П.АМГАЛАН

Хятад, Монголын хэвлэл мэдээллийн Бээжин, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжлага өнөөдөр эхэллээ. Сурвалжлагын эхэнд Өвөр Монголын худалдааны туршилтын бүсийн үйл ажиллагаатай танилцав. БНХАУ-аас авдаг барааны 80 хувь нь Эрээний боомт, чөлөөт бүсээр дамждаг аж. Өвөр Монголын Чөлөөт худалдааны туршилтын гурван бүстэй гэв. Тодруулбал, Хөх хот, Манжуур, Эрээн хотын чөлөөт хуурай замын худалдааны бүс ажиллаж байна.Эрээн хотын салбар бүс нь цогц хэлбэрээр хөгжиж, гурван улсын худалдааны гол коридор болохоор 18 га бүс нутагт байгуулагджээ. Хоёр улсын хоорондын иргэдийн зорчигч хөдөлгөөний 70 гаруй хувь, Монгол руу зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүний 80 гаруй хувийг Эрээн хотын хуурай замын хилийн боомт, чөлөөт бүсээс Монгол улс татан авч байна. Тухайлбал,Монгол улстай худалдаа хийхээс гадна Монгол, Оросоор дамжуулан Европын зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гол боомт болон хөгжиж байна. Түүнчлэн Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын чухал цэг болгох бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү чөлөөт бүсэд 48 аж ахуйн нэгж уул уурхай, хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хил орчмын аялал жуулчлал гэсэн салбараар ажиллаж байна. Энэхүү чөлөөт бүсээс Монгол, Орос, Европт бүтээгдэхүүн борлуулах бодлогыг барьж ажиллахын зэрэгцээ БНХАУ-ын дотоод зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх юм байна. Эрээн хотын чөлөөт бүсийн бүтээн байгуулалтад 1.5 тэрбум юань хөрөнгө оруулалтыг хийжээ. Зам-Үүдийн чөлөөт бүстэй нягт холбоотой ажиллаж, холбогдон бүтээгдэхүүний худалдааг өргөжүүүлэх хүсэлтэйгээ тус бүсийн удирдлага тодотгож байлаа. Хэрэв Замын-Үүд, Эрээн чөлөөт бүсийн ажил бодлогын хүрээнд хэрэгжвэл 10 иргэн аж ахуйн нэгж хилийн чөлөөт худалдааг өрнүүлэхээр хандаад байгаа юм байна. Эрээн боомт нь Авто замын боомтын хоёр дахь терминалыг оруулж, зорчигч болон ачаа тээврийн урсгалыг салгаж, үр ашигтай ажиллагааг дээшлүүлжээ. Тус авто замын боомтоор жилд зургаан сая тонн ачаа тээвэрлэх боломжтой аж. Мөн Тяньжинь боомт, Таншань боомт зэрэг усан боомтуудтай хуурай замын болон далайн боомтын уялдаа холбоог бэхжүүлж, төмөр замын нэвтрэх хүчин чадлыг өсгөх загварыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Монгол, Орос руу чиглэсэн олон улсын агаарын замын сүлжээг өргөжүүлж, нисэх онгоцны ачаа тээврийн боломжийг ашиглаж, олон улсын агаарын тээврийн шинэ маршрутыг Эрээн хотын чөлөөт бүс дээр тулгуурлан хэрэгжүүлэхээр төлөвлөгөө боловсруулж ажиллаж эхэлжээ.

Эх сурвалж:www.zms.mn