П.АМГАЛАНБАЯР

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хөгжим хэмнэл” буландаа Завхан аймгийн Цагаанчулуут сумын  Соёлын төвийн дарга, соёлын тэргүүний ажилтан Б.Баатарааг урьж, ярилцлаа. Тэрээр тавдугаар сарын 2-нд  "Хагдраа нь үгүй хайр" тоглолтоо нийслэлчүүддээ зориулан Соёлын төв өргөөнд  толилуулах гэж байна.

 

-Улаанбаатарын үзэгчидтэй "Хагдраа нь үгүй хайр" тоглолтоороо удахгүй уулзах гэж байна. Тоглолтынхоо талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Би СУИС-ийг  гавьяат жүжигчин Д.Ганхуяг хэмээх эрхэм сайхан багшийнхаа  удирдлагад дуурийн дуучин мэргэжлээр төгсөөд 11 жил болж байна. Сургуулиа төгсөөд нутагтаа багшилж, Соёлын төвдөө ажиллаж сурч мэдсэн зүйлээ хүмүүст хүргэхийг зорьж ирлээ. Харин одоо өөрийгөө уран бүтээлчийн хувьд сорьж үзье гэж бодсон.

 Энэ тоглолт бол миний  олон жилийн мөрөөдөл. Хөдөө орон нутгаас ч  уран бүтээлчид  хотод ирж, тайзнаа өөрийн өнгө төрхийг харуулсан тоглолтоо хийж болдгийг харуулахыг хүссэн юм. Анхны дуу, анхны тоглолт гэдэг уран бүтээлч бидэнд хамгийн нандин, үнэ цэнтэй мөч байдаг.  Тиймээс олон жил  бодож, мөрөөдөж ирсэн тоглолтоороо үзэгчидтэйгээ уулзах гэж байгаадаа баяр, догдлол дүүрэн байна.

-Тоглолтын үдэш ямар уран бүтээлүүд тайзнаа эгшиглэх  вэ?

-Тоглолтоо анхны уран бүтээл болох “Хагдраа нь үгүй хайр” дууныхаа нэрээр нэрлэсэн. Энэ нэр өөрөө мөнхийн хайрыг илэрхийлж байгаа юм. Зөвхөн эрэгтэй эмэгтэй хүний хайр биш аав ээжийн хайр, эх орноо гэсэн сэтгэл хэзээ ч гандаж, хагдрахгүй  мөнхийн үнэ цэнийн тухай  өгүүлнэ. Мөн энэ үдэш нийтийн дуу, дуурийн дуу, поп урсгалын бүтээлүүд эгшиглэнэ.

Тоглолтын ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Утга зохиолын нэгдлийн гишүүн Алтантүлхүүр ах маань ажиллаж байгаа. Мөн тоглолтод ардын жүжигчин С.Батсүх,  соёлын тэргүүний ажилтан Т.Амина, П.Бат-Ундрах, Б.Эрдэнэбаяр, Э.Дашням, М.Отгонжаргал, Бор Мэндээ, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Мэндбаяр болон "Хүн" театрын бүжигчид оролцоно.

Одоогоор  тоглолтын бэлтгэл ажил 95 хувьтай явж байна. Анхны бүхэн алдаа, оноо хосолж байдаг. Гэхдээ  үзэгчиддээ сэтгэл дүүрэн сайхан тоглолт  хүргэхийн  төлөө маш их хичээж байгаа.

-Нутгийн зон олон таны тоглолтыг  зорин ирэх байх аа?

-Тэгэлгүй яах вэ. Цагаанчулуут сумынхан, Завхан аймгийн   Соёл урлагийн газрын хамт олон, намайг дэмждэг олон хүмүүс зорин ирнэ. Мөн намайг  хүн болгож өсгөсөн  83 настайгаа эмээгээ тоглолтынхоо хойморт  суулгаад уран бүтээлээ хүргэх нэг том мөрөөдөл минь биелж байна.  Би багадаа  эмээдээ “Завхан гол” дууг дуулж өгдөг хүүхэд байлаа. Эмээ маань  хүүгээ тоглолтоо хийх гэж байгаад их баяртай байгаа. Бараг  миний менежер шиг л бүх зүйлд санаа тавьж,  дэмжиж байна.  Тоглолтын өдөр  эмээ маань хүүгээрээ  бахархаж, баярлана  гэдэгт итгэлтэй байгаа.

-Орон нутагт ажиллахын давуу тал юу вэ?

-Одоо хөдөө, хотын ялгаа бараг үгүй болсон. Чөлөөт цагаа зөв ашиглаж чадвал маш том боломж орон нутагт бий.

Мөн хөдөө орон нутгаар олон уран бүтээлчид ирж тоглолтоо хийдэг.  Тэр бүхнээс суралцаж, хүмүүс ямар дууг илүү хүлээж авч байна, ямар төрөл жанр хүрч байна гэдгийг ажиглаж анализ хийдэг. Энэ хугацаанд10 гаруй уран бүтээлтэй болсон.  Жилд нэг уран бүтээл гаргахыг зорьж ажилласан.

Ардын жүжигчин С.Батсүх ахтайгаа хамтран тоглолтынхоо эхлэлийг тавьж, “Эхлэл” тоглолтоо хийж байсан. Харин энэ удаагийн  тоглолтын дараа Завхан аймгийнхаа Хөгжимт драмын театрт  хаалтын тоглолтоо хийхээр төлөвлөж байна. 

-Багшаар ажиллах хугацаандаа  юуг хамгийн их чухалчилдаг байсан бэ?

-Багшаар ажиллах хугацаандаа олон хүүхдэд  дуучин болох  мөрөөдөл урам өгч чадсан гэж боддог. “Яргуй” наадамд хүүхдүүд маань оролцож, түрүүлж байсан. Одоо СУИС-д сурч байгаа шавь нар ч бий. Мөн хүүхдүүдэд хувцаслалт, харилца, соёл зэргийг түгээхийг зорьдог.

-Цаашид ямар жанраар түлхүү уран бүтээл хийхээр  зорьж байна вэ?

- Хүүхэд насныхаа мөрөөдлөөр жигүүрлэсээр дуучин мэргэжлийг сонгож энэ замаар алхаж байна. Би дуурийн дуучин мэргэжлээр төгссөн ч олон төрөл жанраар өөрийгөө сорьж, уран бүтээлээ хийхийг хүсдэг. Сүүлд н.Отгонжаргал найзтайгаа хамтран дуулсан  “Чиний үгүйд” дуу  үзэлт сайтай байгаа. Хүмүүс намайг нэрээр  сайн  мэдэхгүй ч дуугаар маань таньдаг. Сүүлийн үед залуус хөнгөн, ритмлэг дуу түлхүү сонсож байна. Тиймээс хуучны алтан үеийн дуунуудыг сэргээж,  поп урсгалтай хослуулан  уран  бүтээлээ хийхээр зорьж байна.

Тоглолт хийх мөрөөдөл минь биелэхэд маргааш дахиад шинэ мөрөөдөлтэй болно. Урлагийн хүн үргэлж шинийг сэтгэж,  зорилготой байх ёстой. Хэчнээн мэргэжлээрээ ажиллахгүй байгаа ч гэсэн  мэргэжлийн  байх ёстой гэж боддог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 80 (7822)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn