Ц.МЯГМАРБАЯР
Энэ сарын 28-нд “Зууны мэдээ” “Үндэсний мэдээллийн төв”-д Байгалийн баялгийн шударга ёсны төлөөх “Төлсөн авснаа нийтэл” буюу ТАН эвслийн гишүүн байгууллага болох “Буйр нуур хамгаалах”, “Ангир нүдэн мөндөөхэй”, “Ариун суварга”, “Хил хязгааргүй алхам”, “Шинэ суурьшлын бүс”зэрэг ТББ-ийн төлөөлөл оролцож хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тэд мэдээлэлдээ Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь Байгаль орчны хамгаалалтыг сулруулах,иргэдийн үндсэн эрхийг хязгаарлах, орон нутгийн оролцоог үгүйсгэх зэргээр ноцтой эрсдэл дагуулж байгаа тул УИХ-аар хэлэлцүүлэхийг хойшлуулахыг шаардсан юм. Уг хуулийн төсөл нь байгаль орчин, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах үндсэн зорилгоосоо гажсан, зөвхөн зөвшөөрөл олголтыг хялбаршуулсан, хяналтыг сулруулахад илт чиглэсэн байна гэсэн юм.
“Хил хязгааргүй алхам” ТББ-ийн тэргүүн Н.Баярсайхан” Бид энэ хуулийг дэмжиж байгаа. Гагцхүү уг хуулийн төсөл нь хүний эрхийг хамгаалах бус дордуулсан, олон нийтийн оролцоог хязгаарласан,эрх мэдлийг төвлөрүүлсэн нь авлигын эрсдэлийг нэмэгдүүлэх үр дагавартай тул хуулийн төслийг буцааж дахин боловсруулах. 2025 оны нэмэлт өөрчлөлтөд оруулсан заалтуудад дахин үнэлгээг хийж баталгаажуулах шаардлагатай. Өнөөг хүртэл үр нөлөөтэй үйлчилж чадаагүй Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тогтолцоог шинэчилж олон нийтээр хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэж байна” гэсэн юм.
“Буйр нуур хамгаалах”ТББ-ын тэргүүн Д.Ганцогт “ Байгаль орчны эко систем бол амьд систем. Энэхүү амьд системийг амьтай байлгахын төлөө иргэний нийгмийн байгууллагынхан бид 30 аад жил тэмцэж байна. Өмнө нь Газрын тосны тухай хуулийг өөрчлөхдөө Байгаль орчинтой холбоотой орон нутгийн үр өгөөжийг бүгдийг авч хаяж байсан. Ийм байдлаар хуулийг хүчгүй болгодог гашуун туршлагыг давтаж болохгүй. Ер нь хуулийн өөрчлөлтөөр эрх баригчид яаж ашиг олох уу гэдэг дээр төвлөрдөг. Өнөөдрийн энэ хэлэлцэх гээд байгаа Үнэлгээний хуулийн гол зорилго яаж байгаль орчин, эко системийг бүрэн авч үлдэх вэ, иргэний нийгмийнхэн, иргэд хянаж болдог, хариуцлага тооцож болдог байгаль орчны амин сүнс болсон хууль. Гэтэл энэ хуулийн төсөлд уул уурхайн компаниуд үнэлгээг хийж ч болно, хийхгүй байсан ч болно гэсэн заалт оруулсан. Өөрөөр хэлбэл, үнэлгээг хийх эсэхийг ерөнхий шинжээч шийднэ гэж. Энэ заалтаар бол үнэлгээ хяналтгүй, эзэнгүй үлдэж шинжээч авлигад өртөж байгаль орчин эрсдэх, сүйрэх ийм л дүр төрхтэй үлдэхээр байна. Дараагийн нэг зүйл нь хариуцлагын тогтолцоо бараг байхгүй. Ер нь бараг хууль байгаад ч хэрэггүй ийм л төсөл. Бид яагаад байгаль орчны төлөө зүтгээд, тэмцээд байна вэ гэвэл бидний оршин тогтнох үндэс байгаль орчны эко системийг хэвээр байлгахын төлөө” гэв. Тиймээс УИХ, Засгийн газар энэ хуулийн төслөө иргэдийн хяналт оролцоонд тулгуурласан байдлаар баталж өгөөч гэж хүсэж байгаа гэлээ.
“Ангир нүдэн мөндөөхэй”ТББ-ын тэргүүн Я.Цэрэнханд “ Энэ хуулийн төслийг батлахыг эсэргүүцэж байгаа гол үндэслэл нь авлигыг бууруулахад чиглэх биш харин ч дэмжихэд чиглэсэн агуулгатай. Тухайлбал, Туулын хурдны замын жишээ байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийгээгүй хууль зөрчиж эхлүүлсэн нь авлигын шинжтэй байсан нь өнөөдөр ил болсныг бүгд мэдэж байна. Тухайн төслийн нарийвчилсан үнэлгээний асуудлыг уул уурхайн компаниуд ярихдаа хамтарч ажиллана гэсэн хандлагаар орон нутгийн, иргэдийн эрхийг хязгаарлаж, үл ойшоосон байдлаар тусгай зөвшөөрлөө авдаг байсныг энэ хуулиар бүр баталгаажуулж өгсөнд харамсаж байна. Газрын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуульд газар ашиглалт нь экологийн тэнцвэрт байдалд нийцүүлнэ гэж заасан байдаг. Гэвч энэ хуулийн төслөөр үнэлгээг хийхгүй гэсэн заалт нь эдгээр хуулиуд хооронд зөрчил үсгэж байна.Ер нь энэ хуулийн агуулгаар орон нутгийг иргэдийг үл тоосон, хэн ч биш юм шиг үзсэн. Үүгээрээ тухайн орон нутаг эзэнгүйдэх хяналтгүй болохоор агуулгатай байна” гэлээ.
Харин “Ариун суварга” ТББ-ийн тэргүүн Г.Чагнаадорж “ Хууль төсөл боловсруулах явцад Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн байна. Орон нутагт хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулаагүй. Зөвхөн үнэлгээ хийдэг компаниудын хүрээнд судалгаа хийсэн нь өрөөсгөл. Мөн 2024 онд хуулийг бүтэн нэмэлт өөрчлөлтийн төсөл, 2025 онд хэсэгчилсэн боловсруулалт гэх мэт хүрээнд санал авсныг энэ хулийн төсөлд хуульд заагаагүй хэлбэрээр санал авах оролдлого хийсэн бөгөөд нэг мөр ойлголт өгөөгүй төөрөгдөлд оруулах байдлаар оромдсон. Тиймээс хуулийн төслийг буцаахыг шаардаж байна” гэсэн юм.
Эх сурвалж: zms.mn