Ч.БЯМБАА

Гэрэл зургийг Р.ОЮУН

Монголын өмгөөлөгчдийн холбооноос үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой “Өмгөөлье-хамгаалъя” нөлөөллийн аян зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.

Тус холбооноос нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн эсрэг гэмт хэрэг, тэр дундаа өсвөр насны хүүхдүүдийн дээрэлхэлт, дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, сурагчдад зөв хүмүүжил, төлөвшил, ёс суртахуун, сэтгэл зүй болон хууль эрх зүйн мэдлэг ойлголт өгөх зорилгоор “Өмгөөлье-хамгаалъя” нөлөөллийн аяныг энэ сарын 20-ноос эхлүүлж байгаа аж.

Энэ талаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров  “Боловсролын чиглэлийн бодлогын яам болон Хууль зүйн яамны зүгээс үе тэнгийн дээрэлхэлтэй холбоотой тодорхой бодлогын ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна. Бид зөвхөн хууль эрх зүйн асуудалд анхаарахгүй, дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудалд давхар анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Энэ хүрээнд сэтгэл зүйн төвүүд, мэргэжлийн сэтгэл зүйчидтэй хамтран ажиллах олон санаачилга хэрэгжүүлж байгаа.

Манай санаачилгад Монгол Улсын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй иргэдийн хурлын байгууллагууд, боловсролын байгууллагууд нэгдэж, эрсдэл өндөр байж болзошгүй сургуулиудын мэдээллийг ирүүлсэн. Тухайлбал, нийслэлийн боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж, мөн Булган аймаг, Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэдийн хурлын зүгээс орон нутагтаа өмгөөлөгч, сэтгэл зүйчдийн оролцоотой сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах санал гаргасан.

Бид үндэсний хэмжээнд аймаг, нийслэлийн сургуулиудад эрх зүй болон сэтгэл зүйн чиглэлийн сургалтуудыг зохион байгуулна. Зөвхөн хууль эрх зүй ярьснаас илүү хүнлэг, ёс суртахуунтай, найрсаг иргэдийг төлөвшүүлэхэд анхаарах нь чухал гэж үзэж байна.

Манай зохион байгуулж буй аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг удирдах зөвлөл болон ажлын хэсгийн гишүүд өгнө.

Энэхүү аян нь нийгмийг цочроосон үйл явдлуудтай холбоотойгоор санаачлагдсан. Бид өсвөр насны хүүхдүүдийн онцлог, тэдэнтэй хэрхэн зөв харилцах талаар анхаарч, 30 орчим сургуулийн дунд ангийн сурагчдад сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.Энэ сургалтад зөвхөн дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийг бус, дээрэлхэлт үйлддэг гэж нэрлэгдэж буй хүүхдүүдийг ч хамруулна. Учир нь тэдгээр хүүхдүүдийн хувьд сэтгэл зүйн хувьд хайр, анхаарал дутсан байх нь элбэг тул ялгаварлахгүйгээр хамтад нь ажиллах шаардлагатай.

Мөн сургуулийн орчин, багш, эцэг эх гэсэн гурвалсан оролцоо байж энэ ажил үр дүнтэй болно. Тиймээс нийгмийн ажилтан, багш нартай хамтран сургалт явуулна.

Өмгөөлөгчид сургалт явуулна гэхээр заримд нь сонин санагдаж магадгүй. Гэхдээ бид өмгөөлөгчдийг өсвөр насныхантай зөв харилцах, тэдний онцлогийг ойлгох чиглэлээр сэтгэл зүйн бэлтгэлд хамруулж байна. Одоогоор 80 гаруй өмгөөлөгч 30 гаруй сургууль дээр ажиллахаар бэлтгэгдсэн. Бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан" гэлээ. 

Өмгөөлөгч н.Ариунцацрал: Өнөөдөр бид ял шийтгэлийн талаар түрүүлж ярихаас илүүтэйгээр сэтгэл зүйн асуудалд анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. Бид өөрсдөө ч эцэг эх хүмүүс учраас энэ асуудлыг илүү мэдэрч байгаа.

Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр улс даяар, төрийн болон хувийн байгууллагууд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байгууллагууд хамтран сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулна. Манай улсад 14 наснаас эхлэн эрх зүйн хариуцлага тооцох боломжтой. Гэмт хэргийн шинж чанараас шалтгаалан 5-10 жил, зарим тохиолдолд 5-12 жилийн хорих ялтай байдаг. Бусад улс оронд үе тэнгийн дээрэлхэлтийг тусгайлан хуульчилсан байдаг бол манайд одоогоор гэмтлийн зэрэг, хор уршгаас хамааран ял шийтгэл оногдуулж байна.

Өмгөөлөгчдийн холбооноос зохион байгуулж буй сургалтын онцлог нь өмгөөлөгчид өөрсдөө эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог, практик туршлагатай хүмүүс байдаг тул сурагчдад бодит, тулгамдсан асуудлыг оновчтой хүргэх боломжтой.

Сургалтын хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад сургалт, зөвлөгөө өгч, мөн эсээ бичлэг, видео контент, шторкийн уралдааныг долоо хоногийн хугацаанд зарлана” гэв.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн н.Билгүүн: Олон улсын судалгаагаар манай улсын хүн амын 45 хувь нь 10-24 насныхан байна. Түүнээс 13-17 насны хүүхдүүдийн 26.8 хувь нь сүүлийн 30 хоногт үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн гэсэн судалгаа бий.

Энэ нь НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн тайланд дурдагдсан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, энэ асуудал дотоодод төдийгүй олон улсын хэмжээнд анхаарал татсан асуудал болоод байна.

Манай улсын хувьд 14-өөс дээш насны хүүхдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой. Тухайлбал, 16-аас дээш насны хүүхэд бусдад хүнд гэмтэл учруулсан тохиолдолд 5-12 жилийн хорих ялтай.

Эцэг эх, асран хамгаалагчдын хувьд хохирол төлбөрийг хариуцах үүрэгтэй. Үүнд сэтгэл зүйн болон эмчилгээний зардлууд багтдаг.

Одоогоор Монгол Улсад үе тэнгийн дээрэлхэлт гэдгийг тусгайлан хуульчилсан зохицуулалт байхгүй ч энэ чиглэлд хуульчлах шаардлагын талаар яригдаж байна” гэсэн юм. 

Эх сурвалж: zms.mn