Дэлхий хэмээх гараг дээрх найман тэрбум хүнийг гайхашруулан бахдуулсан үзэсгэлэнт гэрэл зургууд хөвөрсөн онцгой долоо хоногийг бид үдэж байна. Амьдрал хумхын тоосноос эхэлдэг гэсэн философийн ойлголт бий. Төдийлөн ой тоонд буудаггүй энэ гүн утга агуулгыг ORION хөлгийн цонхоор авсан дэлхийн зураг улам ч батлах мэт, ертөнц дээрх амьд бодьгал хэчнээн өчүүхэн гэдгийг олж харах мэт.
НАСА-гийн 1972 онд хөөргөсөн “Apollo 17”-оос хойш хүнийг дэлхийн тойргоос гаргаж, сансарын уудамд аваачсан анхны багийн нислэг амжилттай үргэлжилж байна. НАСА “Artemis” хөтөлбөрийн хүрээнд өмнө нь 2022 онд хүнгүй туршилтын нислэг хийж байсан бол дараагийн илүү өндөр эрсдэлтэй бодит шалгалт болох хүнтэй нислэгийг амжилттай зхион байгуулж арав дахь хоногоо угтаж байна. Нислэг энэ сарын эхний өдөр хөөрч, ойролцоогоор 10 хоног үргэлжлэх төлөвлөгөөтэй бөгөөд сансрын нисгэгчдийн эх дэлхийдээ эргэн буух цаг ойртсоор байна. Тэгвэл энэ удаагийн олон улсын тоймд Artemis II нислэгийн сонин сайхнаас онцлон хүргэе.
Анх удаа сарны цаана хүн төрөлхтөн очив

Сарыг зорьсон энэ удаагийн нислэгийн гол зорилго нь саран дээр буух биш, харин Orion хөлөг болон SLS пуужингийн системүүдийг багийн ажиллагаатайгаар сансарт шалгах байв. Тиймээс ч NASA-гийн зүгээс экипажийн аюулгүй байдлыг дэмжих, ирээдүйн сарны хөтөлбөрт хэрэгтэй систем ба үйл ажиллагааг турших, нислэгийн техник-өгөгдлийг цуглуулах, ослын үеийн ажиллагааг баталгаажуулах зэрэг техникийн асуудлуудад ихээхэн анхаарал хандуулжээ. Artemis II-ын онцлог нь “free-return” буюу түлш бага шаардах буцах замналыг ашиглажээ. Үүнийг энгийнээр тайлбарлавал, экипаж эхлээд дэлхийг хэд хэд тойрч, системүүдээ шалгасны дараа сарыг тойрохдоо сарны цаана анх удаа хүрч чадсан юм. Ингээд сарыг амжилттай тойрсны дараа дэлхий болон сарны таталцлыг ашиглан байгалийн жамаар дэлхий рүү буцах зам руу ороод байна.
Олон анхдагчтай олон улсын баг

Сарыг тойрох хүнтэй баг дөрвөн сансрын нисгэгчдийн бүрэлдэхүүнтэй. NASA-гаас туршлагатай нисгэгч Рид Уайзман, Виктор Гловер, Кристина Кох нар багтсан бол Канадын сансрын агентлагийн Жереми Хансен багтсан. Хөлгийн багийг ахалсан Уайзман өмнө нь Олон улсын сансрын станцид 165 хоног ажиллаж, бараг 13 цагийн сансрын алхалт хийсэн туршлагатай. Харин Виктор Гловер тэнгисийн нисэх хүчний туршилтын нисгэгч, SpaceX Crew-1-ийн нисгэгчээр 168 хоног сансарт ажиллаж байжээ. Тэрээр мөн сарыг зорьсон анхны өнгөт арьст нисгэгч болов.
Харин Кристина Кох ОУСС дээр 328 хоног ажиллаж, эмэгтэй хүний хамгийн урт нэг удаагийн сансрын нислэгийн дээд амжилт тогтоосон, мөн анхны бүх эмэгтэй сансрын алхалтад оролцсон амжилтын эзэн. Хурандаа цолтой Хансен бол сөнөөгч онгоцны нисгэгч бөгөөд NASA-гийн capcom болон сансрын нисгэгчдийн сургалтын удирдлага дээр ажиллаж байжээ.
Өөрөөр хэлбэл, энэ удаагийн баг хэд хэдэн онцлогоороо анхдагч болж байгаа нь “Artemis II” 50 гаруй жилийн дараа сар руу очсон анхны хүмүүс болсон төдийгүй, энэ багт сарны нислэгт оролцсон анхны эмэгтэй, анхны өнгөт арьст хүн, анхны канад хүн багтаж байна. Энэ утгаараа энэ нислэг нь зөвхөн техникийн бус, төлөөлөл ба олон улсын хамтын ажиллагааны бэлгэдэл болж байна. Европын сансрын агентлаг Orion-ы нислэгт эрчим хүч, техникийн талын хамтарсан байдлаар оролцож байгаа нь энэ төслийг бодитоор олон улсын хамтарсан хөтөлбөр болгож байна. Мөн дээр дурдсанчлан Канадын иргэн багийн гишүүнээр сонгогдсон билээ.
Сансрын түүхэнд хамгийн хол ниссэн нь

Нислэгийн хамгийн содон баримтуудын нэг нь тэд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хол ниссэн баг болов. “Ройтерс”-ийн мэдээлснээр экипаж дэлхийгээс ойролцоогоор 252 мянган милийн зайд хүрч, Apollo 13-ын амжилтыг эвдэж чадсан. Энэ нь сансрын хөлөг асар хол замыг туулсан анхны тохиолдол болсон төдийгүй сарны цаад талаар өнгөрөхдөө 40 гаруй минутын турш дэлхийгээс бүрэн тасраад эргэн амжилттай холбогдож чадсан нь сансрын холбоо, навигац, багийн ажиллагааны чухал сорил болов.
Дэлхийн гэрэл зургийг дахин шинэчиллээ

“Artemis II” хөтөлбөрийн хамгийн их сэтгэл хөдөлгөсөн онцгой зүйлс бол мэдээж дэлхий болон сарны бүтэн гэрэл зургууд байлаа. НАСА-гийн нийтэлсэн “Earthset” зурагт дэлхий сарны ирмэгийн цаагуур “жаргаж” байгаа мэт харагдах бөгөөд гэрэлтэй хэсэгт нь Австрали, Далайн орнуудын дээрх үүлэн систем тод ялгарч харагдна. NASA үүнийг 1968 оны “Apollo 8”-ын алдарт “Earthrise” зурагтай дүйцэх шинэ үеийн дүрслэл хэмээн тайлбарласан. Мөн баг сарны цаад талаас өвөрмөц хэлбэртэй “тогоонууд”, арьсан дээрх сорви мэт харагдах эртний лавын урсгал, ан цав, нуруудыг болон сарны гадаргын бүтцийг маш нарийн авч чадсан нь энэ салбарын судалгаанд онцгой хувь нэмэр оруулах өв болон үлдэж байна. Өөр нэгэн онцлогийг НАСА “Нар сарыг бүрэн халхалсан ховор зураг” хэмээн нэрлэж байна. Orion-оос харахад сар нарны дискийг бүрэн халхалж, бараг 54 минут үргэлжилсэн бүтэн хиртэлт ажиглагдсан. Зарим кадрт Сугар болон Санчир, Ангараг хүртэл туссан нь энэ нислэгийг зөвхөн инженерийн сорил биш, шинжлэх ухааны ажиглалтын том боломжийг бий болгов.
Сансрын зураг авахад iphone ашигласан уу

Олон сая хүнийг алмайруулан гайхан бишрүүлсэн эдгээр зургийг юугаар авсан бэ гэдэг хамгийн анхаарал татсан мэдээлэл байлаа. Тэгвэл НАСА-гийн мэдээллээр Orion хөлгийн дотор болон гадна талд нийт 32 зураг, дүрс авах төхөөрөмж байршуулжээ. Үүнээс 15 нь хөлөгт суурилуулсан, 17 нь багийн хэрэглэдэг гар төхөөрөмж байжээ. Сарны ойр ажиглалтад Nikon камер, хоёр төрлийн томруулагч линз ашигласан бөгөөд НАСА-гийн нийтэлсэн зарим гол зургууд 400 мм линзээр авсан гэжээ. Мөн гадна талын камеруудаар Orion-ы “selfie” төрлийн дүрс, дэлхий болон сарны хамтарсан кадруудыг инженерийн болон олон нийтэд зориулсан зорилгоор авчээ. Зарим эх сурвалж iphone17promax утас ашигласан хэмээн бичиж байна. Одоогоор НАСА бүрэн баталгаажуулаагүй ч хөлгийн дотор орчныг авах зорилгоор Iphone17 promax загварын утсыг суурилуулсан бололтой. Мөн өнгөрсөн хоёрдугаар сард НАСА appleийн утсыг суурилуулах тусгай зөвшөөрлийг олгосон бөгөөд багийн гишүүдийн хөлөг доторх зарим зургийг дээрх утсаар авсан хэмээн таамаглаж буй юм.
Сар руу очсоноос илүү стратегийн ач холбогдолтой нислэг болов

Энэ хөтөлбөрийн стратегийн ач холбогдол нь сар руу очихоос илүү том гэдгийг НАСА онцолж байна. Сарыг тойрсон багийн нислэг гэдэг утгаараа “Artemis II” нь орчин үеийн сансрын систем, дижитал холбоо, оптик холбоо, ослын автоматжуулалт, багийн логистик зэрэг илүү өргөн хүрээний шалгалтыг хийж байгаараа онцлогтой. Эдгээрийг судалж тогтоосноороо ирээдүйн “Artemis III”, “Artemis IV” зэрэг дараа дараагийн сарны буултуудын аюулгүй ажиллагаа, сарны гадаргын шинжлэх ухаан, урт хугацааны хүний оршихуй, улмаар Марс руу чиглэсэн нислэгүүдийн суурь болно гэдгээрээ стратегийн чухал ач холбогдолтой нислэг болсон юм.
“Artemis II”-ийн дараагаас олон улсын сансрын хөтөлбөрүүд ч багагүй идэвхжих хандлагатай байна. “Ройтерс”R агентлагийн мэдээлж буйгаар энэ нислэг явагдсанаар Хятад 2030 онд саран дээр хүн буулгах зорилгодоо илүү их ач холбогдол өгч эхэлж байгааг онцолжээ. Бээжин “Long March-10” пуужин, “Mengzhou” хүнтэй хөлөг, “Lanyue” саран дээр буух төхөөрөмжүүдийг хөгжүүлж байгаа бөгөөд хоёр тусдаа хөөрч сарны тойрог замд угсарч буулгах архитектур төлөвлөөд байгаа.. Мөн Хятад ILRS буюу Олон улсын сарны судалгааны станцын санаачилгаа урагшлуулж байгаа бол АНУ тэргүүтэй талууд Artemis Accords-оор хүрээгээ тэлж байна. НАСА-гийн албан ёсны мэдээллээр 2026 оны нэгдүгээр сарын байдлаар 61 улс энэ хөтөлбөрт нэгдээд байна. Өөрөөр хэлбэл, Artemis II бол зөвхөн нэг нислэг биш, саран дээр хэн, ямар дүрмээр бууж буцах вэ гэдэг шинэ геополитикийн эхлэл болов.





Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 68 (7810)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn