П.АМГАЛАН

 

Тамирчны ялалт амархан  ирдэггүй. Тэдэнд  жиндээ орохын төлөө балга ус ч амсахгүй үе бий. Зааланд урсгасан хөлс, олон жилийн хөдөлмөр, тууштай  байдлын шагнал нь ялалт байдаг.  Тэр тусмаа боксын спорт бол тэсвэр тэвчээр, хурд сэтгэл зүйн тулаан хосолсон онцгой төрөл юм. Энэ спортод Монголын залуу үеийн шинэ өнгө төрхийг тодорхойлж буй  хүчтэй өрсөлдөгчдийн нэг  болох “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин А.Баттулгыг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн”  буландаа урьж, ярилцлаа.

Тэрээр 2025 онд Их Британийн Ливерпүүл хотод зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртэн, боксын спортын түүхийг нэгээр зузаалж, өөрийн амжилтаа ч бататгасан билээ. Мөн 2024 оны Дэлхийн цомын тэмцээнд түрүүлж, аваргын алтан медаль зүүсэн нь түүний ур чадварыг баталсан том амжилт байв. Түүний рингэн дээрх онцлог нь хурд, мэдрэмж, тууштай дайчин өрсөлдөөн. Өрсөлдөгчийнхөө алдааг агшин зуур ашиглаж, довтолгоо хамгаалалтыг ухаалгаар хослуулдгаараа ялгардаг. Мөн ямар ч нөхцөлд тайван байдлаа хадгалж, төгсгөл хүртэл тэмцдэг сэтгэлзүй нь түүнийг хүчтэй тамирчин болгодог гэж мэргэжлийнхэн нь үнэлдэг.  20 гаруйхан настай түүний өмнө олон ринг, тулаан, амжилт хүлээж байна.

-“Ливерпүүл-2025” ДАШТ-д Монгол Улсаа төлөөлж  амжилттай  оролцоод ирсэн. Дэлхийн аваргыг зорихдоо өөртөө ямар зорилго тавьсан бэ?

-Дэлхийн аварга  шалгаруулах тэмцээнд орохдоо  би өөртөө нэг л зорилго тавьсан. Тэр нь заавал медаль хүртэх байлаа.  Тамирчин бүрийн  мөрөөдөл дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсгах шүү дээ. Энэ удаа зорилгодоо хүрч чадсан даа, баг хамт олон,  намайг дэмждэг бүх хүмүүсийнхээ  итгэлийг алдалгүйдээ баяртай байна.

-Хагас финалынхаа тулааны тухай ярихгүй юу?

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас финалд Японы тамир­чин Соукши Макинотай таарсан. Өмнө нь бид таарахад миний хамар бэртэлтэй байсан учраас тулалдаагүй.  Харин  дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө Испанийн тамирчин Молино Салвадортай таарсан.  Хүрэл медалийн төлөөх тулаан болохоор  хамгийн  хариуцлагатай  мөч байсан. Өөрийгөө хурцалж байгаа бүх нөөцөө гаргахыг хичээсэн.

-Финалын шатанд Казахстаны туршлагатай тамирчин Санжар Ташкенбойтой тулалдаж  мөнгөн медаль хүртсэн. Ямар тактик төлөвлөгөөтэй  өрсөлдсөн бэ?

-Өмнө бид хоёр тулалдаж байгаагүй. Тэмцээнд хамт оролцож байснаас нэг рингэд гарч үзээгүй. Нэлээд хөдөлгөөнтэй  зайнаас ажилладаг, хурдтай боксчин. Тиймээс  урагшаа дайрсан  тактикаар тулалдъя гэж бодсон.

-Өрсөлдөөнтэй тулаануудын ард гарч  Дэлхийн аваргын мөнгөн медалийн тавцанд зогсох үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?

-Дэлхийн  медалийн тавцанд зогсох мэдрэмж үнэхээр гайхалтай байсан. Өөртөө ч итгээгүй. Эх орноо төлөөлж, дэлхийн хэмжээнд амжилт гаргаснаа мэдрэх хамгийн гоё байсан. Тэр мэдрэмж надад  цаашид илүү их хичээх итгэл, урам  болсон.  Мэдээж амжилтын ард багш дасгалжуулагчдын дэмжлэг үргэлж байдаг. Мөн гэр бүл, найз нөхөд, намайг дэмждэг олон хүмүүсийн  итгэл, урам зориг бүхэн амжилтын үндэс юм.

-2024 оны онд Английн Шеффильд хотод зохион байгуулагдсан  боксын дэлхийн цомын тэмцээнд оролцож өрсөлдөөнтэй гурван тулааны ард гарсан. Тэр тэмцээний хамгийн хүнд тулаан аль нь байв?

- Хамгийн хүнд тулаан нь финалын шат байсан. Финалд дэлхийн цомын тэмцээн болж буй улсынх нь буюу  Английн тамирчинтай таарсан. Тиймээс  тэр  тулаанд  илүү их ач холбогдол өгсөн. Өөрийгөө хурцалж  илүү их хичээж тоглосон. Тулааны үеэр тайван байж, өөрийн тактикаа алдахгүй гаргахыг зорьсон.

-Тамирчин хүний ялалт  амархан олддоггүй.  Ялалт болон ялагдал өөрт минь  юуг  илүү ихээр ойлгуулж, мэдрүүлдэг вэ?

-Би ер нь ялалт, ялагдал хоёрыг аль алиныг нь  даруухнаар  хүлээж авахыг хичээдэг. Бас туршлага гэж боддог.

-Тэмцээний өмнө болон рингт гарахдаа сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Тэмцээний өмнө би хамгийн түрүүнд өөрийгөө тайван байлгахыг хичээдэг. Хэт их зүйл бодохгүй,  зөвхөн тулаандаа төвлөрнө. Рингэнд гарах мөчид “Би ялах ёстой” гэж боддог.

-Боксын спортын  хамгийн сайхан, бахархалтай зүйл вэ?

-Боксын спортын хамгийн сайхан зүйл нь хүнийг төлөвшүүлж чаддаг.  Сахилга бат, тэвчээр, хүлээцтэй байдлыг тамирчинд суулгадаг.  Өдөр бүрийн бэлтгэл нь хүнийг өөрийгөө ялах том чадвар болдог.

-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Олимп болон Азийн аваргаас медаль хүртэж эх орныхоо нэрийг өндөрт өргөхийг хүсдэг. Мөн сонирхогчдын боксын  бүх тэмцээнээс медаль хүртэх зорилготой. Дараа нь өөрийгөө шинэ шатанд сорьж, мэргэжлийн бокст тулалдах мөрөөдөлтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 78 (7820)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn