Г.ХХҮСЛЭН

Монголын балетын залуу уран бүтээлчдийн ур чадвар, авьяасыг сорьдог “Монголын балетын үндэсний VI уралдаан” энэ сарын 15–17-ны өдрүүдэд УДБЭТ-д болно. Тус уралдаан нь балетын урлагийн хөгжлийг дэмжих, залуу бүжигчдийг олон нийтэд таниулах зорилготой бөгөөд гоцлол болон багийн ангиллаар зохион байгуулагдана. Уралдааныг “Монголын балетын хөгжил сан”, УДБЭТ болон Монголын балетын үндэсний зөвлөл хамтран зохион байгуулж байна. Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуягийн санаачилгаар 2016 оноос эхлэн зохион байгуулж ирсэн юм. Өгөрсөн жилийн уралдаанд Улаанбаатар хотоос гадна Төв, Дархан-Уул, Орхон, Увс, Дорнод, Дорноговь зэрэг аймгийн 34 багийн 375 гаруй оролцогч өрсөлдсөн байна. Харин энэ жил орон нутгийн болон хувийн балетын студийн оролцоо нэмэгдэж, оролцогчдын тоо өсөх төлөвтэй байгааг зохион байгуулагчид онцоллоо.