“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өрнөх мод тарих аяны энэ хаврын тариалалт дуусах тийш хандаж иргэд, аж ахуйн нэгж бүхэн боломжоороо энд тэнгүй мод тарьж байна. “Зууны мэдээ” сонин ч ард түмнээ соён гэгээрүүлэх үүргээ биелүүлж “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжиж 2025 оноос эхлэн ” Чимээгүй хотод борооны цэцэрлэг байгуулъя” цуврал гурав нийтлэлийг хүргэсэн билээ. Харин энэ удаа “Оршуулгын газрыг ойжуулъя” нийтлэлээ хүргэж байна. Навчсын сэржигнээн дор нойрсох чимээгүй хотыг ойжуулж “борооны цэцэрлэг”болгох гэсэн санаачилга үргэлжилсээр.

Нэгэнтээ Эрээнцавын Д.Нямсүрэн яруу найрагч “Өвс, ногоо чам дээр би өнөөдөр гишгэлж байна, дараа нь чи над дээр ургах болно” гэсэн утгатай шүлэг бичиж байжээ. Түүн лүгээ адил тэр хүн шим тэжээл нь болж, өтгөн саглагар мод нар руу цойн тэмүүлж сүнсийг нь тэнгэртэй холбож, олон зуун жил байгаль дэлхий рүү хүчилтөрөгчөө илгээн, ёстой хойд насны буян болон үлдэх нигууртай мэт.

100 гаруй жил болж хаагдсан Самбалхүндэвийн эргэмжийн газар буюу “Далан давхар” оршуулгын газарт 53 мянган шарилтай.  Үүнээс  2024 онд 14 мянган шарилыг ил гаргаж чандарласан. 2026 онд 21 мянган шарилыг ил гаргаж чандарлах, нүүлгэн шилжүүлэх тендер зарлаж хоёр компани шалгараад байгаа. 73.9 га талбайтай уг хаалттай оршуулгын газрын хэмжээнээс дээрх хоёр нүүлгэн шилжүүлэлтээр 10 болон 18.1 га талбайг нь цэцэрлэгт хүрээлэн болгож буй юм. Тэгвэл цаана нь 48.1 га талбай үлдэж байна.

 

Төсвөөс “зулгаах” чимээгүй хот

 

Дэлхийн жишгийг даган хөгжье гэвэл ногоон оршуулгын газрыг бий болгохоос өөр сонголт үгүй. Хэдийгээр буяны зан үйлддэг компаниуд бурхан бологсдын газарт мод тарих, цэцэрлэгт хүрээлэн, хүндэтгэлийн газар болгох эхлэлийг тавьж жишиг болсон олон газар байгаа ч хаагдсан болон оршуулга ид явагдаж буй газруудын шарил дээр мод тарихын ач холбогдлыг онцолж байна. Олон жил болсон шарилыг хөндөж газар дээр ил гаргаж, нүүлгэн шилжүүлэх, чандарлах, цэцэрлэгт хүрээлэн  байгуулахад хөрөнгө, хугацаа их орно. Жишээлбэл, Далан давхарт хэрэгжсэн өмнөх төсөлд 30 орчим тэрбум төгрөг зарцуулж таван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бол энэ онд хэрэгжих 18.1 га талбайн хоёр багц тендер дэх 30  тэрбум төгрөгийг Нийслэл болон Чингэлтэй дүүргийн төсвөөс гаргаж байгаа юм. Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын төсөв тусдаа. Дээрх төслүүдэд нийт  90-100 орчим тэрбум төгрөг зарцуулагдахаар байгаа. 

Тэгвэл 60-100 жил болсон хаагдсан газрын булш, шарилыг олон тэрбум төгрөгийн үргүй зардал гаргаж ухаж, гаргах шаардлагагүй. Харин түүний оронд тэнд байгаа шарил бүрийн дээр мод тарих нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй төдийгүй, өвөг дээдсийн ясыг өндөлзүүлэхгүй байх учиртай.Түүнчлэн тэрбум мод тарих амлалтыг биелүүлэхэд чухал нөлөөтэй. Нөгөөтээгүүр, зөвхөн хаагдсан газруудад биш 330 сум, суурины оршуулгын газар бүрд байгаа шарил бүрийн дээр мод тарих боломжтойг ахмад дендрологич Б.Чимэд хэлдэг. Зарим хаагдсан оршуулгын газар мод тарих нь битгий хэл гишгэх зайгүй шахам шарилуудын хаана нь тарих юм гэсэн асуултыг  түүнд тавихад  тэрээр шарилын дээр нь ч тарьж болно гэсэн юм. Гэхдээ хаана ч ургах чадвартай, арчилгаа бага шаарддаг, үндсээрээ балга ус хавь ойроосоо татаад ургачихдаг мод бол хайлаас гэсэн юм.

 

Хадан дээр ч  ургах ид шидтэй хайлаас мод

 

Хад асга, элс, шар шавар дээр ч ургадаг ид шидтэй мод бол хайлаас. 100-150 жил насалдаг. Арчилгаа шаарддаггүй бараг “бор зүрхээрээ” ургах чадвартай онцлог мод. Хамгийн гол шинж нь зургаадугаар сараас үрэлдэг. Үр боловсронгуут тарьж болдог ганц мод юм. Бусад мод үрээ боловсруулах гэж намар болдог. Тэгээд тэрхүү үрээр нь тарих гэж ирэх жилийг хүлээж хугацаа алддаг. Тэгвэл хугацаа алдахгүйгээр тэр дор нь үрээр нь тарьж зундаа ургах чадвартай нь хайлаас. “Харшилгүй хашаа” төслийнхөн өнгөрсөн  жил Улаанбаатар хотын шар шавартай, хадтай, өндрийн салхи ихтэй янз бүрийн цаг агаарын хөрсний бүтэцтэй нөхцөлд хайлсыг үрээр нь тарьж туршжээ. Зургаан сарын эхээр үрийг нь боловсронгуут авч дэвтээгээд маргааш нь тарьжээ. Ингэхэд 100 хувь ургалттай байсан гэж уг төслийн зохицуулагч Ц.Оюунгэрэл ярьсан юм. Энэ жилийн тухайд тэрээр энэ долоо хоногийн хагассайн өдрөөс үрийг түүхэд болно. Улаанбаатарын ногоон байгууламжтай газар болон зам талбайн хоёр талаар ургах хайлаас модыг ажиглахад болно. Боловсорсон үр нь модны навчнаас арай өөр дугуй зууван хэлбэртэй. Навч бүрийн ишний хэсэгт бор үр нь харагдана. Гэхдээ ухсан шуудуу болон нүхэнд навчтай нь суулгадаг. Авахдаа  модноос нь шувтарч авахад болно гэж зөвлөсөн.

Мөн Байгаль орчны гавьяат ажилтан, ойн зөвлөх, дендрологич Б.Чимэдийн хашаа хайлаас модны шугуйтай. Тэрээр жил бүр хайлаасны үрийг бортогонд ургуулдаг. Тэднийд зочлоход үрээр нь бортогонд ургуулсан хайлаас болон гацуур модны үрсэлгээ хашаагаар нь дүүрэн байлаа. Тэрээр “Хайлсны үр өдийд боловсордог. Энэ үед нь авч тарьж болдог ганц мод. Гурван төрлийн хайлаас бий. Манай хашаанд тарваган хайлс голдуу ургаж байна. Ер нь Монгол орны бүх бүслүүрт ургадаг онцлогтой. Жил бүрийн тавдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10-ны хооронд үрээ хаядаг.

Жил бүрийн тавдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10-ны хооронд үрээ хаядаг. Үрээ хавраас өөр улиралд хаядаг мод Монголд байхгүй.

Үрээ хавраас өөр улиралд хаядаг мод Монголд байхгүй. Хамгийн гол санаа нь хайлаасны үрээр ойжуулалт хийх бүрэн бололцоотой. Тэрбум модыг мянган хайлаасны үрээр тарих боломжтой. Гэхдээ газарт унасан үр ургахгүй. Бэлтгэгдсэн хөрсөнд ургана. Жишээлбэл, Сэлэнгэ болон Эрдэнэт явах замын хоёр талаар битүү хайлаас ургасан байсан. Тэр бол газар шорооны ажлаар хөрс нь хөндөгдөж, бэлтгэгдсэнтэй холбоотой” гэсэн юм. Тэр ч бүү хэл нэгдүгээр хороололд үерийн далан, бетон дотор 500 метрт шугуй болж  ургасан, маш гайхамшигтай мод ажээ. Өт батганд идэгдсэн, хулгана, зурам хөндөж болдог булшнаас ялзмаг, бордоогоор нь тэжээгдээд яагаад мод ургаж болохгүй гэж тэрээр нэмж хэлсэн юм. Хэнтий аймаг, Баян-Адарга сум Дуурлиг нарсны ой.  Хүннүгийн үеийн язгууртнуудын булшин дээр ургасан мод. Нарс бол 330-400 жилийн настай. Тиймээс шарил бүрийн дээр мод тарья. Монгол орны зүг бүрд буй чимээгүй хотуудад юу ч байгуулж болохгүй уулын энгэр, наран ээвэр газрыг булшны бунхан айдас хүргэм хөшөө болгож газар нутгаар тэлж байхаар ойжуулъя. Гэхдээ заавал хайлаас мод тарь, бусад нь боломжгүй гэсэн үг биш. Хамгийн гол нь арчилгаа шаарддаггүй гэдгээр хайлаас модыг онцлохын учир энэ юм.

Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 10 орчим оршуулгын газарт  40 орчим буяны байгууллага, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Мөн зургаан нийтийн оршуулгын газар бий.

 

“Суварга Буян” компани оршуулгын газрыг ойжуулж байна

“Суварга буян”ХХК өөрийн эзэмшлийн оршуулгын цогцолборын зэргэлдээх нийтийн оршуулгын задгай газарт шарил бүрийн дээр мод тарих хэтийн зорилго тээж зарим шарил дээр ар гэрийнх нь зөвшөөрлөөр өнгөрсөн жилээс эхлэн мод тарьсан байна. Энэ жил мөн үргэлжлүүлэн хийж байгаа сайн туршлагыг онцолж байна. Тус компанийн захирал Г.Бямбадорж ярихдаа “Орчин үед оршуулгын газар гэдэг нь хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлэхээс илүүтэй бурхан болоочдоо дурсдаг, тэднийхээ амьд сэрүүн үеийг үр хойчдоо таниулдаг ариун дагшин, хүний сэтгэлд зөөлөн дулаан мэдрэмж төрүүлэхүйц газар байх ёстой бөгөөд үүнд тарьж ургуулж, арчилж тордсон ой бүхий орчин зайлшгүй шаардлагатай. Манай байгууллага нь үйл ажиллагаандаа чанар, аюулгүй байдал, байгаль орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд онцгой анхаарч ажилладаг” гэсэн юм.

  “Суварга Буян” ХХК оршуулгын үйлчилгээний шинэ жишгийг “Нарлаг энгэр” төслөөр дамжуулан хэрэгжүүлж байна. “Нарлаг энгэр” төслийг Налайх дүүргийн удирдлагуудад танилцуулснаар  НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам”, Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 43 дугаар тогтоол, Налайх дүүргийн Засаг даргын А/381 болон А/223 дугаар захирамжуудыг тус тус үндэслэн тус компанид 18.6 га газрыг оршуулгын зориулалтаар ашиглах ашиглах эрх олгожээ. Эднийх уг талбайд олон улсын жишигт нийцсэн оршуулгын цогцолбор байгуулах зорилгоор бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудыг өөрийн хөрөнгө оруулалтаар үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд болон нийгмийн компанийн хариуцлагаа нэмэгдүүлэх, хүрээлэн буй орчин тэр дундаа оршуулгын байгууламжид нэн шаардлагатай ойжуулалтыг хийх ажлыг тогтмол дэмжиж иржээ. Мөн  өнгөрсөн хугацаанд өөрсдийн нөөц боломж хийгээд эх орныхоо ногоон орчныг нэмэгдүүлэх зорилгоор  олон тооны мод, бут тарьж, арчилгаа, усалгааг тогтмол хийж цөлжилт, хуурайшилтын эсрэг өөрсдийн хувь нэмрээ оруулсаар ирсэн байна. Тодруулбал, нарс, агч, монос, шар хуайс, хайлаас, улиас зэрэг 8500 гаруй мод тарьж дуслын усалгааны иж бүрэн системийг суурилуулан ашиглаж, арчилгааг нь хариуцсаар байна. Мөн моддын төрөл зүйл, тоо ширхгийг нэмэгдүүлэхийн тулд энэ жил гэхэд 10 төрлийн 2500 модыг нэмж ургуулахаар төлөвлөсөн байна. Эднийх Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газраас буяны үйлчилгээний салбарт анхлан “Суварга буян” ХХК-д 2021 онд Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлээд байгаа билээ.

 

Булш болгон дээр мод тарих нь байгальдаа өгч буй буян

 

Манай улсын дөрвөн зүг найман зовхист 2020 оны тооллогоор нийт 15.5 мянган га талбайд 1170 оршуулгын газар байгааг тогтоосон. Үүнд Улаанбаатарыг оруулаагүйгээр тооцоход. Хамгийн олон оршуулгатай нь Ховд, Баян-Өлгий аймаг байгаа бол хамгийн бага оршуулгатай нь Орхон аймаг. Орон нутагт нийт оршуулгын талбайгаас 1112 талбайн  хариуцсан газарт эзэмшигч, ашиглагч байхгүй байна. Жилд улсын хэмжээнд 18-20 орчим мянган хүн бурхан болж байна. Энэ хэрээр бурхан болоочдын газар тэлсээр. Тухайлбал, Ховд  аймаг хамгийн их буюу 143 оршуулгын газартай. Харин Баян-Өлгий аймаг 90 гаруйтай. Ховд аймгийн оршуулгын талбай яагаад том байгааг судалж үзвэл хөрш, хил залгаа Баян-Өлгийн аймаг казак үндэстний бурхан болоочоо оршоох зан үйлтэй холбоотой аж. Учир нь тэд гэр бүл, ураг удмаа нэг дор оршоож хүн болгоны тоогоор бунхан босгодогтой холбоотой эзлэх талбай нь тэлж Ховд аймгийн залгаа сумдын нутагт оршоох явдал сүүлийн жилүүдэд ажиглагджээ. Казакууд нийтийн оршуулгаар биш нэг бүлийг тусдаа  зайд оршоодог онцлогтой. Ингэснээр газар нутаг нь хомсдож хаяа залгаа аймгийн газар руу түрж улмаар малчдын бэлчээр нутагт хүн тавих байдал олширсонтой холбоотойг эх сурвалж хэлж байна. Тиймээс зарим оршуулга нь Ховд аймгийнх биш Баян-Өлгий аймгийнх байх магадлалтай гэсэн юм. Оршуулгын зан үйлийг дэлхийн нийтийн жишигт нийцүүлж уялдуулах нь зайлшгүйг дээрх жишээ харуулж байна. Түүнчлэн шарил бүрийн дээр хайлаас мод тарих уриалгыг аймаг, сумын ИТХ шийдвэрээ гаргаж ажил хэрэг болгох зүйтэй хэмээн “Буяны зан үйлийн холбоо”-ны тэргүүн Э.Жигмэддорж ярьж байна. Нийслэлийн хэмжээнд жилд бурхан бологсдод шаарагдах талбай  36.8 га-гаар тэлж байгаа гэдгийг санаж чимээгүй хотоо ойжуулчихвал хэдхэн жилийн дараа Улаанбаатар хотыг тойрсон хэд, хэдэн ой үүсэх биз ээ.

Хэдийгээр сүүлийн жилүүдэд ялангуяа Улаанбаатар хотод бурхан бологсдыг чандарлан оршоох хэлбэрээр нутаглуулж газрыг хэмнэж байгаа ч Монголчуудын зан үйлд чандарлах нь газар нутаг бага Солонгос, Япон улсын жишиг хэмээн үздэг байна. Нийслэлийн чандарлан оршоох зан үйлийн эзлэх хувь 2014 онд хамгийн их буюу нийт нас баралтын 33.5 хувийг эзэлж байсан бол жил бүр буурсаар 2023 оны жилийн эцсийн байдлаар 18.8 хувийг эзэлж байна гэж “Буяны зан үйлийн холбоо” ТББ-аас гаргасан статистик мэдээлэлд дурдсан байна. Харин  булах тусам газар тэлэх ч мод тарьж ойжуулах нь харагдах байдал, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад ч буяны үйлээ бодсон ч, тэрбум мод тарих хөдөлгөөний үр дүнд ч, эдийн засагт ч, байгалийн хязгаарлагдмал нөөцийг хэмнэхэд ч, тогтвортой хөгжилд ч бурхан болоочдоо хийж буй том буян юм. Оршуулгын газрыг ойжуулах тухай хуулийн төслийг манай УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлан боловсруулах ажилдаа орсон мэдээ аваад манай нийтлэлийн үр дүн, нийтийн эрх ашгийг хангахад том нөлөөлөл үзүүлжээ гэсэн сэтгэгдэл төрж байсан юм. 

Хад асга, элс, шар шавар дээр ч ургадаг ид шидтэй мод бол хайлаас. 100-150 жил насалдаг. Арчилгаа шаарддаггүй бараг “бор зүрхээрээ” ургах чадвартай онцлог мод. 
Бортогонд ургуулсан хайлаас мод.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 101 (7843)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn