Ц.МЯГМАРБАЯР
Аялал жуулчлал, музейн eguide.mn нэгдсэн платформ хөгжүүлэгч “Нова Хесс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Аятхааныг “Start-Up” буланд урьж ярилцав.
-Танайх хэдэн оноос энэ чиглэлд ажиллаж байна. Одоо ямар платформ хөгжүүлж байна вэ?
- 2022 оноос IT-ийн программ хангамж хөгжүүлэх чиглэлд ажиллаж байна. Бид үндсэн бүтээгдэхүүн болох eguide.mn аялал жуулчлалын нэгдсэн платформыг 2024 оноос эхлэн 21 аймгийн аялал жуулчлалын газартай хамтарч төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөгжүүлсэн. Тодруулбал, аймгуудын түүхэн дурсгалт газруудын мэдээллийг албан ёсны баталгаат эх сурвалжтайгаар нэгдсэн системд нэгтгэсэн гэсэн үг. Ингэснээр мэдээллүүд дижитал хэлбэрээр хадгалагдах давуу талтай. Мөн цахимд шилжүүлснээр олон хүнд хүртээмжтэй болохын хэрээр тухайн систем нь 38 орны хэлээр буюу linked, аудио болон зураг хэлбэрээр хайлт хийх боломжтой болж байгаа юм.
Систем нь хиймэл оюун дээр суурилсан өөрийн үүргүүдтэй. Тухайлбал, аудио тайлбар нь тухайн жуулчин болон сонирхож нэвтэрсэн хэн боловч өөрийн орныхоо хэлийг сонгоход яг тухайн хэл дээр шилжиж бүх мэдээллийг хөрвүүлэх боломжтой. Нэг дор 100 хүртэл жуулчин нэг хэлийг сонгоход ч төвөггүйгээр зэрэг шилжих онцлогтой. Жишээлбэл, өөр, өөр орны 100 жуулчин нэг дороос нэг аймгийн цонх руу зэрэг ороход ямар ч саадгүй тухайн улсын хилээр хувирч сонсогдоно гэсэн үг.
Түүнчлэн аймгуудын оруулсан аялал жуулчлалын танилцуулга, текст мэдээллийн нэг үг, үсэг ч зөрөхгүйгээр шууд тухайн сонгосон орны хэлээр орчуулагдан хүрэх 100 хувийн дамжуулалтыг хийж үйлчилнэ. Энэ шийдэл нь Монгол Улсын аялал жуулчлалын мэдээллийн хүртээмжгүй байдлыг технологийн тусламжтайгаар бүтээмжтэй болгож байгаа давуу талтай. Тиймээс Монгол Улсад аялах гэж байгаа дотоод, гадаадын жуулчид Монгол орны ямар, ямар газруудад түүхэн өв соёлыг тээж үлдсэн байна гэдгийг нэг дороос төвөггүй мэдэх боломжтой.
-Аялагч хаагуур аялах, аялах замаараа ямар түүхэн газруудыг үзэх боломжтой гэх зэргээр өөрсдөө түлхүүр үгээ бичээд хайж мэдээллээ авна гэсэн үг үү?
- Тийм өөрсдөө хиймэл оюунаас асуудаг шиг жишээлбэл, “би гэр бүлээрээ долоо хоног Архангай аймаг руу нялх хүүхэдтэйгээ тав тухайтай газруудаар аялаад ирмээр байна” гээд бичихэд хиймэл оюунд суурилсан энэ систем нь танд хамгийн тохиромжтой маршрутыг санал болгоно. Архангай аймаг ороод Тайхар чулуу үзээд Өвөрхангай аймгаар дамжаад Улаанбаатарт буцаад ирэх дан засмал замаар явна гэдэг ч юм уу. Гадаадын жуулчид ч мөн ялгаагүй 38 хэлнээс сонгоод ийм газруудаар тэд хоног аялна гээд хиймэл оюуны сhatgpt.gemini ai зэргийг ашигладаг шиг галиглаад бичнэ гэсэн үг.
Тэгэхээр манай системээс хиймэл оюун ухаалгаар ажиллаж тэнд оруулсан дата мэдээллээс боловсруулалт хийж аяллын зөвлөмжийг өгнө. Уг маршрутаа интернэт орчинтой газар татаад хадгалах нь чухал. Мөн Тайхар чулууны маршрут дээр дарахад түүний ойролцоох 5.0 км радиуст хоолны газар, хоноглох буудлуудын мэдээлэл захиалга өгөх холбоо барих утасны дугаар, хаяг нь шууд гарч ирнэ. Үйлчлүүлсэн хүмүүсийн сэтгэгдэл, бодит замын мэдээлэл, ариун цэврийн байгууламж зэргийн үйлчилгээний нөхцөл байдлын үнэлгээг мэдэх боломжтой. Мэдээллээ аялахаасаа өмнө татаж аваад санхүүгээ тооцох боломжтой. Тухайн аймгуудтай холбогдож онцгой газруудыг нь мэдэж болно.
-Хэчнээн дата мэдээлэл багтаагаад байна. Хэр хандалт авсан бол?
-Одоогоор 21 аймгийн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газрууд нийлсэн 1400 орчим газрын мэдээллийг багтаасан. 2024 онд туршилтаар Архангай, Баян-Өлгий аймгийн мэдээллийг оруулж үзсэн. 2025-2026 он бүх аймгуудын мэдээллийг оруулж дууссан. Одоогоор нэг аймаг гэхэд 170 орчим мянган хүний хандалт аваад байна. Алтай таван богдын аяллыг жуулчид их сонирхож байна. Энэ маршрутыг давуу талыг ашиглаж Баян-Өлгий аймаг гэхэд найман шинэ байгалийн үзэсгэлэнт аяллын мэдээллийг нэгдсэн системд нэмж оруулсан. Гадаадын жуулчид дийлэнхдээ говийн аймгийн аяллыг нэлээд түлхүү сонирхож байна.
-Сүлжээгүй орчинд ажиллах уу. Систем гацахгүй, хурдтай ажиллах боломж технологийн талаасаа хэр бол?
-Одоогоор сүлжээгүй орчинд ажиллах программын хувилбартай. Газрын зургийг онлайнаар татдаг шиг татаж болно. Очих гэж байгаа аймгийнхаа мэдээлэл, маршрутыг татах гэсэн цонх дээр дарж татаж аваад сүлжээ орохоор шууд ажиллах тохируулгатай.
-Гадаадын жуулчид Монгол дахь аяллын захиалгаа booking.com, Trip.com, саяхан монгол хэл дээр хөгжүүлэлт хийсэн tapa.mn зэрэг гадаадын сайтуудаар хийдэг юм билээ. Тэгэхээр Монголын аялал жуулчлалын мэдээллийн захилга, гадаад сурталчилгааг хиймэл, оюун, технологийн дэвшил ашиглаж хөгжүүлэх ямар боломж хэр байна вэ?
- Манайх одоогоор аялал жуулчлалын мэдээллийн эко системийн хөгжүүлэлт хийж байна. Ямар нэгэн төлбөртэй booking рүү орохгүй. Гадаад, дотоодын хэрэглэгчид манайх руу үнэ төлбөргүй нэвтрэх эко систем. 21 аймгийн Аялал жуулчлалын газрууд мэдээллээ байршуулснаар тодорхой хэмжээний төлбөр төлнө. Түүнчлэн аялал зохион байгуулдаг хувийн, сонирхлын компаниуд өөрсдийнхөө “Profile”- ийг үүсгээд аяллын маршрутаа зохиож оруулахдаа ямар нэг төлбөргүй. Нөгөөтээгүүр, төр хувийн хэвшлүүд тухайн аймагт хэдэн жуулчин ирж байна. Жуулчны ямар урсгал байна вэ гэдгийг аймгууд өөрсдөө харах боломжтой.
Мөн улсын хэмжээнд хянаад явах боломжтой. Өөрөөр хэлбэл бүх мэдээлэл "Рийл тайм" хэлбэрээр / (Real-time) гэдэг нь мэдээлэл, үйл явдал эсвэл өгөгдлийг үүссэн даруйд нь, хоцролтгүйгээр боловсруулах, харах, хянах үйлдлийг хэлнэ/ хадгалагдах учраас хэдийд ямар жуулчны урсгал тухайн аймагт нэмэгдэх үү, багасах уу гэдгийг харах бэлтгэлээ төлөвлөж шийдвэрээ гаргаж болно. Мөн нийт жуулчид, аялагчдын хэдэн хувь нь англи болон солонгос, өөр бусад хэлээр мэдээлэл авсан нь статистик нь хүртэл харагдана. Ерөнхийдөө шийдвэр гаргагчдад нэгдсэн мэдээллээр хангах зориулалт бүхий хөгжүүлэлттэй платформ учраас төлбөргүй.
-Аймгууд жил бүр төсвөөс мөнгө гаргаж веб сайт хийдэг. Үр дүн муутай харагддаг. Тэгэхээр танай хөгжүүлсэн платформ энэ төсвийн үрэлгэн байдлыг л халж байна гэж ойлголоо?
-Тийм. Бид аймгуудын аялал жуулчлалын газрын мэдээллийг авахдаа веб сайт руу хайж ордог. Орсон ч хангалттай цаг үедээ тохирсон мэдээлэл авч чаддаггүй. Өөрөөр хэлбэл, байнга хөгжүүлэх дэд бүтэц, боловсон хүчний нөөц хангалтгүй. Тиймээс энэ системээр бүх аймгуудын мэдээллийг нэгтгэсэн гэсэн үг.
Мөн Монгол Улсын бүх музейн мэдээллийг цуглуулж байна. Бүх аймгийн музейн мэдээллийг оруулна. Музейн тайлбарлагч олон хүнд тайлбарлахад хүндрэлтэй байдаг. Тэгвэл үүнийг хөнгөвчилж цахим QR-ийг уншуулахад тухайн хүн өөрийнхөө төрөлх хэлээр музейн бүх үзмэрийг сонсонгоо, үзэх юм. Нэг давуу тал нь өөрийнхөө сонсголын хурд, сонирхолд тааруулж сонсож болно. Хөтөч заримдаа маш хурдан тайлбарлах тохиолдолд зарим хүн сонсож амждаггүй. Тэгвэл энэ байдлыг сонсох төхөөрөмжөөр хялбархан шийдсэн гэсэн үг. Харааны болон сонсголын бэрхшээлтэй хүмүүст ч хамгийн таатай байдлаар зохицуулсны зэрэгцээ дохионы хэлмэрчтэй. Энэ мэтээр технологийн тусламжтайгаар бүх төрлийн хүмүүст хүртээмжтэй байдлаар асуудлыг нэг дор шийдэж байгаагаараа онцлогтой. Аялал жуулчлалын олон талт байгууллагуудыг нэг эко системээр шийдсэн гэсэн үг.
-Аялал жуулчлалын томоохон эвент арга хэмжээний мэдээлэл танай системд орж байгаа биз дээ?
-Улсын хэмжээний, нийслэлийн болон орон нутгийн хэмжээний гэсэн байдлаар том эвентүүдийн мэдээллийг оруулсан. Мэдээллээ оруулахдаа ирэх өдрүүдэд давхар хаана ямар арга хэмжээтэй гэдгийг сануулж, оролцох боломжтой гэх зэргээр тухайн арга хэмжээний хөтөлбөрийг он, сар өдөртэй нь өгдөг. Нийслэлийн аялал жуулчлалын газрууд бүх том арга хэмжээнүүдийнхээ мэдээллийг оруулж байгаа. Тухайлбал, ирэх долоодугаар сард зохион байгуулагдах Дэлхийн адууны баярын бүх хөтөлбөр, мэдээлэл орж байх жишээтэй. Архангай аймагт болох “ARA” фестивалийн бүх хөтөлбөр, тасалбар захиалгын линк рүү шууд хөтлөх жишээтэй.
-Маш том дата бааз үүсэж байна. Үүний өмчлөл нь хэнд үлдэхээр байгаа вэ?
-Одоогоор аймгуудын боловсруулсан мэдээлэл, контент нь өөрсдөд нь үлдэнэ. Хөгжүүлэлтийн систем нь үүсгэн байгуулсан манай компанийн өмч болж үлдэнэ. Манайх энэ системийг 2023 оноос хөгжүүлсэн. Хөгжүүлэлтийн баг, дизайнерын баг ажилласан. Бүх аймгуудад сургалт хийсэн. Бидний гол зорилго Монголынхоо өв соёлыг дижитал хэлбэрт шилжүүлж хадгалж үлдээе. Олон улсын жуулчдыг хүлээн авах боломжтой Үндэсний системийг бий болгоё гэсэн алсын хараатай. Манайх өмнө нь аялал жуулчлалын салбарын онгоцны тасалбар, буудал захиалгын чиглэлээр системийг хөгжүүлж байсан туршлагатай. Олон улсын хэмжээнд санхүүгийн, аудитын захиалгат систем хөгжүүлж байсан. Олимп болон спортын наадмын систем хөгжүүлэлтээр мэргэшсэн. Дизайнерын grado.mn платформ манай компанийн үндсэн бүтээгдэхүүн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 85 (7827)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn