П.АМГАЛАНБАЯР, Б.БАЯРЖАВХЛАН
Сүүлийн үед нийгмийг цочроосон гэмт хэргүүд ар араасаа гарсаар байна. Тухайлбал, Нэг гэр бүлийн гурван хүний биед халдаж, найман сартай жирэмсэн эмэгтэй болон дөрвөн настай охины амь насыг хөнөөсөн онц ноцтой хэрэг энэ оны нэгдүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд гарсан. Тэгвэл энэ хэргийн гэм зэмийн шүүх хурал тавдугаар сарын 6-ны өглөө 09:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүх хурлын эхэнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хурлыг бүхэлд нь хаалттай явуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, хаалттай явуулж, М.Батчулууныг хэрэг хүлээх чадвартай хэмээн үзэж түүнд дараах ялыг өгсөн.
Тодруулбал, биеэ хамгаалах чадваргүйг нь мэдсээр байж бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэмээн үзэж бүх насаар нь хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар М.Батчулуунд бага насны хүүхэд алахыг завдсан хэрэгт найман жил, жирэмсэн эмэгтэй болон бага насны хүүхдийг амь насыг хөнөөсөн хэрэгт бүх насаар хорих ял оноосон.
Тэгвэл М.Батчулуун нь 2020 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр гудамжинд явж байсан Л.Ц гэх иргэний цээжин тус газар хутгалж, амь насыг нь хөнөөсөн байдаг. Тэрээр уг хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй ч болсон явдлын талаар "Тухайн өдөр настай хүнтэй таарсан. Уг хүнийг буг чөтгөр учраас ал гэж бурхан сахиус хэлсэн болохоор нь би хутгалсан. Сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэхгүй талаас анхаарч өгнө үү" хэмээн мэдүүлж байжээ.
М.Батчулууныг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтээр "Органик дэмийрлийн эмгэг, хий үзэгдэл дэмийрлийн хам шинж" сэтгэцийн эмгэгтэй гэж тодорхойлжээ. Прокуророос түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулах саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлж байсан юм. Түүнийг сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байхдаа бусдыг хутгалж, амь насыг нь хохироосон хэмээн шүүхээс үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэг хариуцах чадваргүй байдал арилах хүртэл хугацаагаар Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн тусгай эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар 32 иргэн СЭМҮТ-д эмчлүүлж байна

Сэтгэцийн өөрчлөлтөөс үүдэлтэй гэмт хэрэг үйлдсэн хэр нь хариуцлага хүлээх чадваргүй хүмүүст эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг манай улсад болон олон улсад авдаг байна.
Монгол Улсын хэмжээнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулсан нийт 32 иргэн Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн харьяанд эмчлүүлж байна. Эдгээр хүмүүс нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үг үйлдлийг ухамсарлан, хянах чадваргүй гэсэн шүүхийн тогтоолтой. Олон улсад дээрх өвчтөнүүдийг тусгай төвд, тусгай тасагт эмчилдэг байна. Харин манайд эдгээр хүмүүст зориулсан тусгай тасаг гэж байхгүй тул энгийн тасагт эмчлүүлж байна. Энэ нь ямар эрсдэлийг дагуулж байна вэ гэвэл нас, хүйс, хэргийн шинж чанараар нь ангилах боломж хязгаарлагдмал байгаа юм.
Энэ талаар СЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дарга З.Цэндсүрэн тайлбарлахдаа “Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай хүн бүр гэмт хэрэг үйлддэггүй. Олон улсын судалгаанд нийт гэмт хэргийн гурван хувь нь сэтгэцийн асуудлаас болж үйлдсэн байдаг. Мөн сэтгэцийн өвчний цаана олон бүлэг өвчин бий. Олон улсын өвчний 10 дугаар ангилалд Монгол Улсын баримталж байгаа оношийн шалгуур байдаг. Тэнд F буюу тавдугаар бүлэгт сэтгэцийн өвчин хамаардаг. Тавдугаар бүлэг дотроо дахиад есөн бүлэгтэй. Үүн дотроо сэтгэцийн шинж тэмдгээс хамааран ангилдаг. Өөрөөр хэлбэл, сэтгэцийн өвчин гэдэгт архи, тамхи хэрэглэх, нойрны хямрал, сэтгэл түгшилт бүгд ордог. Гэмт хэрэг үйлдэж байгаа тохиолдол нь сэтгэцийн архаг өөрчлөлттэй үед гардаг. Шүүхийн шийдвэрээр манай төвд ирсэн үйлчлүүлэгчдийг өвчтөнтэй адилтган үзэж өвчний түүх нээж, шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын тасагт хэвтүүлэн эмчилдэг. Хүн бүрийн тохиолдол буюу хийсэн хэргийн мөн чанар, сэтгэцийн өөрчлөлт нь өөр. Тиймээс эмчилгээ нь харилцан адилгүй. Зарим тохиолдолд шүүхээс эмчилгээний хугацааг зааж өгсөн байдаг бол зарим тохиолдолд хугацаа заагаагүй байдаг. Тодруулбал, тухайн хүний сэтгэцийн байдалд тохирсон эмийн болон сэтгэл заслын эмчилгээг 3-6 сарын хугацаанд хийж, хагас жил тутамд сэтгэцийн байдлын үнэлгээ хийж, харьяа прокурортоо эмч нар мэдээлэл хүргүүлэн ажилладаг. Харин эмнэлгээс гаргах асуудал шүүхийн шийдвэрээр хийгддэг. Эмч сэтгэцийн байдал засран сайжирсан гэдэг магадлан тогтоох комиссын үзлэг хийж, дүгнэлтээ холбогдох харьяа байгууллага болон прокурорт хүргүүлж, прокуророос шүүх хурал хийж, шийдвэрийг нь асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч гаргадаг. Ар гэр асран хамгаалагч нь татгалзсан болон байхгүй тохиолдолд асран хамгаалагч тодортол энгийн тасаг рүү шилжүүлдэг” гэсэн юм.
Олон улсад ямар байдаг талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуунаас тодруулахад “Гэмт хэрэг үйлдсэн сэтгэцийн өвчтэй хүмүүст эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах талаар ихэнх улс орон, мөн Монгол Улсын хууль тогтоомжид ял оногдуулахаас гадна албадан эмчилгээнд хамруулах зохицуулалт чухал байр суурь эзэлдэг. Энэхүү албадлагын арга хэмжээний нийгэм эрх зүйн бодлого нь дараах шинж чанартай байдаг. Үүнд, Эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай эсэхийг шинжээч томилж тогтоолгодог. Хэрэв хүн гэмт хэрэг үйлдэх үедээ болон ял оногдуулах үед сэтгэцийн тодорхой эмгэг, өвчний улмаас өөрийн үйлдлийн шинж чанар, хор уршгийг ойлгохгүй байсан, эсвэл үйлдлээ удирдах жолоодох чадваргүй байсан эсэхийг шүүхийн шинжээч сэтгэцийн шинжилгээ хийж дүгнэдэг. Албадан эмчилгээ буюу хамгаалалтын арга хэмжээ гэж үздэг. Сэтгэцийн эрүүл мэндийн улмаас эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн ч нийгэмд аюул учруулах эрсдэлтэй гэж үзвэл сэтгэцийн эмнэлэгт албадан эмчлэх, тогтмол амбулаторийн хяналтад байх, эмчлүүлэх нөхцөлтэйгөөр үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах арга хэмжээг шүүхээс авдаг. Үүнийг нэг талаар эрүүгийн хариуцлагын нэг хэлбэр гэж үзэн олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор албадан эмчилгээнд хамруулдаг. Эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай боловч сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүн бол эрүүгийн хариуцлага оногдуулж, нэмэлтээр амбулаторийн хяналтад байх, эмчилгээ хийлгэх үүрэг хүлээлгэж, эрх хязгаарладаг” гэлээ.
Ар гэрт нь хүлээлгэж өгдөг ч хариуцлага сул байна
Албадлагын арга хэмжээ авхуулсан хариуцлага хүлээх боломжгүй сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийг Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвд эмчилж, шүүхийн шийдвэрээр гаргадаг. Ингэхдээ ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгдөг. Тэд хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу өөрсдийн хяналтад байлгаж, харьяа дүүргийнхээ сэтгэцийн эмнэлэгт хугацаанд нь үзүүлж, тогтмол эмийг нь уулгах ёстой. Тэр ч утгаараа хөдөлмөрийн чадвараа алдсан сэтгэцийн өөрчлөлттэй иргэний асран хамгаалагчид төрөөс “асаргааны тэтгэмж” олгодог. Гэвч зарим тохиолдолд өвчтөнүүд ар гэр, асран хамгаалагчаа эрсдэлд оруулж, хянах боломжгүй болгодог байна.
Жишээлбэл, иргэн М-ийн хувьд ээж нь сэтгэцийн эмгэгийн асуудлаар олон жил шаналж иржээ. Тэрээр “Бид ээжийгээ хайрлаж, хамгаалж, боломжийнхоо хэрээр эмчилгээ, хяналтад хамруулдаг ч өдөр тутмын амьдрал амаргүй байдаг. Зарим үед гэнэт өвчин нь сэдэрч биеэ авч явах байдал өөрчлөгдөх, эрсдэлтэй үйлдэл гаргах тохиолдол гардаг. Тэр үед ар гэрийнхэн буюу асран хамгаалагч бидэнд мэргэжлийн тусламж, тусгай асрамжийн үйлчилгээ үнэхээр дутагддаг. Гэмт хэрэг, осол гарсны дараа олон нийт хэсэг хугацаанд шүүмжилж, харамсдаг ч удалгүй мартдаг. Харин бидний хувьд энэ асуудал өдөр бүр үргэлжилдэг. Тиймээс сэтгэцийн өвчтэй иргэдийг тогтмол асрамж, хамгаалалт, сэтгэл заслын үйлчилгээтэй цогцоор нь дэмжих, одоог аргацаах биш урт хугацааны шийдэл хэрэгтэй байна. Тиймээс төрөөс тусгай асрамжийн төвтэй болох асуудлыг бодлогын түвшинд авч үзээсэй гэж бодож байна“ гэсэн юм.
М.Батчулууны хэрэг гарсны дараа тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ байр сууриа илэрхийлж байсан юм.
Тэрээр “Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн амины онц ноцтой хэрэг гарсан. Шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг өмнө нь авсан байсан. Гэтэл уг арга хэмжээг авсны дараа энэ үйл явдал болсон. Үүнтэй холбоотойгоор эрх зүйн орчны хүрээнд нэн яаралтай засаж залруулах зүйл байна. Дахин энэ төрлийн нийгмийг цочроосон гэмт хэрэг гарах ёсгүй. Эрүүгийн хуулийн 7.4 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан буюу тухайн үйлдлийнхээ бодит аюул, хор уршиг, үр дагаврыг ухамсарлах чадваргүй хүмүүст эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч, эмнэлгийн хатуу хяналтад байлгадаг. Шүүхээс уг арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааг зааж өгдөг.
Сэтгэцийн хувьд хэрэг хүлээх чадваргүй хүмүүсийг тусгайлан байлгадаг төв Монгол Улсад зайлшгүй шаардлагатай байна гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас үзэж байгаа. Тиймээс энэ төвийг байгуулах, зураг төслийг нь боловсруулах үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өгсөн. Уг төвийг СЭМҮТ-ийн газар дээр байгуулах боломжтой гэж үзэж байгаа. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүнийг эдгэрсэн гэж үзвэл ар гэрт нь хүлээлгэн өгдөг. Ингэхдээ тухайн хүний ар гэрийнхэнд үүрэг хариуцлага гэж байх ёстой” гэж байр сууриа илэрхийлж байсан юм.
Энэ мэдэгдлээс хойш таван сар өнгөрсөн ч өнөөдрийг болтол чимээ сураггүй байна.
“Сэтгэцийн төрөлжсөн асрамжийн төв” байгуулснаар байнгын үйлчлүүлэгч болох 250 хүний асуудал шийдэгдэнэ
Сэтгэцийн эрүүл мэндийн төв 550 ортой. Өнөөдрийн байдлаар энэ орны тал хувь нь байнгын өвчтөнтэй байна. Учир нь 1976 онд Засгийн газрын тогтоолоор сэтгэл мэдрэлийн архаг өвчтэй хүмүүст зориулсан асрамжийн газрыг байгуулж байсан ч 2003 онд татан буугдаж, эргэж нээгдээгүй. Тэнд байсан хүмүүс Сэтгэцийн эрүүл мэндийн төвд шилжин ирж, мөн асран хамгаалагчгүй хүмүүс нэмэгдсээр байнгын буюу урт хугацаанд хэвтэн эмчлүүлж буй 250 орчим хүнтэй болжээ. Ар гэр нь авах боломжгүй байнгын асаргааны болон сэтгэцийн өвчин нь дахих эрсдэлтэй хүмүүст зориулсан “Сэтгэцийн төрөлжсөн асрамжийн газар”-ыг байгуулах нь энэ асуудлыг шийдэх хамгийн дөт арга юм.
Энэ талаар СЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дарга З.Цэндсүрэн “Хэрэг хариуцах чадамжгүй хэр нь гэмт хэрэг үйлдсэн хүмүүст зориулсан Шүүх судлалын тусгай байгууламж олон улсад байдаг. Тэгвэл энэ байгууллагыг заавал СЭМҮТ-ийн харьяанд байх бус тусад нь бие даасан байгууллага болгон ажиллуулах боломжтой. Манай төвд 30 жил байнгын хэвтэн эмчлүүлж буй хүн байна. “Сэтгэцийн төрөлжсөн асрамжийн газар”-ыг байгуулснаар урт хугацаанд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн асуудлыг ч мөн шийдэх боломжтой” гэсэн юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр...эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй ...хэнд ч эрүү шүүлт тулгах буюу хэрцгий, хүний ёсноос гадуур эсхүл нэр төрийг нь гутаан харьцах, шийтгэхийг хориглоно” Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын 9 болон 17 дугаар зүйлүүдэд Хүний халдашгүй дархан байх эрхийг дэлгэрэнгүйгээр тогтоосон байдаг. Тухайлбал: хүний халдашгүй чөлөөтэй байх эрх “улс оронд онцгой байдал тулгарч, улс үндэстэн оршин тогтоход аюул учирсан үед ч зөрчигдөх ёсгүй” гэж онцлон заасан байдаг.
Дээрх асуудалтай холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунангийн байр суурийг хүргэе.
Ж.Хунан: 2007 онд сэтгэцийн асуудалтай хүмүүст зориулсан асрамжийн газар байгуулах зөвлөмжийг өгч байсан
-Хоёрын хоёр хүүхэд ээжтэйгээ хамт амь насаа алдсан. Үнэхээр харамсалтай хэрэг болсон. Бид урьдчилан сэргийлэх боломжтой байсан. ХЭҮК анхааруулж байсан. Бүр 2007 онд сэтгэцийн асуудалтай хүмүүст зориулсан асрамжийн газар байгуулах зөвлөмжийг өгч байсан. Түүнээс хойш бид дөрвөн удаа УИХ-ын тогтоол гаргуулсан байдаг. ХЭҮК хэд хэдэн асуудал хөндсөн. Нэгдүгээрт, асрамжийн газар байгуулах, хоёрдугаарт, сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой эрх зүйн орчныг чанаржуулах, боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байна. Гуравдугаарт, үйлчилгээ, чанарын асуудал. Дөрөвдүгээрт, хяналтын асуудлыг хөндсөн.
Эдгээр зүйлс болохгүй байна гэдэг асуудлыг бид удаа дараа тавьж байсан. Энэ асуудлуудыг шийдэхгүй бол гэмгүй иргэн, хүүхдүүд амь насаа алдах эрсдэл өндөр байна. Зайлшгүй тусгаарлалтад байх ёстой хүмүүс өнөөдөр 24 цагийн хяналтад байхгүй гадуур явж байна шүү дээ. Тэрхүү харамсалтай хэргийн дараа иргэд манай хөрш хаалга эвдэж байна, ийм сэтгэцийн өвчтэй гээд мэдээлэл өгөөд байгаа. Үнэхээр нийгэмд аюултай хүмүүсийг тусгаарлаж хяналт тавих ёстой. Магадгүй бүрэн эдгэлээ гэж үзсэн бол гадуур хяналт тавих шаардлагатай. Гэхдээ маш хатуу, ойлгомжтой хяналт байх ёстой. Одоо технологи хөгжчихсөн. Жишээ нь, GPS, цахим гав. Аль эсвэл байнгын видео дуудлага хийх боломжтой болсон. Ийм технологийн шийдлүүдийг ашиглаад хяналтыг боловсронгуй болгох боломжтой.
Дараа нь эмчилгээний чанарын асуудал. Эмнэлгийн байгууллага эрүүл болсон гээд гаргангуут эмчилгээний чанар нь орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангаж байна уу. Эмчилсэн гээд гаргаад явуулангуут бодитоороо үр дүн өгөөгүй бол яах вэ. Тэгэхээр чанарын асуудлыг бид ярих ёстой. Мөн бид оношилдог байх ёстой. Маньяк, гаж зан үйлтэй, фидофил зэрэг хүмүүсийг өнөөдөр бид бүрэн дүүрэн оношилж чадахгүй л байна шүү дээ. Оношилж чадах юм бол бид хяналтаа тавьж чадна. Арга хэмжээгээ төлөвлөх боломжтой болно.
Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн асрамжийн газар байхгүйгээс СЭМҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүс удаан хугацаанд байх боломжгүй учраас гарч байна. Хяналтыг эмнэлгийн байгууллага, цагдаа хэрвээ ял эдэлсэнтэй холбоотой бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тавьж байгаа. Гэхдээ орчин үеийн технологийн шийдлийг ашиглаад хяналтаа шийдвэрлэх ёстой. Асрамжийн газар байхгүйгээс хатуу хяналтад байх ёстой хүмүүс гадуур явж байгаа.
Хүүхдүүдийн асуудал ч хүнд байна. Энэхүү асрамжийн газар байхгүйгээс насанд хүрээгүй сэтгэцийн өөрчлөлттэй хүүхэд ч энгийн хүүхдүүдтэй нэг асрамжийн газарт байна. Тэнд бусад хүүхдүүдээ мөн эрсдэлд оруулж байна шүү дээ. Үүнийг бид яаралтай шийдвэрлэх ёстой. Асрамжийн газрыг төрөлжүүлэх шаардлагатай. Асрамжийн газарт жишээ нь, үе тэнгийн дээрэлхэлт гарах магадлал өндөр байна. Тэнд үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, магадгүй бэлгийн хүчирхийллийн асуудал гарах магадлалтай. Тэгэхээр бид нас насаар нь, шаардлагатай бол хүйсээр нь салгаж байлгах хэрэгтэй байна. Ингэж төрөлжүүлэхгүй бол маш том эрсдэлийг дагуулж байгаа" гэсэн юм.
* * *
Хорвоо дэлхийн бүхий л зүйлс нэг өнгөтэй байдаггүйтэй адил хүмүүний нийгэм ч олон өнгө, олон ялгаатай байдлаас бүрддэг. Үүний нэг нь хүний сэтгэцийн эрүүл мэндийн асуудал юм. Сэтгэцийн эмгэгтэй хүн бүр гэмт хэрэг үйлддэггүй. Мөн сэтгэцийн өвчнийг энгийн иргэд тэр бүр таньж мэдэх боломжгүй. Гэсэн хэдий ч зарим тохиолдолд оношилгоо, эмчилгээ, хяналт дутмаг байдлаас шалтгаалан нийгэмд сөрөг үр дагавар үүсэх эрсдэл гарч байна. Тиймээс сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг үл ойшоох бус, зөвөөр ойлгож, бодлогын түвшинд онцгойлон анхаарах шаардлагатай байна. Төрөөс тусгай асрамж, хамгааллын тогтолцоог боловсронгуй болгож, сэтгэцийн өвчтэй иргэдэд зориулсан асрамжийн газрыг байгуулах нь зөвхөн тэдний эрх ашгийг хамгаалаад зогсохгүй, хүн бүрийн амьд явах эрх, нийгмийн аюулгүй байдлыг хангах чухал алхам юм. Энэрэнгүй, хариуцлагатай нийгмийг хамтдаа бүтээцгээе.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 109 (7851)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn