П.ЛХАГВАЖАРГАЛ

 

Очирваанийн адистай хутагт хувилгаадын өлгий Завхан нутагт мэндэлсэн Дорнын их яруу найрагч Б.Явуухуланг мэдэхгүй, шүлгийг сонордоогүй монгол хүн үгүй болов уу. Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрсөн Алдархаан нутгийн хүү 1954 онд А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд элсэж, дэлхийн утга зохиолын гал голомттой танилцаж, утга уянгын охь шимээр мэлмийгээ баясгаж, монгол, орос хэлээр уянгын шүлгээ хэвлүүлж байв. 1949 онд анхны шүлгээ хэвлүүлж байсан тэрээр 1959 онд “Мөнгөн хазаарын чимээ” номоороо яруу найргийн ертөнцөд утга уянгын онцгой содон найрагч орж ирснийг зарласан гэдэг. Түүний Би хаана төрөө вэ, Тэхийн зогсоол, Алаг дэлхийд төрсөн минь учиртай гээд дурдаад ханашгүй олон сайхан бүтээлийнх нь нэг яах аргагүй “Мөнгөн хазаарын чимээ” билээ.

Тэгвэл ирэх сарын 10-ны өдөр ХХ зууны манлай их яруу найрагч, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадам болох ажээ. Завхан аймгийн нутгийн зөвлөл 2026 онд нутгийнхаа түүх соёл, өв уламжлал, алдартан суутнуудын үйл хэргийг алдаршуулах олон ажил төлөвлөсний нэг нь энэхүү яруу найргийн наадам юм. Тус нутгийн зөвлөл үргэлжлүүлэн Отгонтэнгэр хайрхны төрийн тахилга, баруун бүсийн “Их хурд” наадам болох ажээ.

“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадмыг Явуухулан сан, Завхан аймгийн яруу найрагч, орчуулагч судлаачдын “Мөнх огторгуйн чимэг” төв хамтран зохион байгуулж байна. Энэхүү яруу найргийн наадмаа Завхан аймгаар хязгаарлалгүй улсын хэмжээнд зохион байгуулж, шилдэг шүлэг шалгаруулах зорилготой байгаа бөгөөд ирэх жилээс олон улсын яруу найргийн наадам болгох зорилготой буйгаа зохион байгуулагчдын төлөөлөл “Үндэсний мэдээллийн төв”-д өчигдөр мэдээлэл хийх үеэрээ илэрхийлсэн юм. Түүнчлэн нэрт яруу найрагч Б.Явуухулангийн уран бүтээлийг алдаршуулж, өвлүүлэх, утга зохиолын хөгжлийг дэмжих, шилдэг яруу найрагчийг тодруулах, яруу найргийн шинэ өнгө төрхийг нээн илрүүлэх, аялгуут сайхан эх хэлээ хайрлан хамгаалахын ач холбогдлыг хүүхэд залууст таниулах зорилготой гэв.

 

“Бид шилдэг яруу найрагчийг бус шилдэг шүлгийг шалгаруулна”

 

Наадамд оролцох бүтээлийг тавдугаар сарын 3-ны өдрийг хүртэл Завхан аймгийн нутгийн зөвлөлийн цахим хаягаар хүлээн авч, тавдугаар сарын 10-нд “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадмыг Улаанбаатар театрт албан ёсоор зохион байгуулна. Ингэхдээ бичгийн шатанд шалгарсан 21 уран бүтээлч тайзнаа шүлгээ унших бөгөөд чөлөөт болон хайрын тухай сэдэвтэй байх ажээ. Мөн тэргүүн байрын шагналын сан найман сая төгрөг, дэд байр таван сая төгрөг, гуравдугаар байр гурван сая төгрөг бол хоёр тусгай байр тус бүрд нэг сая төгрөг гардуулах юм.

Завхан аймгийн яруу найрагч, орчуулагч судлаачдын “Мөнх огторгуйн чимэг” төвийн тэргүүн Я.Отгонбаяр “Бид шилдэг яруу найрагчийг бус шилдэг шүлгийг шалгаруулна. Завхан аймгийн нутгийн зөвлөлийн цахим хаягаар хүлээн авсан шүлгүүдийг тусгайлан томилсон хоёр хүн кодолно. Кодолсон шүлгийг камерын хяналтад таван шүүгч уншиж, эхний ээлжид 21 яруу найрагчийг шалгаруулна. Манай “Мөнх огторгуйн чимэг” төв жил бүр “Отгонтэнгэрийн эгшиглэн” яруу найргийн уншлагаа Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд тав дахь жилдээ хийж байна. Д.Намдаг, Л.Ванган, Б.Явуухулан, Ц.Бавуудорж тэргүүтэй Монголын утга зохиолын ноён оргилууд Завхан нутгаас мэндэлсэн байдаг. Энэ утгаараа бид эдгээ гавьяатнуудаа алдаршуулахын сацуу шинэ залуу яруу найрагчдын шилдэг бүтээлийг түмэн олны хүртээл болгохыг зорьж байна” гэсэн юм.

Монголын зохиолч, яруу найрагчдын цөөнгүй нь түүнийг “Явуу багш” хэмээдэг. Тэдний нэг бол Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч С.Оюун билээ. Тэрээр багшийнхаа тухай “Би 1970 онд Монголын зохиолчдын эвлэлд элсэж, 1975 онд Завхан аймагт зохиогдсон “Уран үгсийн чуулган”-д оролцохоор очиход “Б.Явуухулангийн хөдөлмөр, алдрыг тэмдэглэх өдөр” Алдархаан суманд болж байв. Шүлэг бүтээл нь монгол ахуй, өв уламжлал, философийг шингээж, яруу найраг нь монгол үнэт зүйлийг агуулж байдгаараа хожим хойно ч амьд мэт үлджээ. Явуу багш маань их даруу, гоё хүн байлаа. Хэрэглэж буй юм, хэлж буй үг нь их чамин хүн байсан” гэсэн юм. Түүнчлэн яруу найргийн тухай “Монголын уран зохиолд хэдий бээр үлдэх бүтээлийг төрүүлье гэвэл уралдааны үнэлгээ зөв байх байх ёстой. Хүн өдөр бүр шилдэг яруу найраг бичээд байдаггүй. Миний үед, яруу найрагчд амьдралдаа таван сайн шүлэг бичсэн байхад тэр шүлгээрээ үлддэг гэдэг байлаа. Тиймээс энэ наадмыг гурван жил тутамд зохиовол илүү тохиромжтой юм уу” гэв.

Эх сурвалж: zms.mn