Ч.БЯМБАХАЖИД
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид,шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Мэргэжлийн социологичдын холбооны гүйцэтгэх захирал Н.Батзоригийг урьж судалгааны байгууллага, тулгамдсан асуудал, салбарын хөгжлийн талаар ярилцлаа.
“Судалгааны байгууллага нийгэм, улс төрийн салбарт шууд нөлөөлдөг болсон”
Блиц:
Боловсрол:
•МУИС-д социологи, нийгмийн ухааны багш мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшсэн.
•МУИС-д социологи, жендер судлалаар магистр хамгаалсан.
Ажлын туршлага:
•Монголын Хэвлэлийн Хүрээлэн, Мастер групп, MMCG ХХК-д судлаач
•Нийгмийн судалгаа, мониторинг үнэлгээ, зөвлөх үйлчилгээний чиглэлээр 18 жил
Одоо ажиллаж байгаа:
•Мэргэжлийн социологичдын холбооны Гүйцэтгэх захирал
•ХЭҮК-ийн Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн хорооны гишүүн, Монголын социологийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
-2015 онд хэсэг социологичдын хамт Мэргэжлийн социологичдын холбоог үүсгэн байгуулсан. Үүсгэн байгуулагдаад 10 гаруй жил, идэвхтэй үйл ажиллагаа явуулаад таван жил болж байна.
Энэ салбарт ажиллах болсон шалтгаан бол Монгол Улсад социологийн мэргэжлийн, хараат бус, хөндлөнгийн судалгааг хөгжүүлэх хүсэл зорилготой холбоотой. Социологийн шинжлэх ухаан бол шинэ тутам хөгжиж буй ухаан. Хөндлөнгийн нөлөөгүй олон нийтийн санал асуулга явуулах, нийгмийн асуудлуудыг хэмжих, мэргэжлийн үнэлэлт дүгнэлт өгөх, нийгэмд социологичдын дуу хоолойг хүргэх хэрэгцээ их байсан учраас энэ байгууллагаа байгуулах, судалгаа, зөвлөх үйлчилгээний салбарт ажиллах болсон.
Сүүлийн 10–20 жилд судалгаа, зөвлөх үйлчилгээний байгууллагууд, тинк танк институтүүдийн үүрэг, ач холбогдол суурь түвшинд өөрчлөгдөж, нэлээд өргөжсөн. Өмнө нь зөвхөн мэдлэг үйлдвэрлэх төв байсан бол одоо шийдвэр гаргалт, бодлого, инновац, нийгэм, улс төрийн салбарт шууд нөлөөлдөг, оролцдог болсон гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, судалгааны байгууллагын шинэ үүрэгт мэдлэг бүтээх, бодлогыг өгөгдлөөр хангах, нийгмийн асуудал шийдэх, олон нийт, шийдвэр гаргагчдыг холбох, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох үүргүүд орж ирсэн. Ялангуяа сүүлийн жилүүдэд нийгмийн судалгааны байгууллагууд академик төвөөс нийгэм, бодлого, эдийн засгийн шийдвэр гаргалтад шууд оролцдог стратегийн институт болж өргөжсөн гэсэн үг. Энэ нь мэдээж нотолгоонд суурилсан засаглал, техник технологийн хөгжил, глобал асуудлуудын өргөжилттэй шууд холбоотой.
“AI ба big data судалгааны арга барилыг хурдтай, ухаалаг систем рүү шилжүүлж байна”

-Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргасан судалгаагаар 2030 он гэхэд дүн шинжилгээ хийх, шүүмжлэлт сэтгэлгээтэй байх, манлайлал ба нийгмийн нөлөөлөлтэй байх ур чадварууд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байна гэж дүгнэсэн байсан. Энэ гурван ур чадвар гурвуулаа судлаач хүнд байх хамгийн чухал ур чадварууд. Нэмээд хамгийн хурдан өсөн нэмэгдэж буй ур чадвар нь хиймэл оюун ухаан ба Big Data болоод байна. Үүнтэй холбоотой ур чадваруудад судлаачид суралцах хэрэгтэй болов уу.
Технологийн хөгжил ялангуяа AI ба big data судалгааны байгууллагын ажлын арга барилыг “удаан, гар ажиллагаатай процесс”-оос өгөгдөлд суурилсан, хурдтай, ухаалаг систем рүү шилжүүлж байна. Үүний үр дүнд судалгааны үүрэг нь зөвхөн тайлбарлах биш, урьдчилан харах, шийдвэр гаргалтыг чиглүүлэх стратегийн функц болж өргөжиж байна. Гэсэн хэдий ч өгөгдлийн чанар, ёс зүй, bias зэрэг шинэ сорилтууд зэрэгцэн бий болж байна.
“Санхүүжилтын хараат байдалд орохгүйн тулд эх үүсвэрийг төрөлжүүлсэн”
-Товчхондоо бол судалгааг бизнес, бодлого, нийгэмтэй холбох шаардлага эрс нэмэгдсэн. Судалгаа хийх нь хангалтгүй, шийдвэрт нөлөөлөхүйц, хэрэгжихүйц мэдлэг болгохыг шаардаж байна. Өмнө нь бид академик тайлан, удаан цикл, хязгаарлагдмал хэрэглээний хүрээнд судалгаа хийдэг байсан бол одоо шийдвэр гаргалтыг дэмжих систем, түргэн, тасралтгүй мэдээлэл, бодлого, бизнес, нийгэмд шууд нөлөөтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ гэж хардаг болсон.
Ингэж чанартай, шуурхай судалгаа хийхэд санхүү, хүний нөөц, өгөгдөл, бодлогын орчин гээд системийн олон хүчин зүйл тулгамдаж байдаг. Гол бэрхшээлүүд нь санхүүжилтийн тогтворгүй байдал, хараат бус байдлын эрсдэл, хүний нөөц, судлаачдын дутагдал, мэргэжлийн бус байдал, өгөгдлийн чанар ба хүртээмж, мөн судалгааны үр дүнг бодлого, практикт хэрэгжүүлэх хязгаарлагдмал байдалтай холбоотой байна. Санхүүжилт бол судалгааны чанар, үр дүнд олон талын нөлөөг үзүүлдэг. Зөвхөн хэмжээ бус, тогтвортой байдал болон эх үүсвэрийн хараат бус байдал нь чухал үүрэгтэй. Хангалттай, олон эх үүсвэртэй, уян хатан санхүүжилт нь судалгааны найдвартай байдал, гүнзгийрэл, бодит нөлөөг нэмэгдүүлдэг бол хязгаарлагдмал эсвэл хэт хамааралтай санхүүжилт нь чанар, ёс зүй, итгэлцэлд сөргөөр нөлөөлдөг. Манай байгууллагын хувьд санхүүжилтийн хараат байдалд орохгүйн тулд санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, суурь санхүүжилт бий болгох, судалгааны ёс зүй, хараат бус байдлын бодлого гаргах, их дээд сургуулиудтай стратегийн түншлэл бий болгох, судалгааны портфолио буюу төсөл, үйлчилгээгээ тэнцвэржүүлэх гэх мэт үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
“Судалгааны салбарт залуу судлаачдыг татахын тулд тогтвортой орчин, шинэ ур чадварын хөгжлийг хангах шаардлагатай”
-Сүүлийн жилүүдэд залуу судлаачдын сонирхол хоёр туйлтай болж байна гэж харж байгаа. Залуу судлаачид нэг талдаа өгөгдөл, AI, нийгмийн асуудлыг сонирхох сонирхол нь нэмэгдсэн бол нөгөө талдаа карьерын тодорхойгүй байдал буюу социологич мэргэжлээрээ ажиллах сонирхол буурч байна. Сонирхлыг нь нэмэгдүүлэхийн тулд бид байгууллагын түвшинд дадлага хийлгэх, залуу судлаачдын карьер хөгжлийн хөтөлбөр, сургалт зэргийг хийж байгаа. Цаашид судалгааны салбарт залуу судлаачдыг татахын тулд тогтвортой орчин, тодорхой карьерын зам, шинэ ур чадварын хөгжлийг хангах шаардлагатай гэж бодож байна.
Мөн урт хугацаанд судлаачийн ур чадвар онол мэддэг түвшнээс өгөгдөл, технологи, бодлого, нийгмийг холбодог олон талт (hybrid) чадвар руу шилжих болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, судлаач хүн аналитикч, өгөгдлийн болон харилцаа холбооны мэргэжилтэн, стратегич болно гэсэн үг.
“Ахмадуудын хүний эрхийн хэрэгжилтийн асуудлаар судалгаа хийж “Ахмад настны тухай” хуульд өөрчлөлт оруулсан”
-Нийгмийн судалгааны үр дүн, чанарыг үнэлэх нь нэгдсэн шалгуур үзүүлэлт гэж одоогоор алга. Мэдэж арга зүй, өгөгдөл, шинжилгээ, тайлбар, хэрэглээ зэрэг бүх үе шатны чанарыг хамтад нь хардаг. Судалгааны практикт найдвартай байдал (reliability), хүчин төгөлдөр байдал (validity), түүврийн итгэх түвшин, алдаа (sampling quality), өгөгдлийн чанар (Data quality), шинжилгээний зөв байдал (Analytical rigor) зэрэг үндсэн шалгуур үзүүлэлтийг ашигладаг.
Судалгаанд алдаа гарах нь ихэвчлэн нэг шалтгаанаас биш, дизайн, өгөгдөл, шинжилгээ, тайлбар, хэрэгжилт гэсэн бүх үе шатанд хуримтлагдсан жижиг алдаануудын нийлбэр байдаг. Ялангуяа өнөөгийн нөхцөлд түүврийн алдаа, буруу шинжилгээ, хэт дөвийлгөсөн дүгнэлт нь хамгийн ноцтой нөлөө үзүүлдэг гэж боддог. Тиймээс чанартай судалгаа хийхэд зөв дизайн, найдвартай өгөгдөл, зөв анализ, хязгаарлалтаа хүлээн зөвшөөрсөн тайлбар чухал.
Судлаач Бекерийн “Сайн судалгаа хэн нэгнийг заавал уурлуулдаг” гэсэн үг байдаг. Судалгааны үр дүн нь бүгдэд таалагдахдаа биш харин үнэнийг баримтаар хэлэх, асуудлыг нэрлэх, хариуцлага шаардах, өөрчлөлтөд түлхэц өгөхөд оршдог. Судалгааны үр дүн нь бодлого боловсруулахад шийдвэр гаргалтыг мэдрэмжээс нотолгоонд (evidence-based) шилжүүлэх гол хэрэгсэл болдог. Нөлөөлөл нь зөвхөн нэг шатанд биш, бодлогын бүх мөчлөгт илэрдэг. Гэвч бодит нөлөө үзүүлэхийн тулд судалгаа нь зөвхөн чанартай байхаас гадна цаг үеэ олсон, ойлгомжтой, шийдвэр гаргагчдад чиглэсэн байх шаардлагатай.
Судалгаа мэдлэг бүтээхээс цаашлаад нийгэмд өөрчлөлт авчрах боломжтой. Үүнийг тайлбарлавал судалгаа нь бодлого боловсруулах, нөөцийн хуваарилалтыг сайжруулах, тэгш бус байдлыг бууруулах, олон нийтийн мэдлэг, ойлголт өөрчлөх, ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар нийгэмд бодит өөрчлөлт авчирдаг гэж үздэг. Жишээ дурдвал, Манай байгууллага одоогийн байдлаар 100 гаруй нийгмийн судалгаа, төсөл хөтөлбөрийн үнэлгээ, улс төр, эдийн засгийн судалгаа хийж гүйцэтгээд байна. Бид 2022 онд ХЭҮК-той хамтран Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч байгаа ахмадуудын хүний эрхийн хэрэгжилтийн асуудлаар судалгаа хийж “Ахмад настны тухай” хуульд өөрчлөлт оруулж байлаа. Мөн 2023 онд Азийн сантай хамтран Хүүхдийн номын зах зээлийн судалгааг хийж, Монгол хүүхдэд чиглэсэн номын агуулга боловсруулахад хамтарч ажилласан. Өнгөрсөн онд бид Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн эцсийн үнэлгээ, Зориг сантай хамтран “Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн суурь судалгааг хийж гүйцэтгэсэн байгаа.
Судалгаанд оролцогчид үнэн, зөв хариулах эсэх нь зөвхөн судалгааны асуултаас бус, итгэлцэл, орчин, арга зүй, судлаачийн ур чадвараас хамаардаг. Эдгээрийг зөв удирдаж чадвал судалгааны өгөгдлийн чанар, найдвартай байдал мэдэгдэхүйц сайжирдаг. Бидний туршлагаас харахад судалгаанд оролцогч буюу респондент ямар байгууллага, ямар зорилгоор тухайн судалгааг хийж байгааг мэдээд итгэл төрсөн, аюулгүй байдлаа мэдэрсэн, асуултыг ойлгосон, дарамтгүй орчинд байсан нь үнэн хариулах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Ер нь бид судалгааны өгөгдлийг туйлын үнэн бус, арга зүйгээр баталгаажсан харьцангуй үнэн гэж үздэг.
Цаашид судалгааны салбар технологийн дэвшил, өгөгдлийн өсөлт, бодлогын хэрэгцээний нөлөөгөөр илүү хурдтай, уян хатан, нөлөөтэй болж хөгжих байх. Судлаач ч мөн адил үүнийгээ дагаад зөвхөн мэдлэг бүтээгч бус өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг чиглүүлэгч стратеги, ноу-хаугийн мэргэжилтэн болон хувирна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 79 (7821)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn