“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад “Цахим говь” ТББ-ын гүйцэтгэх захирал, “Блейз Академ”-ийг үүсгэн байгуулагч, сэтгүүлч, сэтгүүл зүй, хэл шинжлэлийн ухааны магистр, хятад хэлний багш орчуулагч, Э.Эрдэнэсувдтай ярилцлаа.
Тэрээр Өмнөговь аймгийн дотуур байрны охидыг роботикс хөтөлбөрт хамруулсан туршлагаараа “Women in Tech” олон улсын хөдөлгөөний 2022 оны “Азийн шилдэг санаачилга” шагналын эзнээр шалгарч 2023 оны Парист болсон “Women in Tech” байгууллагын оны чуулганд урилгаар оролцсон. 2024 онд АНУ-ын Олон улсын зочин лидерийн хөтөлбөр (IVLP)-т тэнцэж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй хамт АНУ-ын таван муж орноор аялж туршлага судалсан энтерпенер, манлайлагч эмэгтэй билээ.
Улсын “зөөлөн хүч” гэдэг боловсролтой иргэдийг хэлдэг
-Цар тахлын жил гэр бүлээрээ ярилцаж байгаад Улаанбаатараас Өмнөговь аймгийн Даланзадгад суманд амьдрах шийдвэр гаргаж байлаа. Тэр болтол 18 жил хэвлэл мэдээллийн салбарт Монгол эх орноо гадаадын сонсогч, үзэгчдэд таниулах чиглэлд орчуулагчаас эхлээд ажиллаж байв. Монгол улс шиг эдийн засгийн хувьд том биш, геополитикийн хувьд эмзэг улс оронд гадаад бодлого, зөөлөн хүчний стратеги хамгийн чухал хөшүүрэг гэж итгэдэг. Тиймээс бид өөрсдийгөө дэлхийд зөв ойлгуулж, өөрсдийн соёл, үнэт зүйл, агуу гайхамшигтай түүх, уламжлалаараа дамжуулан бусдын анхаарлыг татах нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг. Үүнд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо өндөр. Сэтгүүл зүйн судалгаагаа үндэсний дүр төрх, зөөлөн хүчний бодлого сэдвээр хийсэн. Тиймээс Монголын анхны англи хэлээр нэвтрүүлэг цацдаг “MNB World” сувгийн төсөл дээр хоёр жил ажиллаад дэлхийн хэвлэл мэдээллийн хамгийн нөлөө бүхий байгууллага болох BBC-ийг судлах зорилго тавьж 2019 онд Их Британи руу мэргэжил дээшлүүлэхээр явсан юм.
Хүчирхэг их гүрний хөгжлийн түлхүүр нь яг юу юм бол. “Зөөлөн хүч”-ний стратеги нь хөрсөн дээрээ хэрхэн, яаж хэрэгждэгийг нүдээр үзэх бодол өвөртлөөд очсон. Даанч ковидын хөл хорионд баригдаад Англид бараг жил тойрон “бадарчилж” амьдарсан гэхэд болно. Үхэж ч мэдэхээр эрсдэлтэй, гэр орноосоо хол хэцүү байсан ч одоо эргээд бодоход тэнд удаан гацсандаа баярладаг юм. Учир нь, "Хүчирхэг гүрний хөгжлийн түлхүүр, “зөөлөн хүч”-ний бодлогынх нь араг яс, амин сүнс нь боловсролтой иргэд юм байна" гэдгийг энэ үед олж мэдсэн. Тэр жил Оксфордын их сургуулийн 39 бүрэлдэхүүн сургуулийн нэгнийх нь дэд захирлын гэрт зочлох боломж олдсон юм. Дэлхийн нэр хүндтэй том сургуулийн профессор, тэр хүнээс дунд ангийн хүүхдийнхээ гэрийн даалгаврыг орой бүр хийлгэж, дугуйлан секцүүдэд нь өөрийн биеэр хүргэж өгч авах эцэг хүний эгэл дүр төрх, өглөө бүр мухлагаас халуун талх авчирч цай унд бэлтгэн, амралтын өдрүүдээр гэр бүлийнхээ угаалгыг хийх, халамжит ханийн дүр төрхийг олж хараад мэл гайхаж билээ.
Газарзүйн байршлаас үл хамааран иргэн бүр нь өв тэгш боловсролтой, өндөр ёс суртахуунтай, орчин үеийн мэдлэгийг эзэмшсэн цагт тухайн улс орныг таниулж сурталчлах ямар ч шаардлагагүйгээр бусад орны ард түмэн аяндаа татагддаг юм байна гэдгийг ойлгож ухаарсан юм. Тэгээд л нутагтаа ирээд сэтгүүлчийн карьераа орхиод хөдөөгийн буйд руу нүүж өөрийн болон өрөөлийн хүүхдүүдэд зааж сургах их замд эргэлт, буцалтгүй зүтгэсэн. Багшийн их сургууль төгссөн маань мэдээж хэрэг миний сонголтод сайнаар нөлөөлсөн.
15 настай сурагчид унших чадвараар олон улсын дунджаас таван жил хоцрогдолтой
-Хөдөө амьдрах сайхан. Улаанбаатараас дөнгөж гарангуут дөрвөн уулаас холдоод хэдэн километр явав уу үгүй юү уур бухимдал арилаад, уушги зүрх тайвшраад явчихдаг шүү дээ. Ер нь Монголын маань хаана ч сайхан. Гэтэл яагаад хүмүүс хөдөө гардаггүй, гаръя гэж зориглодоггүй юм бол. Яагаад хөдөөгөөс хот руу чиглэсэн нүүдлийн эрч огт саарахгүй, улам л гаарсаар байна вэ. Хариулт нь тун энгийн.
Хот хөдөөгийн хөгжлийн ялгаа дэндүү их байдгаас л тэр шүү дээ. Ялгаа зөвхөн зам, барилга, ажил орлогоор хэмжигдэхгүй. Хамгийн гүн гүнзгий ялгаа нь боловсрол. Олон улсын PISA үнэлгээгээр манай улсын 15 настай сурагчид унших чадвараар олон улсын дунджаас таван жил хоцрогдолтой, математикийн агуулгаар хоёр жил хоцрогдолтой гарсан. Тэгвэл математикийн хичээлээр аймгийн төвийн сурагчид Улаанбаатарынхаас 1.5 жилээр, сумын төвийн сурагчид 2.5 жилээр хоцорсныг судалгааны үр дүн харуулсан шүү дээ. Ийм нөхцөл байдалд сумын төвийнхөн аймгийн төв рүү, аймгийн төвийнхөн Улаанбаатар луу нүүсээр байх нь гарцаагүй. Нөгөө талдаа хөдөө гарч амьдрах хүсэлтэй хотын залуус нүүж зориглохгүй байгааг бас үүнтэй холбон тайлбарлаж болно. Миний анзаарснаар эргэн тойрны маань залуу гэр бүлүүд хүүхдүүдээ дунд ангид ороход нь, их оройтлоо гэхэд ахлах ангид ороход нь хотын сургууль руу шилжүүлээд байх шиг байгаа юм. 1212.mn дээрх статистик мэдээллийг харахад манай аймагт гэхэд л нэгдүгээр ангид элсэн орсон хүүхдүүдийн ердөө 50 хувь нь аймагтаа XII ангиа төгсөж байна. Үлдсэн тэн хагас нь бүгд хөдөө гарч малчин болоогүй нь ойлгомжтой учраас сурч байх хугацаандаа нийслэл хот руу нүүчихсэн байх нь. Энэ бол ганц манай аймгийн асуудал биш, бүх аймаг, сумын нийтлэг асуудал. Дүгнээд хэлэхэд Улаанбаатарын хөгжлийн бүх асуудал, хэт их төвлөрөл, хэт их ачаалал, замын түгжрэлийг хүртэл үүсгэж байгаа гол шалтгаануудын нэг нь “боловсролын нүүдэл” юм. Асуудал бүр даамжраад сүүлийн үед бага ангийн хүүхдээ дагаад хот руу нүүж байгаа гэр бүлүүд ч мэр сэр тааралддаг болсон. Хөдөө орон нутагт чанартай боловсрол олох боломжийг хүртээмжтэй болгож чадвал хөдөөгийн хүн ам хот руу “урсахгүй”. Харин хөдөөд шилжин суурьших хотын иргэдийн “шинэ урсгал” бий болно.
Борооны ус цуглуулдаг робот бүтээх хүсэл миний шавийнх
-Гэр бүлийн хүн маань Хойд Английн Йоркийн их сургуулийг онолын эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн юм. Их Британийн STEAM (Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик, урлаг гоо зүй гэсэн англи үгсийн товчлол) боловсролын судалгааны хамгийн том хүрээлэн нь тэдний сургууль дээр байдаг. Нөхөр маань төгсөж ирээд STEAM боловсролын судалгаа хийж, улмаар “Цахим говь” санаачилгыг хамтран эхлүүлж байлаа. Орон нутагт шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлж, STEAM боловсролыг нэвтрүүлж чадвал хот хөдөөгийн боловсролын ялгаа хамгийн хурдан арилах юм байна гэсэн үндсэн концертоор бид 2020 оноос хойш ажиллаж байна.
Манайх Роботын урлангаараа дамжуулж Даланзадгадын 3-18 насны хүүхэд залууст зориулан роботикс, кодинг, дижитал урлаг, дижитал математик, дижитал литераси, медиа литераси гээд олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Сүүлийн хоёр жилд харин нийслэл болон бусад аймгийн бага, дунд ангийн багш нарыг STEAM-ээр мэргэшүүлэх, ахлах ангийн сурагчдад гарын доорх материалаар шинжлэх ухааны туршилт хийх зэрэг сургалт, семинар хийж байна. Эхэндээ бид гаднаас олон улсын хөтөлбөр оруулж ирэхийн төлөө цаг, хөрөнгө зарцуулж байсан бол сүүлийн үед өөрсдийн туршлага дээр үндэслэн хөтөлбөр боловсруулах, өөрсдийн нөү-хау шингэсэн хэрэглэгдэхүүн турших тал дээр илүү их анхаарч байгаа.
Ингэхийн тулд судалгаа маш чухал санагддаг. Манай хичээлүүд PBL (Phenomenon Based Learning) үзэгдэлд суурилсан сургалтын аргыг ашигладаг. Бидний амьдарч байгаа байгаль орчин, нийгмийн өмнө тулгамдаж байгаа бодитой үзэгдэл, асуудлуудад шийдэл олох зорилготой сургалтын арга гэж ойлгож болно. Роботын урлан дээр туслагч робот хийх чөлөөт даалгавар өгөхөд бага ангийн нэг шавь борооны ус цуглуулагч робот бүтээх санал гаргасан. Гантай тэр жил үүл хуралдсан хэр нь салхинд буцаж сарниад байсныг тэр сурагч анзаарсан байсан. 2023 онд дунд ангийн нэг сурагч маань Индонезийн Кодингийн олимпиадаас алтан медаль хүртэхдээ Хонгорын элсэн дээрээс жуулчдын үлдээсэн хогийг түүж, ангилан ялгах компьютерын тоглоом хөгжүүлж байлаа. Хамгийн гайхамшигтай нь багш нь, би өөрөө блок кодинг сураад хоёрхон сар, тэр хүүхэд маань сураад дөнгөж ганц сар л болж байсан юм шүү дээ. Технологийг хүүхдүүдийн гар дээр тавьж л чадах юм бол гайхамшиг өөрөө аяндаа бүтдэг юм билээ. Боловсролын ялгаа арилна, хөгжлийн ялгаа арилна. Монгол улсад жинхэнэ хөгжил ирнэ гэж итгэдэг юм.
Сумын хүүхдүүд маань Америкийн ахлах сургуульд суралцаж эхэллээ
-Ковидын жилээс эхлээд өөрийгөө STEAM-ээр мэргэшсэн, олон улсад үнэлэгдсэн багш болтол хөгжүүлэхэд надад онлайн виртуал сургалтууд их тусалсан юм. Ялангуяа мэдээллийн технологийн боловсрол руу гүнзгий шумбаж орох тусам хувь хүн надад болон сурагч хүүхдүүдэд маань англи хэлний хэрэгцээ улам бүр нэмэгдэж байлаа. Гэтэл жирийн иргэний боловсролын санаачилга төдий манайд багш олдох нь бүү хэл манай аймгийн улсын сургуулиуд ч багшийн хомсдолтой. Тиймээс 2021 онд сумандаа “Блейз Академ”-ийг үүсгэн байгуулж, Улаанбаатараас болон бусад орноос виртуал багш нарыг урьж англи хэл заалгаж эхэлсэн.
Бид олон ажлыг аймагтаа төдийгүй улсын хэмжээнд анхлан туршиж амжилттай хийж чадсаны нэг нь англи хэлний түвшин тогтоох олон улсын үнэлгээний системийг орон нутагт нэвтрүүлж, сумын хүүхдүүд англи хэлний түшингээ тогтоолгохоор хот руу явдгийг багасгаж чадсан. Одоо манай академид таван виртуал багш, танхимд хоёр багш ажиллаж байна. Жилдээ дунд ба ахлах ангийн 100 орчим хүүхдийг англи хэлний сургалтад хамруулж, төгсөхөд нь насны онцлогт нь тохируулан TOEFL primary, TOEFL junior, TOEFL ITP албан ёсны тестүүдээр үнэлж, олон улсын сертификаттай төгсгөдөг. Сүүлийн гурван жилд бид англи хэлний дунд түвшний мэдлэгтэй болсон хүүхдүүдээ Америкийн SAT зэрэг тестэд математикийн агуулгаар бэлтгэж, гадаадын их дээд сургуульд тэнцэх, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах үүд хаалгыг нь нээж өгч байна.
Хэмжээст дээд оноо нь 800 байдаг SAT тестийг манай сумын сурагч математикийн агуулгаар 780 оноотой өгсөн амжилтыг гаргаад байна. Үүгээр зогсохгүй бид өнгөрсөн намраас англи хэлний дунд шатны мэдлэгтэй есдүгээр ангийн сурагчдаа Америкийн “Acellus” ахлах сургуульд онлайнаар сургаж туршиж эхэлсэн. Хүүхдүүд монгол сургуулийнхаа хажуугаар америк сургуулийн хөтөлбөрийг судалж, GPA 3.9–4.0 голч дүнтэй сурч байгаа нь үнэхээр бахархмаар. Хүүхдүүд нийгмийн сэтгэл зүйн эрүүл мэнд, кодингийн үндэс, хувийн санхүүгийн боловсрол, дэлхийн түүх, дэлхийн газарзүй, франц хэл, герман хэл, бизнес маркетинг зэрэг маш сонирхолтой олон хичээлийг амжилттай судалж байна. Мэдээж хэрэг хоёр сургуульд давхар явж байгаа учраас ачаалал өндөр. Гэхдээ сурагчид маань XI ангиа төгсөхдөө Америкийн ахлах сургуулиас 26 кредит хичээл судалж дуусгаад аттестатаа гардан авна гэсэн итгэл үнэмшилтэйгээр суралцаж байгаа. Хэн нь ч багшаар үглүүлж дуулуулж, хичээлээ хий гэж шахуулж шаардуулдаггүй. “Франц хэлээ анхнаас нь хичээж сайн сураарай. Тусламж хэрэгтэй боллоо гэхэд энэ аймагт чамд тусалж чадах хүн байхгүй шүү.” гээд би тоглоом болгож хэлдэг юм.
Хүүхдүүдийнхээ ахицыг үзэх гээд энэ хавар “NEO Science Olympiad”-д оруултал бүгд медаль хүртсэн амжилт гаргасан. Биологийн хичээлээр нэг алт, математикаар дөрвөн мөнгө, физикээр хоёр хүрэл медаль хүртэж бид багаараа Нью-Йорк хотод болох” Гранд Финалд” оролцох урилга авсан. Гоц авьяастай, шилэгдсэн тусгай хүүхдүүд биш шүү дээ. Тэгэхээр бид хүүхдүүдийг дутуу үнэлж болохгүй.Тэр тусмаа хөдөөгийн хүүхдүүдийг хоцрогдсон гэж томьёолоод зөвхөн тааруу сурлагатай хэсэгтэй нь “ноцолдоод” байж боломгүй. Боловсролыг үнэхээр чөлөөлье гэвэл ёроолыг нь доошлуулаад байх биш, харин таазыг нь дээшлүүлж, өндөрсгөмөөр санагддаг.
Малчны хүүхэд ес нас хүртлээ эцэг эхийнхээ дэргэд сурахаар болбол Монголын боловсролын системийг дараагийн шатанд гаргах том дэвшил болно
-Технологийн хөгжлийн нөлөөгөөр 2035 он гэхэд дэлхий даяар нэг тэрбум “дижитал нүүдэлчид” буюу орон зайнаас хамааралгүй ажиллаж амьдардаг хүмүүс бий болно гэсэн төсөөлөл бий. Дийлэнх ажлын байрууд цагийн хувьд уян хатан болж, ажилтанд тавигдах ур чадварын шаардлагууд нь эрс өөрчлөгдөж байна. Гэтэл тасралтгүй хувьсан өөрчлөгдөж байгаа таамаглах аргагүй ирээдүйд бэлэн, ямар ч орчин нөхцөлд амьдрах чадвартай дэлхийн иргэдийг бэлтгэх том даалгавар өнөөгийн багш нар, эцэг эхчүүдийн өмнө тавигдаж байна. Хүүхдээ аль сургуулийн ямар хөтөлбөрт хэний гарт аваачиж өгөх вэ гэж биднийг сандарч мэгдэх хооронд мэдээллийн технологийн хөгжил нүдэн дээр хуйлран эргэлдсээр хүн төрөлхтнийг бүхэлд нь “хөшөөж” орхилоо. Боловсролын ялгааг арилгая, тэгш хүртээмжтэй болгоё, алив хөө сургууль барь, анги танхимуудыг нэм, багшийн тоог өсгө, цалинг нь дээшлүүл гэдэг уриалгууд ч утга учир нь сулраад ирэв бололтой.
Хүн төрөлхтнийг цаашид хиймэл оюун ашигладаг ба ашигладаггүй гэж хоёр ангилалд хуваах болж, толгойтой бүхэн мэдэхгүй зүйлсээ ChatGPT, Claude, Gemini зэрэг хиймэл оюунаас асуугаад хормын дотор мэдчихдэг болсон энэ цагт хүнийг сургах чиглүүлэх арга хэлбэрээ бид өөрчлөхөөс өөр аргагүй. 2023 онд УИХ-аас баталсан Боловсролын багц хуулиуд Монголын боловсролын системд өөрчлөлтийн чухал суурийг тавьсан гэж боддог. Уламжлалт сургалтын хэлбэрээс гадна алтернатив, уян хатан, технологид суурилсан сургалтын хэлбэрүүдийг хөгжүүлэх боломжийг нээж өгсөн учраас тэр. Ирэх хичээлийн жилээс Засгийн газар малчны хүүхэд ес нас хүртлээ эцэг эхийнхээ дэргэд сурах боломжтой хөтөлбөрийг турших юм гэсэн. Зөв моделиор хэрэгжүүлж чадвал Монголын боловсролын системийг дараагийн шатанд гаргах маш том дэвшил болно гэж харж, хүлээж байгаа. Учир нь жирийн нэг сургалтын байгууллага, энгийн багш нар бид ч өнгөрсөн таван жилд виртуал-танхимын гибрид сургалтын арга, хиймэл оюун дээр суурилсан үнэлгээний системийг орон нутагтаа хэрэгжүүлж, бодитой амжилт гаргасаар байгаа нь үүний илрэл юм.
Дэлхийн хаанаас ч суралцах боломжтой онлайн “Монгол ахлах сургууль” байгуулахыг л хүсэж байна
-Одоо би юу мөрөөддөг гэвэл дэлхийн хаанаас ч суралцах боломжтой онлайн “Монгол ахлах сургууль” байгуулахыг хүсэж байна. Манай сумын сурагчид Америкийн ахлах сургуульд онлайнаар сураад, албан ёсны үнэлгээндээ хамрагдаад, дүнгийн хуулга, аттестатаа албан ёсоор авч болж байгаа шиг. Боловсролын багц хуулиуд эрх зүйн суурийг нь нэгэнт тавьсан болохоор миний энэ мөрөөдөл биелэх эсэх нь цаг хугацааны асуудал гэж бодож байгаа. “Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй” гэж хүмүүс ярьдаг. Би бол төлдөг, төлөх ёстой л гэж боддог. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд өнгөрсөн намраас программ хангамжийн инженерийн бакалаврын ангид сурч байгаа. Бүхнийг хиймэл оюунаар хийлгэж болоод байхад яагаад заавал их сургуульд сурч цаг заваа үрээд байгаа юм бэ гээд найз нөхөд хэлдэг л юм. Гэхдээ бид чухал дата олж авахын тулд, тэдгээрийгээ боловсруулахын тулд дандаа гадаадын улс оронд “мөнгө төлж” байгаа. Бид дандаа хэрэглэгч статустай байж болохгүй. Тиймээс л сургуулийн сайн систем бүтээхийн тулд суурь нь яаж бүтдэгийг, ямар тоосго ашигладгийг ойлгодог байх ёстой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 84 (7826)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn