Р.Оюун

Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртлөхөөр 1926 онд дунд сургуулийн боловсролтой 35 хүүхэд, залуус Герман орныг зорьсон. Монгол сурагч, оюутнууд Өрнөд Европт суралцаж эхэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа. 1926-1930 онд Герман улсад суралцаж байсан хүүхэд залуусын дотроос 15 нь техникийн болон тусгай мэргэжлийн сургуульд суралцаж, дадлага хийж байжээ. Тэдний тухай судлаач, сэтгүүлч Ч.Болд 18 жил дагнан судалгаа хийж, "Алс газар сурахаар одогсод" хэмээх цуврал гурван ном бичиж хэвлүүлсэн байна. Энэ удаа түүхэн эх сурвалж, баримт, гэрэл зургийн "Өрнөдөд сурахаар одогсод" цомгоо уншигчдын гарт хүргэлээ. Мөн энэ онд тохиож буй Монгол, Германы боловсролын хамтын ажиллагааны 100 жилийн ойд зориулан ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс эрхлэн "Өрнөдөд сурахаар одогсод" цомгийг монгол, герман хэл дээр хэвлүүлсэн байна. 

Монгол сурагч, оюутнууд 1926-1930 онд төрөл бүрийн мэргэжлээр Герман улсад суралцаж, өрнийн соёлтой танилцаж байхад нь ЗХУ болон Коминтерний шахалтаар эгүүлэн татсан юм. Тэдний ихэнх нь улс төрийн шуурганд өртөж, зарим нь амь насаараа хохирсон эмгэнэлтэй түүхтэй. Гэвч тэдний олонх нь ажилласан салбар салбартаа анхдагчид болон алдраа дуурсгаж, шинэ цагийн Монгол Улсын аж үйлдвэр, боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухааны тэргүүлэх сэхээтнүүд хэмээгдэн түүхнээ үйлс бүтээлээ мөнхөлсөн билээ. 

Тэдний дундаас их зохиолч Д.Нацагдорж, Төрийн хошой шагналт, зохиолч Д.Намдаг, Ардын багш Г.Батсүх, Төрийн шагналт, Ардын зураач Л.Намхайцэрэн, гавьяат багш С.Бавуу, Монгол киноны анхны найруулагч Т.Нацагдорж, Б.Гомбо, аж үйлдвэрийн комбинатын ууган ажилтан Х.Юмбүү, улсын хэвлэх үйлдвэрийн ууган инженер Ц.Баатарсэнгэ, М.Лувсаннамжил, монгол, герман хэлний толь бичиг зохиогч Ш.Цэвэг, анхны токарьчин Б.Сэдэд, зохиолч, орчуулагч Н.Наваан-Юндэн, аман зохиол судлаач, зохиолч Б.Содном, номын сангийн ахмад ажилтан Д.Сурмаажав, Д.Цэрэнханд нарын алдартнууд төржээ. 

Эх сурвалж www.zms.mn