Т.СУМЪЯАДАШ
Дөрөө гөлөм элээн, дөрвөн мянганаас довтолсон
Дээр нь дэрвэх эр хүнийг дэлхийн дайдад бахдуулсан
Янцгаадаг хийморь мину, явж өргөсөн золбоо мину
Монгол морь домгийн цагаан ажнай
Газар буусан хүлэг ээ... гэх морин хуурын аялгуу танхимд намуухан эгшиглэнэ. Үзэсгэлэнгийн танхимд ороход хомоолын үнэр хамар цоргиж, тал нутгийн салхи сэнгэнэх шиг. Хэсэгхэн зуур их хотын чимээнээс холдож, хэдэн мянган жилийн тэртээх нүүдэлчдийн ертөнцөд хөл тавьсан мэт санагдана. Энэ бол Дэлхийн адууны өдрийг тохиолдуулан Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд дэлгэсэн “Туурайн цуурай” үзэсгэлэнгийн орчин. Тус үзэсгэлэнд "Сэмүүн" студийн найруулагч, судлаач Б.Баярын олон жилийн турш цуглуулсан 500 орчим адуутай холбоотой хадны зургаас 50 гаруй зургийг сонгон дэлгэсэн байна. Эртний хад чулуунд мөнхөрсөн адууны дүрс нь нүүдэлчдийн аж төрөхүй, сэтгэлгээ, соёл иргэншлийн үнэт өв, хүн ба хүлэг морины салшгүй холбоог өгүүлэх бодит түүх ажээ.
Хаданд мөнхөрсөн түүхийн мөрөөр

Найруулагч, судлаач Б.Баяр 2001 оноос хадны зураг сонирхож эхэлжээ. Тэрээр анх үзэсгэлэн гаргах зорилгогүй байсан бөгөөд баримтат киноны зураг авалтын үеэр таарсан хадны зургуудыг сонирхон гэрэл зурагт буулгаж эхэлсэн байна. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ сонирхол нь судалгаа болон өргөжиж, Монгол орны өнцөг булан бүрээс шинэ содон хадны зургуудыг эрэн хайдаг болжээ. Ингээд 2018 онд “Монголын сая өдөр” анхны үзэсгэлэнгээ гаргасан нь хожим олон улсын тавцанд хүрсэн байна. Тус үзэсгэлэн нь ЮНЕСКО-гийн төв зааланд дэлгэгдэж, Унгар, Польш, Литва, Чех зэрэг Европын дөрвөн оронд үүдээ нээжээ. Харин энэ удаад тэрээр Монголын хадны зураг дахь адууны дүрслэлийг онцлон толилуулж байна.
Туурайн цуурай өнөөдөр ч сонсогдоно

“Туурайн цуурай” гэх нэрийг их бэлгэдэж өгсөн. Хаданд чанга дуугарахад цуурайтдаг шиг эртний хүмүүсийн үлдээсэн зурвас, түүх, соёл өнөөдөр ч бидэнд цуурайтан хүрч байна гэсэн санааг илэрхийлж байгаа уран бүтээлч Б.Баяр онцолсон юм. Мөн үзэсгэлэнгийн бэлтгэл ажил харьцангуй богино хугацаанд өрнөжээ. Учир нь дэлгэгдсэн гэрэл зургуудын ихэнхийг Б.Баяр олон жилийн турш судалгаа, зураг авалтынхаа явцад хэдийнээ цуглуулсан байна. Харин энэ удаагийн үзэсгэлэнд зориулан Дундговь аймгийн Дэл уулын байгаль хамгаалагчидтай хамтран ажиллаж, зарим шинэ зургуудыг нэмж авчээ. Хамгийн их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардсан ажил нь зураг авахаас гадна олон зуун бүтээлээс үзэсгэлэндээ тохирох зургуудыг шилж сонгох явц байсан аж. Адууны дүрслэлтэй хадны зургуудын ард нүүдэлчдийн аж амьдрал, ан гөрөө, дайн тулаан, ахуй соёлын тухай өгүүлэх асар их өв хадгалагдаж байдаг тул алийг нь онцлон дэлгэхээ шийдэх амаргүй байсан гэдгийг тэрээр хэлж байлаа. Мөн хадны зургуудыг олон нийтэд хүргэхийн зэрэгцээ хамгаалалтад онцгой анхаарах шаардлагатайг онцолсон юм. Учир нь Монгол орны олон газарт хадны сүг зургууд хүний буруутай үйл ажиллагаанаас болж гэмтэж, сүйдэх тохиолдол цөөнгүй гардаг байна.
Тахийн дүрстэй адуу судлаачийн анхаарлыг татжээ

Олон жилийн турш хадны зураг судалж, Монгол орны өнцөг булан бүрээр аялсан Б.Баяраас судалгааны явцдаа хамгийн их сэтгэл хөдөлсөн олдворын талаар асуухад “Нэгийг онцлон нэрлэхэд бэрх юм. Учир нь цуглуулсан эцэг эхийн сэтгэлээр хайрладаг. Хамгийн их сонирхол татсан гэвэл, сүүлийн жилүүдэд олж илрүүлсэн тахьтай төстэй төрхтэй адууны дүрс байсан. Зарим эрдэмтэд тахийг адуунаас өмнө гаршуулсан байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлсэн байдаг. Энэ дүрслэл нь тэр онолын нэгэн боломжит ул мөр ч байж мэднэ” гэлээ. Харин судалгааны ажлын хамгийн хүнд хэсэг нь алслагдсан газруудад хүрч ажиллах байжээ. Тэрээр Ховд аймагт байрлах нэгэн хадны зургийг баримтжуулахаар тусгайлан зорьж очсон тухайгаа дурссан юм. Хэдий зам хүнд байсан ч хад чулуун дээр олон мянган жилийн өмнө үлдсэн дүрслэлүүдтэй нүүр тулан уулзах мөч бүхэн судлаачийн хувьд юугаар ч үнэлшгүй ололт, урам зориг болдог хэмээлээ.
“Би адуучин монгол хүн” гэсэн бахархлыг мэдрээсэй

Түүний зорилго бол үзэсгэлэнг үзсэн хүн бүр “Би монгол хүн, би адуучин монгол хүн” гэсэн бахархлыг сэтгэлдээ тээж гарах явдал ажээ. Учир нь хадны сүг зураг бүрд зөвхөн адууны дүрсээс гадна монголчуудын түүх, аж амьдрал, ертөнцийг үзэх үзэл шингэсэн байдаг. Тиймээс хүүхэд, залуучууд өв соёлоо илүү сайн мэддэг, хайрладаг, хамгаалдаг болоосой гэж хүсдэг гэсэн юм. Энэ үеэр тус үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн Б.Болор гэх эмэгтэйн сэтгэгдлийг хуваалцлаа. Тэрээр аялал жуулчлалын мэргэжилтэн бөгөөд үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийн тухай “Зургуудын дүрслэл, зургийн формат нь таалагдлаа. Уран бүтээлчийн зураг авсан өнцөг мэдрэмж нь сонирхолтой санагдаж байна” гэлээ.
Харин Дундговь аймгийн Өлзийт сумын Цагаан суварга, Дэл уулын орон нутгийн тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Б.Батсүх “Туурайн цуурай” үзэсгэлэнд Дэл уулын хадны зургууд олон байгааг онцоллоо. Тэрээр “Би Дэл уулын байгаль хамгаалагчаар 17 дахь жилдээ ажиллаж байна. Тиймээс энэ сайхан тусгай хамгаалалттай газрынхаа хадны зургуудыг хаанаас нь ч хараад танина. Одоо Баян-Өлгий бусад газрын хадны зургуудыг очиж үзэх хүсэл төрлөө. Дотоодын аялагчид, хүүхэд, залуучууд хадны зураг дээр өөрийнхөө нэрийг сийчих, давхарлаж зурах зэрэг зөрчил гардаг. Тиймээс залуучууд маань эртнээс өвлөгдөж ирсэн агуу түүх, соёлын дурсгалаа ирээдүй хойч үедээ өнөө хэвээр нь үлдээхийн байгальдаа хайртай байж, зөв аялж байгаарай” гэж уриалсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 107 (7849)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn