Ч.БЯМБАХАЖИД

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаад Кристина Ноблийн хүүхдийн сангийн захирал Б.Амаржаргалтай хүүхдүүдийн сэтгэл зүй, аюулгүй орчин нөхцөл, гэмт хэрэг үйлдэх сэдэл яагаад бий болдог зэрэг асуудлаар ярилцлаа.

 

“Боловсролын салбарын асуудал нь хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж байна” 

 

-Манай сан 1997 оноос хойш Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тухайн үед 1990 оны ардчилсан хувьсгал гарсанаас хойш манай  улсад ажилгүйдэл, нийгмийн эмх замбараагүй байдал үүсч олон гэр бүл ажилгүй, орлогогүй болж үйлдвэрүүд захаасаа үүд хаалгаа хааж байсан хүнд нөхцөлд хүүхдүүд хамгийн их хохирч байсан. Олон хүүхэд гэрээсээ дайжих эсхүл эцэг эхтэйгээ орон гэргүй болж траншейнд олноороо амьдарч эхэлсэн. Энэ үед сангийн үүсгэн байгуулагч Кристина Нобле манай улсад анх ирж траншейнд амьдарч байсан хүүхдүүдэд хоол хүнс, хувцас хэрэгсэл өгч, мөн эрүүл мэндийн анхан шатны тусламжийг хуучнаар Эх нялхасын эмнэлэгийн эмч нартай хамтран үзүүлж эхэлсэн. Энэ үед хүүхдүүдэд яах аргагүй аюулгүй амьдрах орчин хэрэгтэй байсан учраас одоогийн Баянхошууны тойрогт хоёр монгол гэр бариад хүүхдүүдийг авч эхэлсэн. Үүнээс хойш бид одоог хүртэл 1200 гаруй хүүхдийг асран хамгаалж “Нархан асрамж” халамжийн төвдөө амьдруулж олон хүүхдийн амьдралд аюулгүй, гэрэл гэгээтэй байдлыг бэлэглэж нийгэмдээ хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

Одоогоор манай байгууллага хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр сэтгэл зүйн гэмтэлд суурилсан арга зүйнд тулгуурлан үйл ажиллагаа явуулж байна. Сардаа 3000 орчим хүүхдэд шууд үйлчилгээ хүргэн ажилладаг. Энэхүү үйл ажиллагаа нь шууд тусламжаас гадна системийн хүрээнд бодлогын шинэчлэл хийж олон мянган хүүхдэд чанартай хүүхэд хамгаалах үйлчилгээ үзүүлэх боломжоор ханган тодорхой хэмжээний ажлуудыг хийж байгаа. Жишээ нь, “Сэтгэлзүйн гэмтэлтэй хүүхдүүдтэй ажиллах нь” арга зүйг анх улсдаа нутагшуулан гаргаж мэргэжилтнүүдийг сургах, өсвөр насны хүүхдүүдтэй ажиллах арга зүйг түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна. 

Бид долоон хөтөлбөрийн хүрээнд ажилладаг. Үүнд, хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр, Нархан асрамж халамжийн төв, Монтессори цэцэрлэгээр дамжуулан сургуулийн өмнөх боловсролыг үнэ төлбөргүй олгох, Сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих “Баяртай” хөтөлбөр, Нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөр, хуучнаар Хүүхдийн хорих анги одоогийн Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад “Өсвөр насныхны хөгжлийн хөтөлбөр” гэх мэт зорилтот бүлгийн хүүхдүүдэд нийгмийн хөрөнгө оруулалт хийж ажиллаж байна.

Манай улсад хүүхэд хамгааллын салбар тодорхой хэмжээнд маш сайн хөгжиж хүн бүр хүүхэд хамгааллын асуудлын тухай ярьж бас дуугарч байгаад нь талархаж байна. Би энэ салбарт ажиллаад 10 гаруй жил болсон хүний хувьд бараг л нэг үеийн хөгжлийг харж бас суралцаж явна. Өмнөх үед олон асуудалд улсын хэмжээнд бодлогын нөлөөлөл шаардлагатай байсан. Харин өнөөдөр эдгээр асуудлуудыг эхнээс нь сайжруулж, хүүхдэд ээлтэй нийгэм бий болгохын тулд ажиллаж байгааг харахад сайхан байна.

Гэвч хөгжиж буй нийгмийн хувьд бидэнд сайжруулах ажлууд байгаа. Тухайлбал, боловсролын салбарт сайжруулах асуудал их байна. Улсын ерөнхий боловсролын сургуулиудын чанар, хүртээмж муу болохоор үүнийг дагаад эцэг эхчүүд хүүхдүүддээ чанартай боловсрол олгохын тулд хувийн сургуульд суралцуулах болсон. Ингэснээр “борооны дараах мөөг” шиг чанартай, чанаргүй боловсролын бизнесүүд бий болж байгаа. Энэ нь эргээд хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж байна. Сургууль бол хүүхдийн суурь хэрэгцээ, хамгаалагдах газар. Мөн суурь боловсролоо эзэмшиж эргээд улс эх орондоо эерэг өөрчлөлт бий болгох учиртай. Цаашлаад чанартай боловсрол эзэмшсэн хүүхэд бол манай улсын ирээдүй гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх.  Гэвч энэ асуудалд огтоос эрс шинэчлэлт хийж сайжруулалт хийхгүй байгаа нь хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж байгаа гэж харж байна.

Өнгөрсөн 29 жилийн турш бид 40 мянга гаруй хүүхдэд тусламж үзүүлэн ажилласан байна. Бидний хэрэгжүүлсэн амжилттай хөтөлбөрүүд олон байгаа ч хамгийн чухал модель бол бид хүүхдийн байгууллага ч гэсэн зөвхөн хүүхдүүдэд хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх нь өрөөсгөл байсан. Учир нь хүүхэд гэр бүлтэйгээ хамтдаа хөгжих, гэр бүлдээ аюулгүй, амар тайван орчинд өсөж  торних ёстой учраас эцэг эх, асран хамгаалагчидтай нь хамт хөгжүүлэх, ядуурлын тойргоос гаргах нь хамгийн үр дүнтэй аргачлал байсан. Түүнчлэн “Баяртай I, II” хөтөлбөрөөрөө сэтгэл зүйн гэмтэлд суурилсан үйлчилгээг урлагийн сэтгэл заслаар дамжуулан хүргэж хүүхдүүдтэй хамгийн ойрхон ажилладаг мэргэжилтнүүдийг сургах замаар хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр богино хугацаанд тогтвортой өөрчлөлтийг сургуулийн орчинд, хүүхдийн асран хамгаалах төвүүдэд хүргэх боломжийг бүрдүүлж, үр шимийг нь шууд хүртэх хүүхдүүдэд очих үйлчилгээний чанар сайжирч, илүү нотолгоонд суурилсан ажил болсон.

Манай байгууллага хэдийгээр олон улсын байгууллага боловч Монгол улсад ТББ-ийн статусаар үйл ажиллагаа явуулж төрийн хүрч чадахгүй байгаа салбаруудад хүч нэмрээ оруулан ажиллаж байгаа. Иймээс бид төрийн байгууллагуудтайгаа хамтран ажиллаж, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэдэг.  Одоогоор ШШГЕГ-тай хамтран Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад өсвөр насны гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл авсан хүүхдүүдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж байна. Мөн СХД-ийн Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын төвтэй хамтран асран хамгаалах үйлчилгээ үзүүлдэг. СХД дэх Монтессори цэцэрлэг маань Боловсролын яамнаас тусгай зөвшөөрлөө авч сургуулийн өмнөх боловсрол хүргэн ажиллаж байна. Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа өмнө жилүүдийг бодвол илүү сайжирч байгаа. Төрийн албан хаагчид ТББ-ийн ажлыг илүү сайн ойлгож дэмждэг болсон нь сайшаалтай.

 

“Хорих ял авсан хүүхдүүдийн 90 орчим хувь нь ганц бие ээж эсхүл аавтайгаа амьдардаг байсан” 

Өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь сүүлийн үед ихсээд байгаа асуудал биш.  Өмнө үед ч мөн адил энэ асуудал их гардаг байсан. Харин нийгмийн сүлжээ, мэдээллийн тархалт одоотой адилгүй байсан учраас хүмүүс төдийлөн мэддэггүй өнгөрдөг байсан.

2015 онд Эрүүгийн хуулинд  шинэчлэлт хийснээр гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүүхдүүд хорих ялаар шийтгүүлэх нь багасаж, үйлдсэн гэмт хэргээс нь хамааруулан өөр олон төрлийн ял шийтгэл оноож байгаа нь хорих ангид очиж байгаа хүүхдийн тоо эрс буурсантай холбоотой. Бид 1997 оноос хойш хуучнаар хүүхдийн хорих ангид ажиллаж ирсэн учраас өнгөрсөн 29 жилийн туршид энэхүү байгууллагын хөгжлийн нэгээхэн хэсэг болсон.

Өнөөгийн хүүхдийн үйлдэж байгаа гэмт хэргүүд хуучин цагаа бодвол нийгмийн хөгжлөө дагаад өөрчлөгдөж байгаа. Хүүхэд гэмт хэрэгт холбогдох хамгийн том шалтгаан бол гэр бүлийн тогтворгүй байдал гэж манай судалгаанаас харагдаж байна. Тогтворгүй байдал гэдэг нь эцэг эхийн хараа хяналтгүй байгаа байдал, гэр бүл салалт, эцэг эхийн гэр бүлийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт, нөлөөлөл хамгийн гол шалтгаан болж байгаа. Жишээ нь, хорих ял авсан хүүхдүүдээс авсан судалгаагаар нийт 90 орчим хувь нь ганц бие ээж эсхүл аавтайгаа амьдардаг. Эсхүл эмээ, өвөө дээрээ өссөн хүүхдүүд байгааг харахад гэр бүлийн асуудал хүүхдийн сайн сайхан байдалтай шууд холбоотой гэж харж байна.

 

“Хүүхдийн төлөвшилд гэр бүл, сургуулийн орчин чухал”

 

Хүүхэд гэмт хэрэгт холбогдох асуудлыг шийдвэрлэх гэхээсээ илүү урьдчилан сэргийлэх боломж бол хамгийн түрүүнд эцэг эхийн хариуцлагатай байдал, хүүхэддээ анхаарал халамж тавих юм. Цаашлаад сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах, нийгмийн ажилтны үйлчилгээ болон сэтгэл зүйчийн хэрэгцээ шаардлага хэрэгтэй байна. Сургууль бол хүүхэд хамгаалах чухал боломж боловч хамгийн анхан шатны асуудал нь эцэг эх гэдгийг бид маш сайн ойлгох хэрэгтэй. Хамгийн наад зах нь эцэг эхчүүд хүүхэддээ хангалттай цаг гаргаж чадахгүйн улмаас буруутай мэдрэмж авч эхэлдэг. Ингээд хүүхэддээ хараа хяналтгүйгээр мөнгө өгөх, ухаалаг утас худалдан авч өгч хязгаарлахгүйгээр хэрэглүүлж байгаа. Интернет орчинд хэдийгээр маш хүчирхэг чухал мэдээллүүд байдаг ч утасны цаана байгаа томоохон аюулуудыг бид одоо хүртэл ойлгохгүй, мэдээгүй байгаа нь харамсалтай. Тийм учраас энэ асуудлыг бодлогоор хангаж 16 хүртэлх насны хүүхдэд ухаалах утас хэрэглүүлэхгүй байх, нийгмийн сүлжээнд бүртгэхгүй байх зэрэг арга хэмжээг авч нийтээрээ дагаж мөрдвөл суурь сөрөг асуудлуудыг шийдэх боломж хамгийн амархан бөгөөд хурднаар гарах боломжтой.

Өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэрэгт холбогдохоос хамгаалах хамгийн үр дүнтэй арга гэвэл гэр бүлийн орчинд хүүхэддээ анхаарал хандуулах, цаашлаад сургуулийн орчинд багш сурган хүмүүжүүлэгч нар хичээл таслалт өндөр байгаа мөн сургуулиас завсардах магадлал өндөр хүүхдүүдийг анхаарах хэрэгтэй. Мэдээж сургуулийн багш нар хүүхэд бүртэй ажиллах хүнд ч гэсэн анхаарал татаад байгаа цөөн хэдэн сурагчидтайгаа тулж ажиллах, сургуулийн хүүхэд хамгааллын багаараа хамтран ажиллах шаардлагатай.

Нэг удаа гэдэг зүйл байдаггүй гэдгийг өсвөр насныхан маань ойлгох хэрэгтэй болов уу. Өсвөр насны хүүхдүүд эцэг эхтэйгээ нээлттэй харилцаж өөртөө тохиолдоод байгаа асуудлуудаа ярилцдаг байх хэрэгтэй. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа сулруулж болохгүй. Чанартай цаг хугацааг өнгөрүүлдэг байх мөн “Чи хүүхэд болохоор миний үгийг сонс” гэх  биш хүүхдүүдээ аль болох ойлгож, сонсох хамтдаа ямар нэгэн үйл ажиллагаанд очих, хүүхдээ урлаг эсхүл спортоор хичээллүүлж хуримтлагдсан их энергийг зөв зүйлд зарцуулах тал дээр анхаарах хэрэгтэй байна.

Хүүхдийн зөв төлөвшил ерөөсөө л гэрийн орчин, сургуулийн орчноос эхлэлтэй. Эцэг эхчүүд, асран хамгаалагчдын толь бол хүүхэд.

 

“Хүүхдүүд амьдралд дахин итгэх, ирээдүйгээ аз жаргалтайгаар төлөвлөхөд чиглэн ажилладаг”

 

Би Хүүхдийн хорих байгууллагад ажиллаж ирсэн. Тэндэх хүүхдүүдийн бодит байдал эрх чөлөөгөө алдсан, их айдастай, ирээдүйдээ санаа зовсон бас ирээдүйд нийгэм, гэр бүлийнхнээс нь ирэх сөрөг шахалт, дарамтуудаас айж санаа зовсон байдалтай байдаг. Тэндхийн хүүхдүүд Сургалт сүмүүжлийн тусгай байгууллагад ирээд ШШГЕГ-ийн харьяа Ерөнхий боловсролын сургуулиас боловсролоо үргэлжлүүлэн авч манай байгууллагаас явуулж буй хөгжлийн үйл ажиллагаа болон мэргэжил олгох сургалтуудад орж өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг. Бидний хүүхдүүдэд хүргэдэг хамгийн чухал үйлчилгээ бол сэтгэл зүйн үйлчилгээ. Эдгээр хүүхдүүдэд амьдралд дахин итгэх, ирээдүйгээ аз жаргалтайгаар төлөвлөх, алдсан алдаагаа ухамсарлан энэ газраас гараад ямар амьдралыг цогцлоон бий болгоход анхаарлаа хандуулан ажилладаг. Хүүхдүүд яагаад гэмт хэрэг үйлдэж, энэ газар орсныг нийгмээрээ ойлгох нь чухал. Өмнө хэлсэнчлэн насанд хүрэгчдийн буруутай үйлдлээс үүдэн хүүхэд хараа хяналтгүй болж гэрээсээ дайжих, гэмт хэрэгт холбогдох шалтгаантай. Сэтгэл зүйн хөгжил, тархины хөгжлөөс нь аваад үзсэн ч эдгээр хүүхдүүдийн тархин дахь шийдвэр гаргах хэсэг 25 насанд нь бүрэн хөгждөг гэсэн шинжлэх ухааны гаргалгаа ч байна. Тэгэхээр хүүхэд буруугүй гэсэн үг бас биш. Гэхдээ хүүхэд бол эмзэг, тэд төрсөнөөсөө эхлэн насанд хүртлээ насанд хүрэгчид, асран хамгаалагчдынхаа хараа хяналтанд аюулгүй, амар тайван амьдрах ёстой. Энэ хэрэгцээ сайн хангагдаж чадаагүй хүүхдүүд гэмт хэрэгт холбогддог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 64 (7806)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn