Чимээгүй хотод “Борооны цэцэрлэг байгуулъя” цуврал нийтлэлийн гурав дахийг хүргэе. “Зууны мэдээ”сонины 2025 оны дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 14-ний дугаарт өмнөх цуврал нийтлэлүүдээ хүргэсэн билээ.

Улаанбаатар хотын хоймор хэсэгт Самбалхүндэвийн оршуулгын газар оршин байна. Өдгөө 100 гаруй  жил болсон энэ газарт  бидний өвөг дээдсийн ариун дагшин сүнс, сүлд амарлин орших шарилууд олны хэлж заншсанаар “Далан давхрын оршуулгын газарт” хавирган сар хэлбэртэй дугуйран байрлана. Энд эхний оршуулга 1800 оны тэртээ үйлдэгдэж байсан бол XX, XXI зуунд дийлэнх нь хамгийн сүүлийнх нь найм орчим жил буюу 2018 оны шарил халуунаараа байна.

Тодотговол, 1929 оноос өмнө монголчууд талийгаачдаа ил тавьж байсан түүхтэй. Харин тухайн онд Нийслэл хүрээний хотын захиргаанаас бурхан болоочдыг ил тавихыг хориглосон шийдвэр гаргаж албажуулсан аж. Ингэснээр 1930 онд нийтийн оршуулгын газрыг Самбалхүндэвт, улс төр, нийгмийн зүтгэлтнүүдийн оршуулгын газрыг Алтан-Өлгийд тус тус  байгуулсан түүхтэй. Өдгөө энд зуунаас зуун дамнан эгцлэн төөнөх нар, үлээх салхи, хуйлран эрчлэх үер, цас, бороо, аагим халуун, тэсгэм хүйтэнд тэсэж ашиг хайгч нэгний болчимгүй үйлдлийг элээсэн, гишгэх газаргүй шахам болсон олон мянган шарил аврал нэхэх мэт хотын маань хойморт залран байна. Энд, тэндгүй хагарч, бутарсан хөшөө, ухаж тоногдсон булшны нүх, цөмөрч хотойсон балгас болж хэн гэдэг бурхан болооч вэ гэдэг нь танигдахаа больж айдас төрүүлэм, эмх цэгцгүй, хог, хаягдалд дарагдсан дүр зурагтай. Талийгаачийнхаа шарилыг хайж, эргэж, тойглохоор ирсэн хэн нэгэн эндээс л лав төвөггүй олно гэвэл хүндрэлтэй. Уг нь монголчууд бурхан бологсдодоо хүндэтгэлтэй хандаж аль болох хүн тавьдаг газраас хол байх ойр, ойрхон эргэж очоод байдаггүй уламжлалтай. Тэгвэл энэ байдал нийгмийн хувьсал өөрчлөлтөөр алдагдсан гэхэд болно. Чингэлтэй дүүрэгт харьяалагдах тус оршуулгын газартай хаяа залган “Дэнжийн мянга” болон одоогийн “Хүчит шонхор зах”орчимд 2000 оны тэртээ  хөшөөтэй хашааны газар зарна гэсэн зараар олон ч өрх хашаа хатгаж гэр, бууриа сэлгэсэн гэдэг. Өнөөдөр чимээгүй хоттойгоо хаяа нийлсэн Чингэлтэй дүүргийн дөрвөн хороо энэ  эргэмжийн газартаа хаяа нэгтгэжээ. Орчин үед дэлхий дахинд оршуулга нь хотжилт, хүрээлэн буй орчин, байгаль экологи, нийгэм-эдийн засаг, сүсэг бишрэл, хүн амын эрүүл мэнд зэрэг өргөн хүрээний асуудлуудтай холбогдож байна. Энэ утгаараа төрөөс оршуулгын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь үндэсний аюулгүй байдлын чухал асуудлын нэг юм. Монголчууд гэр орноо цэвэрлэж хог шороогоо шүүрдэхдээ хоймор хэсгээс эхэлдэг уламжлалтай. Тэгвэл Улаанбаатарын хоймор  болсон энэ газраа цэвэрлэж, цэгцлэхгүйгээр хотын хөгжлийн тухай ярих нь бэлгэдлээрээ бол  биелэгдэшгүй мэт хэмээн түүх судлаач Э.Гансүх ярьсан байдаг.

 

“Далан давхар”-т оршуулсан бурхан бологсдын мэдээллийн дата сан бэлэн болжээ 

 Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн З.Батболд 1974 онд  оршуулсан ээжийнхээ шарилыг сэргээхээр очсон ч булшийг нь хайгаад олоогүй гэдэг. Улмаар дахин эгч, дүүсээ дагуулан, лам, бөөгийн хамт өнгөрсөн оны хавар ханш нээх өдрөөр очиж өдрийн тал хайсны эцэст олсон юм. Ээж нь тухайн үед Ардын их хурлын депутат / ИТХ-ын төлөөлөгч/ хүн  байжээ. Булшны хөшөөн дээр депутатын тэмдгийг нь өөрийнх нь мэдээлэлтэй сийлж оршуулсан аж. Мөн тухайн үед нийгэмдээ урлаг соёлын од, олны танил О гэгч хүний зэргэлдээ оршоосон зэргээр баримжаалан хайсны эцэст олжээ. Гэтэл ээжийнх нь булшийг тойроод гурван хүүхдийн шарил байсан гэдэг. Мөн тэртээ 1999 онд Нарангийн энгэрт оршуулсан гэх XX зууны алдарт дуучин П.Адарсүрэн агсны шарилыг зайгүй орших 300-400 орчим булшнаас хайгаад олохгүй байгаа мэдээлэл хүртэл цахим орчинд түгсэн. Тэгэхээр хаагдсан оршуулгын газруудын шарилыг нүүлгэн шилжүүлэх, тухайн газарт нь оршоох зайлшгүй шаардлагатай болжээ. Түүнчлэн талийгаачдын мэдээллийн нэгдсэн санг үүсгэж эмх цэгцэд оруулах шаардлага ч үүссэнийг ч дээрх баримтууд илтгэж байна. Тус хаалттай оршуулгын газрын нэгдсэн мэдээллийн санг үүсгэсэн байна. Гэхдээ олон нийтэд ил болгоогүй байна. Уг нь энэ сан нээгдвэл иргэд уг сан буюу сайт руу нэвтэрч  төслийн талбайд бурхан болоочынх нь мэдээлэл орсон эсэхийг шалгах бүрэн боломжтой болно. Тодруулбал,талийгаачийнхаа овог нэр, нас барсан огноог оруулж улмаар ар гэр, цусан төрөл нь мөн гэснийг баримтаар нотолсноор бурхан болооч ямар кординатын цэг дээр байна тэр кодыг олгох зохицуулалттай аж. Харин таны хайсан мэдээллээр илэрц гарч ирэхгүй байгаа тохиолдолд төсөл хэрэгжих талбайд ороогүй байна гэсэн үг. Магадгүй он цагийн явцад хөшөө чулуугүй болсон, хөшөө чулуу эвдэрсэн, унасан, хөшөө чулууны бичээс арилсан байж болзошгүй. Сангийн мэдээлэл хэзээ ил болгох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Тус эргэмжийн газрыг 2025 онд Нийслэлийн захирагч Х.Нямбаатар санаачилга гаргаж, Чингэлтэй дүүргийн Засаг захиргаанд хэсэгчлэн үе шаттайгаар бүхэлд нь Цэцэрлэгт хүрээлэн болгох шийдвэр гаргасан байдаг. Ингэснээр нийт 73.9 га газраас  18.1 га талбайг дахин нүүлгэн шилжүүлэх тендерийг Чингэлтэй дүүргээс зарласан. Тендерт 2-3 байгууллага оролцсон мэдээтэй. Одоогоор тендерийн үнэлгээний хорооны хурал хэлэлцэх шатандаа үргэлжилж гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах аж. Гүйцэтгэгч компани тодрохтой зэрэгцээд мэдээллийн санг олон нийтэд ил болгохоор ажиллаж байгаа. Мөн гурвалсан гэрээний загварыг боловсруулах шатандаа санал авч байна. Нэгдсэн мэдээллийн санг хүлээн авах программыг хүлээж байна. Цахим хөгжлийн яамнаас домайн нэрээ тодорхой болгох, хөгжүүлэлтийг хариуцах хуулийн этгээд тодорхой болгохоор ажиллаж байна гэж  Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хог хаягдал цуглуулах, оршуулгын газрын асуудал хариуцсан хэлтсийн дарга Ц.Очироо ярьсан юм. Уг мэдээллийг нээснээс хойш 30 хоногийн хугацаатай олон нийтэд  зарлан мэдээлэх юм байна. Албан бус мэдээгээр тус га-д урьдчилсан байдлаар 21 мянга гаруй хүний шарил байгаа. Дээрх хаагдсан оршуулгын газрын шарилыг нүүлгэн шилжүүлэх нөлөөлөлд Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороог хамаарч байна. Чөлөөлөх ажлын Багц-1 д хамаарах 9.8 га-д 10183, Багц-2-ын  8.5 га-д 11699 шарил байгаа. Хэсэгчлэн нүүлгэн шилжүүлэх уг талбай хамгийн их оршуулгатай шигүү байрлалтай нь.  Өмнө нь тус газрын 10 орчим га талбайг дахин төлөвлөлтөд оруулж 14 мянга гаруй шарилыг ар гэр гэрийнх нь оролцоотойгоор нүүлгэн шилжүүлж зармыг нь чандарлаж улмаар “Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулж  дахин оршоох ажлыг “Нью Семетри” компани өөрийн хөрөнгөөр хийсэн туршлага манайд бий. Түүнчлэн Улаанбаатар хот болон Монгол Улсын өнцөг булан бүрд байх оршуулгын газарт байгаа нийт Оршуулгын  мэдээллийн нэгдсэн санг үүсгэх ажлыг эхэлсэн байна. Одоогоор уг сангийн мэдээллийг буяны үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд хамтран үүсгэж байгаа ажээ. Харин Улаанбаатар хотын тухайд Нийслэлийн нэгдсэн сан үүсгэх ажил жилийн өмнөөс эхэлсэн. “Буяны зан үйлийн холбоо" ТББ-ын тэргүүн Доктор (Ph.D), дэд профессор Э.Жигмэддорж ярихдаа "Манай улс одоогоор “Оршуулгын тухай” хуульгүй учраас энэ салбарын асуудлыг журмаар зохицуулдаг. Сүүлийн жилүүдэд талийгаачдын бүртгэл мэдээллийг цахимжуулах, нэгдсэн мэдээллийн дата сан үүсгэх хэрэгцээ шаардлага үүссэн. Энэ хүрээнд төрөөс хоёр дата сан үүсгэхээр ажиллаж байгаа. Нэг нь Монгол Улсын Оршуулгын мэдээллийн нэгдсэн сан нөгөөх нь Нийслэлийн нэгдсэн дата сан гэсэн. Гэхдээ эдгээр сангуудын хөгжүүлэлт, хариуцах эзэн нь тодорхой болоогүй байна. Өөрөөр хэлбэл, хуульгүй учраас төр хариуцах чиг үүрэггүй. Тиймээс нэгдсэн сангаа цааш нь хөгжүүлээд, өргөжүүлээд явах эрх бүхий байгууллага нь мэргэжлийн холбоод уу, тухайн аймаг, нийслэлийн хариуцсан агентлаг нь уу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй” гэсэн юм.

 

“Хүчит шонхор зах”-д борлуулагдаж буй махыг шинжлэхэд 80 хувь нь нянгийн бохирдолтой гэжээ

 

Суурьшлын бүсэд оршуулгын газар байгаа нь нийслэл хотын иргэд бидний эрүүл аюулгүй орчинд амьдрахад ноцтой хор нөлөө үзүүлж байгаа юм. Далд оршуулсан нэг шарил дунджаар 60-70 жилд бүрэн задардаг гэсэн эрдэмтдийн судалгаа байдаг. Тодруулбал, кадми, мөнгөн ус зэрэг байгальд задардаггүй хорт бодисууд шарилаас ялгарч агаар, хөрсийг бохирдуулдаг. Тус оршуулгын газар нь Чингэлтэй дүүргийн 7, 10, 11, 12-р хороодын нутаг дэвсгэрт оршдог бөгөөд Нийслэл хотын иргэдийн хүнсний хэрэгцээгээ хангадаг “Хүчит шонхор зах” салхин дор нь байрлаж байна. Иймд Самбалхүндэвийн оршуулгын газрыг нэн яаралтай чөлөөлөх шаардлага үүссэн. Энэ утгаараа оршуулгын газар, түүнтэй холбоотой тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дээрх нүүлгэн шилжүүлэх төсөл чухал ач холбогдолтой юм. 2020 онд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тус захад борлуулагдаж байсан махнаас дээж авч шинжлэхэд 80 орчим хувь нь нянгаар бохирлогдсон дүн гарч байжээ. Хэдийгээр өнөөдрийг хүртэл нянгаар халдварлагдаж олон хүний эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгээгүй байгаа ч ирээдүйд үүсэх элдэв, төрлийн халдварт болон хавдрын шинжтэй өвчин үүсэхгүй гэх баталгаа алга хэмээн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч хэлж байсан юм. Олон жил болсон шарилын махан хэсэг хатах хугацаа 20-30 жил гэж эрдэмтэд тогтоосон байна.

Тус хаалттай оршуулгын газрын 10 га талбайд нүүлгэн шилжүүлэлт хийсэн “Нью Семетри” компанийн захирал М.Мөнхзаяа ярихдаа “ Тус эргэмжийн газрыг 1987,2000,2015, 2016 он гээд гурван удаа хэсэгчлэн хааж, нээсэн байдаг. Нийт төслийн талбайн 35.5 хувь нь эвдрэлтэй байсан. Мөн 106 гадаад иргэдийн шарил 106 байсан. Тэдгээрийн 22-ыг нь тухайн улсын Элчин сайдын яам болон Гадаадын иргэдийн харьяатын газар, Цагаач иргэдийн холбоодоор дамжуулан холбогдож 22 шарилын ар гэр нь нүүлгэн шилжүүлэлтэд оролцсон. Мэдээж бүх шарилыг ар гэрийнх нь зөвшөөрлөөр өдөр судрыг нь тохирч  тодорхой дэглэм, дүрэм, ХААБ-ын хяналтад шарил нэг бүрээр нь баримтжуулан үйлдсэн. 14 мянга гаруй шарилаас 2500 ар гэр холбогдсон. Дийлэнх нь ар гэр нь байгүй гэдгээр нийтийн журмаар гаргаж чандарласан. Тухайн үед хоёр иргэн  дээдсийн шарилыг хөндүүлэхгүй гэж байсан ч өөрсдөө газар дээр нь очиж булш нь хөндөгдсөн, эрсэлд орсныг  хараад чандарлуулах шийдвэрээ гаргаж байсан” гэж байлаа.  Уг хаалттай оршуулгын газрын шарилын дийлэнх буюу 90 хувь нь 20-30 жил болсон аж. Тиймээс газар дээр ил гаргаж ирэхэд нянгийн халдварын эрч буурсан учраас тус компанийн шарилыг гардан гүйцэтгэсэн ажилчдаас одоогоор ямар нэгэн өвчлөл, халдвар илрээгүй байгаа гэлээ. Тухайн үед үйлдлийг гүйцэтгэхээс өмнө бүх шинжилгээнд хамруулж дууссаны дараа мөн дахин хяналтын шинжилгээнд оруулсан байна. Ер нь нүүлгэн шилжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд ар гэртэй холбогдох асуудалд их хугацаа ордог учраас мэдээллийн санг аль болох эрт ил тод болгох шаардлага байгааг анзаарсан юм. Мэдээж төрөөс эхлүүлсэн аливаа том төслийг хэрэгжүүлэхдээ хүний эрхийг дээд зэргээр хангах, олон улсын ёс зүйн хэмжээг дээдлэх, ёс уламжлалаа орхигдуулахгүйгээр дэлхийн нийтийн чиг хандлагад уялдуулах нь зохимжтой.

Шарилыг ил гаргаж нүүлгэн шилжүүлж эдийн засгийн үргүй зардал гаргаж байхын оронд шарил бүрийн дээр мод тарих хөдөлгөөн өрнүүлж уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох боломжтой хэмээн Байгаль орчны гавьяат ажилтан Биологийн ухааны доктор, профессор, ахмад дендрологич Б.Чимэд ярьдаг. Тэгвэл Самбалхүндэвийн эргэмжийн газрын булшнуудын хооронд мод тарих зай байхгүй учраас  боломжгүй гэж суурь судалгаа хийсэн компанийн мэргэжилтэн хэлж байлаа. Тэгэхээр бусад сийрэг байрлалтай хөдөө орон нутгийн болон бусад нээлттэй болон хаалттай оршуулгын газруудад мод тарих боломжтой гэдгийг тодотгоё. Ер нь шарилыг ил гаргахгүйгээр мод тарих нь тухайн оршуулгын газрын онцлогоос шалтгаалах аж. Улсын хэмжээний оршуулгын талбай “Далан давхар”-тай харьцуулшгүй харьцангуй сийрэг учраас мод тарих нь эдийн засгийн ач холбогдолтойг ахмад дендрологич хэлсэн.

Хаврын мод тарих өдрүүд тавдугаар сарын1-нээс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн зарлагдаад тав дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд 84-100 сая мод тарьжээ. Энэ жил “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хоёр дахь шат эхэлсэн гэж болно. 2021-2024 онд үндсэн бэлтгэл ажлаа хангасан тул 2025-2026 онд их хэмжээний талбайд бөөнөөр нь тарьж эхлэх юм байна. Тухайлбал, 2025-2027 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж 570 сая, гурав дахь шат буюу 2028-2030 онд 850 сая мод тарьж, ургуулна гэж төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн гурван жил тарьсан нийт модны хэмжээг дараагийн гурван жилд долоо дахин, сүүлийн гурван жилд бүр 10 дахин нэмэгдүүлнэ гэсэн үг. 2030 он болоход дөрвөн жил үлдэж. Ийм их хэмжээний модыг дөрвөн жилд тарина гэхэд бодит байдал дээр биелэх магадлал тун хомс байна. Тэгвэл Улсын хэмжээнд 1170 чимээгүй хот 15525.8 га талбайг эзэлж байна. Энэ их талбайг ойжуулж “борооны цэцэрлэг” болгох боломж байгааг цуврал  нийтлэлээрээ хөндөж байгаа юм.

 

Төслийн нийт өртөг 30 тэрбум төгрөг байна

 

Самбалхүндэвийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийн хүрээнд хэрэгжүүлэх газар чөлөөлөлтийн ажлын эрх 2026 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн А/159 дүгээр захирамжаар Нийслэлээс Чингэлтэй дүүрэгт шилжин ирсэн. Төслийн хүрээнд газар чөлөөлөлтийн ажлыг хоёр багц ажлыг нээлттэй зарлаад байна. Одоогийн байдлаар тендерийн баримт бичгээ ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн материалыг хянан үзэж, үнэлгээ хийх, сонгон шалгаруулалтын бэлтгэл ажлыг хангаж байна. Самбалхүндэвийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн газар чөлөөлөлтийн төсвийн тухайд Нийслэлээс 15 тэрбум, Чингэлтэй дүүргээс 15 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Газар чөлөөлөлтийн ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 12, 20, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнан байрлах нийт 18.1 га талбайг чөлөөлөхөөр төлөвлөөд байна. Харин бурхан болоочдын мэдээллийг цахим системд бүртгэх ажлыг нийслэлийн холбогдох байгууллагууд хариуцан ажиллаж байна гэж Чингэлтэй дүүргийн менежер Д.Уянга ярив.

 Дэлхий даяар оршуулгын газрыг дахин төлөвлөлтийн томоохон давалгаанууд өрнөж байсан бөгөөд энэ нь хүн амын нягтаршил,  газрын хомсдол, соёлын өөрчлөлт, байгаль орчин, эрүүл мэнд талаасаа өндөр ач холбогдолтой байдаг. Дахин төлөвлөлтийг оршуулгын газрын зориулалтыг өөрчлөх, нэмэх, хот байгуулалтад нийцүүлэн нүүлгэн шилжүүлэх, хүрээлэн буй орчинтой нь уялдуулан засаж сайжруулах зэрэг байдлаар хийж байна. Энэ тухай 2025 оны есдүгээр сард болсон   “Монголчуудын хойлгын зан үйл, уламжлал, орчин үеийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний VI хурлын үеэр тавьсан олон эрдэмтэн, судлаачдын итгэлд дурдаж байв. Энэ үеэр судлаач  Э.Жигмэддорж /Доктор (Ph.D), дэд профессор/, Г.Идэрмаа/Доктор (Ph.D/ нарын XX- XXI Зууны Монголчуудын оршуулгын зан үйл: хувьсал дундах уламжлал сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлд  Самбалхүндэвийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн шарилууд  Улаанбаатар хот дахь хуучин оршуулгын газруудыг дахин төлөвлөлт оруулж, нүүлгэн шилжүүлэх, цэцэрлэгт хүрээлэн байгуулах явдал нь дэлхий дахины хөгжлийн чиг хандлагад нийцсэн хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль экологид ээлтэй үйл ажиллагаа болох нь судалгаанаас харагдаж байна .Самбалхүндэвийн оршуулгын газар нь монголчуудын оршуулгын зан үйлийн уламжлал, хувьсал, сүүлийн 140 гаруй жилийн Монголын нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөл,  шинэчлэлт оршуулгын зан үйлд хэрхэн нөлөөлснийг тодруулах бодит хэрэглэгдэхүүн болж байна хэмээн дүгнэжээ.

 

Шарилыг нүүлгэн шилжүүлэх хэлбэрээр дахин төлөвлөлтөнд оруулдаг

Дэлхийн нийтийн чиг хандлагаар оршуулгын нүүлгэн шилжүүлэлт 1800 оноос эхтэй. Одоо ч бусад улс оронд үргэлжилсээр байна. Тэд нүүлгэн шилжүүлэлтийг хоёр хэлбэртэй зохион байгуулдаг. Нэг нь цэцэрлэгт хүрээлэн байгуулж хүндэтгэл үзүүлэх байдлаар бүтээн байгуулдаг бол нөгөө хэлбэр нь нийгэм рүү чиглэсэн бүтээн байгуулалт буюу нийгмийн хэрэгцээт цэцэрлэг, сургууль,спортын талбай байгуулахад ашигладаг аж. Төр нэгэнт тухайн газарт хөрөнгө оруулалт хийсэн учраас эргүүлээд орон сууц барих зэргээр эдийн засгийн эргэлтэд оруулах эрх нь нээлттэй байдаг ажээ. Тухайлбал, Герман улс Оршуулгын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг Хамбург хотноо байрлах Ольсдорф оршуулгын газар нь 1877 онд байгуулагдсан бөгөөд хуучны хэвшмэл оршуулгын газрыг соёл урлаг, амралт зугаалга, байгалийн элементүүдийг шингээн илүү нээлттэй “оршуулгын газрын цэцэрлэгт хүрээлэн” болгох зорилгоор дахин төлөвлөлтийн ажлыг 2016 онд эхлүүлж байжээ. Их Британи Гэгээн Жеймсийн цэцэрлэгт хүрээлэн нь Лондон хотын Euston өртөөнөөс баруун зүгт байрладаг ба 1788-1853 оны хооронд нийтийн оршуулгын газраар ашиглагдаж байжээ. Уг газарт нийт 61 мянга гаруй оршуулга хийгдсэнээс XIX зууны дунд үе гэхэд 45 мянга орчим шарил хөрсөнд хадгалагдан үлдсэн байна. Хожим нь уг газрыг нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгон ашигласан боловч 2018 оны аравдугаар сараас эхэлсэн Euston буудлын HS2 өндөр хурдны төмөр замын терминалын барилгын ажлын хүрээнд бүрэн чөлөөлжээ.Шарил гаргалт, археологийн үйл ажиллагаагаар дахин төлөвлөлт эхэлсэн бөгөөд 2018-2020 оны хооронд 50 мянган шарилыг малтан гаргах ажлыг 200 гаруй археологич гүйцэтгэсэн.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 91 (7833)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn