П.АМГАЛАНБАЯР
“Сэтгэлийн уяа” кино үзэгчдэд хүрнэ гэхийг сонсоод хамгийн түрүүнд анхаарал татсан зүйл бол жүжигчин Э.Батнямбуу найруулагчаар ажилласан явдал байлаа. Э.Батнямбууг дэлгэцийн олон уран бүтээлээр харж байсан болохоор энэ удаа киногоо ямар утга санаа, дүр дүрслэлээр бүтээсэн бол гэж бодогдов. Түүний хувьд чадварлаг, өөрийн гэсэн өнгийг тодорхойлж яваа “содон” уран бүтээлч гэдгээ дүрүүдээрээ харуулсаар ирсэн. Ялангуяа эсрэг дүрээр.
Мөн түүний үзэгчдэд хайрлагдсан дүр бол “Шар гэгээ” киноны Дарим. Энэ дүр түүнийг эсрэг дүрээс эерэг дүрд ажилласан анхны бүтээл гэж хэлж болно. Үйлдэл, дүр төрх, өгүүлэмж нь үнэмшилтэй байсан учраас Даримын дүр “Шар гэгээ” киноны нэгэн тод шигтгээ болсон билээ. Ийнхүү Монголын кино урлагийн салбарт өөрийн гэсэн ертөнцийг бүтээж яваа түүнийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өөр зочин” буландаа урьж, ярилцлаа.
-Сүүлийн уран бүтээл болох “Сэтгэлийн уяа” киноноос ярилцлагаа эхлүүлье. Таны хувьд найруулагчаар ажилласан анхны уран бүтээл гэдгээрээ онцлог байлаа?
-“Сэтгэлийн уяа” киноны зохиолын санаа 2020 онд төрсөн.Түүнээс хойш удаан бодож явсаар 2024 оны намар зохиолчдоо санаагаа танилцуулж,зохиолоо бичүүлсэн. Тэгээд 2025 оны зургаадугаар сараас кино зураг авалтаа эхлүүлсэн. Энэ киноны дотоод мэдрэмж нь миний бага насны дурсамжтай холбоотой учраас өөрөө найруулж, мөн жүжигчнээрээ ч ажиллах бодол байсан.
Мэдээж анхны уран бүтээл дээр найруулагчаар ажилласан учраас чадах, чадахгүй, эргэлзсэн мөчүүд олон байсан. Гэхдээ киноны үндсэн шугамаас хазайхгүй, хүний сэтгэлд хүрэх агшнуудыг шингээж өгөхийг хамгийн их хичээсэн. Монгол ахуй, дүр дүрслэлийг гажуудуулахгүй, жижигхэн деталийг ч алдахгүйг хичээж баг хамт олонтойгоо ярилцсан.
Найруулагчаар ажилласан анхны бүтээл учраас хамгийн чухал нь баг байсан. Сэтгэл нийлсэн, чадварлаг уран бүтээлчдийг нэгтгэж чадсан гэж бодож байна.
Найруулагчийн ажлын бүх зүйл хэцүү шүү дээ. Мотор дуугарч анхны сцен эхлэхэд цаасан дээр буулгаж, сэтгэлдээ төсөөлж байсан зүйлээ бодит дүрс дээр санаснаараа гаргаж чадах болов уу гэж бодсон. Зураг авалтын талбай дээр төсөөлснөөс өөр өнцөг гарч ирдэг. Тэр үед багийнхантайгаа ярилцана. Цаасан дээр бууснаас өөр болж эхлэхээр “Өөрчлөх нь зөв үү, буруу юу” гэдэг дээр гацах үе ч гарна. Алдчих вий гэсэн айдас ч төрнө. Зургийн талбай дээр хийсэн зүйлүүд эвлүүлгийн үед буруу болох вий гэсэн эргэлзсэн зүйлүүд байсан. Гэхдээ эвлүүлгийн ажил дуусаад хар монтажийг үзэхэд зураглаач, эвлүүлэгчийнхээ ур ухаан, мэдрэмжээр үнэхээр их бахархсан.
-Таны хувьд өмнө нь гэрэлтүүлэгч, зураачаар ажиллаж байсан туршлагатай. Энэ нь найруулагчаар ажиллахад давуу талтай байсан уу?
-Кино багийн арын албанд олон жил ажилласан болохоор зураг авалтын бүхий л процесс, багийн ажиллагааг тодорхой хэмжээнд ойлгоно. Тиймээс зураг авалтын өмнө багийнхантайгаа ярилцаж, санаа, оноогоо хэлдэг байсан. Гэхдээ зураг авалтын үед бол би тэр хүмүүсийн ажилд оролцох боломжгүй. Хүн бүр зохиолыг уншаад өөр өөрсдийн өнцгөөс харж, ажиллаж байгаа шүү дээ.
-Кино уран бүтээл дээр баримталдаг зарчим тань юу вэ?
-Миний хувьд хамгийн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг чухалчилдаг. Өмнө нь гэрэлтүүлэгчээр ажиллаж байхдаа хөдөлмөрийн аюулгүй байдал чухал гэдгийг сайн ойлгосон. “Сэтгэлийн уяа” киноны зураг авалт дээр ч мөн үүнийг чухалчилсан. Мөн сэтгэл ханамжтай, жаргалтайгаар кино зураг авалтынхаа ард гарна шүү гэж багийнхантайгаа ярилцсан. Цаг хугацаанд баригдаж, яарч зураг авах биш сэтгэлд хүрсэн кадраа авахыг зорьсон доо.
-Таны хувьд тухайн дүрээ хэрхэн тодотгож, “амьдруулах”-ыг зорьдог вэ?
-Тухайн дүрийг найруулагч нэг өнцгөөс, үзэгч бас нэг өөр өнцгөөс, мөн зохиолч ч өөрөөр харж бичсэн байж болно. Харин тэр дүр нэгэнт надад оногдсон учраас би эцсийн байдлаар дэлгэцэн дээр ямар хүн болгож харагдуулах вэ гэдгийг дотроо төсөөлдөг.
Энэ дүр ямар араншинтай, ямар мэдрэмжтэй, ямар тоглолтоор илэрхийлэгдэх ёстой вэ гэдгийг дотроо төсөөлж, боловсруулдаг. Зураг авалтын талбай дээр энэ дүрийг тодотгож гарах зүйл юу байна гэдгийг бусад дүрүүд болон тухайн сцен, уур амьсгалаас харж, ажиглаж, дүрдээ шингээхийг зорьдог. Ингэснээр өөрийнхөө дүрийг ялгарлыг бий болгож, урьд өмнөх төстэй дүрүүдээс өөр бодгаль гэдгийг харуулах боломжтой. Мэдээж хүмүүст хүрсэн дүр ч бий, дутуу зүйл ч бий.
-Жүжигчинд дүрээ өмөөрч тоглоно гэж байдаг. Та эсрэг дүрүүдээ хэрхэн өмөөрч бүтээдэг вэ?
-Эсрэг дүр гэдэг өөрөө эерэг дүрүүдээ тодотгож, түшиж гаргаж ирэх чухал үүрэгтэй. Тэр дүрийг тодотгохын тулд хамгийн түрүүнд өөрийн дүрээ өмөөрөх хэрэгтэй болдог. Надад оногдсон дүр учраас “Миний хийж байгаа зүйл зөв” гэж үнэмших ёстой. “Ийм учраас би зөв гэж бодож байна. Миний зорилго ийм байна” гэх дотоод үнэмшил байхгүй бол дүр амьдрахгүй.
Мэдээж миний дүрийн амьдралын шугам өөр нэгэн хүнийхтэй зөрж л таарна. Тэр огтлолцлоос л зөрчил тэмцэл үүсэх учраас, дүрийнхээ намтрыг дотроо бүтээж тоглодог. Дүрийн зохиол дээр бичигдсэн зөрчил, зорилгыг өөртөө нааж, дүрээ өмөөрч тоглосноор гол дүрийн тэсрэлтээс илүү хүчтэй байж, үзэгчдэд үзэн ядах, бухимдах тэр мэдрэмжийг төрүүлдэг гэж боддог.
-“Эсрэг дүрийн мастер” гэж үзэгчид таныг үнэлэхэд ямар санагдсан вэ?
-Мэдээж сайхан мэдрэмж төрдөг. Жүжигчин хүн оноогдсон дүрээ сайн гаргаж, үзэгчдэд үзэн ядалт, зэвүүцэл уур бухимдал, хайр энэрэл, аз жаргалыг мэдрүүлж чадсан болохоор л тэр дүрийг бүтээсэн жүжигчнийг ярьж байгаа шүү дээ. Тэр утгаараа үзэгчдийн үнэлэмж, сэтгэгдэл гэдэг жүжигчин хүнд хамгийн том урам болдог. Хийх зүйлээ хийж, дүрээ тодорхой хэмжээнд үзэгчдэд хүргэсэн байна гэж бодсон.
Сургууль төгсөөд мэргэжлээрээ шууд ажиллах боломж хийгээд цойлсон авьяас байсангүй. Дурлаж, хайрлаж, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахын тулд юу хийх ёстой вэ гэж бодсон. Тэр үед кино урлагаас холдож болохгүй юм байна гэдгийг ойлгосон л доо. Тиймээс туслахаас нь ч болов ажиллаад явахаар шийдсэн. Нэг урлагаас холдож, хөндийрвөл буцаад ажиллана гэдэг хэцүү шүү дээ. Мэдрэмжүүдээ алдана. Тэр бүх анхны алхмууд одоо явж байна. Жүжигчин гэдэг ханаж болдоггүй мэргэжил.
-Кинонд ажиллах санал ирэхэд юуг илүү чухалчилдаг вэ?
-Хамгийн түрүүнд зохиолоо хардаг. Дараа нь надад санал болгож буй дүрээ анхаарч уншина.Дүр маань санаснаар биш,зөрчилдөх зүйл байвал зохиолч, найруулагчтайгаа тухайн дүрийн талаар задалж ярилцдаг. Ер нь зохиол уншиж байх үедээ дүрээ өмөөрөх мэдрэмж хамт явж байдаг. “Миний дүр яагаад ийм логикгүй зүйл хэлчхэв, яагаад ийм үйлдэл хийв, үүний цаад шалтгаан нь юу байв” гэдгийг ярилцдаг. Мэдээж зохиол болон дүрээс гадна баг хамт олон чухал.
-Таныг эсрэг дүрээс эерэг дүрд гаргасан, үзэгчдийн хайртай дүр бол “Шар гэгээ” киноны Дарим шүү дээ?
-Дарим бол миний хувьд анхны эерэг дүр байсан. Түүнийгээ дагаад хариуцлага ч мэдрэгдсэн. Кино зохиолоо анх уншихдаа Даримын дүр “дотор багтаж”. “Энийг бол харин тоглочихно шүү” гэж бодсон. Гэхдээ зөвхөн өөртөө итгэх нэг хэрэг, харин үзэгчид хэрхэн хүлээж авах вэ гэдэг өөр асуудал шүү дээ. “Яагаад эерэг дүр” гэсэн хандлага ч байсан. Тиймээс дүрээ олон талаас нь харж, найруулагч болон хамтран ажиллаж буй, жүжигчидтэйгээ ярилцсан.
Хүчтэй тоглох шаардлагатай юу, үгүй юу. Хүмүүст буучихсан эсрэг дүр нь тодрох гээд тоглох ньюансаа хүртэл өөрчилсөн.Даримын дүр өмнө нь тайзны уран бүтээл дээр олон жүжигчний амилуулсан, хүмүүсийн сэтгэлд хоногшсон дүр шүү дээ. Театрын тайзан дээр амилж байсан дүрийг дэлгэцийн урлагт буулгана гэдэг өөрөө том сорилт. Үзэгчид Даримыг өөр өөрийнхөөрөө төсөөлчихсөн байсан учраас “Дэлгэцийн Дарим ямар байх вэ” гэдгийг надаас харна гэж бодохоор хэзээ ч муу тоглож болохгүй гэсэн хариуцлага мэдрэгдсэн.
Тиймээс Даримыг хүмүүст хайрлагдсан сайхан дүрээр үлдээхийг хичээсэн. Тоглосон сцен бүр амаргүй байсан. Би өөрөө нүүрний хөдөлгөөн ихтэй хүн. Тиймээс алхаа гишгээ, нүдний харц, нүүрний жижигхэн хувирал, хөдөлгөөн бүр дээр анхаарсан.Сцен бүртээ маш няхуур мэдэрч тоглохыг хичээсэн дээ. Ялангуяа төгсгөлийн хэсэг хамгийн хүнд байсан. Өрнөөс нь унасан үр хүүхдийг нь авч явах гээд байдаг. Өөрөө хүний сайхан үрийг хүн болгоно гэж авчхаад алдчихсан байдаг. Энэ хоёр зааг дээр яаж ч чадахгүй суугаа тэр дүрийн бүх мэдрэмжийг гаргахыг хичээсэн дээ.
-Ярилцлагынхаа төгсгөлд жүжигчин мэргэжлийн үнэ цэн, бахархал гэж таны хувьд юу вэ гэдгийг асуумаар байна?
-Дүр дээр ажиллах ажиллагаа, киноны үйл явц бүхэн жүжигчин мэргэжлийн аз жаргал гэж боддог. Тухайн зохиолын дотор амьдарна гэдэг үнэхээр гоё мэдрэмж шүү дээ. Нэг зохиолын хүрээнд зураг авалт дуусах хүртэл тэр дүрээрээ амьдарна гэсэн үг. Бүх цаг үед дүрийнхээ оршихуйд байна гэдэг сонирхолтой, бас бахархалтай. Натур дээр очоод мотор дуугарч, зураг авалт эхлэх тэр мөч хүртэл жүжигчин хүний хувьд аз жаргал байдаг. Оюутан байхад багш нар маань жүжигчний мэргэжил “лабораторийн ажил” гэж хэлдэг байсан. Тэр утгаараа жүжигчин мэргэжил гэдэг байнга туршиж, бүтээж, амьдарч байдаг тасралтгүй процесс юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 82 (7824)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn