа юу хийхээ ярилцаж байгаад сээр шалгах тэмцээний лайв үзсэн юм. Ингээд үүнээс хойш бид “Сээр цохиж үзье” гээд Сээр зардаг хүнд 100 гаруй мянган төгрөгөөр 2-3 шуудай сээр захиад цохиж эхэлсэн. Эхэндээ сээр цохих техник, яаж шалгадаг талаар огт мэдэхгүй хэдэн хүүхдүүд цохиж байсан. Тэгээд надтай хамт нэг эмэгтэй найз маань нэг сээр хугалсан юм. Үүнээсээ урам аваад сээр шалгах тэмцээнүүдэд орж, тууштай хичээллэж эхэлсэн. Анх Барс зах дээр тэмцээн болоод эмэгтэй төрөлтэй гээд оролцоод дөрөвт орж байсан.
Сээр шалгагчдын хувьд бүтэн жил хүлээж байж ордог нэг хүндтэй тэмцээн бол “Алтан мундарга” байдаг. Энэ тэмцээнд дөрвөн удаа оролцож 2024, 2026 онд түрүүлж үнэмлэхүй аварга болсон. Үүнээс гадна олон жижиг тэмцээнд оролцож байсан. Оролцсон тэмцээн бүртээ амжилт гаргадаг. Тэмцээнд оролцохдоо чөлөөт цагаараа бэлтгэл хийх, дотроо хэрхэн цохих талаараа бодох, сэтгэл санааны хувьд төвлөрөх зэргээр өөрийгөө бэлтгэдэг. Харин тэмцээний үед сайн төвлөрч, цохих гэж байгаа сээрнээсээ айхгүй, өөртөө эргэлзэхгүй байх хэрэгтэй.
Тамирчин хүмүүс спортоо хүндэлдэг шиг сээрийг Монгол, Орос, Буриад, Өвөр монгол гээд бүгд маш их хүндэлдэг. Жишээлбэл, цохих гэж байгаа сээрэн дээгүүрээ алхахгүй байх, сээрээ хугалж чадалгүй алдчихвал шиддэггүй.
Манай гэр бүлийнхэн бүх зүйл дээр дэмждэг. Тийм учраас сээр цохиж эхлэхэд дургүйцээгүй. Харин ч “чи юу сонирхоно түүнийг чинь дэмжинэ” гэдэг.
Тиймээс нөхөртэйгөө хамт сээр шалгах спортоор хичээллэж, олон тэмцээнд оролцсон. Монголд гэр бүлээрээ сээр цохьдог хүмүүс ховор байх. Бид нэг сонирхолтой учраас хамтдаа тэмцээнд оролцоход ханьтай, нэгнээ дэмжиж чаддаг нь маш том давуу тал болдог” гэлээ.
Эмэгтэй хүн сээр шалгана гэдэг байж боломжгүй зүйл мэт өрөөсгөл ойлголт бидний дунд байсаар ирсэн. Тэгвэл энэ асуудал ч М.Анужинд тулгарч байсан талаараа тэрээр хуваалцсан юм.
“Манай найз бид хоёрын сээр цохиж байгаа бичлэг цахим орчинд тавигдсан байсан юм. Тэр бичлэг нэлээд өндөр хандалт авсан байхаар нь комментуудыг нь ороод хартал бараг л бид хоёроос болоод улс орон хөгжихгүй байгаа мэтээр олон сөрөг, шүүмжилсэн сэтгэгдлүүд үлдээсэн байсан. Хувь хүний хүсэл сонирхлыг дэмждэггүй юмаа гэхэд мохоодоггүй байгаасай гэж хүсье. Зарим хүмүүс шууд өөрсдийн үзэл бодлыг тулгадаг. Сээр цохидог хүмүүс бол энэ зүйлийг спорт болгож хөгжүүлэхээр өөрсдийн хүсэл сонирхлоороо нэгдсэн хүмүүс байдаг. Биднийг Орост тэмцээнд оролцохоор очиход хүмүүс маш дотноор хүндэтгэж хүлээж авдаг. Манайхаас хандлага нь тэс өөр” гэж байлаа.
Түүний хувьд энэ бүх шүүмжлэл бусдын бодол, харин сонирхол бол өөрийнх нь сонголт гэдгийг хамгийн сайн ойлгосон гэдэг. Тиймээс ч сөрөг сэтгэгдэлд автахгүй, харин зорилгодоо төвлөрөхийг илүүд үздэг байна. Сээр шалгах тэмцээнд оролцдог эмэгтэйчүүд манай улсад тун цөөн 4-5 орчим байдаг байна. Үүний цаана олонд танигдаагүй, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн яваа эмэгтэйчүүд олон бий. Эмэгтэйчүүд хийж чаддаггүйдээ биш, харин нийгмийн хандлага, дэмжлэг дутмаг байгаатай холбоотой гэж М.Анужин ярьж байсан юм. Харин гадаадад, тэр дундаа Орост эмэгтэй сээрийг тусгай төрөл болгон хөгжүүлж, нас насны ангиллаар дэмждэг нь том хөгжил аж.
Тэрээр зөвхөн өөрийн амжилтын төлөө биш, сээрийг илүү өргөн хүрээнд хөгжүүлэхийг хүсдэг байна. Энэ талаараа тэрээр “Монголд тогтмол тэмцээн зохион байгуулж, энэ төрлийг спорт эсвэл өв соёлын хэмжээнд албан ёсоор хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Учир нь сээр цохих нь нас, хүйс харгалзахгүйгээр хүн бүр оролцох боломжтой, сонирхол дээр суурилсан зүйл. Мөн хүмүүсийн хүсэл, сонирхлыг дэмжихгүй байж болох ч битгий мохоогоорой гэж хэлмээр байна” гэсэн юм.
Хэн нэгний хийж байгаа зүйл танд сонин санагдвал, түүнийг шүүмжлэхээсээ өмнө ойлгохыг оролдож үзэх нь илүү үнэ цэнтэй байж мэднэ. Учир нь бидний ялгаатай байдал л нийгмийг илүү баялаг, сонирхолтой болгодог.


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 90 (7832)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn