Ч.БЯМБАХАЖИД
Энэ удаагийн “Трэнд зочин" буландаа ХЭҮК-ийн гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболдыг урьж, Шүүх шинжилгээ ба хүний эрхийн асуудлаар ярилцлаа.
-Шүүх шинжилгээний байгууллага гэж юу вэ. Шүүх шинжилгээ ба хүний эрхийн талаар холбон тайлбарлавал?
-Шүүх шинжилгээ бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны амин сүнс болсон үйл ажиллагаа байдаг. Өөрөөр хэлбэл, шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг маргааны 95-98 хувьд нь ямар нэгэн шинжилгээ хийгдсэн байна. тухайлбал, Хүний биед учирсан гэмтлийн зэрэг тогтоох, бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон, зам тээврийн осолд орсон, эд хөрөнгөд нь хохирол учирсан зэрэг эдгээр үйл явдал болсон эсэхэд мэргэжлийн шинжээчид дүгнэлт гаргадаг. Энэ дүгнэлт нь шүүх шийдвэрээ гаргах гол нотлох баримтын эх сурвалж болдог.
Энэ утгаараа шүүх шинжилгээний дүгнэлт нь хэрэг мөн эсэх, хохирлын хэр хэмжээ зэргийг тодорхойлж хүний хувь заяаг шийдвэрлэдэг гэж хэлж болно. Тиймээс шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхэд ашиглаж байгаа шинжээчийн дүгнэлт нь нотлох баримт болох чадвартай байхын тулд наад зах нь дараах гурван шаардлагыг хангаж байх ёстой гэж НҮБ-аас батлан гаргасан “Хүний эрх ба шинжлэн магадлахуйн протокол”, Станбулын протоколуудад тусгаж өгсөн байдаг. Нэгдүгээрт, шинжээч нь тусгай мэдлэгтэй, мэргэшсэн байх. Хоёрдугаарт, стандартын шаардлага хагасан техник хэрэгслийг ашиглаж шинжилгээ хийсэн байх. Гуравдугаарт, зориулалтын лаборатори, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд шинжилгээнүүд хийгдсэн байх ёстой байдаг. Гэтэл манай улсад ялангуяа орон нутагт хийгдэж байгаа шинжилгээнүүдийн ихэнх нь стандартын бус орчин нөхцөлд хийгдэж байна, шүүгч прокурор, өмгөөлөгч нар шинжээчийн тусгай мэдлэгт эргэлзэж байх жишээтэй. Гэмт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт болох чухал шинжилгээнүүд зориулалтын бус өрөө, орчин нөхцөлд хийгдээд байна. Ингэж хийсэн шинжилгээнүүд нь шүүхийн нотлох баримт болоод байгаа юм. Тиймээс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактад заасан шударгаар шүүх эрхийг хангахын тулд шүүх шинжилгээний үйл ажиллагаа, орчин нөхцөлийг сайжруулах шаардлагатай байна.
-Танай судалгааны үр дүнгүүдээс харахад Шүүх шинжилгээний тогтолцоо манай улсад хэр хөгжсөн харагдаж байна вэ?
- Шүүх шинжилгээний байгууллага нь цагдаагийн байгууллагын харьяанд олон жил явж ирсэн. Харин 2005 оноос эхлэн бие даасан байгууллага болж үйл ажиллагаагаа явуулж буй 20-иод жилийн түүхтэй алба юм. Тус байгууллага бие даагаад харьцангуй хөгжих шатандаа явж байна. Одоогийн байдлаар цагдаагийн дүрэмт хувцсыг хэрэглэдэг ч шүүх шинжилгээний байгууллага цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүн хэсэг биш шүү дээ. Тиймээс цаашдаа энэ байгууллага илүү мэргэшсэн, шинжлэх ухааны суурьтай байгууллага байх юмуу эсвэл илүү хууль сахиулах чиглэлийн байгууллага байх уу гэдгээ харах ёстой. Ингэснээр хараат бус, бие даасан, мэргэшсэн шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоог бэхжүүлэх нөхцөл байдал үүснэ гэж харж байгаа.
-Шүүх шинжилгээгээр буруу дүгнэлт гарсан тохиолдолд хүний эрх ямар байдлаар зөрчигдөх вэ. Буруу дүгнэлт гаргасан тохиолдлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
- Шинжээчийн дүгнэлт ямар нэгэн байдлаар буруу гарвал хүн хэлмэгдэх эрсдэлтэй. Үүнтэй холбоотойгоор хүний эрх зөрчигдөх асуудал яригдана. Тухайлбал, буруу дүгнэлт эсхүл эргэлзээтэй дүгнэлтэд үндэслэн хэн нэгэнд хорих ял оноовол тэр хүний амьдрал сүйрнэ биз дээ. Тиймээс шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргах эрхийг нээлттэй байлгаж, түүнийг хангаж байх ёстой юм. Аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхэд эхлээд шинжээчийн дүгнэлт гарна. Тухайн дүгнэлттэй санал нийлэхгүй бол давтан шинжилгээнүүд хийх хуультай. Шүүх шинжилгээг өнөөдрийн практикаар 2-6 дахин давтаж хийх тохиолдол байна. Шинжилгээг давтаж хийх бүрдээ өмнө нь шинжилгээ хийсэн шинжээчид оролцдоггүй. Мэдээж шинжээчийн дүгнэлтийг зориуд буруу гаргавал хуульд заасан хариуцлага хүлээнэ. Гэхдээ шинжилгээ өөрөө тусгай мэдлэг шаарддаг учраас эргэлзээтэй байх тохиол бүрийг буруу дүгнэлт гэж үзэхгүй. Дараагийн шатны дүгнэлтүүд залруулаад явах ёстой.
-Шүүх шинжилгээг олон дахин хийх хуулиар нээлттэй юм байж, гэхдээ хэрэг удаашрах шалтгаан болох уу?
-Шүүх шинжилгээ олон удаа давтан хийгдэх нь хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг удаашруулдаг нэг шалтгаан мөн. Үүнээс болж хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдэх үйл ажиллагаа ч удааширна гэсэн үг. Шүүх шинжилгээний дүгнэлтэд гомдол гаргах, дүгнэлт гарахгүй удаашрах хэд хэдэн шалтгаан байна гэж харсан. Нэгдүгээрт, эргэлзээгүй дүгнэлт гаргахад шинжээчийн тусгай мэдлэг, мэргэшсэн байдлаас ихээхэн хамааралтай, нөгөө талаас шинжилгээ хийх техник хэрэгсэл, орчин нөхцөл, ашиглагдах материал ч чухал юм. Тиймээс тусгай мэдлэгтэй шинжээчдийг бэлтгэх, тэдгээрийн чадавхыг нэмэгдүүлэх шаардлага байгаа нь манай судалгаанаас харагдаж байна.
-Танай судалгаагаар шүүх шинжилгээний байгууллагад хамгийн гол тулгамдаж байгаа, онцлох асуудлууд нь юу байна гэж гарсан бэ?
-Шүүх шинжилгээний байгууллагын тулгамдаж буй зүйлс бол маш өргөн хүрээтэй асуудал. Тиймээс хамгийн түрүүнд хүний биед үзлэг, шинжилгээ хийж байгаа орчин нөхцөлийг стандартад нийцүүлж сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн гэмтэл бэртэл аваад очиж байгаа энэ орчин хүний аюулгүй байдал, нууцлалыг хангасан, үйлчлүүлэгчээ хүндэтгэсэн орчин нөхцөл байх ёстой бөгөөд тодорхой м.кв нь стандартад нийцсэн, зориулалтын багаж, техник хэрэгсэлтэй, халуун хүйтэн усанд холбогдсон зэрэг наад захын стандартыг хангасан байх ёстой. Гэвч эдгээр стандартыг хангаагүй шүүх шинжилгээний байгууллага орон нутагт түгээмэл байна. Бүр цаашлаад хүн ороод үзлэг хийлгэх боломжгүй өрөө, тасалгаанууд ч байна. Гэрэлгүй, цонхыг нь битүү хаачихсан зэрэг байгууламжууд их байна. Ер орон нутагт шүүх шинжилгээний байгууллагууд ашигладаггүй, акталсан, үйл ажиллагаа явуулахыг зогсоосон барилгуудад үйл ажиллагааг явуулж байгаа нь бүхэлдээ хүний эрхийг зөрчиж буй үйлдэл. Улсын хэмжээнд өнгөрсөн жил 17 мянган хүний биед үзлэг хийсний 8000 орчмыг нь орон нутагт стандартын бус өрөө тасалгаанд хийсэн байна. Ингэж хийсэн шүүх шинжилгээний дүгнэлтүүд нь нотолгооны шаардлага хангах эсэхэд ХЭҮК-оос шүүмжлэлтэй хандаж байгаа. Нэн түрүүнд Шүүх шинжилгээний ерөнхий газар болон ХЗДХЯ, орон нутгийн удирдлагууд анхаарал хандуулж засах шаардлагатай.
Жишээ дурдахад, ХЭҮК-ийн хяналт шалгалтын хүрээнд Өвөрхангайн Хархорин, Завханы Тосонцэнгэл сумын шүүх шинжилгээний байруудтай танилцсан. Ингэхэд шүүх шинжилгээний байрууд нь стандартын шаардлага огт хангаагүй, бүх үйл ажиллагаа нь холилдсон байсан. Иймээс Завхан болон Өвөрхангай аймгийн Засаг дарга нарт шаардлага хүргүүлж, орчин нөхцөлийг хүний эрхийн наад захын стандартад нийцүүлж сайжруулсан байгаа. Энэ мэтчилэн бүх аймагт шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулж байгаа байр, орчин нөхцөлийг сайжруулах шаардлага байна.
-Тэгвэл шинжээчдийн эрх болон нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна. Шинжээчдэд тулгарч буй асуудлын талаар яривал?
-Энэ байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн асуудал маш хангалтгүй байна гэж үзсэн. Тухайлбал, орон нутагт туулах чадвар өндөр тээврийн хэрэгсэл дутмаг байна. Хэргийн газрын үзлэг, дуудлагад цагдаагийн байгууллагын машинд дайгдаж явах тохиолдол байна. Хөдөө хээр, алслагдсан газар очоод цагдаагийн мөрдөгчөө хүлээгээд 1-3 хонож байна. Энэ хугацаанд нь томилолтын цалин хөлс гэж зарим газар олгохгүй байх зэрэг нөхцөл байдалтай байна. Дээр нь шүүх шинжилгээний байгууллага нь химийн олон төрлийн урвалж бодисуудтай ажилладаг учраас эрүүл мэндээрээ хохирох, хордох тохиолдол их байна. Яагаад гэвэл зориулалтын бус орчинд тэдгээр бодисуудыг найруулах, хадгалах үйл ажиллагаа явагдаж байгаа учир шинжээчдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөг үзүүлж байна. Мөн тухайн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдэд химийн бодис үнэртэх, нүд нь хорсох зэрэг нөхцөл байдлыг бий болгож байна. Энэ тохиолдолд хор саармагжуулах бүтээгдэхүүнийг олгох хуультай байдаг. Гэвч тухай бүрд нь тус бүтээгдэхүүнийг олгож тавихгүй, сарын эцэс болоход л хоёр бүтэн сүү өгөөд явчихдаг тохиолдол байна. Уг нь химийн бодистой ажиллах бүрдээ л хор тайлах бүтээгдэхүүнийг ууж хэрэглэснээр эрүүл мэндээ хамгаалж чадна шүү дээ.
Түүнчлэн зориулалтын бус өрөөнд үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор тухтай ажиллах орчин нөхцөл, бичиг баримтаа хадгалах боломжгүй байна. Тэр бүү хэл хүний биеэс авсан биологийн дээж, эд зүйлүүдийг 10 жил хадгалах хуультай ч эдгээрийг хадгалах өрөө сав байхгүйн улмаас ажлын өрөөндөө шилтэй нь өрөөд тавьчихсан байх жишээний. Цаашлаад өөрийн гэсэн байргүй учир олон газар сэлгэн нүүх шаардлагатай болох зэрэг хүндрэлүүд төрийн албан хаагчийн нуруун дээр явдаг юм байна.
Хамгийн наад зах нь эдгээр асуудлуудыг стандартад нийцүүлж шийдвэрлэх шаардлага байна гэж ХЭҮК-оос үзсэн. Дараагийн нэг асуудал нь орон нутагт нарийвчилсан шинжилгээнүүд хийгдэхгүй байгаа юм байна. Эдгээр нарийвчилсан шинжилгээг заавал Улаанбаатар хот руу ирж хийлгэж буйтай холбоотой хугацаа алдах, шинжилгээнд ашигладаг бодис, техник хэрэгслийн хүртээмж нь хүрэлцэхгүй байх, дараалал их үүсэх хүндрэлүүд гарч байна. Жишээлбэл, өнгөрсөн жил ДНК шинжилгээний урвалж бодисыг хангалттай хэмжээнд нөөцөлж чадаагүйгээс шинжилгээ жишиг хугацаандаа гараагүй тохиолдол хэдэн арваараа гарч байна. Өөрөөр хэлбэл, 120 хоногт гарч байгаа ч тохиолдол байна. Үүнээс шалтгаалан хэргээ богино хугацаанд шийдвэрлүүлэхээр хүлээж байгаа иргэд гурван сар ганцхан шинжээчийн дүгнэлт хүлээгээд байж байна. Энэ болгонд хохирогчийн эрх зөрчигдөж байгаа.
-Шүүх шинжилгээний байгууллага нь илүү хараат бус, шударга ажиллахын тулд юун дээр анхаарах вэ?
-Шүүх шинжилгээний бол шүүхийн шийдвэрийн хамгийн гол нотлох баримт болох дүгнэлтийг гаргадаг. Тэгэхээр энэ дүгнэлт хараат бус, мэргэжлийн өндөр түвшинд ямар нэгэн нөлөөлөлгүй гарах ёстой. Ингэхийн тулд нэгдүгээрт шинжээчдэд эдийн засгийн баталгаа бүрдсэн байх ёстой. Цалин хөлсний үнэлэмж дор хаяж шүүгч, прокурорын түвшинд байх ёстой. Шинжээч бол тусгай мэдлэгтэй хүн. Өнөөдөр зах зээл дээр эдгээр хүмүүс тусгай мэдлэгээ ашиглаад ажиллавал дундаж цалин хөлс нь 10 сая төгрөг байх ёстой. Гэтэл шүүх шинжилгээний байгууллагад хамгийн сайн экспертүүдийг ажиллуулж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй асуудал болоод байна. Ажиллаж байгаа тохиолдолд цалин нь гурав орчим сая төгрөг. Энэ нь зах зээлийн ханштайгаа нийцэж байгаа, үгүй нь нэг асуудал. Шинжээчийн үйл ажиллагаатай холбогдуулж тэдгээрийн аюулгүй байдлыг хангах хамгаалах асуудлууд байна. Шинжээч гаргасан дүгнэлттэйгээ холбоотойгоор олон нийтэд мэдээ тайлбар өгөхийг хориглодог. Шинжээчийн дүгнэлтийг зөв, буруу гэж нийгмээрээ шүүмжилж ярьсны төлөө тэд тайлбар өгөх эрхгүй байдаг. Тиймээс энэ талын асуудлуудыг харгалзаж үзэх ёстой. Мөн бид шинжээчийн буруу дүгнэлттэй холбоотойгоор шүүхийн шийдвэр буруу гарсан тохиолдол байдаг эсэхийг судлахад маш ховор байсан. Сүүлийн таван жилийн хугацаанд хууль бус дүгнэлт гаргасан гэх үндэслэлээр таван шинжээчид холбогдох хэргүүдийг шалгасан. Тэгэхээр шинжээчийн дүгнэлт хууль бусаар гарах тохиолдол хавтгайрсан үзэгдэл биш гэж харж байгаа. Шинжээч бол хараат бус байх ёстой. Хэн дуртай шүүх, прокурор нь дуудаж загнаад байж болдоггүй тусгай алба. Үйл ажиллагаа нь зарим тохиолдолд маш нууц, цахим технологид суурилдаг байснаар хараат бус байдал нь хангагддаг. Гэтэл зарим орон нутагт Засаг дарга нь дуудаж уулздаг, хэрэг төвөг их гарч байгаа тул дүгнэлтдээ анхаар гэж хэлж байсан тохиолдол ажиглагдсан. Манай судалгаагаар хэд хэдэн шүүх шинжилгээний байгууллага цагдаагийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг нь гарсан. Тиймээс шүүх шинжилгээний байгууллагын хараат бус байдлын тал дээр нэлээд сайн анхаарах ёстой. Шинжээч мөрдөгч хоёр холилдож болохгүй шүүд ээ наад захын хараат бус байдал эндээс эхэлнэ.
-Шүүх шинжилгээний байгууллага ирээдүйд хэрхэн хөгжих боломжтой гэж харж байна вэ?
-Энэ салбарыг хөгжүүлэх ёстой. Шүүх шинжилгээний байгууллага бол төрийн тусгай албанаас гадна шинжлэх ухааны байгууллага юм. Тэр тусгай мэдлэг, цахим орчинтой ажиллах, болсон үйл явдлыг сэргээн дүрслэх, хэн нэгнийг хэлмэгдүүлэх эсвэл ял завшуулахгүй байх гол нотлох баримтыг гаргаж байгаа энэ байгууллагын хараат бус бие даасан, үйл ажиллагаагаа явуулах төсөв санхүү, орчин нөхцөлийг нь шүүхийн байгууллагаас дутахааргүй бэхжүүлж өгснөөр Монгол Улсад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар дараагийн түвшиндээ хүрнэ. Жилд шүүх дунджаар 15 мянга орчим эрүүгийн хэрэг, үүнийг гурав дахин нугалсан иргэний хэрэг маргааныг шийдвэрлэдэг байна. Энэ болгон дээр шинжээчид дүгнэлт гаргадаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Шүүх хэргийг шийдвэрлэж байгаа боловч шинжлэх ухааны дүгнэлтүүдийг шүүх шинжилгээний байгууллага гаргаж байгаа учраас хамгийн шилдэг мэргэшсэн боловсон хүчнүүдийг олж ажиллуулах нь шударгаар шүүлгэх баталгаа болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 23.ПҮРЭВ ГАРАГ. № 77 (7819)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn