“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Монгол Улсын Хөгжлийн банкны Эрсдлийн удирдлагын газрын захирал Б.Билэгчулууныг урьж ярилцлаа.
Блиц:
Боловсрол
2009-2014 он. Монгол Улсын Их сургууль, Эдийн засагч
2016-2018 он. Линколн их сургууль, Бизнесийн удирдлага
Ажлын туршлага
2015-2016 он. Үндэсний давхар даатгал ХК, Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК, Хөрөнгийн удирдлага, нөхөн төлбөрийн газар
Нөхөн төлбөрийн менежер
2019-2025 он. Үндэсний давхар даатгал ХК, Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК, Эрсдэлийн менежментийн хөрөнгийн удирдлагын газар
Газрын захирал, Эрсдэлийн ахлах шинжээч
2025 он. Монгол Улсын Хөгжлийн банк, Эрсдэлийн удирдлагын газрын захирал
-Хөгжлийн банкнаас “Монгол Улсын хөгжлийн санхүүжилтийн шийдэл” гэх долоо хоногийн арга хэмжээг зохион байгууллаа шүү дээ. Энэ арга хэмжээний талаар мэдээлэл хуваалцана уу?
-Хөгжлийн банк тавдугаар сарын 4-8-ны өдрүүдэд “Монгол Улсын хөгжлийн санхүүжилтийн шийдэл” гэх долоо хоногийн арга хэмжээг зохион байгуулсан.
Тус арга хэмжээнд “Монгол Улсын хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэл хамтын ажиллагаа”, “Хөгжлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх хэлбэр-хэрэгцээ шаардлага”, “Төслийн санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын боломж”, “Актив удирдлага-хамтын ажиллагаа” хүрээнд хэлэлцэж, шинэ санал шийдлүүдээ ярилцлаа. Миний хувьд “Актив удирдлага-хамтын ажиллагаа” чиглэлд илүү анхаарч оролцлоо. Хөгжлийн банкны чанаргүй актив 2018 оноос хойш нэлээд хүнд нөхцөлд байгаа төдийгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хугацааны алдагдалтай байдалд байна. Тэгэхээр энэ чанаргүй активыг хэрхэн бууруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар бодлогын төв банк, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон бусад холбогдох газруудтай хэлэлцлээ.
Мөн дээрх арга хэмжээний үр дүнд хэд хэдэн арга зам, шийдэлд хүрлээ. Тухайлбал, Актив удирдлагын компанийг монголд байгуулах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар санал гарлаа. Цаашид Актив удирдлагын компанийн хуулийн төслийг төв банк болон банкны холбоо, Хөгжлийн банк ч мөн оролцоод ажлын хэсэгт багтаад ажиллаж байна. Тиймээс үүн дээр ахиц гарна гэсэн хүлээлттэй байгаа. Мөн Хөгжлийн банкны ирэх таван жилд ямар бодлого баримталж ажиллах талаар гарлаа. Түүнчлэн арга хэмжээний үеэр “Хөгжлийн банк 100 хувь төрийн өмчит байх нь зөв жишиг биш юм байна. Олон улсын байгууллагатай хамтарсан, хувийн хэвшлийг оролцуулсан засаглалын ил тод байдал эрүүл” байна гэх саналыг салбарынхан онцолж байсан. Тэгэхээр манай банк бодлогын хүрээнд тэр талыг бодолцож байгаа.
Мөн “Актив удирдлагын компанийн тухай хууль” 2019 онд УИХ-д өргөн баригдсан боловч батлагдаагүй. Яагаад гэвэл “төрийн мөнгөөр арилжааны банкуудын төлбөрийг төлөх юмуу, засаглалын хувьд аль нь зөв юм бэ, эх үүсвэр нь хаанаас босох вэ” зэрэг олон асуудал УИХ дээр яригдаж байгаад хойшилсон. Одоо дахин яригдах болсон шалтгаан нь энэ олон чанаргүй активуудыг зөвхөн шүүхийн шатанд нь орхиод явахаар маш их алдагдсан боломжууд байдаг. Актив удирдлагын компани маш зөв менежменттэйгээр бүрдээд эхэлбэл монголын банкууд, ББСБ-уудад хэрэгтэй. Гэхдээ энэ асуудалд маш няхуур хандаж, анхнаас нь зөв тогтолцоотойгоор явуулах ёстой.
-Танай банкны өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Хөгжлийн банкны өнөөгийн нөхцөл байдал харьцангуй сайжирч байна. Өмнө жилүүдэд банк өөрийн эх үүсвэрийн дутагдалтай, санхүүгийн харьцаа үзүүлэлтийг хангах боломжгүй нөхцөлд байсан. Харин одоо дээрх эрсдэлүүдийг давснаар олон улсын өмнө ч банкны үйл ажиллагаагаа явуулж, сэргэж байгаа. Бид 500 сая ам.долларыг татан төвлөрүүлэхээр гаднын банкуудтай харилцаад явж байгаа. Ингэхэд гаднын банкуудаас манайхтай хамтрах санал маш их ирж байна. Гадаад талдаа нэр хүнд маш өндөр байгаа гэж хэлж болно.
Манай банкны зээлжих зэрэглэл 2025 оноос шатлал ахиж өссөн. Ингэснээр олон улсад зэрэглэл маань өсөж, банкны санхүүгийн чадавх сайжирсан зэрэг тал бүрийн сайн үр дүнгүүд гарсан. Мөн өөрийн санхүүгийн харьцаа үзүүлэлт болон банкны үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд нөөц бололцоо, эх үүсвэрээ нэмэгдүүлэх нь тэргүүн эгнээний ажил байсан. Тэгвэл бид энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор гаргуулж чадсан.
Эндээс дүгнэвэл, 2026 оны эхний хагас жилд банк маань хүндрэл, саад бэрхшээлүүдийг амжилттай даван туулаад явж байна.
-Хөгжлийн банк үндсэн үйл ажиллагаагаа сэргээж, эрчим хүч, дэд бүтцийн чиглэлээр зээл олгоно гэж байсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Банкны ашигт ажиллагаа болон санхүүгийн үзүүлэлт маань зөрчигдсөн үед Хөгжлийн банкны тухай хууль, Монгол банкнаас тавьсан шалгууруудаар ч шинээр зээл гаргах боломжгүй байсан. Харин өөрийн хөрөнгө болон харьцаа үзүүлэлтийн асуудлыг шийдэж, шинэ зээл гаргах боломж бүрдсэн учраас 2026 онд зээлүүд олгохоор судалж байна. Энэ хүрээнд манай дээр хэд хэдэн дэд бүтцийн, эдийн засгийн үр өгөөжтэй зээлүүд судлагдаж байгаа. Тиймээс энэ оны нэгдүгээр хагас гэхэд зээлээ гаргаад банк хэвийн ажиллагаандаа орчихсон байна гэж харж байгаа. Хоёдугаар хагас жилдээ хууль эрхзүйн шинэчлэлээ батлуулж, зээл болон чанаргүй активыг бууруулж илүү үр өгөөжтэй, ашигтай байхаар төлөвлөж байна.
-Хөгжлийн банкны нийгэм дэх үүрэг оролцоо болон эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ ?
-Манайд өмнө хүсэлт ирүүлсэн байгууллагуудаа судлаад 2026 оны эхний хагаст төслийн санхүүжилтүүдийг хийгээд явахаар байгаа.
Эдийн засаг, хөгжлийн яамны баталсан 189 төсөл хөтөлбөр байна гэх мэдээллийг авсан. Үүний 70-80 нь санхүүжилтээ шийдсэн, үлдсэн нь шийдээгүй байгаа. Заримынх нь ТЭЗҮ гараагүй тохиолдол байгаа. Зөвхөн санхүүжилтээ хүлээж байгаа ч төслүүд байна. Эдгээрээс бид аль болох эдийн засгийн үр өгөөжтэй, Монгол Улсдаа ашиг төвлөрүүлэх боломжтой дэд бүтцийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулна.
Эдийн засаг хөгжлийн яамтай хамтран Монгол Улсын таван жилийн төлөвлөгөө болон “Алсын хараа-25” зэрэгт туссан эдийн засгийн салбарт өгөөжтэй төсөл хөтөлбөрүүдээ Хөгжлийн банк боломжоороо оролцоно. Хөгжлийн банкан дээр 2026 онд нэг тэрбум ам.долларын эх үүсвэрийг гадаад бондуудаас татан төвлөрүүлэхээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд зургаадугаар сард 500 сая ам.долларын бондыг гаргахаар төлөвлөж байна. Ингэснээр төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, өнгөрсөн онуудад авсан өртөг өндөртэй эх үүсвэрүүдийг хямд өртөгтэй эх үүсвэрээр дахин санхүүжүүлж, зардлыг бууруулна.
Манай банк сүүлийн дөрвөн жилд зээл гаргаагүй учраас өртөг өндөртэй эх үүсвэрийг хямд өртгөөр бууруулах, өрийн удирдлагыг хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байна.
Мөн Хөгжлийн банк дотооддоо төгрөгийн бондыг гаргахаар ажиллаж, төсөл маань нэлээд шат ахисан явж байна. Ингэхдээ 500 тэрбум төгрөг хүртэлх төгрөгийн бондыг Засгийн газрын өрийн хэрэгсэлтэй ижил байдлаар урт хугацааны байдлаар гаргана. Энэ хөрөнгийн зах зээл дээрх хэрэгтэй бүтээгдэхүүн юм. Дотооддоо бонд гаргах нь Засгийн газрын өрийн хэрэгсэлтэй адил статусаар гаргах боломж Хөгжлийн банкан дээр байдаг. Тиймээс Хөгжлийн банк хөрөнгийн зах зээл болон өөрсдийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, дотоодын зах зээлээр төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор ажиллаж байгаа юм.
- Танай банкны одоогийн нөхцөл байдалд тулгамдаж байгаа асуудлууд юу байна, хэрхэн шийдвэрлэж, сайжруулах шаардлагатай гэж харж байна вэ?
-Одоогоор тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол чанаргүй активын хөрөнгө байна. Манай дээр ихэвлэн төрийн өмчит компани болон улсын төсөвт газрууд байгаад байгаа. Үүнтэй холбоотой Засгийн газар болон бусад холбогдох байгууллагууд шийдвэр гаргах шаардлагатай байгаа. Гэхдээ бид 2026 оны эхний хагас жилд хийсэн ажлынхаа үр дүнд олон асуудлыг Засгийн газраар шийдвэрлүүлж чадсан. Одоогоор хэрэгжилтийг нь хангуулах ажил л үлдээд байна. Ерөнхий сайдын дэргэд 2026 онд төрийн өр барагдуулах ажлын хэсэг байгуулагдсан. Үүн дээр нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сан зэрэг олон чанаргүй активууд байгаад байна. Эдгээрийг шийдвэрлэхэд Хөгжлийн банк тус ажлын хэсэгт багтан ажиллаад явж байгаа.
-Танай банкнаас хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа онцлох төсөл хөтөлбөр юу байна вэ?
-Хөгжлийн банк Монголын Төмөр зам компанид зээл олгох асуудал яригдаж байгаа. Энэ төсөл эдийн засгийн үр өгөөж маш өндөр гэж харж байна. Холбогдох судалгаануудаас харахад 45 хоног явдаг ачаа тээврийг 14 хоногт хүргэх зэрэг газрын тээвэр хөгжихөд нөлөөтэй. Мөн энэ төсөл дээр онцлох нэг зүйл бол олон улсын байгууллага хамтран орж байгаа. Ингэснээр монголд анх удаагаа олон улсын байгууллага Хөгжлийн банктай хамтран санхүүжүүлж байгаа төсөл болох юм.
-Цаашид ямар Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмэр болон баримталж буй бодлогын талаар?
-Хөгжлийн банк нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт үр өгөөжтэйгөөр банкны салбар орж чаддагүй хэсэгт нь бид ажиллах ёстой. Энэ утгаараа зөвхөн ашиг харах биш үйлдвэрлэгчдээ дэмжих, экспорт, импортын орлогыг нэмэгдүүлсэн төслүүдтэй ажиллаж байна. Манай банк 2026-2030 оны таван жилийн Монгол Улсын дунд хугацааны стратегийг боловсруулан ажиллаж байна. Эхний хагас жилд дунд хугацааны бодлого маань гараад явж байгаа. Тиймээс 2026 оны хоёрдугаар хагасаас Хөгжлийн банк илүү эрүүл, сэргэсэн бүтэцтэйгээр ажиллана гэсэн зорилготой байгаа. Цаашид нийгэмд тустай хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхийг зорьж ажиллана. Хөгжлийн банкны үйл ажиллагаа Монгол Улсын эдийн засагтай салшгүй холбоотой. Тиймээс эхний ээлжинд банкны үйл ажиллагааг хэвийн болгож, санхүүгийн зөв механизм руу оруулаад явна гэж зорин ажиллаж байна.
Мөн төслийн санхүүжилтийг дангаараа биш, олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран хийе гэдэг саналтай байгаа. Олон улсын байгууллага хамтарснаар эрүүл тогтолцоо, засаглалын хувьд ч сайжрах байдал ажигладаад байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 89 (7831)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn