Б.НАНДИН

 

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар 26 жилийн дараа Монгол Улсад айлчиллаа. Манай Улсад анх удаа хөл тавьсан НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түрк Их хурлын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Хүний эрхийн Үндэсний комиссынхон болон хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзаж санал солилцжээ. Тэрээр өчигдөр айлчлалын үр дүнгээ дүгнэж сэтгүүлчидтэй уулзсан юм.

Хүний Эрхийн дээд комиссар ноён Фолькер Түрк хоёр өдрийн айлчлалдаа багтаж Монгол Улсын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдэд зочилсон нь гайхалтай сэтгэгдэл төрүүлжээ. “Гандантэгчинлэн хийдэд зочлох үедээ буддын шашинтнууд хавчигдан гадуурхагдаж байсан түүхэн баримтууд болон, тэрхүү түүхийн явцад өнөөдрийг хүртэл хадгалагдан ирсэн нигүүлсэхүйн сэтгэлгээг сонсоод гүнээ сэтгэл хөдөллөө. Нигүүлсэх болон билэг оюуныг дээдлэх үзэл баримтлал нь хүний эрхийн үзэл санаатай гүнээ нийцдэг шүү дээ” хэмээн тэрээр яриагаа эхэлсэн юм.

Мөн тэрээр 26 жилийн өмнө НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар айлчилж байснаас хойш геополитикийн нөхцөл байдал асар өөрчлөгдөн шинэчлэгдсэн төдийгүй Монгол Улсын хувьд бүс нутагтаа үлгэр жишээ, ардчилсан улсын зэрэгцээ бүс нутагтаа яриа хэлэлцээ, дипломат ажиллагааг нэгтгэн зангидагч болон тодорсныг онцлон тэмдэглэв.

Тэрээр “Дэлхий нийтээр хүний эрхийн нөхцөл байдал улам уруудаж байгаа энэ цаг үед Монгол Улс өөрсдийн хэмжээнд санал санаачилга гарган ахиц дэвшил үзүүлэхээр ажиллаж байгаагаараа онцгойрч байна. Монгол Улс хууль эрх зүйн хүрээнд хүний эрхийг хамгаалах бат бөх тогтолцоо, үлгэр жишээ болохуйц Хүний эрхийн Үндэсний Комисс, мөн идэвхтэй иргэний нийгмийн байгууллагуудаараа бахархдаг. Түүнчлэн бүс нутагтаа анхдагч болох Хүний эрх хамгаалагчийг хамгаалах тухай бие даасан хуулийг батлан гаргасан билээ.

Иргэний нийгмийн төлөөллүүдтэй уулзах үед хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах чиглэлээр батлан гаргасан хууль тогтоомж, бодлогыг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ тэдгээрийн хэрэгжилт, хууль сахиулах ажиллагааг илүү хүчтэй, тууштай болгох тал дээр зарим тулгамдсан асуудлаад хэвээр байгааг мөн анзаарлаа.

“Бид ардчилсан орон зайг зүй ёсны зүйл мэтээр хүлээж авах боломжгүй тийм бүс нутагт амьдарч байна” гэж Монголын хүний эрх хамгаалагчдын нэг надад хэлсэн. Үнэхээр энэ орон зай нь институцийн хяналт, тэнцвэрийг бэхжүүлэх замаар байнга идэвхтэй хамгаалах ёстой талбар юм. Хүний эрхийн төлөөх ажил хэзээ ч дуусдаггүй, байнгын үйл явц байдаг.

 Аливаа нийгмийн гол суурь үндэс бол хараат бус шүүх засаглал, хууль дээдлэх ёс болон түүнд итгэх олон нийтийн итгэл юм. Монгол Улс GenZ үеийнхэн олонтой, залуучуудын орон болохын хувьд ирээдүй хойч болон байгаль эх дэлхийдээ санаа зовниж байгааг бид харж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь Монгол Улсын тогтвортой хөгжилд заналхийлж буй гол хүчин зүйл юм. Энд "зуд" хэмээн нэрлэдэг хатуу ширүүн өвлийн уур амьсгал, ган гачиг, үер усны гамшиг, хүчтэй шуурга, шороон болон элсэн шуурга зэрэг уур амьсгалтай холбоотой байгалийн гамшгийн давтамж, хамрах хүрээ улам нэмэгдэх төлөвтэй байна. Монгол Улс энэ оны наймдугаар сард болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) даргалж буй нь эдгээр асуудлуудад анхаарал хандуулж, тодорхой арга хэмжээ авахыг шаардах чухал боломж юм.

Иргэний нийгмийн нэгэн төлөөлөгчийн хэлсэнчлэн Монголын хөгжилд саад болж буй хамгийн том гацаа бол авилга. Тиймээс хүн амын итгэлийг олж авах, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхийн тулд авлигын эсрэг илүү хүчтэй арга хэмжээ авах нь зайлшгүй шаардлагатай” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.

Мөн дэлхий нийтээр дижитал технологи болон сошиал медиа нь нийгэм, улс төрийн амьдралд асар хурдтай бөгөөд сөргөөр нөлөөлж байгаа нь Монголд ч ижил байгаа асуудлыг хөндөгдлөө. Энэ бол дэлхийн улс орнуудын өмнө тулгарч буй сорилт бөгөөд улс бүр өөр өөр хариу арга хэмжээ авч байна. Монгол Улс цахим орчныг хэрхэн зохицуулах, түүний дотор хуурамч мэдээлэлтэй тэмцэх зорилгоор цахим орчны аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа энэ үед хүний эрхийн өмнө хүлээсэн үүрэг амлалтууд нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон хамгаалал хоёрын тэнцвэрийг хангахад чухал жишиг болох юм.

Жендэрийн тэгш байдлыг хангах талаар Монгол Улсад чухал алхмууд хийгдсэн бөгөөд 2024 оны сонгуулиар парламентын эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 25.4 хувьд хүрч нэмэгдсэн төдийгүй 2028 оны дараагийн сонгуульд үүнээс ч илүү амбицтай зорилтуудыг дэвшүүлжээ. Хэвшмэл ойлголтууд, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, түүнчлэн хүүхэд хамгааллын асуудал, ялангуяа цахим орчин дахь хамгаалалт нь нэн тэргүүний анхаарал хандуулах салбарууд юм. Засгийн газрын зүгээс хөдөө орон нутагт орхигдож болзошгүй байгаа эрэгтэйчүүдийн хүний хөгжлийн ялгааг арилгах санаачилгуудыг мөн эхлүүлээд байгаа нь сайшаалтай” гэсэн юм.

Түүний мэдээллийн дараа сэтгүүлчид болон иргэний нийгмийн төлөөлөл сонирхсон асуултдаа харилт авсан. Энэ үеэр “Savetuul” хөдөлгөөний зохицуулагч Г.Уянга өнгөрсөн сард өрнөсөн хөдөлгөөний талаар товч танилцуулж, өөрсдөд нь тулгарсан хүний эрхийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийлгэх хүсэлтээ уламжилсан.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар ноён Фолькер Түрк байгаль орчин, орчны аюулгүй байдал болон хүний эрхтэй холбоотой тэдгээр тохиолдлуудад онцгой анхаарал хандуулж тус бүрт нь шинжээч ажиллах боломжтой болохыг илэрхийлэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 90 (7832)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn