Хүний эрх хамгаалагчийн эрхийн асуудлаар ХЭҮК-ийн гишүүн  С.Дондовтой ярилцлаа.

 

-Хүний эрх хамгаалагч гэж хэнийг хэлэх вэ. Энэ талаарх иргэдийн ойлголт, мэдлэг ямар байдаг вэ?

-Хүний эрх хамгаалагч нь ганцаараа болон бусадтай эвлэлдэн нэгдэж хүний эрх хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хэн боловч Хүний эрх хамгаалагч байж болно гэж НҮБ-ын 1998 оны Хүний эрх хамгаалагчийн тунхаглалд тодорхой заасан байдаг. Хүний эрх хамгаалагч гэдэг бол дан ганц хүний эрх хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас гадна бодлого боловсруулагчдад санал, шүүмжээ хэлж байгаа хүнийг хэлнэ. Мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Иргэний нийгмийн байгууллага, ТББ-ууд болон сэтгүүлчид, хуульч өмгөөлөгчид хамаарна.

2021 онд Монгол Улс “Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийг баталж гаргасан. Ингэхдээ Хүний эрх хамгаалагчийн тунхаглал болон 2016 онд батлагдсан  Хүний эрх хамгаалагчийн загвар хууль, бусад улс орнуудын хууль тогтоомжуудыг анхаар үзэн Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргасан.

-Хүний эрх хамгаалагчид хэрхэн ажилладаг вэ?

- ХЭҮК-ийн дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дэмжлэгтэйгээр Хүний эрх хамгаалагчийн орон тооны бус хороо ажилладаг. Тус хороо “Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай” хуульд заасны дагуу ИНБ-ын чиглэлээр долоогоос доошгүй жил ажилласан дөрвөн хүнийг сонгон шалгаруулалтаар сонгож, дээр нь хуульч, өмгөөлөгчидтэй хамтарсан зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Эдгээр хүмүүс нь гомдлуудыг хүлээн авч түүнтэй холбоотой баримт мэдээллийг цуглуулж, шийдвэр гаргадаг ийм чухал субъект юм.

- Хүний эрх хамгаалагчийн эрхийн хүрээнд УИХ-д ямар саналуудыг хүргүүлсэн бэ?

-ХЭҮК Оюуны  инновац ТББ-тай хамтран Хүний эрх хамгаалагчийн өнөөгийн нөхцөл байдлын талаар судалгааг хийсэн. Мөн Данийн Хүний эрхийн хүрээлэнтэй хамтран “Эрх хамгаалагчийн эрх” сэдвээр судалгаа хийлгэсэн. Энэ хоёр судалгаан дээр үндэслэж илтгэлээ бичсэн. Нэгдүгээрт, Судалгаанд оролцсон хүмүүсийн 98 хувь нь хүний эрх хамгаалагчийн талаар ойлголттой гэсэн байна. Үлдсэн хувь нь хүний эрх хамгаалагчийн талаар ойлголт, мэдлэггүй ч тэдэнтэй  хамтарч ажилладаг гэсэн байгаа юм. Эндээс харвал Хүний эрх хамгаалагчийн талаарх ойлголт мэдлэг нэг үеэ бодвол дээшилж байна гэж үзэж болно.

Хоёрдугаарт, Хүний эрх хамгаалагч нь төрийн байгууллагын дэмжлэггүйгээр үйл ажиллагаагаа явуулах боломжгүй. Тиймээс төрийн байгууллагын албан тушаалтнуудыг энэ талаар мэдлэгжүүлэх, чадавхжуулах нь чухал байна гэх санал судалгаагаар гарсан. 

Гуравдугаарт, Хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг хүндэтгэх, дэмжих, саад бэрхшээл учруулахгүй байх талаар дотоод журамд нь өөрчлөлт оруулах хэрэгтэй талаар аргачлалыг боловсруулсан.

-Хүний эрх хамгаалагчийн эрх ямар байдлаар зөрчигдөж байна вэ. ХЭҮК-д ирж буй гомдлуудаас хамгийн их анхаарал татдаг, хамгийн их санаа зовоодог асуудал юу байдаг вэ?

- ИНБ-уудаас эрх нь зөрчигдөж байгаа талаар гомдол их ирдэг.  Үүний дараагаас сэтгүүлч, өмгөөлөгчид, үйлдвэрчний эвлэлийн төлөөллөөс гомдол ирж байна. ХЭҮК-оос Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүний удирдлагад ажиллаж байгаа хороо баримтуудад тулгуурлан эрх нь зөрчигдсөн эсэхэд дүгнэлт гаргадаг. 

- Хүний эрх хамгаалагчид тулгарч буй хамгийн түгээмэл эрсдэлүүд юу байна вэ. Хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалахад одоогийн хууль эрх зүйн орчин хангалттай гэж үздэг үү?

-Хүний эрх хамгаалагчийн аюулгүй байдлыг хангах бие даасан хараат бус механизм байхгүй байгаа нь тэдний эрх зөрчигдсөн тохиолдолд сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө авах хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүйд хүргэж байна.

-Байгаль орчин, уул уурхай, газрын эрхийн асуудлаар ажилладаг хамгаалагчид ямар онцгой сорилттой тулгардаг вэ?

-Байгаль орчны бохирдлын  улмаас хохирсон иргэдийг төлөөлөн ажиллаж байгаа Хүний эрх хамгаалагчдад учирч буй эрсдэл нэлээд өндөр байна. Хөдөө орон нутагт аюулгүй байдлын хамгаалалт хангалтгүй учраас гомдол гаргасан иргэдийн ихэнх нь аюулгүй байдлаа хамгаалуулж чадахгүй хүндрэл мөн гарч байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 103 (7845)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn