Ч.БЯМБАА
Багш нарыг орон сууцжуулах “Ногоон Хөгжил үндэсний нэгдэл” ХХК, “Шинэ зуун зөвлөлдөх зөвлөл” ТББ-ын хамтран хэрэгжүүлж буй хувьцаат орон сууц төсөл, хөтөлбөрт хамрагдсан хүмүүс хохирсон тухай асуудал үүсээд буй.
Энэ асуудлыг үгүйсгэж “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Санжаа, Монголын багш нарын “Шинэ зуун зөвлөлдөх зөвлөл” НҮТББ-ын ТУЗ-ийн дарга н.Цэрэндолгор, тус НҮТББ-ын гүйцэтгэх захирал агсан С.Сарантуулын ар гэрээс мэдээлэл хийлээ.
Багш С.Сарантуул агсны охин “Миний ээж хамтран зүтгэгч нартайгаа багш нарын төлөө маш их үйл хийж явсан. Ээж минь ипотекийн зээлээр орон сууцтай болж байсан. Ингэхдээ 48 сая төгрөгөөр авсан зээлээ 80 гаруй сая болгож насаараа төлсөн юм. Ээж маань багш нарыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдөр энэ төсөлд муу тал бий, сайн тал ч бий. Нар сар нь гэрэлт эсгий гэрт амьдарч байсан багш энэ төслөөр байранд орсон. Тэтгэвэртээ гараад хэн ч биш болсон, ипотект ч хамрагдаж чадаагүй гавьяат багш энэ төсөлд хамрагдсан. Ээжийн минь эхлүүлсэн ажил бүтэмжтэй явж байгаа гэж би үзэж байлаа.
УИХ-ын Ц.Мөнхтуяад би нэг зүйл хэлмээр байна. Миний ээж багш нарын төлөө маш их зүйлийг хийсэн. Багш нарынхаа төлөө явсаар байгаад цус харваж нас барсан. Багш нарынхаа шагналыг авах гэж яваад 2024 оны аравдугаар сарын 1-нд цус харваж, дөрөв хоног ухаан орохгүй байсаар Багш нарын баярын өдрөөр бурхан болсон.
Ц.Мөнхтуяа гишүүн ээ, би танаас асууя. Та энэ компанийг явуулахгүй гээд яагаад ингэтлээ зүтгэдэг юм бэ. Ямар хувийн хонзон байгаа вэ. Зүгээр урагшилж байгаа төслийн “гар, хөл”-ийг яагаад боогоод байгаа юм бэ. Та жудагтай бай, би танаас ийм л юм хүсмээр байна” гэлээ.
Эх сурвалж: zms.mn