Базарбямбын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаад “Чингис хаан” Үндэсний музейн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн эрхлэгч Т.Энхтунгалагийг урьж, музейн салбарын дижитал контентийн хөгжил болон тус музейд хэрэгжихээр болсон олон улсын төслийн талаар ярилцлаа.

 


Блиц:

2007-2011 онд Улаанбаатар дээд сургууль-Солонгос хэл баклавр

2011-2014 онд БНСУ-ын Бүгён их сургууль Түүх магистр

2022-2024 онд МУИС эрх зүйч бакалаврын зэрэгтэй төгссөн.

Ажлын туршлага:

2013-2017 он: Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэн-Гэрээт ажилтан

2018-2020 онд БНСУ-д Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэн, Археологийн хэлтэст Эрдэм шинжилгээний ажилтан

2021 он: Монгол Улс Соёлын өвийн үндэсний төв, Захиргаа удирдлагын газрын дарга

2021-2025 Чингис хаан үндэсний музейн Сан хөмрөг хадгалалт, хамгаалалтын хэлтсийн дарга

2025 оноос Чингис хаан музейн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн эрхлэгч, Захиргаа, санхүү, хамтын ажиллагааны төвийн эрхлэгч.

Хариуцаж буй төслүүд:

• JICA-гийн санхүүжилттэй Музейн боловсролын хөтөлбөрт тэгш хамруулахад шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэлтийн төслийн зохицуулагч

• KOICA-гийн санхүүжилттэй Чингис хаан Үндэсний музейн дижитал контент хөгжүүлэлт болон үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл


 

Боловсон хүчнээ бэлдэх нь дижитал контентийг хөгжүүлэх хамгийн чухал бааз

- "Чингис хаан" Үндэсний музей гурван жилийн өмнө үүд хаалгаа нээж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үйл ажиллагаа явуулж эхлэхээс өмнө Монголдоо хамгийн сайн гэсэн компаниудаар дижитал контентуудыг хийлгэж байлаа. Тухайн виртуал контентуудыг одоогийн хэмжээнд үзэгчдийн хүртээл болгоход таатай байгаа боловч яг олон улсын стандартад, үнэхээр өндөр AI хөгжсөн энэ дижитал ертөнцийн эрин зуунд бусад улстай яг хөл нийлүүлэн алхаж чадаж байна уу гэхэд арай жоохон хоцрогдмол тал бий. Тэгэхээр энэ хоцрогдмол талыг юугаар нөхөх вэ гэдэг асуудал гарч ирнэ.

Тиймээс ч дэлхийн зах зээл дээр дижитал контентоо илүү сайн авч явж байгаа улсуудаас туршлага судлах, суралцах, хамтарч ажиллах, цаашлаад өөрсдийн түвшнээ тэр хэмжээнд ахиулах зорилгоор соёлын салбарт томд тооцогдох төслийг авч эхлүүлээд байна. Энэ төсөл БНСУ-ын "KOICA" олон улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр "Чингис хаан" Үндэсний музейд хэрэгжинэ. Төсөл зургаан сая ам.доллар буюу ойролцоогоор 21.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Энэ төсвийн талаас илүү хувийг нь зөвхөн дижитал контентод төвлөрүүлэхээр төлөвлөсөн.

Бид орчин үеийн контент хийе гэхээр тоног төхөөрөмжийг авахын тулд тендэр зарлаад хаанаас ч юм тоног төхөөрөмжийг нь аваад, түүн дээрээ контент боловсруулах ажлыг бас нэг өөр компаниар хийлгэдэг жишгээр явдаг. Тэр болгонд хоорондоо таарахгүй алдаа гарах нь бий. Дээрээс нь контентын хувьд ч манайх яг код бичих тал дээрээ одоогоор төдийлөн сайн биш байна. Миний хувьд анх энэ төслийг бичих болсон шалтгаан нь гэвэл манай байгууллага төсвийн байгууллага. Аливаа байгууллагын удирдагч холыг харж зөв чиглэл өгснөөр шинэ ажил санаачилга цааш амжилттай явдаг, өсөн дэвждэг гэж би хувьдаа ойлгодог. Тэр ч утгаараа манай музейн захирал С.Чулуун 2021 оноос л “За та нар салбар чиглэлдээ төсөл бичиж, чиглэлээ хөгжүүлээрэй” гэж байнга хэлдэг байсан. Миний хувьд хоёр улс руу төсөл бичсэн нь хоёулаа шалгарч чадсан сайхан амжилттай байгаадаа ч баяртай байна. 2023 онд бичиж өгсөн төсөл маань ингээд 2026 онд ажил болж эхлээд явж байгаад баяртай байна. Би Солонгос улсад 10 жил ажиллаж амьдарсан. Хамгийн сүүлд Өмнөд Солонгосын төрийн албанд, тэр дундаа соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн Археологийн хэлтэст эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж, Монголтой хэрэгжүүлдэг төслүүдийг хариуцдаг байсан. Тиймээс төслийн зохицуулагчаар ажиллаж байгаагийн хувиар музейдээ төдийгүй улсдаа ганц ч гэсэн хэрэгтэй зүйлийг хийж үлдээхийг зорьж байна.

Энэ төслийг анхнаас нь контентийн салбарт багагүй туршлагатай Солонгос улсад нь хийлгээд, Солонгосын технологитой нь хамт нэг цогцоор нь авсан нь илүү үр дүнтэй гэж харсан. Яагаад Солонгосыг илүү гэж харж байгааг бараг бүх хүн л хэлэх байх. Жишээ нь, Солонгосын гудамжаар явж байхад л барилгын тал нь өөрөө нураад дээрээс ороод ирж байна уу гэлтэй, музейд нь ороход ч яг бодит мэт амьд орчныг 100 хувь бүрдүүлж чадсан байдаг. Гэтэл манайх одоохондоо тийм түвшинд хүрэх болоогүй байгаа учраас чаддаг газраас нь хийлгээд авчихъя. Авахдаа аваад дуусах биш, цаашид авч явах гэдэг асуудал байгааг бид мартаж болохгүй. Тэгэхээр нэгэнт хийсэн үнэ цэнтэй дижитал контентоо цааш нь үргэлжлүүлээд авч явъя гэвэл бидэнд боловсон хүчин заавал байх ёстой. Бид зүгээр бэлэн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж аваад үлдлээ гэхэд дараа нь явцын дунд асуудал гарах ч юм уу, эсвэл дахиад хөгжүүлэлт дээр тэр компаниудыг дахиад дуудаад ажиллуулаад байх боломж хомс. Тиймээс энэ нөхцөл байдлыг олж харсны үндсэн дээр хамгийн чухал нь бид ажилтнуудаа сургаад авъя гэж зорьж байна. Эхний ээлжинд ажилтнуудаа шат дараатайгаар Солонгост сургана. Ингэхдээ ялангуяа энэ манай контентийг хийх явцад дагалдуулаад яг өөрсдөө бас контент дээр ажиллаж чаддаг болгочих юм бол манайх тоног төхөөрөмжөө контенттойгоо хүлээгээд авсны дараа ч хөгжүүлэлтийг нь цаашид манай хүмүүс өөрсдөө хийчихнэ. Ямар нэг асуудал гарахад өөрсдөө засчих, сэлбэчих ийм боловсон хүчнийг энэ төслийн хүрээнд цогцоор нь бэлдэж авч байгаа.

 

Музейн гарын авлагууд 1990, 2000-аад оныхоороо байна

 

- "Чингис хаан" Үндэсний музейг байгуулах болсон шийдвэр бол Монгол Улсын Засгийн газрын Соёлын салбарт 30 гаруй жилийн дараа хийгдсэн маш том хөрөнгө оруулалтын нэг. Гэхдээ цаашдаа энэ өндөр хөрөнгө оруулалтыг байн байн төсөвт суулгаад, энэ өндөр түвшнийг нь улам ахиулж чадах уу гэвэл үнэнийг хэлэхэд эргэлзээтэй. Ялангуяа соёлын салбарт төдийлөн төсөв тавигдахгүй болсон энэ үед боломж хомс. Гэтэл нөгөө талд энэ салбарын боловсон хүчнийг бэлдэхгүй орхиж болохгүй. Боловсон хүчний чадавх гээд ярихад ганц энэ дижитал контентийн асуудлаар зогсохгүй. Боловсролын, маркетингийн, сэргээн засварлалтын, сан хөмрөг, бүртгэл, үзэсгэлэн дэглэлтийн, судалгааны гээд музейн тухай хуульд байгаа үндсэн чиглэлүүдийнхээ хүрээнд манайх өөрөө чадвартай, чадварлаг боловсон хүчинтэй байж манай Чингис хаан музей бусад музейгээсээ урд нь алхаад үндэсний гэдэг агуулгаа бий болгож хадгалж чадна. Үндэсний музей гэдэг утгаараа бусад музейгээ мэргэжил арга зүйгээр хангах, арай илүү мэргэшиж, манлайлах, урд алхаж байх үүрэг илүү ногдож байдаг. Бид нар өөрсдөө чадварлаг бөгөөд чадамжтай байж байж мэргэжил арга зүйгээр хангана. Түүнээс биш дөнгөж шинэ байгуулагдсан музей шууд Монгол Улсын хэмжээнд байгаа музейдүүдийг мэргэжил арга зүйгээр хангаад явах боломжгүй.

Гэтэл манай салбарт ашиглаж байгаа гарын авлагууд гэхэд бүр 1990-ээд он, 2000-аад оны эхэн үеийнхээрээ, олон жил болчихсон. Үндэсний түүхийн музей байх үеэс эхлээд нэг нэгээр нь гарын авлага, ном, сурах бичиг зэргийг гаргаад явж байгаа боловч олон улсад ашиглагдаж байгаа зүйлс нь одоо бол агуулгаараа хоцрогдсон, шинэчлэлт хийгдэх шаардлагатай болчихсон. Жишээ нь, манайд Олон улсын музейн холбоо ICOM-ын стандартад таарсан гарын авлагууд чиглэл тус бүр дээр дутагдалтай. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхийн тулд манайх яг энэ үндсэн чиглэлүүдээрээ Солонгосын хамгийн өндөр мэргэжлийн сургууль болон байгууллагуудаас сургалтыг нь авъя гэж зорьж байна. Тэр өндөр түвшинд мэргэшсэн сургалтыг авсны дараа стратеги төлөвлөлтийг бас хамт гаргая. Энэ төлөвлөлтийнхөө дараа гарын авлагаа хамт боловсруулъя. Ингээд таван мэргэжлийн төрлөөр таван өөр төрлийн гарын авлагын номыг шинээр гаргахаар болсон. Үндсэндээ энэ төсөл дуусахад буюу 2028 оны 12 дугаар сард гарын авлагын таван шинэ бүтээлтэй болчихсон байна. Дээрээс нь тэр хэмжээгээр манай ажилтнууд Солонгост таван удаа, Монголдоо бас таван удаагийн гээд нийт 10 удаагийн сургалтад хамрагдахаар болсон.

Энэ 10 удаагийн сургалтаар музейн үндсэн бүх салбар чиглэлийн боловсон хүчнүүд маань ахисан шатны сургалтад суугаад, суралцаад, судлаад мэргэшчих юм. Ингээд мэргэшчихсэн боловсон хүчин маань өөрсдөө яг Солонгосын баг хамт олонтой хамтраад хийсэн судалгааны үр дүнгээ гарын авлага болгоод авчихвал тухайн гарын авлагаараа бусад музейгээ мэргэжил арга зүйгээр хангаад хамтдаа хөгжөөд явах боломжтой. Монголд болох сургалтад гэхэд зөвхөн манай "Чингис хаан" Үндэсний музейгээр хязгаарлагдахгүй. Энэ сургалтуудаас юуг олж харсан бэ гэхээр ганц бид хөгжөөд нэмэргүй, салбарт яг энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийг тэр сургалтуудад хамруулаад хамтдаа хөгжих явдал бол хамгийн зөв сонголт юм. Тиймээс өмнө нь хэрэгжиж байгаагүй том төсөл гэдгээрээ бусад музей ч энэ төслийн хишиг буяныг хүртэнэ. Боловсон хүчнээ чадавхижуулах сургалтад хамруулахаас гадна төслийн хүрээнд бүтээх контентуудыг ашиглах ч боломжтой.

Мэдээж төсөл хэрэгжсэний гол давуу тал нь музейг зорьж ирдэг үзэгчдэд хамгийн их хамаатай. Иргэд бол олон жилийн өмнөх жирийн үзмэрийг хараад ойлгох, ойлгохгүй янз бүр байх нь бий. Өнөөдөр дэлхий дахин дижитал ертөнц болж байна. Тэгвэл энэ төслийн хүрээнд үзмэрүүдийг үзэгчдэд илүү танилцуулах боломж олдоно. Жишээ нь, манай зургаадугаар давхарт хүн чулуунууд бий. Хүн чулуун дээр маш олон элемент байдаг. Тэгвэл дижитал контентийг бий болгосноор тэр хүн чулуун дээрх нарийн дижитал элементүүд ойлгомжтой харагдах илүү тайлбартай бий болох боломжтой. Мөн төслийн бас нэг ач холбогдол нь хүүхдэд зориулсан дижитал музей бий болж байгаа. Тиймээс хүүхдүүд өөрсдөө ороод тухайн үзмэртэй биечлэн харьцах боломжтой контентуудыг хийж байгаараа ихээхэн онцлог.

 

Барилгыг барихдаа музейн стандартыг заавал мөрдөх шаардлагатай

 

Чингис хаан Үндэсний музей байгуулагдсанаар манай улс сүүлийн 30 гаруй жилд анх удаа музейн зориулалтын барилга барьж үзлээ. Энэ бол салбарын хувьд бас нэгэн дэвшил гэж хэлж болно. Гэвч Монголын эрс тэс, хуурай цаг уураас шалтгаалан цаасан дээр батлагдсан стандартыг 100 хувь хангасан музей байтугай барилга Монгол Улсад байхгүй байх. Олон улсад ч музей, сан хөмрөгийн барилга гэдэг асар их судалгаатай баригддаг юм билээ. Европын эртний барилгуудад байгаа олон музей ч мөн адил стандарт гэдэг зүйлд бүрэн хүрээгүй байдгийг мэдэх байх.

Манай музей гадны 30 гаруй музейтэй санамж бичиг байгуулсан. Тиймээс хамтын ажиллагааны хүрээнд 2021-2026 оны хооронд 90 гаруй албан хаагч туршлага судлахаар олон улс руу явж нүдээ нээсэн байна. Би Францад гаргасан тусгай үзэсгэлэнгийн ажлаар Нант хотын түүхийн музейд ажиллаж байхдаа эртний барилгыг хэрхэн хүчитгэж, засан музей болгосон туршлагаас суралцсан. Унгарын угсаатны зүйн музейн тусгай сан хөмрөг, лабораторид 45 хоног туршлага судлахдаа энэ музейн барилга, сан хөмрөг, лаборатори гэдэг чинь анхнаасаа барилга нь баригдахдаа олон улсад мөрдөж байгаа болон тухайн улсад тохирсон стандартын дагуу баригдах ёстой юм байна гэдгийг мэдэж авсан.

Яг стандарт гэж юуг хэлээд байна гэж гайхаж магадгүй. Товчхондоо, гаднах бүтэц нь тухайн орон нутаг, гаднын эрсдэлд үл өртөх бат бөх барилга, дотор бүтэц нь тогтвортой орчинг бүрдүүлэх битүүмжлэлтэй байдал гэж ойлгосон. Тэгэхээр газрын тектоник хөдөлгөөн, газрын хөрсний усны нэвчилтэд үл ажрах суурь, цаг уурын нөлөөлөлд конденсац үүсэхгүй хэмжээний зузаан хана, чийгшил дулааны тогтвортой орчин зэргийг нарийн тооцож босгосон барилга бол стандарт гэдэгт орно. Манай музейн барилга бол Европ зэрэг хуучны барилгатай улсуудад байгаа музейн барилгаас бол хавь илүү. Манайхтай гадаад үзэсгэлэнгийн ажлаар хамтарч ажилласан Франц, Чех, Швейцар зэрэг улсын музейнхэн “танайх супер байна” л гэдэг.

Харин энэ салбарт ажилладаг олон хүнд тулгамддаг нэг асуудал нь чийгшил, дулааны тохируулга юм. Унгарын үндэсний музейн барилга хуучин болохоор энэ асуудлаа шийдэж чадахгүй байгаа гэдгээ нуухгүй хэлж байсан. Харин шинээр яг төлөвлөж барьсан Угсаатны зүйн музейнх нь барилга бол анхнаасаа одоогийн бидний сайн мэдэх агааржуулалтын хоолойн адил чийгшил, дулааны тусдаа хоолойнуудыг төлөвлөж суулгаснаар тэр барилгын өрөө тус бүрийн чийгшил, дулааныг автоматаар тохируулдаг байдлаар цогцоор нь шийдсэн байна лээ. Агааржуулалтын нэг сэнс нь гэхэд онгоцны сэнс шиг том байгааг хараад би их гайхаж билээ. Би хувьдаа цаашид Монголд дахиад музей барина гэвэл яг үүний адил анхнаасаа автоматчилж шийдээд, энд даавуун эдлэл хадгална, чийгшил 40 хувьтай байх ёстой л гэвэл шууд тохируулгын ганц товч дарахад тэр өрөөний булан тохой бүрийн чийгшил 40 хувьтай болж чаддаг тийм барилгыг л мөрөөдөж байна. Манай музейн хувьд бол сан хөмрөг, үзмэрийн заал тус бүрт чийгшил, дулаан тохируулагч төхөөрөмж байрлуулж энэ асуудлаа хүний хүчтэй хавсран шийдэж байгаа.

 

Ажилчдыг бусад салбарынхтай адил түвшинд цалинжуулах хэрэгтэй

 

-Музейн салбарын хувьд одоо байгаа нөхцөл байдалд гэвэл боловсон хүчнийг чадавхижуулах нь том асуудал. Боловсон хүчнийг чадавхижуулах гээд байхаар одоо байгаа хүмүүс нь чадваргүй байгаа юм шиг буруу ойлгогдож мэдэх юм. Энэ тийм агуулга биш шүү. Манай салбарынхан өнөөгийн нөхцөл байдалд өөрсдийн боломжоороо маш сайн, бүр илүү сайн ажилладаг юм билээ. Наад захын жишээ нь үзмэрээ хадгалах хүчил шүлтгүй зориулалтын хайрцгийг нь улс авч өгч чадахгүй болохоор хүчил шүлтгүй энд тэндхийн чихэр, печений хайрцагт үзмэрээ хадгалж байх жишээний. Ямар их сэтгэл вэ гэмээр. Гэхдээ нөгөө талд музей, соёлын салбар гэхээр нэг их хэрэгтэй салбар биш гэж ойлгодог. Мэдээж хүний анхдагч хэрэгцээ эхэнд байдаг энэ нийгэмд бол тэгж харагдаж болно. Тиймдээ ч энэ салбар төрийн албан дундаа хамгийн бага цалинтай нь. Би ч гэсэн анх энэ цалинг нь бодсон бол энэ салбарт орохгүй байсан ч надад цалингаас илүү зүйл байдаг гэдгийг мэдэрсэн болохоор энэ салбарыг сонгосон.

Би анх Солонгост магистрт сурах гээд очиход миний нэр Монгол байлаа. Би юу хийнэ, улсын минь нэр л гардаг байлаа. Үүний адил энэ түүх, соёл гэдэг чинь би, та, энэ улс оршин ирсний ул мөр, энэ музей, соёлын өвийг хамгаалдаг улс чинь энэ улсын түүхийг ирээдүй хойчдоо хүргэх их үйлийн манаачид гэдгийг ойлгоосой гэж боддог. Бас хээр хөдөө байгаа түүхэн дурсгалуудыг таны ач, гуч хүртэл өвлөгдөх ёстойг ухаарч, энэ эртний эд өлгийн зүйлсдээ хайртай байж хайрлаж байгаасай гэж хүсдэг. Тиймээс музей, соёлын салбарыг чухал биш гэж үздэг өрөөсгөл ойлголтыг өөрчлөх ёстой. Төр засаг мэдээж шууд шинэ барилгууд бариад өгч чадахгүй. Харин ядаж энэ салбарт ажиллаж байгаа албан хаагчдыг бусад салбарынхаа адил түвшинд цалинжих боломжийг нь олгох хэрэгтэй. Монгол гэдэг нэрийн түүх, соёлыг хайрлан хамгаалдаг салбарынхныгаа бусдаас нь битгий алаг үзээч ээ гэмээр байна. Мөн энэ салбарынханд чиглэсэн сургалт, арга хэмжээг бас дэмжээд өгвөл, соёлын салбарынхан чинь өөрсдөө өндийгөөд л босоод ирнэ шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 74 (7816)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn