Т.САЙХАН
Эрүүгийн хуулийн 13:14 “худал мэдээлэл тараах” зүйл нь Үндсэн хуулийн үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хүлээн авах эрх, эрх чөлөөг хязгаарлаж байна гэж Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарч, үүнийг УИХ хүлээн авсантай холбогдуулан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсэг байгуулагдан төслийг боловсруулж байгаа юм. Хуулийн төслийн талаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаатай ярилцлаа.
- Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэхэд бэлэн болсон гэж ойлгож байгаа. Шинээр “гүтгэх” гэмт хэргийг тусгаж оруулж ирж байгааг та эсэргүүцсэн байсан. Яагаад гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлана уу?
-Бусдын нэр төр, алдар хүндийг худал мэдээллээс хамгаалах зохицуулалт болох Эрүүгийн хуулийн 13:14 дүгээр зүйл нь 2020 оны нэгдүгээр сараас үйлчилж эхэлсэн ч энэ хугацаанд үндсэн зорилгоо хангаж чадахгүйд хүрснээс гадна иргэний үзэл бодол, шүүмжлэлт байр суурь, эцэстээ мэдээлэлтэй тэмцэх, хаах боох хэрэгжсэн. Мөн бусдыг доромжилсон, гутаасан үйлдлийг ч “худал мэдээлэл” гэдэг гэмт хэргээр шүүж, шийтгэж байгаа нь хуулийн хэрэглээний талаас ч буруу жишиг гэдгийг Улсын дээд шүүх бас тогтоосон. Ер нь энэ зүйл заалт болохгүй байна гэдэгтэй хэн маргахгүй байгаа юм.
Харин бусдын нэр төр, алдар хүндийг хамгаалах зохицуулалт Эрүүгийн хуульд байх ёстой гэдэг саналыг Хууль зүй, дотоод хэргийн яам, цагдаа, прокурор, судалгааны хүрээлэн, хүний эрхийн байгууллага бүгд л Ажлын хэсэгт ирүүлсэн байсан. Харин сэтгүүл зүй эсрэг байр суурьтай байгаа. Ажлын хэсгээс хэвлэлийнхнийг сонсох зорилгоор хоёр ч удаа хэлэлцүүлэг сонсгол хийсэн. Тэнд сонсогдсон байр суурь ийм л байсан. Гэхдээ ажлын хэсэг нэр төр, алдар хүндийг “гүтгэлгээс” хамгаалах зохицуулалтыг Эрүүгийн хуульд шинээр томьёолон тусгасан. Хууль зүйн байнгын хорооны хэлэлцүүлгийг Ажлын хэсгийн ахлагч долоо хоногоор хойшлуулсан. Хараат бус хэвлэл мэдээллийн хяналтын үүрэг, эрэн сурвалжлах сэтгүүл зүйд хамгийн хэцүү зүйл. Сэтгүүлч гүтгэдэг, гүтгэх эрхтэй гэж хэлж байгаа юм биш. Монголын өнөөгийн улс төрийн соёл, орчин ямар байгаа билээ?! Ийм орчинд чөлөөт хэвлэл, сэтгүүл зүй “томоотой” байх боломжгүй. Эрүүгийн хуулиар нэр төр, алдар хүндийг хамгаалах зохицуулалт нь улстөрч, эрх мэдэлтнүүдэд хэвлэлийнхний амыг үдэх, айдсаар удирдах арга зам нь болж өгдөгт аюул нь байгаа юм.
Эрүүгийн шүүхээр нэр төрд халдсан хэргийг шийдвэрлэсэн статистикийг харахад нийт хэргийн 5 орчим хувь нь сэтгүүлч, хэвлэл, мэдээлэлтэй холбоотой байгаа бол цагдаа дээр шалгагдаж байгаа хэргийн тоог аваад үзэхэд бараг эсрэгээрээ сэтгүүлч хэвлэл мэдээллийн холбогдсон тоо хэд дахин их. Энэ юуг харуулж байна вэ гэхээр сэтгүүлч нэр төрд халдсан эсэхийг шүүхээр тогтоолгож үнэн мөнийг олох гэхээс илүүтэй цагдаа дээр урт хугацаанд мөрдөн шалгах, байцаах, мохоох сонирхол хэрэгждэг гэсэн үг. Эрүүгийн хууль бидний хувьд олноор нь хоморголох, айлгах, удирдах арга зам болж, хараат бус чөлөөт хэвлэлийн шүүмжлэлт байр суурь, дуу хоолойг ийм байдлаар хаах бололцоог эрх мэдэлтнүүдэд өгдөг учраас эсрэг байна. УИХ-ын нэр бүхий гишүүдийн сэтгүүлчийн эсрэг гаргасан гомдлууд дээр тал нь 3-4 жил болж байна. Тэдний ар талд бизнесийн компанийнх нь хуулийн хэлтэс, эсвэл хуулийн томоохон фирмүүд ажилладаг бол сэтгүүлчид өөрийнх нь цуглуулсан баримт, итгэл үнэмшил л байдаг.
- Хүний нэр төр халдашгүй байх Үндсэн хуулийн эрхийг Эрүүгийн хуулиар хамгаалах ёстой гэж хуулийнхан үзэж байгаа гэлээ. Иргэний хуулиар нэр төрийг сэргээх, хор хохирлыг арилгуулах бололцоо гомдогч талд байгаа шүү дээ?
-Хүний нэр төр халдашгүй байх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх, түүнчлэн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө мөн адил Үндсэн хуулиар иргэнд олгогдсон эрхэм зүйл. Энэ хоёр эрхийн тэнцвэрийг яаж хангах вэ гэдэгт Ажлын хэсэг анхаарал тавьж байгааг бид ойлгож байгаа. Гэхдээ Эрүүгийн хуулиар бусдын нэр төр, алдар хүндийг гүтгэлгээс хамгаалах ёстой гэж үзэж байгаа бол эрх барьж буй Засгийн газар тусдаа хуулийн төсөл санаачлан боловсруулж, судалгаа тооцоо, үндэслэлийг танилцуулж, Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн олон нийтэд нээлттэй байршуулах, санал авах, УИХ-аар хоёр удаагийн хэлэлцүүлгийн явцад батлах зэрэг шалгуураар явах ёстой гэж бодож байна. Түүнээс Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтэд хуулийг нийцүүлэх, шуурхай горимоор ганц шатны хэлэлцүүлгээр төслийг батлах ёстой энэ үеэр ийм байдлаар эрүүгийн хуульд шинэ гэмт хэрэг нэмэх нь зохистой биш.
-Ажлын хэсгийн гишүүдээс гүтгэх гэмт хэргийг Эрүүгийн хуульд тусгахыг эсэргүүцэж байгаа гишүүд хэр олон байна вэ?
-Ажлын хэсэг дээр санал хураахад нэг саналын зөрүүгээр ялагдсан байна лээ. Сэтгүүл зүйд ажиллаж байсан А.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан нарын гишүүд гүтгэх гэмт хэргийг Эрүүгийн хуульд шинээр оруулахыг дэмжээгүй. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, чуулганы хэлэлцүүлгийн үеэр яаж шийдэгдэхийг мэдэхгүй байна. Ямартай ч гүтгэх гэмт хэргийг Эрүүгийн хуульд нэмэх гэж байгаа бол ингэж “чоно борооноор” гэдэг шиг ажиллаж болохгүй. Цэцийн дүгнэлтэд нийцүүлж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг сэргээх ёстой ажлын хэсэг лав ийм зүйл хийж болохгүй.
-Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр энэ жил 17 байр урагшилж, 85 дугаарт бичигдсэн байна. Яг бодитой өсөлт хөгжил байгаа юу?
- Эрүүгийн хууль Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлтийг Үндсэн хуулиын Цэцээс гаргасан анхны тохиолдол. УИХ энэхүү дүгнэлтийг хүлээн авсан. Хэвлэлийн эрх чөлөөний индекст нөлөөлсөн байх. Энэ маргааныг Цэц хүртэл явж шийдүүлсэн сэтгүүлчдэдээ бас талархах ёстой. Гэхдээ бодит байдал дээр бэрхшээл байгаа.
- Тухайлбал?
- Хэвлэл мэдээллийн эдийн засаг, санхүүжилтийн орчин. Өнөөдөр хэвлэлүүд улс төрд ханган нийлүүлэлтийн үйлчилгээ хийж, гол санхүүжилтээ босгож байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, телевиз, радио, сонин, сайт бүгд өөрийн онцлогоос шалтгаалсан нийтлэл, нэвтрүүлгийн бодлоготой байдаг. Энэ дунд мэдээллийн сайтууд илүү олон төдийгүй эрэн сурвалжлах, шүүмжлэх, эрх мэдлийн хяналтыг хэрэгжүүлэх чиглэлд бодлогоо түлхүү чиглүүлдэг онцлогтой. Тийм учраас эрсдэл тэнд илүү байна. Тогтвортой үйл ажиллагаатай, редакцтай, танигдсан сайтуудын хувьд орлогын эх үүсвэрийг 85 хүртэлх хувь нь улс төрийн санхүүжилт, үлдсэн 15 орчим хувь нь бизнесийн байгууллагын санхүүжилт байгаа боловч мөн л улс төрийн эрх ашиг хамгаалах зорилготой байна. Энэ бол нэг талаар эдийн засгийн хувьд оршин тогтнох үндэс болж байж болох ч шүүмжлэлт байр суурь, хараат бус байдал, дуу хоолойг хааж эхэлсэн байна.
Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж, тэмцэж болох ч хараат бус чөлөөт редакц үлдэх эсэх асуудлыг яах вэ гэх асуудал. Хэвлэл мэдээлэлд зар сурталчилгааны эх үүсвэр улам багасаж байгаа. Бизнесийн байгууллагууд хэрэглэгчээ даган сошиал медиад өөрсдийн сувгийг байршуулж, түүгээрээ зар сурталчилгаагаа явуулж байна. Уламжлалт медиагийн дэд бүтэц тэдэнд шаардлагагүй болсон. Хэвлэл мэдээлэлд орлого, санхүүжилтийн өөр эх үүсвэр юу байж болох вэ. Гадны туршлагыг харахад тухайлбал, Солонгос улс чөлөөт хэвлэлтэй ч төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт хуваарилдаг. Төсвийн санхүүжилтийг дагуулаад төрийн зүгээс тодорхой шахалт дарамт ирэх вий гэж хэвлэлийнхэн хяналт тавьдаг. Нөгөө талаас төсвөөс хуваарилсан мөнгө олон нийтийн сайн сайхны төлөө үйлчилж байна уу гэдгийг төр нь хянадаг байх жишээтэй. Мөн Солонгост төрийн өмчит компаниудын зар сурталчилгааны тухай хуулийг 2019 онд баталж, хэвлэл мэдээлэлд тодорхой санхүүжилт хийх асуудлыг зохицуулсан байдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 90 (7832)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn