Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР
Дэлхийн түвшний ширүүн тулаан, аваргын төлөөх өрсөлдөөн, үзэгчдийн уухайн дор “Улаанбаатар 2026” боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод зохион байгуулагдаад хэдхэн хонож байна. Азийн шилдэг тулаанчид хуран чуулсан энэ тэмцээнд манай улсын тамирчид амжилттай оролцож, эх орныхоо рингэн дээр жинхэнэ “гал” асааж чадсан юм. Тэдний нэг болох Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Номундарийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор урьж, ярилцлаа. Түүний хувьд Азийн аваргаас мөнгөн медаль хүртэж, Монголын боксын шинэ үед хүч түрэн гарч ирж буйг харуулсан билээ.

-Насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа оролцлоо. Хэр догдлол, хүлээлттэй байв. Өөртөө ямар зорилго тавьсан бэ?
-Монгол Улсад Азийн аварга зохион байгуулагдсан учраас маш их хүлээлттэй байлаа. Эх орондоо болж байгаа тэмцээнд төрийн дууллаа эгшиглүүлэх зорилго тавьсан. Бэлтгэл сайн хангагдсан, сэтгэл зүйн хувьд бэлэн байсан. Мөн багш нартайгаа сайн ярилцаж, зөвлөгөө авсны үр дүнд амжилттай оролцлоо гэж бодож байна.
-Азийн аваргын рингэн дээр гарахад ямар мэдрэмж төрж байв?
-Насанд хүрэгчдийн Азийн аваргад анх удаагаа оролцсон болохоор маш их догдолсон. Олимп, дэлхийн аваргууд Азийн аваргаас төрдөг шүү дээ. Дэлхийн шилдэг тулаанчид нэг дор цугласан болохоор хурдан рингэн дээр гараад тулалдмаар санагдсан. Тулалдааны үеийн мэдрэмж үнэхээр гайхалтай байсан. Үзэгчид маш их хөгжөөн дэмжиж, урам өгсөн өгсөн сайхан тэмцээн боллоо.
-Эх орондоо өрсөлдсөн хамгийн том давуу тал юу байв?
-Гадагшаа тэмцээнд оролцохдоо олон цагийн нислэг хийж, хол зам туулдаг учраас заримдаа ядрах үе байдаг. Мөн цагийн зөрүү, уур амьсгал, хоол хүнсэндээ дасан зохицох шаардлага гардаг. Харин эх орондоо тэмцээнд оролцох үед энэ бүх хүндрэл байгаагүй нь том давуу тал болсон. Хамгийн сайхан нь Монголынхоо рингэн дээр тоглож, үзэгчдийн дэмжлэгийг мэдэрсэн явдал байлаа. Намайг өмнө тулалдахыг дэргэдээс харж байгаагүй олон хүн ирж үзээд “Ямар их тэвчээртэй юм бэ” гэж хэлж байсан. Энэ бүхнээс урам авсан.
-Тэмцээний үеийн тулалдаануудынхаа тухай ярихгүй юу. Эхлээд Вьетнамын тамирчинтай таарсан. Өмнө та хоёр нэг рингэнд гарч байв уу?
-Вьетнамын тамирчинтай өмнө тулалдаж байгаагүй ч 50 кг-ын жинд байхдаа Вьетнамын өөр тамирчидтай хэд хэд таарч бүгдийг нь ялж байсан болохоор энэ удаа ч гэсэн итгэлтэй байсан.
Харин Казахстаны тамирчинтай Азийн аваргын өмнө нэг тэмцээнд оролцоод ялагдсан болохоор энэ удаа дахин тулалдах болсноо мэдээд баярласан. Тэр тамирчны хувьд олимп, дэлхийн аваргад оролцсон, олон жилийн туршлагатай. Азийн аваргын рингэн дээр гарахын өмнө багштайгаа ярилцаад “Гар нь солгой учраас гэдсэнд нь сулруулж байгаад дараа нь толгой руу оноо авч ажиллая” гэсэн тактикаар ажилласан.
-Финалын шатанд дэлхийн аварга Энэтхэгийн тулаанчтай таарсан. Нэлээн өрсөлдөөнтэй тулаан болсон шүү дээ?
-Өмнө нь бид “Алтан шонхорт хамтарсан бэлтгэл хийж байсан. Тэр үед Энэтхэгийн баг ч ирсэн. Сорил тэмцээний үеэр Энэтхэгийн тамирчныг нэлээд урт мөчтэй зайнаас сайн ажилладаг тамирчин юм байна гэдгийг анзаарсан. Хэрвээ энэ тамирчинтай дараа тэмцээнд таарвал сөрж, ойрын зайнд шахаж тулалдах ёстой юм байна гэж бодсон.
Тэгсэн Азийн аваргын төлөө таарсан. Туршлагатай тамирчин гэж үнэхээр өөр юм билээ. Яалт ч үгүй аваргын хэмжээнд бэлтгэгдсэн байдаг юм байна. Гэхдээ аваргыг хожиж дараагийн аварга төрдөг шүү дээ. Тулааны явцад дэлхийн аварга гээд надаас хурдтай, мэдрэмжтэй, чадвараараа илүү санагдаагүй. Харин туршлагаараа илүүрхсэн. Тиймээс дараагийн удаа яаж тоглох ёстойгоо ойлгож, туршлага хуримтлуулсан. Ер нь тэмцээн бүрээс өөрийнхөө жижиг алдаануудыг харахаас гадна давуу талуудаа ч бас харч чаддаг.
-Эх орондоо Азийн аваргын мөнгөн медалийн тавцанд зогсох мөчид мэдрэмж төрсөн бэ?
-Өмнө залуучуудын Азийн аваргад оролцоод мөнгөн медаль авсан болохоор энэ удаа “Дутуугаа нөхнө” гэж өөртөө зорилго тавьж, миний цаг юм шиг санагдсан. Энэ боломж дахиж надад олдохгүй юм шиг бодогдож, “түрүүлнэ” гэсэн хүсэл эрмэлзэл дүүрэн байсан даа.
Медалиа авахаар гарахдаа баяртай мөртлөө нэг дутуу мэдрэмж төрсөн. “Төрийнхөө дууллыг эгшиглүүлж чадсангүй” гэсэн бодол байсан. Гэхдээ насанд хүрэгчдийн Азийн аваргад анх удаа оролцоод финалд шалгарч, мөнгөн медаль хүртсэн нь үнэхээр сайхан мэдрэмж байлаа. Шигшээ багийн эгч нар маань “ Чамаар бахархаж байна” гэж хэлэхэд бүр их урам авсан.
- Тэр мөчид Ж.Еркин багш нь мөн адил догдолж зогссон болов уу?
-“Миний охин чадах бүхнээ хийлээ. Дутуу зүйл ч байна. Болж байгаа зүйл ч байна. Алдаануудаа сайн зассан байна. Одоо жижиг алдаан дээрээ ажиллавал бүр илүү болно” гэж хэлсэн.
Үндэсний шигшээ багт Ж.Еркин, А.Бат-Очир багш маань ажилладаг. Би түлхүү Ж.Еркин багштайгаа ажилладаг. Бэлтгэлийн явцад нэг өдөр бүх зүйл сайн байхад, дараагийн өдөр чаддаг зүйлээ хийж чадахгүй үе ч гардаг.
Заримдаа мэдрэмж орохгүй, хэцүү санагдах үе ч бий. Тэр бүрд багш маань “Зүгээрээ, тэмцээний үеийн бэлтгэлжилт нь одоо л эхэлж байна. Бэлтгэлээ сайн хийгээд явбал мэдрэмж аяндаа орж ирнэ, алдаанууд чинь засарна” гэж үргэлж ярилцаж, урам өгдөг. Багштайгаа ярилцахад ямар нэгэн шийдэлд хүрдэг. Их түшигтэй хүн. Энэ медалийг Ж.Еркин багшийнхаа ачаар авсан гэж бодож байгаа.
-Рингэн дээрх минут, секунд бүр үнэ цэнтэй, ялагдал, ялалтад нөлөөлдөг байх?
-Тийм ээ. Рингэн дээрх секунд, минут бүрийг зөв ашиглах шаардлагатай. Маш хурдан сэтгэж, анхаарлаа бүрэн төвлөрүүлэх хэрэгтэй болдог. Тулааны үеэр багшийнхаа хэлж байгаа зөвлөгөөг яг тэр агшинд хэрэгжүүлэх хэрэгтэй, үгүй бол хугацаа алдана гэсэн үг.
Би өөрийгөө шартай төрлийн хүн гэж боддог. Рингэн дээр гарахдаа хэнээс ч айдаггүй. Хэрвээ хожигдчихвол “Юун дээр алдчихав” гэж өөртэйгөө ярилцдаг, дараа нь багштайгаа ярилцана. Одоо анзаарахад нэг удаа хожигдсон тамирчиндаа ахиж ялагдаж байгаагүй юм байна. “Нэг хожигдсон юм чинь дахиад хожигдоно гэж юу байхав" гэж боддог доо.
Ялалтын хувьд бол рингэн дээр гарахдаа өөрөөсөө илүү багшдаа итгэдэг. Багшдаа итгэсэн учраас ямар ч айдасгүй байдаг. Тулаанаа дуусгаад буухдаа ч багштайгаа ярилцаж, оновчтой цохилт, жижиг алдаануудыг ярилцаж, дараагийн тоглолтын тактикаа ч мөн боловсруулна. Мэдээж ялалтын мэдрэмж үнэхээр гайхалтай. Гэхдээ тэмцээн дууссаны дараа багш “Тулааны үеэр тэр мэдрэмж чинь гоё байсан.Алдаагаа сайн зассан байна” гэж хэлэхэд ялалтын мэдрэмжээс илүү урам авдаг.
-Боксын спортоор хичээллэхийн хамгийн бахархалтай зүйл юу вэ?
- Анх боксын “Radiance” клубт орж байлаа. Миний боксын спортын суурийг тавьсан Гаваа, Санаа гэж хоёр багш бий. Би их хөдөлгөөнтэй хүүхэд байсан болохоор их хурдан сурсан. Гэхдээ дан боксын бэлтгэл хийвэл уйдна шүү дээ. Тэр үед багш нар маань сууж байгаад Монголын боксчдын түүх, алдартай тамирчдын тухай ярьж өгдөг байлаа. “Манайх тийм тийм олимпын аваргатай. Тэр хүн ийм тэмцээнд энэ цохилтоор ялсан. Тэр цохилтыг хэдэн мянган удаа давтаж, өөртөө суулгасан” гэж ярина. Түүнийг сонсоод урам авч цохилтуудаа давтаад л эхэлнэ шүү дээ.
Мөн багш нар маань “Боксын спортод хамгийн чухал нь зөвхөн цохилт сурах биш хүндлэл юм.Хүндлэлийг өөртөө суулгах ёстой. Бусдыгаа хүндлэхгүй бол хэчнээн алдартай боксчин байсан хол явахгүй. Рингэн дээр тоглоод дууслаа гэхэд шүүгч, өрсөлдөгч тамирчин, үзэгчдэд хүндлэл үзүүлэх хэрэгтэй” гэж хэлдэг байсан. Ингэж л надад багш нар маань боксын спортын суурийг тавьж өгч байлаа.
Дараа нь 2024 онд залуучуудын Азийн аваргаас мөнгөн медаль аваад Үндэсний шигшээ багт орж, хүндэлж явдаг хүмүүстэйгээ хамт бэлтгэл хийхэд үнэхээр сайхан санагдсан.
-Энэ хугацаанд шантрах үе байв уу?
-Хүнд бэлтгэл, жин хасах үе зэрэгт шантрах үе гардаг. Гэхдээ хүнд бэлтгэл дууссаны дараа “Би даваад гарч чадлаа” гэсэн мэдрэмж нь үнэхээр гоё санагддаг. Энэ мэдрэмждээ улам шунаж, спортдоо илүү дуртай болдог. Бэлтгэлийн үеэр өөрийгөө ялж байж рингэн дээр чөлөөтэй байж чаддаг.
Тэмцээний өглөө жингээ өгөөд дараа нь юм идэх тэр мэдрэмж нь хүртэл гоё санагддаг. Жижигхэн огурцы хүртэл гоё амттай санагддаг шүү. Мэдээж хожигдоод шантрах үе байсан. Тэр үед багш нартайгаа ярилцдаг. Багш нар маань “Юуг зорьж явж байгаа гэдэг зорилгоо битгий мартаарай. Тамирчин бүрд шантрах, сөхрөх үе байна. Сэтгэлийн хаттай байх хэрэгтэй “ гэж зорилгыг минь сануулдаг.
-Гэр бүлийнхэн нь хэр дэмждэг вэ?
-Манай гэр бүлийнхэн миний хамгийн том фэнүүд. Анх боксоор хичээллэж эхлэхдээ би гэрийнхнээсээ нууцаар бэлтгэлд явдаг байлаа. Тэмцээнд явах болоод анх гэрийнхэндээ хэлсэн. Тухайн үед эсэргүүцэж байсан ч бэр эгч маань “Нэгэнт зорьсон юм чинь миний дүү тэмцээнээ яваад ирээ” гээд миний зардлыг өгч байсан. Анхны тэмцээндээ амжилттай оролцоод ирэхэд гэрийнхэн маань дэмждэг болсон. Тэрнээс хойш миний үнэнч фэнүүд болсон доо.
Шигшээ багийн тамирчин байгаагүй учраас тэмцээнд явахдаа зардлаа өөрөө гаргана. Би айлын бага хоёр эгч, гурван ахтай. Том ах, ээж хоёр маань надаас нууцаар зээл аваад хүртэл тэмцээнд явуулдаг байсан. Медаль аваад ирэхэд бүрд тэд маань надаас илүү баярлаж, догдолдог. Рингэн дээр тулалдахыг яг хажуунаас ээжээс бусад анх нар маань үзэж байгаагүй. Харин сая Азийн аваргын үеэр анх удаа үзэхдээ миний өмнөөс маш их сандарч, баярлаж байгаа нь мэдрэгдсэн.
Рингэн дээр байх үед үзэгчдийг тэр бүрчлэн харж чадахгүй. Харин рингээс буугаад биеэ сулласны дараа үзэгчид рүү очиход намайг хараад нулимс нь цийлгэнээд л байсан. Мөн боксын суурийг тавьсан багш маань бас ирж үзсэн. Багш маань надаас илүү баярлаж, огшиж байхыг харах үнэхээр гоё байсан.
-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Энэ оны долдугаар сард дахиад Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ удаагийн тэмцээнд заавал төрийнхөө дууллыг эгшиглүүлнэ гэсэн том зорилготой байгаа. Мөн 2027 онд болох Дэлхийн аваргад маш хариуцлагатай, амжилттай оролцоно гэж өдөр бүрийнхээ бэлтгэлийг хийж байна. Бэлтгэлийн үеэр өмнө хожигдсон өрсөлдөгчтэйгөө дахин тулалдаж байна гэж бодож бэлтгэлээ хийдэг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 75 (7817)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn