Ц.МЯГМАРБАЯР
Хувийн хэвшлийн төлөөлөл иргэн Доржоо “Замын-Үүд-Эрээний чөлөөт бүс”-д хүнсний чиглэлээр салбар жижиг үйлдвэр барих төслөө боловсруулж улмаар чөлөөт бүсийн захиргаанд газар олгож өгөх хүсэлтээ өгсөн байна. Гэвч жил гаруй хөөцөөлдөөд газраа авч чадаагүй. Уг нь захиргааны зүгээс төлөвлөлтөөр худалдаа үйлчилгээний, аялал жуулчлалын дэд бүтцийн гээд газраа хуваарилсан хэдий ч удирдлагын зүгээс шийдэж өгөхгүй явуулаад байсан аж. Эцэст нь түүнээс авлига өгөхийг шаардсан байна. Яагаад төрийн ажил хийж цалин, тэтгэмж авч байж авлига нэхдэг билээ гээд ухаад үзтэл Чөлөөт бүсүүдэд ажиллаж буй төрийн захиргааны албан хаагчдын цалин 1.4-1.8 сая төгрөг. Тэдний хийх ажил архи зарахаас өөр зүйлгүй. Дээр нь газрын дуудлага худалдааг зохион байгуулдаг. Хөдөө орон нутгийн хүнд нөхцөлд ийм бага цалин аваад амьдрах боломжгүй.
Өөр нэмэлт орлогогүй тул авлига авдаг юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн гэж ярьсан юм. Мөн Алтанбулагийн чөлөөт бүсэд ажилладаг хил, гаалийн захиргааны удирдлага нь хотод байдаг. Хааяа баяр ёслолын үеэр ачаалал ихсэхээр эндээ ирдэг. Бусад үед хэдэн албан хаагчид нь архины зөвшөөрөл өгөх, бүс рүү иргэдийг оруулж гаргах ийм л ажил хийдэг. Ихэнх цагт хөзөр тоглож, хоол хийж идээд сууж байдаг гэж тус бүсийн захиргаанд өмнө нь ажиллаж байсан Л.Б ярьсан юм. Энэ мэт тухайн бүсэд хөрөнгө оруулалт татаж экспорт, импорт хийх боломжийг бүрдүүлэх үүрэгтэй төрийн төлөөлөл амьгүй албат шиг сууж иргэдээс авлига авч буй жишээ олон. Нөгөөтэйгүүр, гадаадаас хөрөнгө татаж үйл ажиллагааг явуулах, менежмент хийх мэдлэг боловсролтой мэргэжлийн боловсон хүчин ийм цалин аваад тэнд ажиллах нь бүтэшгүй зүйл гэж эх сурвалж нэмж хэлсэн юм. Манайд анхны чөлөөт бүс байгуулагдаад 20 гаруй жил болж байгаа ч согтууруулах ундаанаас өөр зүйл зарагддаггүй. Өөр бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрээгүй, хөгждөггүй хоцрогдсон газар болж хувирсныг “Зууны мэдээ”сонин энэ оны хоёрдугаар сарын 11, 25-ны дугаарт “Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор, Хуурамч архины нийлүүлэлтийн суваг “дижитал жижиглэн” хэлбэрт шилжсэн үү? Зэрэг цуврал нийтлэлүүдээрээ хүргэсэн билээ. Харин энэ удаагийн нийтлэлээрээ чөлөөт бүсүүд яагаад сонгодог хэлбэрээрээ хөгжихгүй байгааг сурвалжиллаа.
Аж ахуй эрхлэх зөвшөөрөл авахад 1.6-2 жил шаарддаг
Манай улс Чөлөөт бүсийн тухай хуулийг УИХ-ын тогтоолоор 2015 онд баталсан. Үүнээс хойш Монгол Улсын хэмжээнд дөрвөн бүс бий болжээ. 500 га газар бүхий Алтанбулагийн чөлөөт бүс, 1000 га талбайг хашаалсан Хөшгийн хөндийн чөлөөт бүс, 158 га талбай бүхий Баян-Өлгий аймагт байрлах Цагааннуурын чөлөөт бүс, 900 га талбайг хамарсан Замын-Үүд -ийн чөлөөт бүс. 2004 онд анх Замын-Үүд-ийн чөлөөт бүсийг байгуулснаас хойш 24 жил өнгөрчээ. Алтанбулагийн чөлөөт бүс 2002 онд байгуулагдсанаас хойш 26 жил болжээ. “Хөшгийн хөндийн чөлөөт бүс”-ээс бусад гурван бүсэд өнөөдөр зөвхөн архи л зардаг чөлөөт бүс болжээ. Учир нь архи болон согтууруулах ундааны гаалийн онцгой албан татвараас чөлөөлдөг учраас архины зөвшөөрөл хялбар байдаг аж. Гэхдээ энэ зөвшөөрлийг эрх мэдэл бүхий хэдхэн бүлэг эзэмшдэг тухай ч эх сурвалж нуугаагүй. Алтанбулагийн чөлөөт бүсийн захирагч байсан О гэгч машинаараа нь татваргүй, хямд архи болон согтууруулах ундааны зүйлс гаргаж байгаад баригдаж шүүхээс ял авсан тухай баримт ч бий. Үүнтэй холбоотой тухайн бүсийг хэсэг хугацаанд хаасан тохиолдол ч бий. Гэхдээ нутгийн иргэдийн амьжиргааны эх үүсвэр муудсан тул эргэн 2015 онд нээжээ.
Харин бусад бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн зөвшөөрөл нь маш төвөгтэй. Жишээлбэл, “Замын-Үүд”-д ямар нэгэн үйлдвэр байгуулъя гэвэл байгуулах процесс нь төвөгтэй. ТЭЗҮ шаардана. Салбарын яам үүнийг батална. ТЭЗҮ батлагдангуут Байгаль орчны ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ гэх мэтээр бизнес эрхлэхэд шаардлагатай бүх бичиг баримтыг шаардана. Ерөнхийдөө захиргааны хүнд суртал, хэм хэмжээ нь яг ижил. Тэгсэн хэр нь газрын зөвшөөрлийг нь таван жилээр олгодог. Хөрөнгө оруулагчдад ямар нэгэн баталгаа байхгүй. Зөвшөөрөл дүгнэлтэд хялбаршуулсан систем үйлчилдэггүй. Өөрөөр хэлбэл, үйлдвэр эрхлэх зөвшөөрлөө авах гэж яам, тамгын газрыг тойрсоор хоёр жил болдог байна. Зөвхөн эрчим хүчний асуудлаа сэргээгдэхээр шийдэхэд Диспетчерийн үндэсний төвтэй гэрээ хийх явц нь 1.6-2 жил болдог байх жишээтэй. Нэг ёсондоо хөрөнгө оруулагч нар зээлээ аваад шууд үйлдвэрээ барих боломжгүй хоёр орчим жил хүлээж байж сая үйлдвэрээ барих болдог. Гэтэл газрын зөвшөөрлийн хугацаа нь дуусах дөхсөн байх жишээтэй. Хөрөнгө оруулагч хоёр жил хий зээлийн хүү төлөх нөхцөлд байна. Ийм байхад хэн ч энэ бүсэд бизнес хийхийг хүсэх вэ дээ.
Чөлөөт бүсийг хугацаагүйгээр байгуулсанд орон нутгийнхан дургүй
Шинээр Чөлөөт бүс байгуулах тохиолдолд гурван шат дамжлагаар асуудлыг оруулах эрх зүйн зохицуулалттай. Эхлээд УИХ-аас чөлөөт бүсийн хил хязгаарыг тогтооно. Дараа нь Засгийн газраар оруулж батлуулна. Бүх зөвшөөрөл бичиг баримтаа бүрдүүлж Чөлөөт бүсээ байгуулах гэсэн зохицуулалтай. Одоогийн мөрдөж буй хуулиар Чөлөөт бүсийг байгуулах, татан буулгах, өөрчлөх боломжтой. Гэхдээ нэг байгуулсан Чөлөөт бүсийг хугацаагүйгээр байгуулах заалттай. Тухайлбал, Замын-Үүд болон Алтанбулагийн чөлөөт бүсийг хугацаагүйгээр байгуулсан. Хугацаагүйгээр байгуулснаар сөрөг тал нь бусад улс тодорхой хугацаатай байгуулдаг. Учир нь хугацаа дууссанаар тухайн орон нутгийн мэдэлд шилжүүлдэг давуу талтай. Гэтэл манай чөлөөт бүсийн орон нутгийн иргэд үүнд дургүй байдаг тухай эх сурвалж ярьж байв. Мөн чөлөөт бүс нь тусдаа том талбайг хамарч хашаалсан. Хоёр жил хөөцөлдөж бүх бичиг баримтаа бүрдүүлээд үйлдвэрээ барих гэхээр яам, аймаг, сумын улсын байцаагч нь очоод дэглэм, хяналт зэрэг стандарт шаардаад зогсоодог. Өөрөөр хэлбэл, Мэргэжлийн хяналтыг татан буулгаснаар салбар яам, онцгой байдал, стандарт хэмжил зүйн төв, аймаг сумын эрүүл мэндийн газар гээд нэг газарт 5-6 шалгалт очдог. Энэ нөхцөл байдал өнөөдрийн чөлөөт бүсэд байгаа бодит кэйс юм.
“Замын-Үүд-Эрээний чөлөөт бүс” дундаа зайтай учраас өнөөдрийг хүртэл гацжээ
Чөлөөт бүс олон хэлбэртэй хөгждөг байна. Тухайлбал,Замын-Үүд-Эрээний чөлөөт бүс ийг Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс гэж тогтсон ч гэрээгээ батлахдаа 800 метрт гэж баталсан. Ингэснээр хил огтлолцох цэгийн хооронд зай үүссэнээс болж зам барих асуудал нь саатжээ. Үүнээс болж чөлөөт бүсийн үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл 24 жил гацжээ. Өөрөөр хэлбэл хоорондын зайнаас болж хоёр улсын иргэд зөвшөөрөгдсөн бүсэд чөлөөтэй орж гарах боломжгүй заавал виз авах шаардлага үүссэнтэй холбоотой. Нөгөөтээгүүр, манай тал Эрээний чөлөөт бүстэй ямар ч холбоогүй. Уг нь Чөлөөт бүсээр хоёр улсын иргэд чөлөөтэй орж харилцан худалдаа арилжаа хийгээд гарахыг хэлдэг. Энэ оны хоёрдугаар сард хоёр улсын Чөлөөт бүсийн удирдлага, УИХ-ын гишүүн, Шадар сайд асан Х.Ганхуяг тэргүүтэй нөхөд уулзалт хийж дундын зайг арилгаж зам барьж ашиглалтад ортол цар тахлын үед хажуугаар нь гаргасан замыг түрдээ ашиглаж чөлөөт бүсийнхээ иргэдийг солилцох асуудлыг Хятадын талд тавьсан аж. Тус улсын гүйцэтгэх хурал нь энэ сард хуралдах товтой. Үүгээр ярилцаад хариу өгнө гэж тохиролцсоноос өөр нааштай зүйл алга.Тиймээс Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулж компанийн эрх зүйн зохицуулалтай болгох шаардлага үүссэнийг сайд мэдээлдэг. Өөрөөр хэлбэл, Чөлөөт бүсийг өндөр боловсролтой, гадаад хэлтэй,хөрөнгө оруулалт татах чиглэлээр мэргэшсэн CEO баг удирдах нь зөв гэж үзэж байгаа юм. Хөрөнгө оруулж, ашигтай ажиллуулснаар ажиллагсдынхаа цалинг тавьдаг байх. Уг нь энэ бүс саатаагүй бол манайх худалдааны гол таатай орчин нь “Mаde Mongolia”. 1000 гаруй бүтээгдэхүүнийг Европ руу, Япон руу татваргүй гаргах боломж байсан. АНУ руу 10 хувийн татварын хөнгөлөлтэй бүтээгдэхүүнээ гаргах боломжтой бол БНХАУ АНУ-руу 34 хувийн татвартай. Түүнчлэн Евразийн зах зээл рүү манайх 367 бүтээгдэхүүн гаргах боломж бүрдсэн. Гагцхүү стандартын шаардлага хангах асуудал үүсэж буй. Энэ мэтээр манай улс Замын-Үүд-Эрээний чөлөөт бүс маш хурдан эдийн засгийн эргэлтэд орох боломжтой байсан. Яг энэ үед Казакстан, Хятадын “Хоргос” хэмээх эдийн засгийн чөлөөт бүсийг нэг хашаанд, дундаа зай үүсгээгүйгээр байгуулсан аж. Тэгвэл энэ бүсэд өнөөдөр жилд 6.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан 20 тэрбум ам.долларын экспорт хийдэг байх жишээтэй. Хэрэв манайх энэ бүсээ хоорондоо зай үүсгэхгүйгээр хийсэн бол өнөөдөр эдийн засгийн эргэлтэд орж экспорт хийх нөхцөл бүрдэх байжээ. Хоорондын зайг арилгах зам барих хүсэлтийг Хятадын талд манайх гурван удаа хүсэлт өгсөн ч нэг ч хариу өгөөгүй өдий хүрчээ. Судалгаагаар Замын-үүд-Эрээний чөлөөт бүсэд 2030 он хүртэл 5.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийе гэсэн хүсэлтийг тэндхийн бизнес эрхлэгчид илэрхийлдэг байна. Терминнал болон хөнгөн цагаан боловсруулах үйлдвэрийн чиглэлээр. Хятад улс 2027-2028 оноос экспорт хийе гэсэн хүсэлтэй. Тэгвэл манай талаас татварын таатай орчныг ашиглаад бусад оронтой хийсэн хэлэлцээрүүд амь оруулах боломжтой. Дотоодын хүчин чадлыг хүлээгээд экспорт хийх гээд хүлээгээд суувал бидэнд “но хау”, технологи, хүний нөөц байхгүй. Хөрөнгө оруулагчид орж ирж байж энэ бүхэн бий болдог. Уул уурхайн бус эдийн засгийн хөгжлийг чөлөөт бүсээр л хөгжүүлэхээс өөр гарц алга.
Астанаг Эдийн засгийн чөлөөт бүс нь хөгжүүлжээ
Дэлхийд 2024 оны байдлаар 3500 чөлөөт бүс байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс, Мэдээлэл технологийн чөлөөт бүс, Олон улсын санхүүгийн чөлөөт бүсийн төв гэсэн чиглэлүүдээр хөгждөг. Жишээлбэл, Астанад Олон улсын санхүүгийн төв нь гадаадын банкийг энэ төвдөө оруулж ирсэн байх жишээтэй. Тэднээс орон нутагт салбар банктай байхыг шаардаг. Энэ нь дотоодын банкаа хамгаалдаг. Хадгаламж ав, зөвхөн зээл олго гэсэн шаардлага тавьдаг. Манайд яриад байгаа гадаадын банкыг чөлөөт бүсээрээ оруулах боломж байгааг харуулж байна. Нөгөөтээгүүр, Олон улсын Арбитрын шүүхийг байгуулдаг. Ингэснээр аливаа зөрчил, маргааныг богино хугацаанд шийдвэрлэдэг давуу талтай. Дэлхийд Чөлөөт бүсийн холбоо байдаг. Энэ холбоонд манай улс элсээгүй. Хэрэв энэ холбоонд нэгдвэл бусад олон орны мэдээллийг хуваалцах, эрх зүйн орчны талаарх зөвлөгөө, туршлага солилцох боломж бүрдэнэ. Казакстанд өнөөдөр 14 чөлөөт бүс 60,70 үйлдвэр технологийн парктай. Чөлөөт бүс болон Үйлдвэр технологийн парк нь тухайн орон нутгийн эсвэл хотын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын төв болж хөгждөг аж. Тэр зүгт бизнес хийх сонирхлыг өдөөж өгөх хөшүүргэ хийх шаардлагатай. Татварын хөнгөлөлт, газар, дэд бүтэц нь цогцоор шийдэгдсэнээр бизнес эрхлэгч нар тийшээ бизнесээ шилжүүлэх жишээтэй.
Захиргааг компанийн хэлбэрт шилжүүлэх
Одоо мөрдөж буй Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулж Эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль болгох тухай ярьж байна. Ингэснээр чөлөөт бүсийн төрлүүдийг аль болох хязгаарлахгүй байх. Монгол Улсад Эдийн засгийн тусгай бүс 2-3 бий. Хүннү хотын эдийн засгийн тусгай бүс,Налайхын эдийн засгийн тусгай бүс гэж. Гэвч тусгай бүсийн тухай хуульгүй. Хууль эрх зүйн орчингүй учраас газар аваад үйл ажиллагаа эрхлэх баталгаагүй. Тэгсэн хэр нь Захиргааны байгууллагыг цаасан дээр байгуулж төсвөөс хэдэн хүн цалин аваад сууж байх жишээтэй. Хуулийн өөрчлөлтөөр хоцрогдсон бүсүүдийг хөгжүүлэхийг зорьж байгаа аж. Экспортын төрлийг судлахад сүүлийн 20 жилд манай улсад экспортын нэг ч нэр төрлийн бүтээгдэхүүн нэмэгдээгүй. Тодотговол, эрдэс түүхий эд, мал, мах, ноос, ноолуураас өөр нэг ч нэр төрөл нэмэгдээгүй гэсэн үг. Төрөл нэмэгдэхгүй байгаа тохиолдолд эдийн засгийг солонгоруулах, өрсөлдөх чадварын тухай ярих ч хэрэггүй гэж эдийн засагчид хэлдэг. Харин Чөлөөт бүсэд терминнал байгуулбал эрдэс түүхий эдийн экспортын хэмжээг одоо байгаагаас нэмэгдүүлэх, үйлдвэрлэл хөгжүүлэх нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортлох боломжтой. Дэлхийд мэдээлэл технологийн чөлөөт бүсийг түлхүү хөгжүүлж байна. Үүнийг хөгжүүлэхэд заавал газартай байх албагүй IT-д бүргүүлэхэд хангалттай аж. Казакстаны Астана хот гэхэд хоёр чөлөөт бүстэй. Өөрөөр хэлбэл, ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэр үйлчилгээгээ хөгжүүлэхдээ Чөлөөт бүсээрээ дамжуулдаг. Нэг үгээр хэлбэл, бизнесийнхний ашиг сонирхлыг бий болгосон гэсэн үг. Мэдээж компаниуд ашгийн хойноос хөөцөлдөж байж л хөгждөг. Аж ахуйн нэгжүүд нь хэчнээн сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ тэр хэмжээгээр нь татвараас тодорхой хугацаатай хөнгөлдөг. НӨАТ-гүй, газар ашигласны болон үл хөдлөх хөрөнгийн татвар авдаггүй.
Чөлөөт бүсийг чөлөөлж Эдийн засгийн тусгай бүс болгоё
115 улс 127 Эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль баталсан байдаг. Тэгэхээр манай улс одоо мөрдөж буй Чөлөөт бүсийн хуулиа Эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль болгож нэр томьёог нь өөрчлөх хэрэгтэйг эдийн засагч О.Хаш-Эрдэнэ онцолж байна. Ингэснээр өмнөх хуулийн хүрээг илүү өргөн цар хүрээгээр тэлж илүү сонгодог зарчим руугаа ойртох давуу талтай. Түүнчлэн тэргүүлэх чиглэлүүдээр хөгжүүлэх юм. Тухайлбал, Эдийн засгийн чөлөөт бүсийг зүүн болон баруун аймгуудын дунд байгуулах, экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх аялал жуулчлалын чөлөөт бүс гэх мэт. Шинэ хотын дэргэдэх эдэлбэр газарт чөлөөт бүс байгуулах. Мэдээж татвар, гааль, газрын хөнгөлөлт чөлөөлөлт бүгдийг үзүүлнэ. Гагцхүү манайх хүнд суртлаа багасгах л чухал. Өмнөх Ерөнхий сайд Г.Занданшатар “Чөлөөт бүсээ чөлөөлж чөдрийг мултлах” гэсэн агуулгаар хэлсэн байдаг. Чөлөөт бүс хэр нь ямар чөлөөлөлтгүй гэж. Тиймээс хуулийн өөрчлөлтөөр захиргааны байгууллагуудад бүрдүүлэх бичиг баримтын бүрдлийг хялбаршуулсан журмаар хоёр хоногт багтаан шийдвэрлэдэг байх зэргээр өөрчлөлт оруулах хэрэгтэйг хэлсэн нь бий.
Гэхдээ манай одоо мөрдөж буй хуулийн нэг давуу тал нь Гаалийн тусгай дэглэмээр чөлөөт бүс рүү бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд гаалийн татвар авдаггүй. Газрын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт үйлчилдэг. Эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулахад тодорхой хөнгөлөлт чөлөөлөлт байдаг аж. Энэ тухай Алтанбулаг чөлөөт бүсийн захирагч О.Анхбаяр ярьсан юм. Мөн тэрээр татварын таатай орчин бүрдсэн зэрэг давуу талуудтай. Түүнчлэн аялал жуулчлал,зочид буудал, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлбэл газрын төлбөрөөс таван жил эрчим хүч, дэд бүтцийн чиглэлээр арван жил чөлөөлдөг хуультай гэлээ. Манайд дор хаяж 10 -аас доошгүй чөлөөт бүс байгуулснаар бүсчилсэн хөгжлийн зорилтыг хангах боломж байгаа юм. Одоогоор Орон нутгийн хөгжлийн төвтэй холбоотой хоёр хууль хэрэгжиж байна. Нэг нь Чөлөөт бүс нөгөөх нь Үйлдвэр технологийн парк /ҮТП/. Чөлөөт бүсэд татварын хөнгөлөлт мөрдөг бол ҮТП-д татварыг нь хойшлуулж өгдөг зохицуулалттай.
Эдийн засгийн тусгай чөлөөт бус байгуулах эрхийг Засгийн газарт өгөх
Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах УИХ-аас ажлын хэсэг ажиллаж хуулийн зорилго, зорилт, үйлчлэх хүрээг эдийн засгийн тусгай бүс (ЭЗТБ)-ээр тодорхойлж, эдийн засгийн тусгай бүсийн хэлбэрт шилжүүлэх, эдийн засгийн тусгай бүсийг зорилго, үйл ажиллагааны чиглэлээс нь хамааран чөлөөт худалдааны бүс, экспорт боловсруулах бүс, аж үйлдвэрийн парк, шинжлэх ухаан технологийн парк, нэгдсэн тусгай бүс зэргээр төрөлжүүлэх, эдийн засгийн бодлогын хэрэгжилтийг шуурхай, уян хатан байдлаар хангах үүднээс чөлөөт бүс байгуулах өөрчлөх, татан буулгах, түүний хилийн цэс, байршлыг тогтоох эрхийг Монгол Улсын Засгийн газарт өгөх нь үйл ажиллагааг түргэн хугацаанд босгох, сэргээх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Түүнчлэн чөлөөт бүсийн удирдлагын тогтолцоо төвлөрсөн, бие даасан удирдлагатай байх, чөлөөт бүс дэх үйл ажиллагаанд уян хатан, шийдвэр гаргах эрх хэмжээг зохицуулах юм. Мөн чөлөөт бүс дэх төрийн үйлчилгээг “нэг цонхны үйлчилгээ”-ний зарчимд тулгуурлаж, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх, эрсдэлд суурилсан хяналтын системд шилжүүлэн зөвшөөрөл болон холбогдох мэдээллийг цахимжуулах, чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт хэрэгжих тусгай дэглэмээр зохицуулж буй ажиллагаатай холбоотой мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, чөлөөт бүс дэх маргаан хянан шийдвэрлэх бие даасан шүүхийн тогтолцооны зохицуулалт зэрэг нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулахаар боловсруулжээ. Зах зээлийн орчин, эрэлт хэрэгцээгээ дагаж бизнес хөгждөг. Тэгэхээр хөдөөд энэ орчныг бий болгох гарц Чөлөөт бүсийг хөгжүүлэх. Хөгжүүлэхийн тулд аж ахуй эрхлэх орчныг нь чөлөөтэй болгож чөлөөлөх нь чухал. “Монгол Улс чөлөөт бүстэй боловч энэ бүс архины зөвшөөрөл өгөхөөс өөр ажил хийдэггүй. Учир нь хуулийн тогтолцоо нь ийм. Тиймээс бид чөлөөт бүсүүдээ тэргүүлэх чиглэлээр нь байгуулах шаардлагатай."хэмээн өмнөх Шадар сайд хэлж байсан. Тэгвэл Чөлөөт бүсийн асуудлыг хариуцаж буй Шадар сайд Н.Номтойбаяр ямар бодлого барих нь хүлээлт үүсгэж байна. Хаврын чуулганаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх товтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 81 (7823)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn