П.АМГАЛАНБАЯР
Байгаль дэлхий бол зөвхөн хүний амьдрах орчин биш, харин ан амьтан, ургамал ногоо зэрэг бүх амьд биетийн оршихуйн эх ундарга юм. Тиймээс байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах нь хүн бүрийн үүрэг билээ.
Байгаль дэлхийн нэгэн ховор амьтан бол “Уулын эзэн” хэмээн нэрлэгддэг цоохор ирвэс юм. Цоохор ирвэсийг хамгаалах зорилгоор “Ирвэс хамгаалах сан”-гаас “Ирвэстэй бүс нутгийн шилдэг байгаль хамгаалагч"-ийг шалгаруулах арга хэмжээг зохион байгуулсан билээ. Дэлхийн 12 улсад цоохор ирвэс тархсан гэсэн статистик байдаг. Харин манай улсад “Уулын эзэн” тархсан бүс нутгийн нэг бол Тост, Тосон бумбын нуруу юм. Тиймээс тус бүс нутагт цоохор ирвэсийг хэрхэн хамгаалж байгаа талаар Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны дарга Э.Сэржмядагтай ярилцлаа.
-Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газар ирвэсийн хамгаалалт, судалгааны ажил ямар түвшинд хийгдэж байна вэ?
- Тост, Тосон бумбын нуруу нь цоохор ирвэсийн хамгийн өндөр нягтаршилтай бүс нутгийн нэг юм. 2008 оноос эхлэн “Ирвэс хамгаалах сан”-гаас тус бүс нутагт урт хугацааны судалгааны төв байгуулан тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Үүний үр дүнд ирвэсийн онцлох тархац нутаг болохыг үндэслэн Тост, Тосон бумбын нурууг 2016 онд Монгол Улсын тусгай хамгаалалтад авсан. Тус бүс нутаг нийт 896 мянган га талбайг хамардаг.
-Судалгааны ажлын хүрээнд тус бүс нутагт цоохор ирвэсийн тоо толгой ямар түвшинд байна вэ?
- Сүүлийн хоёр жилийн хугацаанд цаг агаар харьцангуй таатай байснаар ирвэс болон түүний идэш бологч амьтадын тоо толгой, өсөх хандлагатай байгааг нь судалгаагаар тогтоогдсон.
Ирвэс болон түүний идэш тэжээл бологч амьтдыг урт хугацааны туршид судалдаг бөгөөд өнгөрсөн жилийн камерын судалгааны мэдээллээр 35-40 тооны ирвэс бүртгэгдсэн. Жил бүр тогтвортой 20-оос дээш тооны ирвэс тоологддог. Энэ нь бодит нэг бүрчлэн тоологдсон бодит тоо биш , харин судалгааны камерын урт хугацааны ажиглалтын үр дүнд гарсан үзүүлэлт юм.
Ирвэсийн эр, эм хүйсийн харьцаа байгалийн дахь өөрийн зохилдлоор зохицуулагддаг онцлогтой. Манай бүс нутагт гурван зулзагатай ирвэс камерт буусан. Ирвэс нэг удаа зулзагалахдаа хамгийн дээд тал нь 3-4 зулзага гаргадаг. Жил өнжиж зулзагалдгаараа онцлогтой. Тиймээс богино хугацаанд ирвэсийн тоо толгой өсөх боломжгүй.
Мөн ирвэсийг судлахаас гадна түүний идэш тэжээл бологч аргал, янгир, хар сүүлт зээр, шилүүс, мануул гээд биологийн бүхий л төрөл зүйлийн амьтан, ургамал бий. Түүний хамгаалалтын менежментийг хэрэгжүүлж ажиллаж байна.
-Хамгаалалтын менежментийн хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?
-Говь нутгийн чухал хүчин зүйл болох усны эхийг хамгаалах, уст цэгийг сайжруулах ажлыг түлхүү хийж байна. Энэ хүрээнд есөн газар жижиг хэмжээний цөөрөм, таван газар уст цэгийг бий болгосон.
Мөн уур амьсгалын өөрчлөлтөд манай нутаг хамгийн их өртдөг. Учир нь, Өмнөговь аймгийн Гурвантэс сум уул уурхайн бүс нутаг. Тиймээс зэрлэг амьтадын амьдрах орчныг хамгаалах, дасан зохицох нөхцөлийг бүрдүүлэх, ган зудтай үед зэрлэг амьтан хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлээс сэргийлэх ажлыг тогтмол хийж гүйцэтгэж байна.
-Судалгааны камерыг Тост, Тосон бумбын нуруу болон түүний орчны бүсэд нийт хэдэн газарт байршуулсан бэ?
-“Ирвэс хамгаалах судалгааны төв” байгууллага 40 гаруй цэгт судалгааны камер байршуулж байна. Мөн орчны бүсэд байршуулсан. Манай хамгаалалтын захиргааны хувьд 20 газарт судалгааны камер байршуулж байнгын хяналт шалгалт хийдэг. Судалгааны камер байршуулснаар тухайн уст цэгт хэдэн төрөл зүйлийн амьтан орж байна. Нэг ирвэс дахин дахин иргэж ирж байна уу, зулгалж байгаа эсэх, түүний идэш тэжээл бологч амьтад бас орж байна уу, өсөлт, үржилт, хүйсийн харьцаа зэргийг судлах ач холбогдолтой.
-Ирвэсийн идэш тэжээл бологч амьтдын тоо толгой ямар түвшинд байна вэ?
-Жил бүр судалгаа хийдэг. 2025 оны байдлаар аргал янгирын тоо өмнөх оныхоос өсөх хандлагатай гарсан бөгөөд 731 янгир, 217 аргал тоологдсон. Харин хар сүүлт зээрийн хувьд Тост, Тосон бумбын нуруу нь гол тархац нутагт тооцогддог бөгөөд 600 гаруй бүртгэгдсэн. Гэхдээ энэ тоо нь Тост, Тосон бумбын нуруу дахь хар сүүлт зээрийн тоог тодорхойлохгүй. Үүнээс цааш хэчнээн сүрэг ажиглагдаагүй байхыг үгүйсгэхгүй.
-Ирвэс байгальд байснаар ач холбогдол нь юу вэ?
-Ирвэстэй нутаг байна гэдэг тэр нутаг эко системийн хувьд онгон дагшин байгааг илтгэдэг. Олон улсад ховордсон амьтан тухайн бүс нутагт амьдарч байна гэдэг байгаль орчны тэнцвэр хадгалагдаж, эко систем цэвэр байгааг харуулж байна гэсэн үг.
-Цаашид цоохор ирвэс болон түүний идэш тэжээл бологч амьтдыг хамгаалах тал дээр ямар ажил хийхээр төлөвлөж ажиллаж байна вэ?
-Манайх бол байгалийн нөөц газар. Нөөц газрынхаа ангиллаас цогцолборт газар болгохоор сум аймгийнхаа хурлын тогтоолыг гаргаад яамаар дамжуулан УИХ-ын тогтоолын түвшинд хүргүүлсэн. Хүлээгдэж байгаа. Хамгаалалтынхаа горим дэглэмийг сайжруулж, байгалийн цогцолборт газар болох, цаашлаад хамгаалалтын газар нутгийнхаа хэмжээг өргөтгөх зайлшгүй шаардлага бий болж байна.
Учир нь, манай нутагт зөвхөн цоохор ирвэсээс гадна мазаалай баавгай, хавтгай тэмээ байнга орж ирсэн ул мөр камерт бичигдсэн дүрс байдаг. Биологийн төрөл зүйл нэмэгдэж байна. Тиймээс эдгээр амьтдын амьдрах орчныг сайжруулах, төлөвлөгөөг түлхүү авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Цаашлаад тусгай сонирхлын буюу ирвэс харах аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого чиглэл ажиллаж байгаа.
-Эдгээр амьтдын амьдрах орчныг сайжруулахын тулд ямар арга авах шаардлагатай байна вэ?
-Бэлчээр, байгаль цаг уур, ус хамгийн чухал. Бэлчээрийн давхцалыг бууруулах, зохицуулах, малын хэт өсөлттэй нутгийнхаа иргэдтэй зохицох, иргэд мал аж ахуйгаас гадна байгалийн зэрлэг амьтдыг түшиглээд аялал жуулчлалыг хөгжүүлж түүнээс ашиг орлого олдог болох зэрэг олон талт бодлого хэрэгтэй гэж бодож байна.
-Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын газарт хэчнээн байгаль хамгаалагч ажилладаг вэ?
-Есөн байгаль хамгаалагч ажилладаг. Мөн нутгийнхаа иргэдийг долоон нөхөрлөл болгож хуваагаад, тус бүрд нэг байгаль хамгаалагч ажилуулдаг. Тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэд байгаль хамгаалагч байх нь хамгийн үр дүнтэй гэж үздэг. Учир нь газар нутгаа сайн мэддэг, өдөр бүр малдаа явахдаа байгаль орчны өөрчлөлтийг ажиглаж, нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэрч чаддаг. Хамгийн гол байгаль хамгаалагч байгаль дэлхийгээ хайрлах чин сэтгэлтэй хүн байх ёстой гэж боддог.
-Малчдад тулгардаг нэг асуудал нь цоохор ирвэс мал руу дайрах тохиолдол байдаг. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Манай бүс нутагт ийм тохиолдол байнга гардаг. Цоохор ирвэс өөрийн идэш тэжээлээ олохын тулд зарим үед мал руу дайрах тохиолдол бий. Энэ зөрчлийг бууруулахын тулд “Ирвэс хамгаалах сан”-гаас ирвэсийн даатгал хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилладаг.
-“Ирвэстэй бүс нутгийн шилдэг байгаль хамгаалагч"-ийг шалгаруулах арга хэмжээний ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?
-Ирвэстэй бүс нутаг дахь шилдэг байгаль хамгаалагчдыг шалгаруулж урамшуулж байна гэдэг хамгийн чухал ач холбогдолтой. Энэ нь байгаль хамгаалагчдын ажиллах урам зоригийг нэмэгдүүлнэ. Түүнчлэн ирвэсийг хамгаалах талаар мэдлэг туршлагаа солилцох боломжийг бүрдүүлнэ гэж харж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 78 (7820)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn