П.ЛХАГВАЖАРГАЛ

 

 

“Тэр тухай олимпын аварга болчхоод ярилцлага өгье”

 

Ишим мөрөн нь тасалдав уу гэмээр казах түмнийг цочроож, эх орных нь гурван бөхийг дараалан ялж, Астанагийн тэнгэрт Монгол Улсын төрийн далбааг мандууллаа. 

Энэ оны тав дахь их дуулга “Барыс 2026” энэ сарын 8-10-ны өдрүүдэд Казахстан улсын Астана хотод зохион байгуулагдсан “Барыс 2026” жүдо бөхийн тэмцээнээр Монголын багийн анхны алтан медалийг үндэсний шигшээ баг, Тэмүүжин клубийн тамирчин, ОУХМ Б.Сүхбат хүртлээ. Тэрээр -60 кг жинд хагас финалд эзэн орны бөх Шерзод Давлотыг үндсэн цагт нэг юүко, хоёр вазари үнэлгээгээр илүүрхэж, алтан медалийн төлөө мөн эзэн орны бөх Талгат Оринбассарыг цэвэр ялж аваргалаа. Нутгийнх нь дэвжээн дээр эх орных нь гурван бөхийг ялсан түүнийг харахад сэтгэл нь тогтоод уяа нь орчихсон морь шиг гэлтэй. Тэмцээний дараа түүнээс “Энэ хүртэл ямар замналыг туулав” гэж асуухад “Тэр тухай олимпын аварга болчхоод ярилцлага өгье” гэжээ. Түүнийг барилдааныг шимтэн үзсэн жүдо бөх сонирхогчид “Б.Сүхбатын цаг иржээ” хэмээн уухайлах нь харагдана. Ийнхүү олон улсын тэмцээнээс тасалдаад байсан жүдо бөхийн эрэгтэй тамирчдын тасалдаад байсан аваргын алтан медалийн буухиаг Б.Сүхбат үргэлжлүүллээ.

 

Эмэгтэй шигшээ багийн тамирчид алтан медалийн буухиа Л.Энхрийлэнгээр үргэлжиллээ

 

Энэ удаагийн их дуулга тэмцээнээс манай тамирчид хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн юм. Тодруулбал, тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60 кг-д Б.Сүхбат алт, эмэгтэйчүүдийн -48 кг жинд Тбилисийн их дуулгын аварга ОУХМ  Г.Наранцэцэг мөнгө, -52 кг-д 2026 оны Ази тивийн аварга, өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медальт М.Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн юм. Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -63 кг жинд дэлхийн аваргын хошой хүрэл, Ази тивийн хошой аварга Л.Энхрийлэн алт,  эрэгтэйчүүдийн -73 кг жинд дэлхийн аваргын хүрэл медальт Л.Анхзаяа хүрэл медаль тус тус хүртсэн бол гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн +78 кг жинд Алдар спорт хороо, АПУ компанийн тамирчин ОУХМ А.Адьяасүрэн хүрэл медаль хүртлээ.

“Барыс 2026” их дуулгат Монголын багийн алтан медалийг ихэрлүүлсэн Л.Энхрийлэн арав хүрэхгүй хоногийн өмнө энэ оны дөрөв дэх их дуулга “Душанбе 2026”-аас мөнгөн медаль хүртэж, манай тамирчин Б.Ганхайч түрүүлсэн юм. Энэ тэргүүтэй олон улсын тэмцээнээс эмэгтэй шигшээ багийн тамирчид алтан медалийн буухиагаа үргэлжлүүлсээр байна.

Түүнчлэн ирэх сарын 19-21-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдох “Лос Анжелес 2028” зуны олимпын наадмын оноо олгох анхны тэмцээн “Улаанбаатар их дуулга” болох юм. Энэ тэмцээнийг зорин дэлхийн хошой аварга, их дуулгын 10 удаагийн аварга Инал Тасоев ОХУ-ын багийг ахлан ирэх тов гарсан бол Япон улсаас олимпын аварга, дэлхийн таван удаагийн аварга, Абэ Үта, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Санширо Мурао, дэлхийн аварга Рюүжү Нагаяама, Такеоки Такеши тэргүүтэй тамирчид ирэхээр болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 90 (7832)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn