“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор Монгол Улсын шигшээ баг, "Гүмүда Констракшн" ХХК-ийн тамирчин, дэлхийн аваргын хүрэл, мэргэжлийн хар, бор бүсний дэлхийн аваргын хүрэл медальт Г.Монголжинтой ярилцлаа. Тэрээр хэдхэн хоногийн өмнө “Саньяа 2026” Азийн элсний спортын наадмаас хүрэл медаль хүртэж, Монголын багийн медалийн буухиаг эхлүүлсэн юм.
-“Саньяа 2026” Азийн элсний наадамд Монголын багийн медалийн буухиаг эхлүүлсэнд баяр хүргэе. Гадна талбайд сонирхолтой зохион байгуулалттай боллоо?
-Энэ удаагийн тэмцээнд байгалийн хүчин зүйл нөлөөлж барилдааны онцлог арай өөр байлаа. Тухайлбал, нартай хэр нь чийглэг уур амьсгалтай байхаар "ги" маань хурдан нороод барьц зунгааралдсан. Ингэхээр тэсрэлттэй хурдан барилддаг хүн удаашрах зэрэг өөрчлөлт орж, тооцоолоогүй сорилттой тулгарч даван туулах шаардлагатай болсон. Эхний өдөр нартай, хоёр дахь өдөр бороотой байсан.
Манай багийн хувьд олон медаль авах боломжтой байсан болохоор том тэмцээний медалийг эхлүүллээ гэх үүднээс хүлээлт үүссэн. Эхлүүлнэ гэдэг бас сайхан юм байна. Тэр үед “Ашгүй дээ Монгол Улс медальтай болчихлоо” гэж бодсон. Тамирчид хэр ёс зүйтэй барилдаан гаргах вэ гэдэг нь хүртэл эх орноо төлөөлж байдаг. Тиймээс тамирчид медаль авахаас гадна алхам тутамд үйлдэл бүрээрээ Монгол Улсаа төлөөлж байдаг тул өөрийн сайн хувилбараа гаргахыг хичээж байдаг.
-Жюү жицүгийн спорттой амьдралаа хэрхэн холбосон түүхээр яриагаа үргэлжлүүлье?
-2016 оны Риогийн олимпын Д.Сумъяа эгчийн амжилтаас хойш жүдо бөхийн спорт олон охид сонирхсоны нэг нь би. Аав маань надад “Миний охин бяртай, онцгой байна” гэх мэдрэмжийг өгдөг байсан учир “Үнэн үү” гэдгийг шалгаж өөрийгөө сорих үүднээс их спортоор хичээллэж эхэлсэн. Энэ үед жюү жицүгийн спортын уур амьсгал, өнгө төрх, тамирчдын өмсгөл зэргийг харахад бусад бөхийн спортод байхгүй нээлттэй соёлыг мэдэрсэн. Тэмцээн уралдаанаас медаль авах нь хүнийг их урамшуулж, шат ахих, амтанд нь орох гүүр болдог юм билээ.
Жюү жицүгийн аялал бүхэл амьдралын минь аялал. Энд би спортоор дамжуулж амьдралын ухаарал, зорилго, тэмцэл, шалгуурыг туулж, мэдэрч байдаг. Мөн миний амьдралын хандлага барилдаанд маань шууд нөлөөлдөг. Аливааг хойш тавьдаг бол миний барилдаан бууж өгөх тал руугаа байна. Тиймээс “Би чадна гээд” урагшаа дайрдаг.
-Та ямар тамирчин байхыг зорьдог вэ. Нөгөө талаараа амжилтын үндсийг юу гэж хардаг вэ?
-Анх юу ч мэдэхгүй үедээ бүхнийг мэддэг юм шиг онгироо сагсуу байдаг юм билээ. Харин суралцаж, бүс ахих тусам мэдэхгүй зүйл олон байгаа гэдгээ мэдэрч, өнгөрсөнд гаргасан амжилтаас илүүг ирээдүйд гаргана гэж зорьдог. “Суусан сэцнээс явсан тэнэг дээр” гэх үгийг үнэн гэдгийг биеэрээ нотолтол олон тэмцээнд оролцсон. Үүнийхээ 50 хувьд мултарч, 50 хувьд амжилт гаргасан байх. Гэхдээ би оролдлого хийж, ялагдах бүрдээ нэг илүү зүйл хийж, туршлага хуримтлуулдаг.
Би ялагдаад хоёр удаа уйлж байсан. Бусад үед нь жаргалтай байсан санагддаг. Цагаан бүсэнд байхдаа нэг. Нөгөө нь том бүсэнд хүрээд өөртөө өндөр хүлээлт тавьсан байсан боловч медаль аваагүй удаад уйлж байлаа. Хүлээлт тавина гэдэг их хортой, өөрийнхөө хөгжлийг зогсоох аюултай юм билээ. Тухайн нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч, жаргалтайгаар эрж хайж, хөгждөг байх хэрэгтэй.
-Энэ дундаас ялалтын амтыг хэзээ хамгийн ихээр мэдэрч байв?
-Урт хугацааны ялагдлын дараах медаль сэтгэлд үлддэг юм байна. Гайгүй юм шиг хэр нь хүрэл дээр хожигдоод амжилт гаргахгүй урт хугацааг өнгөрүүлсээр Азийн олимп гэдэг Азийн наадамдаа орж чадалгүй тамирчны хувьд уналтад орсон. Гэхдээ тухайн үеийн барилдааны чансаараа дэлхийн тулааны наадамд уригдаж, хүрэл медалийн төлөө хийсэн барилдааны маань хандлага урьд өмнөхөөсөө өөр байсан. Жаргаж биш тэмцэж барилдсан. Багш маань ч “Анх удаа хүн шиг барилдлаа” гэж байлаа. Тиймээс “Би ингэж нэг медаль авах гэж” гэх тайтгарал мэдрүүлсэн.
Дараа нь жингээ ахиулаад 57 кг жинд ортол бяртай, хурдтай болоод амжилтууд илүү гарч эхэлсэн. Энэ ранкаараа том тэмцээнүүдэд уригдаж оролцдог. Гэвч өнгөрсөн жил таван тэмцээнд мултарсан. Дахин урт хугацааны ялагдлын дараа хар, бор бүсний дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн энэ амт бас сайхан байсан. Хожигдож байгаад цагийн төгсгөлд ялсан тэр мэдрэмж итгэж өгөмгүй санагдаж “Би мөрөөдөж явсан зүйлээ авчихлаа гэж үү” гэж бодсон. Мэдээж алтан медаль, төрийн дууллаа эгшиглэхийг сонсох зорилготой байсан боловч анх жюү жицүгээр хичээллэж эхлэхэд л мөрөөдөж байсан зүйл учир тун их урам, итгэл авсан.
-Та “Саньяа 2026” наадмаар 52 кг-д барилдсан. Эргээд жингээ хасах шалтгаан юу байсан бэ?
-Миний 57 кг-ийн чансаа дэлхийд хоёрт бичигддэг. Гэтэл Нагояд болох Азийн наадамд миний жин хасагдсан. Тиймээс дахин 52 луу жингээ хасаж, улсын аваргаас эхлээд хоёр дахь тэмцээндээ орлоо. Одоогийн зорилго Азийн наадам учир энэ удаагийн тэмцээнээс жингийнхээ сайчуудтай барилдаад чиг баримжаагаа авчихлаа.
Би амьдралдаа олон зүйл хийж бүтээхийг зорьдог амбицтай төрлийн хүн л дээ. Энэ спортод өдий хугацааг зориулсных олимпын дараа орох чансаа өндөр тэмцээн болох Азийн наадмынхаа аварга болохыг зорьж байна.
-Тамирчны сэтгэл зүй, аливааг харах өнцөг нь ялалт, ялагдлаа хүлээн зөвшөөрч, цааш хөгжихөд хэр нөлөөлдөг вэ?
-Би өрсөлдөгчөө ойлгож, хүндлэхийг хичээдэг. Магадгүй энэ нь давуу тал болдог. Би энэ мэхийг хийвэл энэ хүнд ямар санагдах вэ гэж үргэлж боддог. Бүх хүн адилхан хичээж, ялалтын төлөө тэмцэж байгаа. Улсаа төлөөлөөд ирсэн тэр олон хүний дотор муу тамирчин гэж байдаггүй. Эх орноо сэтгэлдээ тээгээд ирсэн том хүчний өөдөөс тэмцэж байж би басаж болохгүй. Би ялагдаад буухад ямар байдгийг мэдэх учир баярлаж байгаа мэдрэмжээ ил гаргадаггүй. Нэг талаараа хичээл зүтгэл, хувь заяаны асуудал юм шиг санагддаг.
Магадгүй би ялагдлаа гэхэд энэ хүнд надаас илүүг хүртэх хичээл зүтгэл, нөхцөл боломж нь бүрдсэн байна гэж хүлээн зөвшөөрдөг. Өнгөрсөн жил гэхэд дэлхийн аварга болсон тамирчныхаа өмнөөс их баярласан. Тэр хүн 35 настай, ийм их хичээсэн байхад аргагүйдээ гээд ялалт, ялагдлыг адилхан хүлээн зөвшөөрдөг.
-Та нэг тэмцээнийхээ шагналын санг хандивын аянд зориулсан байсан?
-Эгч маань миний хувьд ээж шиг маань хүн. Би энэ хүнийг аврах ёстой, туслах ёстой гэх зорилго тавьсан учраас надад юу л олдоно түүнийгээ зориулна. Ах дүү нарын маань хувьд хэдэн жил үргэлжилсэн зүйл байсан тул нэг талаараа бусдыг уриалах том хүч болсон.
Би Жюү жицүгийн холбоонд бас ажилладаг. Дөнгөж хөгжиж байгаа спортыг хөгжүүлэхийн төлөө явахаар их зүйл сурдаг юм байна. “Чингис хаанд бүх зүйл байсан болохоор дэлхийн талыг эзлээгүй. Бүх зүйл байгаагүй болохоор дэлхийн талыг эзэлсэн” гэдэг шиг бид байхгүй зүйлийг бүтээхийг хичээж байгаа тул тэр сэтгэл их нөлөөлсөн. Зарим хүн үүнийг попорч байна гэж харж болох ч түүнийг харсан нэг хүн ч болтугай эгчийн маань хандивт нэгдэж байвал тэнд миний зорилго биелж байгаа юм.
-Энэ спортоор эх орноо сурталчлах, хөгжүүлэх гээд олон зүйлийг хамтад нь авч яваа юм байна. Тэгвэл хамгийн талархууштай зүйл нь юу байв?
-Жюү жицүгийн олон улсын холбоо олимп руу зорьж байгаа. Энэ спортын философи нь хүмүүсийг эрх тэгш байхад зориулагдсан учир хичээллэгчдээ хөгжүүлээд явна. Тэр дунд бусдад урам зориг өгдөг шилдэг тамирчдыг бэлдэх систем нь бас өөр.
Би энэ спорттой холбогдоод хувь хүнийхээ хувьд өсөж хөгжиж байгаадаа их талархдаг. Хүрээлэл нэмэгдэхээр хүний сав, потенциалыг тэлж байдаг юм байна. Үеийн хүн ч бай, дүү хүүхэд ч бай хамаагүй хэн, хаана гоё юм ярьж байна тэднээс суралцахыг хүсдэг. О.Болд-Эрдэнэ багшийнхаа үргэлж өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг, хүрээлэн буй орчноосоо суралцаж чаддаг байдлаас нь их үлгэрлэдэг.
Би багадаа жүжигчин болохыг хүсдэг байлаа. Гэхдээ итгэлгүй учир энэ хүсэл маань нууцхан үлдсэн. Харин спорт надад өөртөө итгэх итгэл өгсөн. Гэхдээ амжилт гаргах бүрд үүрэг хариуцлага, дүү нартаа зөв үлгэр дуурайлал үзүүлэх нь чухал байдаг. Манай хоёр эрэгтэй дүү одоо жюү жицүгээр тогтмол хичээллээд явж байна. Тэднийхээ хувьд би хамгийн шилдэг нь учир хичээхээс өөр сонголт байхгүй. Энэ дарамт биш аз жаргал юм.
-Та сүүлийн үед бодож яваа зүйлийнхээ тухай манай уншигчидтай ярилцлагынхаа төгсгөлд нээлттэй хуваалцаж болох уу?
-Эх орон гэдэг хамгийн үнэ цэнтэй зүйл. Хүүхдүүд амьдралын утга учир, өөрийгөө олохгүй байна гэдэг. Гэхдээ тэгэх шаардлагагүй юм шиг санагддаг. Би энэ улсын иргэн. Энэ улс надаар бүтэж байгаа. Би байхгүй бол бас надаар дутна. Тиймээс би хүчирхэг байснаар улс орон маань хүчирхэг байна. Улс орон хүчирхэг байснаар миний амьдрах орчин, үр хүүхэд аюулгүй байна. Тиймээс улсынхаа төлөө миний хийж чадах зүйл жагсах биш өөрийгөө хөгжүүлэх. Өөрийгөө зөв авч явж, нийгэмдээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх юм байна. Ингэхээр боловсрол их чухал.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 85 (7827)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn