Хорвоо дээр орших найман тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна. Энэ удаа Ази тивийн аварга, гавьяат тамирчин Лхагватогоогийн Энхрийлэн  болон Хойд Солонгосын жүдоч Kim Ji Hye нарыг онцоллоо.

Тэдний хувьд БНХАУ-ын ӨМӨЗО-ний Ордос хотод Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд финалд  барилдаж Л.Энхрийлэн ялалт байгуулснаар Ази  тивийн хошой аварга болсон билээ.

 

Ази  тивийн хошой аварга Л.Энхрийлэн

 

Л.Энхрийлэн нь Монголын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн шинэ үеийг төлөөлж , Азийн тавцанд нэрээ тод дуурсгаж яваа шилдэг тамирчдын нэг юм. Тэрээр олон улсын дэвжээнд гарсан цагаасаа эхлэн хурд, уян хатан техник, тууштай сэтгэл зүйгээрээ ялгарч, Монголын жүдо бөхийн эмэгтэй багийн гол тулгуур тамирчдын нэг болсон билээ. Түүний амжилтын оргилуудын нэг нь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гаргасан ялалт бөгөөд энэ нь түүнийг тивийн шилдэг жүдоч гэдгийг дахин баталлаа. Энэ амжилт нь Монголын жүдо бөхийн түүхэнд эмэгтэй жингийн ангилалд гарсан томоохон амжилтуудын нэг байв. Азийн дэвжээ бол дэлхийн шилдгүүд өрсөлддөг өндөр түвшний тэмцээн. Нөгөөтээгүүр, Азийн аваргын финалын шатанд барилдаж, алтан медалийн тавцанд зогсож, төрийнхөө дууллыг эгшиглүүлнэ гэдэг тамирчны ур чадвар, сэтгэл зүйн сайн бэлтгэгдсэний илрэл билээ.

Л.Энхрийлэнгийн барилдааны хэв маяг нь хурд, хөдөлгөөний давуу талыг маш сайн ашигладаг онцлогтой. Тэр өрсөлдөгчөө унших чадвар сайтай, барьц солилцох мөчид хурдан шийдвэр гаргаж чаддаг нь түүнийг олон хүчтэй тамирчны эсрэг  өрсөлдөх боломж олгодог. Жүдо бол  хүчээс гадна  ухаан, мэдрэмж, сэтгэл зүйн тогтвортой байдлын спорт гэдгийг тэр дэвжээн дээр олон удаа батлан харуулсан.  Жүдо бөхийн дэвжээнд сэтгэл хөдлөлөө удирдах чадвар маш чухал бөгөөд Л.Энхрийлэн энэ тал дээр өндөр түвшинд хүрсэн тамирчдын нэг гэж хэлж болно. Тэрээр том тэмцээний үед ч  тогтвортой барилдаж чаддаг бөгөөд шийдвэрлэх мөчид тайван байж, оноо авах боломжийг алдалгүй ашиглаж чаддагаараа онцлог.

Л.Энхрийлэн Европ, Ази, дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд оролцох бүртээ тэр өөрийн тоглолтыг сайжруулж, алдаа багасгаж, туршлага хуримтлуулсаар ирсэн билээ. Ялангуяа хүчтэй өрсөлдөгчидтэй тулгарах үед түүний тактик нь ялгардаг.  Түүний барилдааныг ажиглахад биеийн бэлтгэл, хурд, ухаалаг шийдвэр гаргалт гурвын тэнцвэрийг тааруулж чаддаг. Л.Энхрийлэн хувьд  хамгийн өрсөлдөөнтэй барилдаанууд бол яах аргагүй Азийн аваргын финалын агшнууд  юм.. Дэлхийн түвшний тамирчдын эсрэг тайван, ухаалаг тактикаар ялалт байгуулж, жинхэнэ сорилтыг даван гарсан нь түүний үнэ цэнийг улам тод харуулдаг.

Энэ хугацаанд жүдогийн спортын түүхэнд бичиж буй түүний амжилт Монголын жүдо бөхийн эмэгтэй тамирчдын боломжийг тэлж, дэлхийн түвшинд өрсөлдөх итгэлийг нэмэгдүүлж байна. Ирээдүйд түүний нэр дэлхийн аварга, олимпын дэвжээнд дахин дуудагдах хугацаа ойрхон байгаа болов уу.

Хувь хүний хувьд Л.Энхрийлэн нь дэвжээн дээрх хатуу, шийдэмгий төрхөөсөө ялгаатай, эелдэг, даруу зан чанартай тамирчин гэж олон хүн тодорхойлдог. Тэр амжилтаа хэт дөвийлгөхөөс илүүтэй дараагийн бэлтгэл, сайжруулалтдаа анхаардаг бөгөөд энэ нь түүний амжилтын  нууц  болдог байх.

 

“Чимээгүй өрсөлдөгч” Kim Ji Hye

 

Жүдо бөхийн эмэгтэй -63 кг жингийн ангилалд Хойд Солонгосыг төлөөлөн барилддаг тамирчин Kim Ji Hye-ийг олон улсын дэвжээнд “Чимээгүй өрсөлдөгч” хэмээн тодорхойлдог. Түүний хувьд олон улсын барилдаанд  тогтмол оролцож, медалийн төлөөх барилдаанд нэр нь үргэлж дуудагддаг тамирчин юм.

Түүний  хамгийн сүүлийн томоохон амжилт бол яах аргагүй 2026 оны жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн. Тус тэмцээнд тэрээр -63 кг жинд хүчтэй өрсөлдөгчдийг дараалан ялж финалд шалгарсан бөгөөд эцэст нь мөнгөн медаль хүртсэн билээ. Энэ амжилт нь түүний олон улсын карьерын хамгийн өндөр түвшний үзүүлэлтүүдийн нэг болсон юм.

Түүний барилдааны хэв маяг нь тактик, барьц, өрсөлдөгчийн алдааг хүлээх ухаалаг стратеги дээр суурилдаг. Барилдааны явцад  Kim Ji Hye тайван харагддаг ч тэр барилдааны  уур амьсгалыг аажмаар өөртөө ашигтайгаар эргүүлж чаддагаараа онцлог. Жүдо бөхийн энэ төрлийн тоглолт нь өрсөлдөгчөө яаралтай шийдвэр гаргуулах, тэнцвэр алдуулах, сэтгэл зүйн дарамтад оруулах зорилготой байдаг бөгөөд тэр энэ тактик сайн эзэмшсэн тамирчин гэж хэлж болно.

Мөн барилдааны явцад барьцыг маш сайн авч чаддаг. Тэр өрсөлдөгч рүүгээ шууд довтлохын оронд эхлээд барьц авах, тэнцвэрийг нь эвдэх, дараа нь боломж үүсгэх байдлаар барилддаг. Энэ нь түүнийг 63 кг жинд хүчтэй өрсөлдөгч болгодог болов уу.

Kim Ji Hye-ийн нэг онцлог нь дэвжээн дээрх сэтгэл зүйн тогтвортой байдал юм. Тэр ялалт байгуулсан ч, ялагдсан ч  нүүрний илэрхийлэл нь бараг өөрчлөгддөггүй. Энэ нь түүнийг сэтгэл зүйгээ удирдаж чаддаг тамирчин гэдгийг илтгэдэг.  Жүдо бол зөвхөн биеийн хүчний биш, харин сэтгэл зүйн тулаан байдаг учраас энэ зан чанар нь түүнд том давуу тал болдог.

Kim Ji Hye олон улсын тэмцээнүүдэд тогтмол оролцож, Япон, БНСУ, Монгол зэрэг орны шилдэг жүдочидтой барилдаж, амжилтаа ахиулж, туршлага нэмэгдүүлсээр ирсэн. Эдгээр барилдаанууд нь түүний тактикийн мэдрэмжийг улам сайжруулж, шийдвэрлэх мөчид зөв  шийдвэр гаргах чадварыг нь хөгжүүлсээр ирсэн. Хэдийгээр тэр үргэлж түрүүлдэг тамирчин биш ч бараг бүх  томоохон тэмцээнүүдэд хүчтэй өрсөлдөгч байж, онооны зөрүү багатай тоглолт гаргадаг нь түүний өрсөлдөх чадварыг илтгэнэ.

Тэрээр томоохон тэмцээнүүдийн дараа “Би дэвжээнд гарах бүрдээ ялалт эсвэл ялагдлыг урьдчилан бодохоос илүү тухайн мөчид төвлөрөхийг хичээдэг. Жүдо бол хүчнээс илүү тэвчээр, зөв шийдвэрийн спорт. Би өрсөлдөгчийнхөө хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж, өөрийн боломжийг хүлээдэг. Хурдан довтлохоос илүү зөв мөчийг сонгох нь чухал гэж боддог. Алдаа гаргахгүй байх нь миний гол зорилго. Ямар ч тэмцээнд орсон би тайван байж, өөрийн тактикаа дагахыг хичээдэг” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 23.ПҮРЭВ ГАРАГ. № 77 (7819)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn